Ганцхан аян замд уншдаггүй. Учир нь аян зам бол ном сонсохоос үзэх нь илүү үзэхээс мэдрэх нь илүү юм.
Овог нэр: Дагва Жаргалсайхан
Эрхэлж буй ажил, албан тушаал: Чөлөөт уран бүтээлч
Сошиал хуудсууд: Фэйж: Тал бичээч, Фб: tal bicheech Грүпп: Тал бичээчийн хуудас, Студийн хаяг: Дэгэрээ студи
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулвал?
Би Увс аймгийн Өмнөговь сумын хүн. Сургуульд орохоос өмнө хашин цагаан мориор хөгшин аавын цөөхөн хэдэн богийг хариулдаг байснаа тод санадаг юм. 5 настайдаа морь унаад, малаа хариулаад сурчихсан хүүхэд байсан. Нэгдлийн төлөвлөгөө биеүүлэх гэж 600 гаруй хонь, 200 орчим ямаа, бас үхэр саадаг, хавар хаварт мянга орчим төл тосож авдаг их ажилтай айлын хүүхэд. Манайх ах дүү 12 түүний 9 нь хүү. Жижиг хүүхэд олонтой айл уснаас их хол буудаг л даа. Учир нь ус руу хүүхэд унахаас гадна цагаатай сав усанд оруулахаас болгоомжилдог байсан юм билээ. Ус зөөх завсраа айраг бүлнэ. Мөн тариа цохдох гэж лут ажил байв. Тэгээд хонинд явахдаа нэг том шалан авч яваад өдөржин нухна. Бас түлээ түүнэ. Манайх хангал морь их сургана. Зурам, тарвага агнах гэдэг нь хүүхэд бидний хамгийн чухал ажил байв. Тэгээд 8 сар гараад хадланд явна. Түүнээс өмнө гар хадлан гэж бас авна.
Бидний үеийн “Илгээлтийн эзэн” гэдэг чинь лут нэр хүндтэй байв. Би 8-р анги төгсөөд “Илгээлтийн эзэн” болно гэж хөдөө гарсан. 1987 онд цэрэгт мордсон. Маниусын үeд цэрэгт явна гэдэг гоё юм байлаа. Цэргээс халагдах гэдэг бүр гоё. Eр нь цэрэг гоё байсан.
Дархан хотын 017-р ангийн 3-р ротын 3-р салааны 3-р тасаг. Яагаад ч юм бүү мэд. Бүх ажилд манай тасаг явдаг байсан юм. Харсан бүхэн сонин сайхан санагдана. Дархан хотод цэрэгт байхдаа:Цеминтийн завод, Селкад цагаан тоосгоны үйлдвэр, Крамзитийн үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэр, Мах компанит, Гурилын үйлдвэрт ажиллаж байв. Мөн Орхон жимс ногооны САА-д ногоо хураах зоорь, Ерөөгийн САА-д үтрэм, Номгоны САА-д гахайны байр, Цагаантолгойн САА-д цагаан үнээний ферм барилцав.
Биднийг халагдаж байхад “Анх удаа цалин өгч, мөнгөтэй халагдаж байгаа цэргүүд” гэж байсан санагдана. Бас дээр нь мэргэжлийн үнэмлэхтэй. Би л гэхэд Гагнуурчин. Өрлөгчин. Шаварчин. Засал чимэглэгч гэсэн дөрвөн мэргэжлийн үнэмлэхтэй халагдаж байв.
1996 оноос Ховдын Ярантын боомт, Баян-Өлгийн Даянгийн боомтоор хил гарч наймаа худалдаа хийж эхэлсэн. 1997 оноос Улаанбаатарт ирж картын такисфоноор утсаар яриулдаг, вагонд маруужин зардаг байв. Замын-Үүдээс пийжүү аваад хот ортол вагонд зардаг болов. Пийжүүгээ болиод лаазтай пиво, өндөг зөөдөг боллоо. Бүр Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ хүртэл явна. Сүүлдээ урагш гарч жимс зөөдөг болсон. “Бакал Жагаа” гэдэг алдартай жимсний наймчны түүхийг тэр үед наймаанд явж байсан хүмүүс андахгүй дээ.
Тэгж явж байхдаа агуу их найрагч Дэндэвийн Пүрэвдорж багштай тааралдсан юм. Ингэж “Монголын нууц товчоо” утга зохиолын дээд сургуулийн оюутан болов. Ингээд л Уран зохиолын онол заадаг байсан Чойжилжавын Билигсайхан багшийн гарын шавь болсон. “Тоншуул” сэтгүүлтэй ч холбогдоод авсан. “Тоншуул” сэтгүүл хэд хэдэн бүтээлийг минь хэвлэж, шагнал урамшуулал өгсөн.
Үндэсний телевизийн “Найм дахь аялгуу” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэмтэй танилцаж сайхан анд нөхөд болов. Дэрэмтэй хамт явж байхдаа дуучин Б.Сарантуяатай танилцаж түүний “Хайрламаар” аялан тоглолтонд оролцох завшаан тохиосон. Ингээд Сараагийн багт орж 21 аймгаар тойрсон аялан тоголтоор явав. Дараа жил нь 2008 онд дуучин Дэлгэрмөрөнгийн “Тэнгэрийн бүсгүй” аялан тоглолтыг зохион байгуулж бас 21 аймгаа тойрсон. 2009 оноос дуучин Самандын Жавхлантайгаа шадарлах болсон. Тэр дунд “Эх орон”, “Оллоо” телевизэд бас ажиллаж байв. Домогт бөх Х.Баянмөнх аваргатай дэвэлтэй ах дүү болон нөхөрлөж “Ов мэхийн чуулган судар” хэмээх гурван боть ном бүтээлцэв. Сараагийн аялан тоглолт урлаг гэдэг маш том орон зай, өөр ертөнц байгааг, утга зохиолын хүн зохиолчдоосоо гадна өөр төрлийн хүмүүстэй бас нөхөрлөж, шадарлаж явах нь зохилтой юм гэсэн ухаарлын суурь өгсөн.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв? Энэ талаар дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Бидний үе бол ерөнхийдөө Нацагдоржийн зохиолоор эхэлж байсан цаг. 8-р анги төгсөөд хөдөө байхдаа ном их уншдаг байсан. Ш.Шажинбатын Элс цас миний уншсан том бүтээлийн эхлэл юм.
Ямар мэргэжлээр аль сургуульд суралцсан бэ?
“Монголын нууц товчоо” утга зохиолын сургуульд суралцсан. Сэтгүүлч утга зохиолын ажилтан мэргэжлээр суралцсан.
Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?
Үгүй. Би эмч болох сонирхолтой байсан. Шалгалтандаа тэнцээгүй. Одоо ч гэсэн анагаахыг судалдаг. Хэрэв эмч болсон бол жирийн нэг эмч лав байхгүй. Магад их эрсдэлтэй алхам хийж, туршилт явуулж мэдэх хүн шүү дээ. Түүгээрээ нээлт ч хийж мэднэ, хүн ч хохироож мэднэ.
Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Би гурван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлсэн хүн. Тэр үе намайг ёстой 360 эргүүлсэн. Хүн айх ёсгүй юмнаас айх, ичих ёсгүй юмнаасаа ичих гэсэн хоёр түгээмэл зан хүн бүхэнд байдаг юм шиг. Түүнийг өөрчилсөн. Ер нь энэ хоёроо өөрчилсөн хүн дэвжин дээшлэхээс гадна өөртөө ямар дараа тээргүй чөлөөтэй амьдардаг.
Утга зохиолын сургуульд сурч байгаад сургуулиа хаях гэж байтал Ч.Билигсайхан багш: Чи маш ухаантай хүн юм. Огт боловсролгүй хүн юм. Тиймээс жаахан сурах хэрэгтэй гэсэн. Энэ үг л утга зохиолтой намайг архалсан үг байж дээ.
Таны ширээний ном?
