Амьдралын хөтөч хань нөхөр, зөвлөгч болж болдог

Амьдралын хөтөч хань нөхөр, зөвлөгч болж болдог

Та бидэнд өөрийгөө товч танилцуулаач. 

20 жил Германд амьдарч байгаа ,нөхөр хоёр хүүхэдтэй. Германд хувцас дизайны туслах мэргэжилтнээр сурсан. Мэргэжлээрээ бие даан ажиллаж байгаад бүтэлгүйтээд орхисон байдаг. 2018 оноос өнөөдрийг хүртэл дээрх ажлаа хийж байна.

Номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Хамгийн анх 7 настайдаа сургуульд ороод цагаан толгойн номтой л танилцаж байсан санагдана. Хөдөө нутагт малчин эмээ өвөө дээрээ өсөж байсан тул хонь, хурга, адуу малтай л хөөцөлдөж өссөн.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байна уу?

Үнэндээ хүүхэд байхдаа яг юу мөрөөдөхөө ч мэддэггүй байж дээ. Ямар сургуульд сурах, ямар ажил хийх тухай бодох, мөрөөдөх тийм ухаан надад байдаггүй байсан байж дээ. Одоо бодохоор жаахан гайхдаг л юм.

Та номоо бичих болсон шалтгаан,яагаад бичиж эхэлсэн вэ?

Монгол Улсад ахмад настны асрамжийн газрын тухай сэдэв нь нийгмийн маш эмзэг асуудлын нэг хэвээр байгаа. Ялангуяа эцэг, эхийгээ асрамжийн газарт өгөх нь хамгийн ачлалгүй хүүхэд болдог гэх ойлголт нийгэмд гүн бат бэхэжжээ.

Гэвч бодит байдал дээр, асрамжийн газар хүргэх нь байтугай, түлээ, гал, хоол хүнсгүй, хараа хяналтгүй хөсөр хаягдаж буй олон арван өрөвдөлтэй ахмадууд олон нийтийн сүлжээгээр үе үе ил болж байгааг бид харж байна. Эдгээр ахмадуудад асрамж, анхаарал зайлшгүй шаардлагатай нь тодорхой байна. Тийм учраас Монгол Улсад орчин үеийн, шаардлага хангасан асрамжийн газрууд зайлшгүй байх шаардлагатай.

Асрамжийн газар нь зөвхөн хаягдсан, гээгдсэн, гэр оронгүй хүмүүс очоод үнэгүй үйлчилгээ хүлээдэг газар байхаа болих ёстой. Харин ч:

                  Ахмадууд хүсэж очоод, зохих төлбөрөө төлөөд, наад захын эрүүл мэнд, асаргаа сувилгааны үйлчилгээг мэргэжлийн хүмүүсээс авдаг, тохь тухтай, тав тухтай орчин бүрдсэн газрууд олноор бий болоосой гэж хүсэж байна.

Эрүүл мэндийн, ариун цэврийн шаардлага хангасан, ядаж халуун, хүйтэн устай нойлтой| модон нойлтой биш| асрамжийн газарт нас дээр гарсан, тусгай асаргаатай хүмүүс үр хүүхэд, ар гэртээ төвөггүйгээр, өөрийн тэтгэврийн мөнгөө өгөөд өөрсдийгөө асруулахад болохгүй зүйл үгүй шүү дээ.

Тухайн байгууллага оршин тогтнох, ажилчдын цалинг өгөх, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Настай хүнийг, ялангуяа өвчтэй, тусгай асаргаатай хүнийг асрахад асар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардагддаг. Эм тариа, эмчилгээнд нь л тэтгэвэр нь бараг тэр чигтээ явчихна. Тийм учраас ахмад настны тэтгэврийг үйлчилгээний нэг хэсэгт зарцуулах, үлдсэн зардлыг (асаргааны тусгай зардал, байгууллагын тогтмол зардал) нийгмийн эрүүл мэндийн даатгал эсвэл улсын сангаас тухайн асрамжийн газарт нөхөж төлөхөөр улсаас зохицуулах ёстой гэж боддог.

