А.СҮГЛЭГМАА: БИ ХАРАНХУЙГААС Ч ГОО САЙХНЫГ ХАЙДАГ ХҮН

А.СҮГЛЭГМАА: БИ ХАРАНХУЙГААС Ч ГОО САЙХНЫГ ХАЙДАГ ХҮН

Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Сүглэгмаа

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач?

Юуны өмнө нийт уншигчдадаа гоо үзэмжээ гайхуулсан шаргалхан намрын мэнд хүргэе. Би аравдугаар сарыг намрын туйл сар гэж боддог. Энэ сар л байгаль дэлхийн хэлээр хүн төрөлхтөнд ухаарал уярал түгээдэг юм шиг санагддаг. Бас намрыг бүхний төгсгөл биш эхлэл гэж хардаг. Ямартаа л

“Намар өөрөө улирал биш ээ урлаг юм

Намжирхан гэрэлтэгч ертөнц авхайн урлан юм

Намар ерөөс төгсгөл биш ээ эхлэл юм

Намуухан зүүрмэглэх хэнзхэн цэцгийн үүр юм” гэх бичиж байхав. Яг л ийм гэгэлгэн улиралд намайг ярилцахаар урьсанд баярлалаа. Би бол Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналтай, яруу найргийн долоон ном, гурван цомог хэвлүүлжээ.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?

 Манайх номын сан дүүрэн зузаан романтай айл байлаа. Аав минь ном их уншдаг байсан нь номонд дурлах шалтгаан болсон гэж боддог. Аймгийн төвд Номын дэлгүүр байдаг байлаа. Тэндээс л С.Эрдэнийн уянгын өгүүллэгүүд, Б.Лхагвасүрэнгийн гүн ухааны яруу найргийн охь шимийг амсаж утга зохиол, яруу найрагт шимтэн дурласан даа. Ном унших хүсэл сэтгэлийн галыг асаасан Мандалговийн Номын дэлгүүр, аймгийн Төв номын сан хоёрын хооронд жим гартал холхиж дээ.

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

Би МУИС-ийг хэл шинжлэлийн магистраар дүүргэсэн. Багш болно гэхэд санаанд нэг л багтдаггүй байсан. Багш хүн эхлээд өөрөө хүн байх ёстой гэж боддог. Бага залуу байсан болоод ч тэр үү өөрийгөө голж хүний олон хүүхдийн төлөө өөрийгөө бүрэн зориулж чадах уу гэдэгт эргэлздэг байлаа. Харин телевизийн нэвтрүүлэг  үзэх дуртай, түүнийг нь задлан шинжилж, үлгэр дуурайл авдаг хүүхэд байлаа. Мэдээний цагаар доогуур урсдаг титрийг нь дагаад л дуржигнатал уншаад суучих жишээтэй. Өөрийн сонирхлоороо сэтгүүлч мэргэжлээр суралцаад “Өглөөний сонин”-д өдгөө хүртэл ажиллаж байна даа.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна вэ?

Багынхаа мөрөөдлийг биелүүлж телевизийн салбарт ажиллаж үзсэндээ хамгийн бахархалтай байдаг. “Соён гэгээрүүлэгч” телевизэд нэвтрүүлэгч, редактор, дуу оруулагч хийдэг байлаа. Камертай, микрофонтой ийш тийш харайсан цаг наргүй ажилладаг хэмнэлд их ажлыг амжуулдаг ч өөрт үлдэх бүтээл гэхээр зүйл байдаггүй юм шиг санагдаад сонины редакцыг сонгосондоо баяртай байдаг. Сонин л миний бодох, суух, нухах, бичих дадлыг минь хөгжүүлж аливааг олон талаас нь тунгааж түүнээсээ гол өнцгийг нь гогодож татах мэдрэмж мэдлэгийн сэжүүрийг атгуулсан юм болов уу гэж боддог доо. Энэ ололт, энэ олз маань туурвих бичих үйлд тун хэрэг болдог шүү.

