Б.Пүрэвдулам: НОМ БОЛ ДОТООД ӨӨРИЙНГӨӨ ОЛЖ ЭХЛЭХ БОЛОМЖ
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, ярилцлагад оролцож байгаад баярлалаа.
Сайн уу? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг урьж оролцуулж байгаад маш их баярлалаа.
Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулж, уран бүтээлийн замналынхаа талаар хуваалцахгүй юу?
Намайг Баатарцогт овогтой Пүрэвдулам гэдэг. Би Сэлэнгэ аймаг Мандал сум Зүүнхараад төрж өссөн. Айлын том охин. Одоо 23 настай.
2020 онд Мандал Улсын Тэргүүний 1-р бүрэн дунд сургуулийг төгссөн.
2024 онд МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцаж төгссөн.
2025 оноос Мандал сумын 4-р сургуульд МХБУЗ багшаар одоог хүртэл ажиллаж байна. Уран бүтээлийн хувьд оюутан байхдаа эхлүүлсэн номоо саяхан буюу 2026.04.11-нд албан ёсоор нээлтээ хийж уншигчдын гарт хүргэсэн. Мэдрэмж бол үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Бүх зүйл шинэ анхных бас шинэхэн учраас..,
Бага насандаа та ямар хүүхэд байсан бэ? Ном унших сонирхол хэр их байсан бол?
Айлын том учраас эргэн тойрны хүмүүстэйгээ их нээлттэй, маш их зүйлийг ургуулан боддог хүүхэд байсан. Найзууд дундаа бол бүх зүйлийн эхлэл нь байж, удирдан манлайлах хүсэлтэй. Анхны номноос хойш ном унших сонирхол илүү ихээр нэмэгдсэн.
Анх хэдэн настайдаа номтой “учирч”, бие даан уншиж эхэлсэн бэ?
Ном унших сонирхол маань 9-р ангиас эхэлсэн. Хамгийн анхны уншсан ном маань маш ойлгомжтой, тодорхой, их зүйлийг ойлгуулж өгсөн учраас ном унших нь гоё мэдрэмжийг өгдгийг тэр үед илүү ойлгосон.
Хүүхэд насны тань хамгийн тод үлдсэн ном, эсвэл номтой холбоотой дурсамж юу вэ?
Хамгийн анхны уншсан ном бол “Манго жимстэй цай” хэмээх бүтээл байсан бөгөөд уг ном нь дөрвөн найзын түүхээр дамжуулан надад олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн. Үүний дараа “Ногоон нүдэн лам” номыг уншиж байсан үргэлжлүүлээд “Жаран цагаан хонь” номыг дуусгаж байсан. Тухайн үед түүхийн хичээлтэйгээ холбоод хичээлдээ ч илүү сонирхолтой болсон.
Хүүхэд байх үеийн тань мөрөөдөл өнөөгийн сонгосон мэргэжил, уран бүтээлийн замтай хэрхэн давхцаж байна вэ?
Хүүхэд байх үедээ олон хүмүүс дунд орж ажиллах, зүгээр л сайхан энгийнээр тайван амьдрах мөрөөдөлтэй байсан. Ном уншдаг болсноос хойш багш болоод өөрийн зурагтай ном бичихийг хүсэж мөрөөддөг болсон. Тэгэхээр одоогийн уран бүтээлтэй минь холбогдож таарлаа.
Өнөөдрийн өөрийгөө хүүхэд насныхаа мөрөөдөлтэй харьцуулахад ямар өөрчлөлт, хөгжил мэдэрдэг вэ?
Өөрийн бодлоо мөрөөдөл болгосон одоогийн намайг бий болгосон гэж бодож байна.
Шинэ номоо уншигчдын гарт хүргэсэнд баяр хүргэе. Энэ бүтээлийн гол санаа, онцлог нь юу байсан бэ?
Маш их баярлалаа. Бүх зүйлс энгийн хэрнээ утга учиртай бидэнд тохиолддог. Тэрхүү үнэ цэнтэй цаг хугацааг хайрлаасай гэж хүсэж байна.
Цаашид ямар төрлийн сэдэв, жанрын ном бичих төлөвлөгөөтэй байна вэ?
Цаашид ийм зүйл бичнэ гэж төлөвлөөгөөгүй ээ үнэндээ, гэхдээ бичихээр бол уран зохиол талаас бичих байх.
Ойрын хугацаанд ажиллаж буй шинэ төсөл, уран бүтээл бий юу?
Одоогоор байхгүй байна.
Та нэг бүтээл дээрээ дунджаар хэр хугацаа зарцуулдаг вэ? Бүтээлийн үйл явц тань хэрхэн өрнөдөг вэ?
Анхны энэхүү номон дээрээ 3 жилийг зарцуулсан. Шантран хаяхгүйн тулд бичмээр байгаа үедээ бичиж, мэдрэмжүүдээ тодорхой гаргахыг хүссэн. Ихэнхдээ оройн цагаар чимээгүй орчинд сууж бичдэг байсан.
Урам зориг хамгийн ихээр хаанаас, юунаас төрдөг вэ?
Намайг байгаагаар минь хүлээн авдаг бүх хүмүүсээс урам зоригийг авдаг.
Амьдралдаа хамгийн их талархаж явдаг зүйл тань юу вэ? Яагаад?
Намайг юугаар ч дутаалгүй өсгөж, зөв хүмүүжүүлсэн аав ээждээ маш их талархдаг. Миний бүхий л хийж буй зүйлийн ард бат зогсож байдаг учраас.
Таны хувьд амжилт, аз жаргалын утга учир юунд оршдог вэ?
Амжилт, аз жаргал аль аль нь хийж буй зүйлээ үргэлжлүүлэн хийж эцсийг нь үзэж тууштай байх. Сахилга баттай тууштай байснаар хийж буй бүх зүйл утга учиртай сайхан байна гэдэгт итгэдэг.
Таны бодлоор ном уншихын хамгийн том үнэ цэнэ, ач холбогдол нь юу вэ?
Өөрт тохирсон ойлгох зүйлийг хэрэгжүүлэх нь хамгийн үнэ цэнтэй.
Орчин үеийн хурдацтай амьдралд ном унших дадлыг хэрхэн хадгалах хэрэгтэй гэж үздэг вэ?
Зүгээр л унших ёстой номоо эхний ээлжинд зөв сонгож, тайван орчинг бүрдүүлж бодлоо хоослон уншаад эхлэх нь хамгийн зөв гэж бодож байна.
Ярилцлагынхаа төгсгөлд, таны хувьд “Ном” гэдэг ойлголтыг ганц хоёр өгүүлбэрт багтаан илэрхийлбэл юу гэж хэлэх вэ?
“Ном бол дотоод өөрийгөө олж эхлэх боломж”
Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт, урам зориг хүсье.
Та бүхэнд ч бас намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Бүх зүйлд нь амжилт хүсье.