Ширээний ном гэж онцлох юм байхгүй. Би өөрөө гаргасан “Монгол боловсрол” гэдэг ном бий. Тэр ном өдөр бүр надад хэрэг болдог. Би ер нь толь бичиг л их хардаг хүн.
Зохиолч, яруу найрагч уран бүтээлч хүн учраас өөрийнхөө бүтээлүүдээс манай уншигчдад танилцуулбал?
Ардчилсан чөлөөт нийгэм уран бүтээлчид хүнд чөлөөтэй сэтгэх эрх олгосон. Энэ эрх дээр үүрэг хүссэн хүсээгүй дагаж байгаа. Бид эрхээ эдэлж чадаж байгаа боловч үүргээ мартжээ гэж ойлгосон. Эрх гэдэг нь би юу дуртайгаа бичиж болно. Үүрэг гэдэг нь миний бичсэн зүйл зөв үү буруу юу, хүн хэрэгтэй байна уу үгүй юу гэдгээ би өөрөө шүүж, хянаж, нягталж гаргах ёстой гэсэн үг.
“Монгол боловсрол”, “Санамсар”, “Тусаан бурхан” зэрэг номуудад энэ шалгуураар орсон номууд юм.
Таны маш олон дууны уран бүтээлүүд байдаг дууны шүлэг болон аялгууг хамтад нь хийхэд ямар байдаг вэ?
Би хөгжмийн хүн биш. Шүлэг аялгуутайгаа ирэх нь бий. Тийм хэдэн дуутай. Бусад хүмүүстэй хамтарсан нэлээд хэдэн дуу бий. Дуу бол эхлээд аяаараа хүнд хүрдэг харин тогтож үлдэх нь үг юм байна гэж ойлгодог. Хурдан хүнд хүрч хит болж байгаа дуу аянаас их хамааралтай байх. Харин он удаан жил дуулагдаж байгаа дууны үнэ цэн үгэндээ л байдаг.
Хүн наргисан цэнгэсэн, баярласан үедээ хөгжмөө дагаж дуулж бүждэг бол ядарсан, уйтгарласан, гуньсан үедээ үгээ л боддог. Хурим найр, баяр цэнгэл гээд хүндэтгэлд ёслолд оролцож ая дуу өргөх бол хамгийн түрүүнд үгийн утгыг боддог. Тийм учраас дууны үнэ цэнэ хэзээд үгэндээ байх юм.
Сүүлийн үед ямар ном уншиж байгаа вэ?
Түүхэн ном, намтар дурсамжаас сонирхолтой танин мэдэхүй гардаг. Тийм номууд түлхүү харна. Шинэ залуу үе ямар сэтгэлгээтэй байгааг үргэлж анзаарч сонирхож байх гэсэн хоёр чиглэлтэй л хүн дээ.
Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?
Хаана бол хаана л уншина. Ном унших тусгай цаг гэж байхгүй. Ямарч чимээ шуугиан, үймэн дунд ч уншина. Ганцхан аян замд уншдаггүй. Учир нь аян зам бол ном гэж би ойлгодог. Ном уншсанаас илүү зүйлийг аян замаас хүн олж авдаг. Бушуухан тэнд хүрээсэй, ямар хол зам бэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Юм анзаарахгүй өнгөрчих бий, харалгүй зөрчих бий гэж л боддог. Ном унших чинь сонсох гэсэнтэй адил ойлголт. Сонсохоос үзэх нь илүү үзэхээс мэдрэх нь илүү юм.
Ном уншиж сурсан хүмүүс өөр өөрийн гэсэн арга барилтай болдог. Би ер нь сайн номыг хараад л мэддэг. Ганган хээнцэр, үнэтэй гэхээс илүү сайн ном өөрийн өнгөтэй байдаг. Нүдэнд туссан номыг сөхөж хараад уншихад ямар нэг өгүүлбэр тордог. Тийм өгүүлбэртэй ном муу байна гэж үгүй. Муу гээд байх нь ч хаашаа юм. Байдаг л ном байдаг өгүүлбэртэй байдаг л бичвэртэй ном шүү дээ.