Та амьдралыг бүтээх мөн чанарыг юу гэж хардаг вэ. Таны амьдралд хамгийн зөв эргэлт буюу эхлэл юу байсан бэ?

Миний амьдралдаа хийсэн хамгийн том эргэлт бол хүсээгүй орчин, хүндлээгүй хүмүүсийн дэргэдээс холдох байсан. Хувийн болоод хувьсгалын “эргэлт” хийж орчноо өөрчилж, хүрээллээ тэлж илүү ихийг мэдэхсэн, сурахсан гэсэн хүсэл минь намайг сайн сайхан зам руу хөтөлсөөр байсан. Тэр үе бол өөрийгөө шүлэг бичдэг байсан гэдгээ ч ор тас мартчихсан амьдралд бууж өгч мэддэггүй шаралхуу эрмүүн байсан нас л даа. Дөнгөж хорь гарч яваа хэрнээ нэг их том болчихсон аятай амьдралд яарсан, тэмүүлсэн оргилуун л үе байж. Бусдын төлөө зүрхээ шаналгаад л, яах гэж тэгдэг байна аа. Хайран зүрх, одоо бодоход. Өөрийгөө торонд хоригдсон шувуу мэтээр төсөөлөөд л. Тэр торыг би өөрөө нэхэж өөрөө зад татаж ниссэн юм билээ. Тэгээгүйсэн бол өдийд юун долоон ном битгий хэл долоон мөр ч үгүй доголон нулимстай шувуу л торондоо үлдэх байсан биз.

Би дунд ангиасаа эхлэн “Хүрэл тулга”, “Уран жиргээ” тэмцээнд өөрийн шүлгээрээ амжилттай оролцдог байлаа. “Хүрэл тулга” тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдийг аймгийн төвийн “Мандал” ресторанд хүлээн авч амтат зоогоор дайлсан нь миний амьдралдаа орсон хамгийн тансаг газар байлаа. Тэр ресторанаас гарахад Мандалговийн магнаг цэнхэр үдэш тохиож байсныг тодхон санаж байна. Анх удаа ийм эрхэмсэгхэн мэдрэмжийг аваад гэр өөдөө алхахдаа ч шүлэг бодож л явлаа. Жилийн дараа наймдугаар ангидаа “Уран жиргээ” наадамд өөрийн шүлгээрээ түрүүлж  5000 төгрөгөөр шагнуулсан нь миний гар дээрээ авч үзсэн хамгийн их мөнгө байлаа. Өөртөө эрэмшсэндээ ч тэр үү, нэг тэмцээнд миний шүлгийн хоёр мөр нэг том зохиолчийн шүлэгтэй адилхан байна гээд хасагдсанд шаралхаад ахиад шүлэг бичихгүй гээд хамаг дэвтрээ урж хаяж билээ. Дөнгөж ургаж буй эмзэг турьхан  далавчаа ингэж л өөрөө зулгааж, зумлаж хаясан хэрэг. Хүүхэд гэдэг нэг л эвгүй үг сонсчихвол сэвтчихэж мэдэх ийм л эмзэгхэн сэтгэлтэй байдаг сан уу. Одоо ч тэрхүү эмзэг сэтгэл минь хэвээрээ, аймшигтай эмзэглэх үе гарна. Надтай шударга бус харьцахад, хоёр нүүртэй хүмүүст итгэж ядахад, шүлэг төрөх агшинд, хайрлан дурлахдаа, бас гүтгэлэг доромжлолд эмзэглэн шархирдаг янзаараа. Энэ л хэт мэдрэг зан минь эргээд бичихэд минь даль болж буцаад өөрийгөө олсон. Өөрийгөө олоод хэчнээн хайр хүрч тэврээд авмаар санагдсан гээч. Өөрийгөө олно гэдэг чинь л амьдралдаа олсон хамгийн том олз, хамгийн зөв эргэлт юм билээ.