Бид асрамжийн газрын талаар маш ташаа ойлголттой явдаг нь харамсалтай. Угтаа, эцэг эх нь өөрсдөө үр хүүхдүүддээ төвөггүй амьдрахыг сонгоод асрамжийн газарт очих сонголтыг хийдэг байгаасай гэж боддог. Харин үр хүүхдүүд нь ажил хөдөлмөрөө хийж, улс нийгэмдээ хэрэгтэй хүмүүс байгаад эрүүл сайхан нийгэм бүтээж, эргээд тэр нийгэмдээ өөрсдөө, үр ачаа эрүүл амьдруулдаг байгаасай гэж хүсдэг. Эцэг эхээ асрамжийн газарт өглөө гээд “ачлалгүй” болдог гэж боддог үе алсдаа ард үлдэх болно. Манайд тухайн бодлого, зохицуулалт өнөөдрийг хүртэл байхгүй байсан учраас л хүмүүс гэрээрээ гардан асрахаас өөр сонголтгүй байсан ба үүнийгээ “ачлалтай, сайхан хүмүүс” хэмээн ойлгосоор ирсэн. Энэ бол цаг үеийн болон бодлогын дутагдлаас үүдсэн ойлголт гэж үзэж байна. Монголчууд бид цөөхүүлээ хэдий ч гэр бүлийн хүрээлэл том байсаар ирсэн. Биднийг хүүхэд байхад нэг айл тав, зургаа, бүр арван хүүхэдтэй байх нь энгийн үзэгдэл байлаа. Ийм нөхцөлд үр хүүхдүүдээс ээлж дараалан эцэг эхээ асрах нь тухайн үедээ ойлгомжтой байсан нь гарцаагүй. Гэвч одоо ирээдүйд цаг үе өөрчлөгдөж байна. Хүмүүс илүү урт насалж, түүнийгээ дагаад өндөр насандаа олон төрлийн өвчнөөр өвдөх, тусгай асаргаа шаардлагатай болох нь ихсэж байна. Залуу үе илүү сурч, хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэхийг илүүд үзэх болсон.

Эдгээр олон шалтгааны улмаас, бид бие биедээ хүндрэлгүй амьдралыг сонгох зайлшгүй шаардлагатай болох цаг ирж байна. Ийм шилжилтийн үед бид бие болон сэтгэлийн бэлтгэлтэй байж, бие биедээ гомдож тунихгүй байх, харин ч нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, хүлээж авах ёстой.

Ээж, аав, эмээ, өвөөгөө сайхан тохилог газар мэргэжлийн хүмүүсээр асруулаад, өөртэйгөө адилхан зовлон жаргалтай хүмүүстэйгээ бие биеэ ойлголцон,амьдарч байх хугацаанд нь, үр хүүхэд нь өөрсдөө хүссэн үедээ очиж, хамтдаа чанартай сайхан цагийг өнгөрүүлэх нь хамгийн зөв хувилбар. Гэртээ гардаж асраад, үүний хүндрэлээс болж уурлаж бухимдаж, бие биеэ гомдоож, сэтгэлээр унагах харилцаанаас энэ нь хэд дахин илүү дээр юм. Энэ нь ачлалгүй гэсэн үг биш, харин ч магадгүй хайрласан сонголт болж болно. Тиймээс л нийгэмд энэ тухай ном, гарын авлага хэрэгтэй болж байна. Энэ нь монголчуудын уламжлалт сэтгэлгээг орчин үеийн шаардлагатай уялдуулан, шинэ ойлголт, хандлагыг өгөхөд тусална гэж найдаж байна.

Уран бүтээлээ туурвихдаа хэр хугацаа зарцуулдаг вэ?

Бүтэн 14 сарыг зөвхөн бичихдээ зарчуулсан байдаг! Номоо хэвлүүлээд бодит болготол нийт 1 жил 9 сарын хугацаа орсон.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан зүйл юу вэ?

Миний амьдралд учиргүй нөлөөлсөн зүйл байхгүй бас өөрчлөлт авчирсан зүйл байхгүй.

Гэхдээ гадаадад ирж амьдрах шийдвэр гаргасан маань энэ амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт юм уу даа. Үүнд бол миний нагац эгч нөлөөлсөн, бас надад үргэлж тусалдаг байсан. 

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Би маш их сэтгэл хөдлөлтэй хүн л дээ. Түүнийгээ зөвөөр илэрхийлж сурах арга барилд суралцахыг хүсдэг. Хүмүүст бодолгүй юм хэлж гомдооно, зарим зүйлийг заавал хэлж байж санаа амардаг, баярлаж хөөрсөн үе дээ, хийж чадахгүй зүйлдээ ам гарчихаас болгоомжилдог.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Хэзээ ч оройтохгүй мөрөөдөл биелүүлдэг шидэт түлхүүрийг авч унших сонирхол төрж байгаа. 1000 ширхэг номыг нэгтгэж гаргасан гэж байсан нь сонирхол датаад байгаа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Хавтас маань харвал жаахан уйтгартай ч, уншаад үзвэл ухаарал өгөхөөр бодит түүхийн ном байх байсан болов уу

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Олон талын мэдлэг мэдээлэлтэй болно. Олж авсан мэдлэг, мэдээлэл, ухаарлаас урам зориг авч, бусдаа нөлөөлж иргэн тойрон, цаашлаад улс нийгэмдээ тустай нэгэн болж болдог, үгүй ядаж л өөрөөсөө бусдад төвөггүй амьдрахыг боддог болох гэх мэт утга учиртай. 

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл

Амьдралын хөтөч хань нөхөр, зөвлөгч болж болдог

-Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн