Г.Уянга: Ном уншдаг хүмүүс хэзээ ч хүн рүү өндөр чанга дуугаар орилж хашхирдаггүй.
Эрхэлж буй ажил, албан тушаал: “Бэрх паблишинг” номын өргөөнийхөө эзэгтэйг л хийж байна даа.
Сошиал хаяг: FB page: Uyanga Gantumur
FB profile: Uyanga Gantumur(Гантөмөрийн Уянга)
Twitter: Uyanga Gantumur
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцаач?
Бараг 5 настайдаа хэдийн уншаад сурчихсан, унших л юм байвал хайдаг, сургуульд орохыг маш их яардаг байсан. Ямар сайндаа наймдугаар ангийн нагац эгчийгээ дагаж хичээлд нь явдаг, эгч маань “Дүүг харах хүнгүй” гэж худлаа үнэн хэлээд намайг хичээлдээ аваад явдаг байсан.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Тэр үед хүүхдийн ном тийм элбэг байгаагүй санагддаг, “Үл мэдэх цэцэгхэн хотхонд” гэдэг номыг анх уншиж байсан юм байна.
Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна вэ ? Багадаа ямар мэргэжилтэй болох гэж бодож байв.
Багш болохыг л маш их хүсдэг байсан. Багш нараа хараад л тэгж мөрөөддөг байсан хэрэг шүү дээ. Тэр үеийн багш нар нийгмийн тэргүүлэх сэхээтнүүд мөн байсан. Биеэ авч яваа байдал нь, загнаж аашилж байгаа нь хүртэл гоё харагддаг байсан даа. Хүсэл их олон солигдсоон, сүүлд дипломатч болохыг хүсдэг байлаа. Тэр мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ үлдсэн. Тэгээд л өөрөөсөө “Чи ингэхэд юуг хамгийн сайн хийж чадах хүн бэ?” гэж их сүүлд, 10-р анги төгсөөд сургуульгүй үлдэхдээ л анх удаа асуусан. Мөрөөдлөөр амьдарч болохгүй гэдгийг анх ухаарсан нь тэр, тэгээд л сэтгүүлч болсон.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Олон дүүтэй, айлын том охин, гэр хороололд амьдарч байсан болохоор ном уншаад суугаад байх завсар, боломж маш хомс. Голдуу аав, ээжийг ажилдаа явсан хойгуур тухлан уншдаг байлаа. Аав маань номд дуртай, уншдаг, шинэ гарсан номыг заавал худалдаж авдаг байсан. Манайх тааз хүрсэн номын тавиуртай, дүүрэн номтой айл байлаа.
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
Ж.Пүрэвийн “Мянган захидал” номыг дөнгөж сургуульд орсныхоо дараахан уншсан, тэгээд л Мягмар багш шиг багш болохоор шийдэж байж билээ. Хамгийн анх надад хүчтэй нөлөөлсөн ном байх. Өөрийгөө Мягмар багшаар төсөөлдөг байж билээ.
Та хэдэн настайгаасаа ном зохиол бичиж эхлэв? Анхны ном , зохиол чинь…
Ном зохиол бичих ч юу байхав. Сэтгүүлчийн ажил өөрөө бичдэг ажил юм болохоор, бичих үүрэг хүлээсэн болохоор бичдэг байлаа. Харин улстөр, нийгмийн чиглэлийн нийтлэлүүд бол миний хүсэл зорилго, сэтгэл хөдлөлөөс урган гардаг. Бичсэнээ эмхтгэж ном болгосон нь харин миний төсөөллөөс давсан сайн борлуулалттай байгаад их баярлаж, бас урамшсан.
Та өдий хүртэл хичнээн уран бүтээл туурвиж байна вэ?
Бүтээл, туурвил гэдэг үг эгчид нь хэтэрхий томдоно. Би бол зүгээр л нэг ядмагхан жижигхэн бичээс төдий. Яг өөрийн нэрээр гаргасан ганц нийтлэлийн эмхтгэлээс гадна монгол бичгээс хөрвүүлсэн, редакторласан хэд хэдэн ном бий. Гэхдээ номыг чинь талх үйлдвэрлэж байгаа юм шиг байнга гаргаад байж бас болдоггүй эд. Жил бүхэн ном гаргадаг бол чансаатай ном гарах төвөгтэй байх.
Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?
Яг өөрийн бичсэн хоёр дахь номоо гаргахаар төлөвлөөд нэлээд дуншиж байна. Бичиж бэлэн болгосон, янзлаад л янзлаад л байна даа. Гарахаар нь аяндаа хэлнээ, нэр ч өгч амжаагүй л байна. Түүнээс наана монгол бичгээс нэг ном хөрвүүлэх ажил дээр махруухан сууж байна.
Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?
Өөртөө амралт өгч уран зохиолын ном, тэр тусмаа хуучны уран зохиолуудаас уншиж толгойгоо амрааж байна. Хөдөө явахдаа С.Эрдэнийн туужийн номуудаас авч явсан. Эргэж уншихад их сайхан байна. Нийгэм-улстөрийн сэдвээр номуудаа барьж авч байна, тухайлбал “Орос төсөл”
Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
Саяхан Ч.Содбилэг дүүгийн гаргасан “Хятад мөрөөдөл” номыг уншихаар ширээн дээрээ гаргаж тавьчихаад байгаа. Маш сонирхолтой, бас авах санаа ихтэй ном байх учиртай. Ч.Содбилэгийн гараас муу ном гарах боломжгүй.