Сүүлд шинээр мэндэлсэн бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

Энэ оны хавар хоёр ном хэвлүүллээ. “Нархамбан уруулт” яруу найргийн ном, “Салхиар жигүүрлэгч” баримтат уран сайхны номоо боосон. Цар тахлаас хойш шүлгийн ном гаргаагүй байсан. Тахлын үеийн шүлгүүд, хайрын шүлгүүд, эх хүн болсон нандин мэдрэмжүүд, эмзэглэл догдлол бүгдээрээ л багтсан даа. Харин “Салхиар жигүүрлэгч”-ийн тухайд сүүлийн арваад жил бичсэн хөрөг тэмдэглэл, дурсамж бодролуудаа эмхэтгэсэн юм. Сонинд орсон нийтлэлүүдээ ч сайн шигшсэн. Сонин гэдэг өдөр тутмын үйл явдалдаа хөтлөгдөөд цаг үргэлж шинээр амьдарч, шинээр сэтгэж байдаг сэрмүүн урсгалтай горхи шиг тунгалаг байхыг хүсдэг. Нэг сэдэвдээ хүлэгдээд удаан бодож суух ч тохиолдол бий. Гэхдээ л биднээс  өдөр бүр шинэ юм хүсдэг хариуцлага өндөр, шаардлага өндөр нөгөө бодлын харгис салбар л даа. Хамаг залуу нас, эрч хүчийг минь хуу сордог. Түүнээсээ шигшиж байгаад л номондоо нэг бүлэг болгоод оруулчихсан.

Та өөрөө уншигчийн хувьд юуг эрж, хайж байдаг вэ?

Уламжлалт сэтгэлгээг орчин үетэй хэрхэн ижилсүүлж холбож мэтгэж явааг эрэлхийлэхийн зэрэгцээ хэний ч санаанд оромгүй эргэлттэй, гайхшрал төрүүлсэн уран санааг хайж явдаг. Зохиолч хүн заавал уншигчийг соён гэгээрүүлэх албагүй шүү дээ. Харин насан туршид нь мартахгүй нэг үг, амьдралыг нь өөрчилсөн нэг санаа байхад л болчихож байгаа юм. Бас гоо сайхан гээчийг хаа ч, харанхуйгаас ч хайж явдаг хүн байгаа юм. Эмгэнэлт жүжиг, аймшгийн кино, уянгын драм аль нь ч бай бүтээхүйн гоо зүйн хэм хэмжүүр  байх ёстой гэж боддог. Орчин үед тэр нь алдагдаад хашхирч орилсон, зодолдож занчилдсан цусанд бялдсан хахирган кино ямар их цацдаг болоо вэ. Эсвэл хурц тод өнгөөр будсан гэрэл гялбасан шийдлүүдээр тархи угаачих гээд үзчих юм. Эрэмдэг кинонуудын үр хөврөл нь зэрэмдэг зохиолоос л бүрэлдэж буйд байгаа юм шүү дээ. Зохиол л маш чамбай даацтай байх ёстой.

Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

Миний багш МУСГЗ Долгорын Цэнджав Монголын утга зохиолд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хүн. Би багшаасаа их эмээнэ. Ер нь л дөлөөд гүйгээд байдаг хүн. Зарим хүмүүсийг харахад аль л нэр алдартай хүн дээр давхиж очоод “багш мину” гээд л тэвэрч аваад зураг хөргөө татуулаад гүйгээд байх юм. Би тэднийг их гайхдаг. Яасан олон багштай хүн бэ, төгс гэгээрэхээр хэмжээний олон юм аа гэж. Би чинь ганц багшаасаа айгаад тойроод гүйгээд байдаг. Нэг удаа багш маань “Миний шавь бичээд байгаарай, болж байна шүү” гэж халмагхан үедээ хэлж байсан нь л надад насан туршид минь хангалттай урам бурам шиг санагддаг. Илүү ч сайхан үг хэрэггүй. Харин шүүмжийн тухайд МУСГЗ Долгорын Нямаа хэмээх эрхэм найрагч амьд сэрүүн ахуйдаа миний номын нээлтэнд ирээд “Хэт чамирхсан, уран тансаг үг гэхээсээ илүү голыг нь олж хэлсэн гуравхан үг ч үг шүү” гэж хэлснийг нь хэзээ ч мартдаггүй юм. Тэр хүн намайг тэгж эгэлхэн агаад энгүүнээр зад шүүмжилсэн хүн дээ.