Номын сангаар хэр их үйлчлүүлдэг вэ?
Тааралдсан бүх номын сангаараа ордог. Хөдөө орон нутаг тэр дундаа сум багийн номын сангаар ч заавал ордог. Хотод эрээд олддоггүй ном сумын агуулахад тоосонд дарагдаад байж байдаг.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Унших тусам хүний санаа бодолд хөдөлгөөн оруулдаг ном л чухал. Ямар нэг юманд хэрэг болох, ямар нэг хүнд хэрэг болох номтой зууралдах хэрэгтэй гэж боддог. Хүмүүс ямар нэг номыг сайн муу гэх нь чухал биш. Танд тэр ном ямар санагдав гэдэг нь чухал. Яагаад гэвэл таны оюун ухаан таных, хүний оюун ухаан хүнийх шүү дээ. Тиймээс хүний тархины үзүүлэлтээр өөрийнхөө тархийг удирдаад байж болохгүй. Өөрөө сонгосон. Өөрөө дүгнэсэн арга барил чухал.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Уран зохиолын хүмүүс уран зохиолоос өөр ном түлхүү уншдаг. Уран зохиолын бус хүмүүс нь уран зохиол уншдаг байвал зохимжтой санагддаг.
Уншихыг төлөвлөж буй ном?
Эрнист Мулдашевын номуудыг дахиж унших бодолтой байгаа. Орчлон шим ертөнц, төвд, Гималайд хийсэн судалгаа сонирхолтой бөгөөд эрэл хайгуул хийх зам жим харагдаад байдаг юм.
Унших дуртай зохиолч, хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Пэрэнлэйн Лувсанцэрэн, Жагдалын Лхагва, Сэнгийн Эрдэнэ, Чадраабалын Лодойдамба, Сормууниширын Дашдооров гээд олон зохиолч нэрлэж болно.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Хүн ямарч боловсролтой, ямарч мэргэжилтэй байж болно. Тэр мэргэжил мэргэжлээрээ дээд түвшиний судалгаа, нээлт, зөв ойлголтыг олсон байж болно. Тэр хүмүүст төрөлх хэлээ эзэмшээгүй бол хэзээ ч тэр бүхнийгээ бүрэн илэрхийлж чадахгүй. Бүрэн илэрхийлдэг болохын тулд уран зохиолд дурлан унших хэрэгтэй юм.
Уран зохиолын чиг хандлагын тухайд танд юу анзаарагдаж байна вэ?
21 зууны тэн хагаст хүрэх нь үү үгүй юу, бидний төсөөлж байгаагүй тийм уран зохиолын үе гарч ирнэ. Ялангуяа яруу найраг ямарч ойлгомжгүй, ямарч жанаргүй, ямарч уран сайхангүй, тэгсэн мөртлөө бүхнийг дагуулах увдистай тийм бичвэрийн үе ирж байна гэж төсөөлөгдөж байгаа. Зохиолын хувьд гэвэл эсээ давамгайлж зохиолчдын орон зайг сэтгүүлчид эзэлнэ. Бодож байгаад зохиодог зүйл байхгүй болж баримттай, бодитой уран зохиолын үе ирж байна. Бас уран сайхан дүрслэл гэхээс илүү энгийн ойлгомжтой, товчхон бичвэр шаардах юм шиг байна.
Уран зохиолын шинэ үе ирнэ гэсэн үг үү?
Орших нийгмийн өөрчлөлт уран зохиолыг үгүй хийж байна. Зохиолчоос үл хамаарах зүйл. Уншигчгүй зохиолын үе, уншдаг нь тэс өөр зүйл сонирхдог үе ирж байна уу даа гэж харагдаж байгаа. Өнөө маргаашдаа яах вэ, болж л байна. Гэвч энэ нь тийм ч удаан настай биш бололтой… Харийн хүнээс ч илүү харь сэтгэлгээ тэлж байгаа нь их тод мэдрэгдэж байна.
Ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ярилцсан: Номын санч Э.Ариунтунгалаг