Америкийн боловсролын төв үүдээ нээлээ

Америкийн боловсролын төв үүдээ нээлээ

Манай номын сан 2004 оноос хойш АНУ-ын ЭСЯ-тай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2016 онд АНУ-ын ЭСЯ-наас нээлттэй сонгон шалгаруулалтаар зарласан Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн үйл ажиллагааг явуулах албан ёсны эрхийг авч “Education USA Mongolia” боловсролын зөвлөгөөний төвийн урьдчилсан нээлтийг хийлээ.

“Education USA” нь АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн 170 гаруй орны 400 орчим боловсролын зөвлөгөөний төвийг нэгтгэсэн сүлжээ байгууллага юм. “Education USA Mongolia” нь Америкийн дээд боловсролын талаар үнэн бодит, цогц, сүүлийн үеийн мэдээллийг үнэ төлбөргүй түгээж ажиллах албан ёсны төв ажээ. Энэ хүрээнд тус төв Монголын оюутан залууст АНУ-ын 4000 гаруй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежуудаас өөрт тохирсон сургуулийг сонгон суралцахад нь туслах, АНУ-ын дээд боловсролын талаар зөв ойлголт, чиг баримжаа олгох, Америкийн их сургууль, коллежийн элсэлтийн тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэх үйлчилгээг үзүүлж ажиллана.

natsag-nomiin-san

АНУ-ын Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөрийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд 2013-2014 оны хичээлийн жилд 1444, 2014-2015 оны хичээлийн жилд 1481 монгол оюутан залуус АНУ-д дээд боловсрол эзэмшихээр суралцсан байна. АНУ-д боловсрол эзэмших хүсэл зорилготой оюутан залуучуудын тоо өсч буйг дээрх судалгаа харуулж байгаа юм. Нөгөө талаас АНУ-ын дээд боловсролын талаархи албан ёсны мэдээ мэдээлэл, эх сурвалжийг тэдгээр залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүргэх шаардлагатай байгаа юм.

“Education USA Mongolia” төв нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээн дэх ажлын нэг хэсэг болж, хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаагаараа онцлогтой юм.

 

Baigalmaa TS.