Таны одоогийн мөрөөдөл? Нууц биш бол мөрөөдлөө бидэнтэй хуваалцаач.

Монголын утга зохиолын дөрөөн дээр өөрийн гэсэн ур хийц шингээсэн дээлтэй л дэрвэхсэн гэж мөрөөддөг дөө. Зарим нь хүний дээл хөдөрчихсөн тууж яваа харагддаг шүү дээ. Тэр нь томдчихсон нэлмийгээд дааж ядаад зохиогүй гэж яана гээ. Дахин давтагдашгүй бүтээлийн төлөө өөрийнхөө оюун ухааныг ширээж цаг ямагт бодож тунгааж, зохиолынхоо орчинд амьдарч шаналж, шатаж явна даа.

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Сайхан дуу хөгжим, бүжиг гээд амьдралаас таашаал авч болох юуханд ч сэтгэл амархан сэргэчихдэг. Заримдаа хөгжмөө чангалж байгаад гэрээ зад цэвэрлэхэд хүртэл энерги сэргээд ирнэ шүү дээ. Удаан суугаад юм бичихээр бие хөшөөд байдаг юм. Тэгвэл босоод бүжиглэсэн ч чадна. Миний хүү ээжийгээ бүжиглэхээр дагаад дэрвээд ход ход инээгээд ямар дуртай гээч. Бас хүүхдэдээ шүлэг уншиж өгөхөөр нүд нь сэргээд, гайхшраад баяр бахдалын харцаар харахыг нь үгээр хэлшгүй.

Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ?

Ээж минь намайг ном уншаад суучихаар “Нүдээ хайрла” гэж байнга үглэдэг байсан. Тэгээд л бодчих /инээв/. Ном бариад нэг суучихаараа өдөр шөнийг умартаад номондоо гүн орчихдог байв. Хааяа хөнжил дотроо гар чийдэн бариад хэвтчихнэ. Гэрийн номын санд “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, “Нууцат арал”, “Монте Кристо гүн”, “Ахмад Крантын хүүхдүүд”,  “Тунгалаг Тамир”, Зам”, “Газар шороо”, “Абайн зам”, “Монголын нууц товчоо” тэргүүтэй ланжгар ланжгар боть романыг бүгдийг нь уншаад дуусгав. Бяцхан оюун ухааныг минь номын гэгээгээр гэрэлтүүлж тэлсэн он жилүүдийн түүчээ үргэлжилсээр сайн номоос мөнгөө харамладаггүй, сайхан зохиолч яруу найрагчдыг хайрлан хүндлэх ухааныг гүн бат суулгажээ.

Ном унших дадал хэзээнээс  хэрхэн тогтсон бэ?

Дунд сургуулийн сурагч байхаас ном уншиж хэвшсэн. Хөдөө амралтаараа хонинд явахдаа морио тушчихаад ном уншаад суучихна. Нэг мэдэхэд нөгөө хонь нь хөтөл даваад талийж өгнө. Айлын хоньтой нийлчихсэн хонины найр болчихсон байдагсан.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Номын дэлгүүрт зочлох бүрийд эрхэмсэг мэдрэмж төрдөг шүү. Номонд хорхойссон оюуны гэгээтэй хүмүүс цаанаа л өөр шүү дээ. Унших номоо сонгож буй нь, нухацтай харж буй нь ихэмсэг гэж жигтэйхэн. Миний хувьд тэгж удахгүй ээ. Ямар ном уншихаа сонгочихоод номын дэлгүүрийг зорьдог учир амархан байдаг. Харин юу унших вэ гэдэг нь тухайн үеийн сэтгэлийн хөдлөл, хүмүүсийн анхаарлыг татаад буй номуудын жагсаалтаас шалтгаалдаг. Ихэвчлэн гадаад болон дотоодын утга зохиолын номоос л сонгодог доо. Сүүлийн үед баримтат уран сайхны номонд татагдаад байдаг болчихсон. Авч уншина даа гэсэн хэд хэдэн ном урин дуудаад л байгаа /инээв/.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ном?

