Аль ч газрын номын сангийн үнэр маш гоё

Аль ч газрын номын сангийн үнэр маш гоё

Овог нэр: Нарангэрэл Сувд-Эрдэнэ

Эрхэлж буй, албан тушаал: UBS mелевизийн хөтлөгч, редактор, СУИС-РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимын багш

Сошиал хуудсууд:  FB: Suvd Sunze IG: Suvdsunze

  • Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Нарангэрэлийн Сувд-Эрдэнэ гэдэг. Аз жаргалтай 21-р зууны буддист эмэгтэй. UBS телевизийн хөтлөгч редактораар мөн СУИС-РТМУ Сургуульд хөтлөх ур чадвар, илтгэх урлагийн багшаар ажиллаж байна.

  • Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн бэ?

БНСУ-ын Урлагийн сургуульд нэвтрүүлэгч мэргэжил эзэмшсэн. 

СУИС-ийг Сэтгүүл зүйн магистрын зэрэгтэй.

  • Таны хүүхэд  насны мөрөөдөж хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна?

Би хүүхэд байхдаа жүжигчин болно гэж мөрөөдөж байсан. Одоогоор учиргүй жүжиг, кинонд тоглодоггүй ч өдөр бүр олны өмнө цэнхэр дэлгэцээр гарч мэдээ мэдээлэл хүргэж нийгмийн соён гэгээрүүлэх үйлсэд бага ч болов хүчин зүтгэж байна гэж бодож байна.

  • Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Бага уншсан байх гэж санагдаж байна. Учиргүй ном барьж суудаг хүүхэд байгаагүй. Гэхдээ бага байхдаа өглөө 6 цагт босож ном уншиж байна гээд өөртөө зорилго тавьж байсан. Хэрэгжилт нь харин удаан биш байсан байх. Нийгэм шилжих үед төрсөн миний хувьд одоогийн хүүхдүүдийн өсөн торниж буй орчноос арай л өөр байсан юм шиг ээ. Хэрвээ би одоо үед хүүхэд байсан бол дэлхийн өнцөг булан бүртээ номоор дамжуулан танилцах байсан байхдаа гэж боддог. Манай хоёр ах ГХГС 18 дугаар сургуульд сурдаг байсан учир гадаад хэлний номыг уншиж чадахгүй ч Герман, Англи, Орос хэлний номуудыг нь өдөржин хараад суучихдаг байсан. Мөн аав маань надад Р.Чойномын ‘’Сүмтэй бударын чулуу’’ шүлгийн номыг уншиж өгдөг байсан.

  • Арван жил болон оюутан байх хугацаандаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв дурсамжаа хуваалцахгүй юу?

Солонгост оюутан байх хугацаандаа хэлний шалгалтаа бэлдэж 3 сар гаруй гэр бүлтэйгээ ч бараг холбоогүй шахуу номын санд суудаг байсан. Тухайн үед шалгалтаа яг хүссэнээрээ маш сайн өгсөн. Амьдралын минь хамгийн гоё зорилгодоо хүрсэн вакумжуулалт байсан. Тэр цагаас хойш томоохон шалгалт, зорилгодоо хүрэхийн тулд нийгмээс өөрийгөө тусгаарлаж чаддаг болсон. Мөн манай сургууль урлагийн сургууль байсан учир номын санд мини кино театр, кофе шоп, амрах хэсэг, уншлагын танхим гээд хүний хэрэгцээт бүгд байдаг байсан нь одоо хүртэл нүдэнд минь номын сан маань харагдаад байдаг. Монголд хоёр жил оюутан байх хугацаандаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд суудаг байсан. Сүүлд магистраа төгсөөд Төв номын санд карт нээлгэж хэд хэдэн удаа суусан. Аль ч газрын номын сангийн үнэр маш гоё.

  • Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Хүүхдийг хөгжүүлэхийн тулд өөрөө боловсорч гүйцсэн бие хүн тухайн хүүхэдтэй чанартай цагийг хамт өнгөрүүлэх хэрэгтэй. Би хүүхдийг маш гоё цэвэр, тунгалаг, хоосон хэрнээ хэврэг савтай зүйрлэж боддог. Тэр тунгалаг савыг юугаар дүүргэх вэ гэдэг тухайн эцэг, эх ойр тойронд байгаа хүмүүстэй шууд хамааралтай. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд эхлээд юмс бүхний талаар таниулан мэдүүлж түүгээр дамжуулан ‘өөрийг нь олох’-д туслах нь чухал байх. Учиргүй бүх зүйлийг төгс хийлгэж сургах биш өөрийгөө олсон хүн хаана ч хэнтэй ч юуг ч хийх эв эеийг олдог юм шиг санагдаж байна. Товчоор хэлбэл олон чадвар суух суурийг сайн тавьж өгөх хэрэгтэй.

  • Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо сонгохдоо юунд хамгийн их ач холбогдол өгдөг вэ?

Номыг сэтгэл хөөрлөөр эсвэл тренд дагаж сонгодоггүй. Унших номоо сонгохдоо хамгийн их ач холбогдол өгдөг зүйл нь миний өөрийн унших ХҮСЭЛ.  Яг тухайн мөчид ямар ном миний дотор ормоор байна тэрийгээ дагаж ном уншдаг. Жишээ нь эрүүл мэнддээ санаа зовох үед эрүүл мэндтэй холбоотой ном аваад л уншчихдаг. Хааяа яруу найраг, хааяа уран зохиол гэх мэт…

  • Танд хамгийн их нөлөөлсөн, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Бурхан багшийн сургаал, Агнистын гэгээ цуврал, Гэр бүлийн амьдралд өгөх Буддагийн зөвлөгөө гээд ер нь буддын шашны номууд үнэхээр өөрчилж үг бүр нь надад чухал нөлөө үзүүлсэн.

  • Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Зөв бөгөөд аз жаргалтайгаар бусдад тустай амьдрахын тулд ном унших л ёстой. Уншихгүйгээр бол зүгээр амьд явж болно. ХАРИН жаргалтай амьдарч чадахгүй. Тиймээс амьд байх нь номоос хамааралтай байх нь…

  • Таны ширээний ном?

Бурхан багшийн сургаал, Эрүүл мэндтэй холбоотой ном

  • Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Зохиолч ШОНН СТЕВЕНСОН-ы  ‘Ухаалаг нойрсохуй’ хэмээх номыг уншиж байна. Ажил мэргэжил, амьдралын хэв маяг минь  тогтвортой биш учир нойрны асуудалтай тулгараад байгаагаа сүүлийн хэдэн жил мэдсэн учир нойроор дамжуулан эрүүл мэнд, гоо сайхан, бие галбир цаашлаад сэтгэл зүйгээ зөв удирдах хэрэгтэй болсон. Иймд тухайн номд гарч буй нойрыг зөв авч, зөв амьдрах 21 стратегийг хэрэгжүүлэхээр уншиж байна.

  • Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хайртай хүн минь хажууд байх үед илүү сайн уншдаг. Эхнэр нь ном уншдаг нөхөр илүү тайван, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг юм шиг надад санагддаг. Харилцаа эрүүл хосууд бие биетэйгээ дэлхийн ертөнцийн сонин сайхан, мэдсэн сурсан, мэдэрсэн мэдрэмжээ хуваалцдаг. Би номыг  түүндээ зориулж чанга уншиж тайлбарлаж өгөх дуртай болохоор үг бүрийг нь хичээнгүйлэн уншиж 1 сумаар хоёр туулай бууддаг гэх үү дээ. Тэр бас надаар ном уншуулж яриулах дуртай гэсэн. Ер нь мэдсэн сурсан, ойлгосон зүйлээ бусдад ярьж өгөх дуртай.

  • Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Гэвш ЖАМБА ТИНЛЕЙ-н ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛД ӨГӨХ БУДДАГИЙН ЗӨВЛӨГӨӨ гэдэг номыг гэр бүлтэй, гэр бүлгүй бүх залуучууд уншвал бага зовж их жаргах байх. Шашны ном гэдэг утгаар биш хүн судлал гэдэг утгаар уншаад үзээрэй залуучуудаа. Баярлалаа

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ажил үйлсэд нь арвин их амжилт хүсье

Ярилцсан: Г.Шүрэнчимэг

 

Shurenchimeg Ganbat