Амжилт, манлайлалд уриалж биш аз жаргалтай амьдрах урлагийг бүтээлцэх гэж хүүхдийн уран зохиолыг бичдэг юм…

Амжилт, манлайлалд уриалж биш аз жаргалтай амьдрах урлагийг бүтээлцэх гэж хүүхдийн уран зохиолыг бичдэг юм…

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цол хүртсэн танд баяр хүргэе.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач?

Баярлалаа. Уншигч хүүхдүүд маань намайг “О.Сундуй” гэж аавын маань нэрийн эхлэлийг хамт хэлж дууддаг.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Ер нь бол 5 дугаар ангиасаа эхлээд багш болно гэж мөрөөдөж байсан. 7 дугаар ангиасаа зохиолч болохоор. Тэр намар манай суманд уншигч зохиолчдын уулзалт болсон юм. Уулзалт их нөлөөлсөн дөө. Хүүхэд насанд мөрөөдөл хичнээн их солигддог билээ дээ. Гайхалтай нь би багш ч, зохиолч ч болсон. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээлдээ чармайна. Бас шүлгээ бичнэ.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Ном их уншдаг байсан. Хонь хариулах, аргал түүхдээ ч хүртэл ном өвөртлөөд л гардаг байж шүү.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Уран зохиолын ном гэвэл “Монгол ардын үлгэр” гээд хатуу бор хавтастай ном анх уншсан. Тэр номоо олон дахин уншсан болохоор сайн санаж байна. Ээж маань сумын дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Шинээр ирсэн ялангуяа хүүхдэд зориулсан номыг ээж маань авч өгнө. Ааваараа анх монгол бичиг заалгаж байлаа. Нэрээ бичиж сурчихаад л хүүхдүүдийн дэвтэр дээр бичээд гайхуулж байсан санагддаг юм.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

Төрийн шагналт зохиолч, СГЗ Д.Гармаа гуайн “Хөгжөөнтэй тууж”, “Хүүхдийн уран зохиолын дээжис” зэрэг номуудыг уншаад л номын амтанд орсон. Дараа нь Жюль Верний адал явдалт зохиолуудыг амтархан уншдаг болсон.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг вэ?

Уран бүтээлч түүний дотроос хүүхдийн зохиолч байна гэдэг хамгаас сайхан. Сөрөг тал гэж юу байх билээ. Сайхан үйлээс сайхан л дэлгэрнэ. Уншигчид маань гэгээн сайхан сэтгэлтэй, ном унших дуртай хүүхдүүд. Зохиолоороо дамжуулж  уншигчдадаа эх хэлээ зааж, хүн болон төлөвшихөд нь бага боловч нөлөөлж байгаа гэж бодохоор сайхан шүү. Уншигч хүүхдүүдийнхээ захидлыг задлан унших юутай сайхан байдаг гээч. 

Таны унших дуртай ширээний ном?

Нилээд ном уншиж байж ширээний номоо олдог юм байна. “Монголын нууц товчоо” бол миний ширээний ном.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Үлгэрийн ном юм болов уу?. Уран сэтгэмжгүй үлгэр, туульс гэж байдаггүй. Тэнд л бидний мөнхийн бага нас оршиж байх шиг санагддаг.

Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном.

Яруу найраг, өгүүллэг, бодрол эсээ түүх…гээд л уншина даа. Яг одоо бол Ц.Дамдинсүрэн гуайн “Монголын эртний уран зохиол”-ыг дахин уншиж байна. Бидэнд өнгөрсөн түүх, уран зохиолоосоо суралцах зүйл их. Номыг уншихад нас, насанд өөр мэдлэг, мэдрэмж өгдөг. Монголоо сайн мэдвэл дэлхийг таних амархан. Монгол өв соёл, үнэт зүйлээ таньж мэдэлгүй явбаас сэтгэлгээ хэврэг болоод бусдын нөлөөнд орох нь хялбар.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хүүхэд байхад гэртээ, оюутан болоод номын санд, одоо бол гэрийнхээ ном санд уншдаг. Миний одоо ч хамгийн очих дуртай газар бол номын сан. Тэнд зорилготой хүмүүс зорьж очдог болохоор хэн ч бусдад саад болохгүй. Номын санд суухад бие сэтгэлээ зөв удирдаж, үр бүтээлтэй ажилладаг шүү.

Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Би цаасан ном л унших дуртай. Цаасан ном гарт минь, гэрт минь байх миний нөхөр мэт санагддаг. Ном бол амьтай, өнгөтэй төрхтэй сүнслэг зүйл.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Юуны өмнө “Монголын нууц товчоо”-гоо уншаарай, ухаарах гэж дахин уншаарай. Уран дүрслэлийн гайхамшиг “Жангар”, “Гэсэр”-ээ уншаарай. За тэгээд дэлхийн сонгодог зохиолуудаас уншаарай.

Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

Хүний болгоны хүсэл сонирхол өөр өөр. Гэхдээ ямар ч мэргэжлийн хүмүүс байлаа гээд уран зохиолын номууд уншаасай гэж боддог. Уран зохиол бол амьдралын эгэл жирийн өдрүүдээс тасарч, хүний дотоод сэтгэлийн ертөнцийг өөр орчин нөхцөлд танин мэдэж тэдэнтэй оюун санаагаараа ярилцах, эргэцүүлэх боломж өөртөө өгч байгаа юм.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Цагаан толгой, бага, дунд сургуулийн уран зохиолын унших бичгүүд байх шүү. Би лав жилийн турш унших уран зохиолын сурах бичгээ хэдхэн хоногт уншаад дуусгачихсан байдаг байлаа. Тэр үед манай найзууд ч их уншицгаадаг байсан.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Ном уншаад тэмдэглэл хөтөлдөг байсан. Одоо бол уншсан номынхоо тухай хэсэг зуур эргэцүүлэн бодох дуртай.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Миний номууд, шүлгүүдийг 12 хүртэлх насны хүүхдүүд их уншдаг даа. Сүүлийн үед залуу ээж аавууд, багш нар хүүхдийг номтой нөхөрлүүлэх их анхаардаг болсонд маш баяртай байдаг. Хүүхэд уншсан зохиолоо ойлгох бол нэг хэрэг. Ойлгоод эргэцүүлэн бодож байвал хамгаас чухал байна. Мэдлэг бүтээнэ гэдэг мэдээллийг шүүн тунгаана гэсэн үг. Үүнд уран зохиол тусална.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном уншаад хүн оюуны таашаал авдаг тийм үү? Тэр таашаал нь сайн сайхан баяр хөөрийг мэдрэх, эс бөгөөс бодол эргэцүүлэл рүү хөтлөгдөх хоёр зам байна гэж боддог. Хүүхдийн уран зохиол гээд хөөр баяраар дандаа дүүрэн байхгүй. Хүүхдийн уран зохиолд хөнгөн гуниг харуусал, гүн ухаан аль аль нь байх ёстой. Тиймээс уншигч хүүхдүүд маань “Зохиолоо уншаад тэр дүрд хувиран бодоосой, зохиолчоос өөр сонин шийдэл зохиомжийг гаргаж ирээсэй” гэж би хүсдэг. Хүсээд ч зогсохгүй уулзалтуудаараа “Уран зохиолын эх дээр тулгуурлан бүтээлч уншлагыг хөгжүүлэх нь” чиглэлээр хийдэг.

Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? Цөөн үгэнд багтааж хэлбэл…

Хүн төрөлхтний хөгжлийн туйлын зорилго бүгдээрээ аз жаргалтай амьдрах явдал гэж хардаг. Аз жаргалтай амьдрахын түлхүүр нь сэтгэлийн гэгээрэл. Гэгээрэлд хүрэх зам нь ном. Шилдэг ном байвч шимтэх уншигчгүй бол яах вэ? Тиймээс хүүхдүүдээ аль болох багаас нь номтой нөхөрлүүлэх нь бидний зорилго байх ёстой.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B