Орчуулгын бүтээлүүдээс Ф.М. Достоевскийн “Гэм зэм”-ийг уншаад хэдэн өдөр тарчилсан. Өөрөө Раскольниковын өмнөөс гэм зэмийг нь үүрч үзээд хүн гэгч сэтгэлдээ ямар их зовлон тээдэг юм бэ гэдгийг таньсан. Би өөрөө ч тэр тэр зовлонг бие сэтгэлээрээ тээгээд яваад байгаагаа ухаарсан. Тэр мөчөөс эхэлж өнгөрсөн бүхэндээ өөрийгөө буруутгах зүхэх, яллах гэм зэмийг  хөсөр хаяж сэтгэлээ чөлөөлсөн минь хамгийн их тайтгарал байлаа. Энэ тайтгарлыг би өмнө нь хоромхон зуур ч мэдрээгүй шиг санагдаад анх удаа өөрийгөө өрөвдөөд уйлж билээ. Ингээд бодоход хамаг зүдгүүр сэтгэлийн тээш, дотоод зөрчлөөс л үүсдэг юм байна даа.

Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

Хүмүүс намайг намуухан, наалинхай эмэгтэйлэг гэж дүгнэдэг шиг байгаа юм. Саяхан би найз бүсгүйчүүдийн уулзалт дээр очсон л доо. Уян налархай, уяхан туяхан сайхан бүсгүйчүүд эмэгтэй энергиэ сэргээх тухайд л яриад байна шүү. Би чинь дотроо эршүүд маягийн хатуу чанга үзэлтэй хүн атал тэдгээр бүсгүйчүүд дунд над шиг эмэгтэйлэг хүн алга гэнэ. Би ихэд гайхаж тэдний билгийн нүд намрын навчны шаргал гэгээнд гялбаа юу л гэж бодсон. Хэрэв би ном байсан бол сэтгэл зүйн драмтай, өөрийн харизмтай, зоримог, шийдмэг эмэгтэйн тухай адармаатай, сорилттой, зөрчилтэй өгүүллэгийн ном байх болов уу.

 Таны уншиж байсан номыхоо хамгийн хайртай зохиолын баатар тань хэн байв?

Р.Ж.Уоллерын “Мэдисон нутгийн гүүр” киног би үзэх бүрдээ уйлдаг. Зохиолыг нь хожим уншаад бас л уйлчихсан. Энэхүү роман нь энгийн атлаа эгэлгүй хайрын тухай өгүүлдэг. Хэнд ч хэлэмгүй нууцхан нандин хайрыг хоромхон зуур амсах хосын сүүлчийн шийдвэр л энэ зохиолыг улам бат гүн үнэ цэнтэй болгож байгаа юм. Гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн хайрыг амраг сэтгэлийн хайртай нэг туухайн дээр жинлэж буй мэт. Энэ л дэнсэн дээр зүрх зогсчих шахам догдолж, зөрчилдөж буй хөөрхий  Франческа Жонсонд би хэчнээн хайртай гээч. Амьдрал гэдэг тааварлашгүй, гэнэтийн учрал, санаанд оромгүй тохиолоор дүүрэн юм даа. Магадгүй би тэр бүсгүйн оронд байсан бол би яах вэ гээд бодмогц зүрх чимхийнэ шүү дээ. Ай даа мөн ч хэцүү еэ. Хайр гэдэг мөн чанараараа адилхан боловч хүний дурсамжинд хэрхэн үлдэх вэ гэдгээрээ зуурдын, үүрдийн гэдэг нь тодорхойлогддог юм шиг. Басхүү хайр гэдэг бие махбод нь үгүй болсон ч эрчим энерги нь хэзээ ч мөхдөггүй үүрд цохилсоор байх тийм халуун эрчис юм болов уу. Энэ мэтчилэн намайг бодлогошруулдаг болохоор энэ дүрд хайртай.

