Бичиг үсэг нь бидний түүх, соёлын бодит гэрч юм…

Бичиг үсэг нь бидний түүх, соёлын бодит гэрч юм…

Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Намайг Намсрайн Хишигжаргал гэдэг. 2009 онд МУБИС-ийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Одоо ОУЭЗБИС-д сургалтын албаны арга зүйч, Монгол-Англи хэлний багшаар ажилладаг.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцана уу?  

Намайг 3 настай байхаас ээж минь орой бүр үлгэр ярьж өгдөг байсан.Сургууль ороод өөрөө уншиж чаддаг болсноосоо хойш манай гэрт байсан Орос ардын үлгэрүүд гэсэн зузаан номын анх уншиж, номонд дурлаж байлаа. 

Таны унших дуртай ширээний ном? Ямар төрлийн ном уншдаг вэ?  Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Би хувь хүний хөгжлийн чиглэлийн номыг унших дуртай. Сүүлийн үед “Алтан дейл карнеги” гэдэг номыг уншиж байна. Энэ номыг өмнө нь хэд хэд удаа уншиж байсан ч унших бүртээ өөртөө тусгаж авах зүйл нь өөр өөр байдаг.Миний өдөр тутмын ажил хүмүүстэй харилцахтай холбогддог. Энэ ном надад харилцааны талаар мэдлэгээ өргөжүүлэхэд их тусалж байгаа.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

1-р курст байхдаа Баабар зохиолчийн “Дори идэр дүүдээ” номыг уншаад жинхэнэ өөрийгөө олж авсан. Тухайн үед энэ номыг уншаад юмыг харах өнцөг, бодол сэтгэлгээ өөрчлөгдөж , амьдралынхаа хөдөлгөгч хүч нь өөрөө гэдгийг ойлгож байлаа.

Таны хувьд ном уншдаг хүн гэж хэнийг хэлдэг вэ?

Хэрэгтэй шинэ мэдлэг мэдээллээ номноос уншиж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг хүнийг хэлнэ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Хамгийн эхэнд гэхэд л ном уншвал суурь мэдлэг сайжирна, өөрийн үзэл бодлыг төлөвшүүлнэ. Амьдралын замаа сонгох үед номоос авсан туршлагаараа алдаа гаргахаас сэргийлж, харамсалгүй амьдрахад туслах гээд л ном унших нь шууд бусаар амьдралын амтыг мэдрэхэд туслаад зогсохгүй, ирээдүйд олон зүйлийг шийдвэрлэхэд тусална.

Таны бодлоор  хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ном уншсаны давуу тал

Хүүхдийн хөгжилд ном унших олон талын ач холбогдолтой.Унших нь хүүхдийн анхаарал төвлөрөх, бие даах, бүтээлч сэтгэлгээ болон бичих чадваруудыг хөгжүүлдэг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Даниел Х.Пинкийн “Хэрхэн хийх нь бус хэзээ хийх нь илүү чухал” ном нь зөв цагийг сонгох тухай өгүүлдэг. Зөв цагийг сонгох нь амжилтын амин сүнс гэдгийг бид ойлгодог хэр нь, харамсалтай нь туйлын мөчидхөн гадарладаг. Амьдрал маань “хэзээ” гэдэгтэй холбоотой эцэс төгсгөлгүй шийдвэрүүдээс бүрддэг билээ. Жишээлбэл чухал уудзалтыг хэзээ төлөвлөх, ажлаа хэзээ солих, хэзээ гэрлэх, хэзээ гүйх, шалгалтаа хэзээ өгөх гэх мэт. Гэтэл бид энэ шийдвэрүүдийг гаргахдаа зүгээр л таамаглаж зөнгөөрөө хийдэг. Завшаантай нь эдүгээ, хүний бие махбодийн талаарх шинэ эриний, өндөр түвшний судалгаануудаас бид энэ олон “хэзээ”  гэсэн асуултуудад хариулт олж, амьдралдаа цагийг нь олсон, үр дүнтэй шийдвэр гаргах  боломжтойг энэ номноос суралцана.

Монгол бичгээ сурч судлахын зайлшгүй шаардлага нь юу вэ?

Монгол бичиг нь монголчуудын оюуны бүтээл, бусад улс орноос ялгарах ондоошил, үндэстэй оршин тогтнохын нэгэн баталгаа юм. Монголчуудын түүхийн явцад аман болон бичгийн хэлний зөрүүг арилгах, нийгэм, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах бичиг үсэгтэй болох оролдлогуудын дүнд дөрвөлжин, тод, соёмбо, дөрвөлжин, галиг үсэг, вагиндра, кирилл зэрэг олон бичиг үсгийг хэрэглэж ирсний дотроос тасралтгүй нийтэд хэрэглэгдсээр ирсэн нь монгол бичиг байсан. Үүнээс үзэхэд өвөг дээдэс минь аян дайн, нүүдэл суудал дунд соёл боловсрол гэдэг зүйлийг орхигдуулж гээгдүүлэлгүй өнөөг хүртэл авч ирсэн энэ бичгээ бид хэрэглэж, үр хойчдоо өвлүүлэх нь бидний үүрэг юм.

Монгол бичиг сурахад хэцүү гэдэг ойлголт амь бөхтэй байдгийн шалтгааны тухай таны бодлыг сонсъё.

Энэ ойлголтод хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Үүнд 1946 оноос кирилл бичигт шилжсэнээр монгол бичгийг судлахыг хориглож, бичиг үсгийг мартуулах замаар ОХУ монголыг өөртөө нэгтгэх гэсэн улс төрийн далд бодлогын хүрээнд өнөөдөр бид үндэсний бичгээ мэдэхгүй мөн хэрэглэхгүй ийм нөхцөл байдалд орсон.1990 оноос хойш бичгээ сэргээн сурах болсон ч нийгэм, төрийн бүх үйл ажиллагаа кирилл бичгээр нийтэд хэрэглэгдэж тогтсон тул залуучууд сурах оролдлого нь бага байна. Яг хичээгээд сурвал монгол бичиг сурахад хялбар ойлгомжтой.

Бийрээр бичиж уран бичлэг хийхэд залуучууд их дуртай болсон байна. Уран бичлэгт сурахын ач холбогдол энэ талаар

Уран бичлэг нь хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг. Бийрээр бичихэд бийрийн өргөлт, даралтаа тохируулах гээд бичээчээс мэдрэмж, уран сэтгэмж, анхаарал төвлөрлийг шаарддаг. Энэ нь хүмүүст бясалгах болон гоо зүйн боловсрол олгох ач холбогдолтой.

Бичгийн хүний хувьд монгол бичгээ сурч судлах талаар манай уншигчдад хандаж юуг онцлон хэлэх вэ?

Монгол бичгээрээ зөв бичих сурахын тулд хуучин бичгээр хэвлэгдсэн ном, зохиол уншиж, бичих хэрэгтэй. Унших нь бичих чадварыг давхар сайжруулдаг сонгомол арга юм.

Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар таны бодол

Сүүлийн жилүүдэд үндэсний бичиг маань дахин сэргэж эхэллээ. 2015 онд Монгол Улсын Их Хурал “Монгол хэлний” хуулийг батлан гаргаж, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахыг хуульчилсан. Ингэснээр төрийн албан хаагчдын төдийгүй бүх нийтээрээ монгол бичиг сурах ажил эрчимжиж байна. Төрийн бодлогоороо эх хэлээ хамгаалах бодлого хэрэгжүүлээд ирэхээр нийгмийн хэрэгцээ үүсч, хүмүүс сурна гэж бодож байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор  Эх хэлний үнэт зүйл, үнэт чанар гэж юу вэ? гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Эх хэл нь монголчуудын түүх, ёс, заншил, соёлыг шингээсэн үндэстний дархлаа, эв нэгдлийн бэлэг тэмдэг юм. Монгол бичигт үгийн үндэс нь түүхэн гарал үүслээр тайлбарлагдах уламжлалт бичлэгтэй үгс цөөнгүй бий. Үүнээс харахад бичиг үсэг нь бидний түүх, соёлын бодит гэрч юм.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

 

Munkhzul.B