Энэ их ажлын хажуугаар  ямар ном уншиж байна, уншиж буй  номоосоо хуваалцахгүй юу?

‘’Тагтаа паблишн”-аас эрхлэн хэвлүүлсэн МЗЭ-ийн шагналт зохиолч Пүрэвжавын Баярсайханы “Сармагчин бол сармагчин” тэргүүт шилмэл бүтээлийн чуулганыг уншиж байна. П.Баярсайхан бол дүрийнхээ дотоод сэтгэлийн хувирал, бодол санааны эргэлт, сэтгэл зүйн шинж байдлаар зохиолынхоо үйл явдлыг голчлон зангидаж уран санааг гаргадгаараа онцлогтой. Түүний ихэнх зохиолынх нь гол санаа хүний мөс чанарын эрэлхийлэл, хот хөдөө, нүүдэл сууриншлын эсрэгцэл, өөрийнхөө дотоод хүнээс алсран холдож буй орчин цагийн нийгмийн зөрчлийг хурцаар тавьдаг.

 Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Арав гаруй номын жагсаалт гаргачихсан нэг зав гаргаж байгаад номын дэлгүүр явна даа. Үүнээс дурдвал, сүүлийн үед япон, хятад зохиолчдын бүтээлүүдийг манай залуу орчуулагчид чадварлаг орчуулан уншигчдад хүргээд буй. Дорнын сэтгэлгээ нэвт шингэсэн илүү чамирхал гоёчлолгүй эгэл амьдралыг хэрхэн илэрхийлснийг шимтэн уншихсан гэж бодож байна даа.

Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Номондоо зориглоод нэг орчихвол ямар ч орчинд уншчихдаг юм. Тэгэхийн тулд эхлээд хавтсыг нь нээх хэрэгтэй. Нээхийн тулд үр хүүхдээ хооллож ундална, аргадаж учирлана их юм болно оо. Намуухан ойн цоорхойд дүнзэн байшинд намрын навчис дунд ном уншаад нам гүмхэн суухсан гэж мөрөөдөж байна даа.

Залууст ямар зөвлөгөө өгөх вэ

Тэр энэ номыг уншаарай гэхээсээ илүүтэй ном уншдаг болон уншдаггүй хүмүүсийн ялгааг сайн мэддэг байгаарай гэж захина. Залуусын хандлага, сэтгэлгээ өөр болсон тул тэд цаг үеэ дагаад ямар ном уншихаа надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ном уншдаг хүн олон дүрийн өмнөөс, олон нөхцөл байдалд, олон цаг үед амьдарч, сэтгэж үзсэн байдаг шүү дээ. Тиймдээ ч бодол санааны цараа өргөн, аливаад уужуу тайвуу хандаж бүхнийг ойлгож нигүүлсэж байдаг. Харин ном уншдаггүй хүн эго өндөртэй, би гэсэн төвт үзлээр аливаад ханддаг, зөрүүд муйхар аргаар бүхнийг шийдэх гэсэн тиймэрхүү хүмүүс байдаг шүү.  Номын гэгээд ухаанаа гэрэлтүүлсэн хүнтэй л нөхөрлөөрэй.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном гэдэг хүн юм шүү. Хүнийг таних амаргүй. Хэдэн жилээр ч нөхөрлөөд танигддаггүй хэр нь мөн чанар гэрэлтсэн нууцлаг хүн байдаг шиг нэг номыг ганцхан уншаад өнгөрөх биш дахин дахин уншиж ухаарал, уярал, тайтгарал авч байгаарай. Тийм мөлжүүртэй номыг дахин дахин уншаад ч уйддаггүй юм аа.

Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт ерөөе.

 

Rayya Jakhinbyek