Таны ширээний ном?
Улстөрийн чиглэлийн номууд, шинэ гарсан номууд голдуу хөглөрч байдаг даа. Бас энд тэнд хүн хүлээхдээ, эсвэл дараалалд зогсохдоо унших жижиг хэвлэлттэй номуудаас цүнхэндээ байнга авч явдаг. Монсударын өнгөт цувралууд цүнхэнд авч явахад их тохиромжтой. Гадуур их явдаг хүнд бол ширээний ном гэдэг шиг цүнхний ном их хэрэгтэй болжээ.
Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
Яг одоо бол Нагунбилэг эмчийн эмчилгээний бас нэгэн шинэ номыг монгол бичгээс хөрвүүлж байна.
Өөрөө уншигчийн хувьд та юу эрдэг вэ?
Улс орноо хэрхэн цэгцлэх талаар элдэв сургамж, санаа оноо эрж хайж унших юм даа. Бас өөрийн мэдэлгүй өөртөө улстөрийн хань, бас зөвтгөл хайж уншдаг юм билээ. Өөрийнхөө алдааг ч бас хайдаг.
Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?
Миний охин “Ээж ээ, би өөрийгөө тань шиг сайн ээж болж чадах болов уу гэж бодож их санаа зовдог…” гэж билээ. Үүнээс илүү магтаал би сонсоогүй. Шүүмжийн тухайд манай нөхрийн шүүмж олон биш, байнга биш бөгөөд маш бодтой байдаг. Олон нийтийн элдэв шүүмжүүдийг ч бас уншиж алдаа оноогоо цэгнэхэд хэрэглэнэ ээ хэрэглэнэ.
Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?
Хүүхдүүд, гэр бүл. Хүүхдүүдээ харах бүр баярлаж бахархаж, урам зориг орж итгэл төрдөг.
Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв?
Номын сан айлыг дулаахан, тохь тухтай болгодог. Гэрийн номын сангийн соёл Европт түгээмэл юм уу гэж анзаарагдсан. Англид хэд хэдэн айлд орж үзсэн. Бүгд номын сантай байсан. Үүдэнд жижиг тавиур дээр сэтгүүл сэлт, тэгээд дэргэд нь буйдан. Цаашлаад зочны өрөө нь дахиад номын тавиур, буйдан. Ерөөс энэ хоёр л айлын тохь тухыг бүтээдгийг анзаарсан. Номын өрөөтэй айлууд бол бүр сайхан, шалнаасаа тааз хүртлээ ном.
Монголд номын сантай, номын өрөөтэй олон сайхан айлыг мэднэ. Д.Урианхай гуай, Л.Дашням гуай, Хуягаа бид хоёрын хэл шинжлэлийн багш Ч.Догсүрэн агсан гээд олон айлаар орж байсан. Эрдэм номын, номыг байнга хэрэглэдэг хүмүүсийн номын сан эмх замбараагүй байдаг даа, тэгээд тэр үй олон номон дундаас ямар ном хаа байгааг зүгээр л гаргаад ирнэ.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
За… ёстой тэгж бодож үзэж байгаагүй юм байна. Би мини ном цуглуулдаг хоббитой, одоо 100 гаруй болсон байх. Тиймэрхүү ховор, цуглуулгын ном байх байсан болов уу, эсвэл уран зохиолынх ч юм уу…
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Зохиолын баатар болгон л сонирхолтой, хайр хүрэм. Түүний амьдралын ээдрээ, нугачаа, сэтгэл хөдлөл, хувь заяа нь дандаа л сонин байдаг. Жишээ нь… Арьсан хүрэмтэй Мадонна хэзээ ч сэтгэлээс гардаггүй юм. Түүнийг уншихаар эмэгтэй хүнийг илүү мэдрэх шиг болно. Эрэгтэйчүүд уншвал эмэгтэй хүнийг ойлгож мэдэх юм, “хүчирхэг эмэгтэй” гэж байдаггүйг.
Унших дуртай зохиолч?
Хуучны номуудыг уншихад үг хэллэгийн баялаг, тансаг, дүрслэлийн уран яруу, сайхныг мэдэрч уншихад сайхан байдаг. Орчин үед бол Б.Номинчимэд, Д.Оюунчимэг хоёрын бичлэгээс мэдэрдэг.
Таны ширээний ном?
Яг нэг ном дангаар байна гэж байхгүй ээ, улстөр, уран зохиол холилдоод л. Тухайн үед ямар номон дээр ажиллаж байгаагаас хамаараад өөрчлөгдөнө. Уран зохиол нь завсарлага авч сэргэхэд хэрэгтэй.
Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?
Ямар ч орчинд ялгаагүй ээ, номондоо л орж байгаа юм чинь. Сая хөдөө аялалд, хээр унших үнэхээр тансаглал байлаа. Цүнхэндээ ямар нэг ном заавал авч явдгаа хэлсэн, хүлээлт, дараалалд, замын бөглөрөлд уурлаж бухимдах шаардлагагүй, ном уншаад л.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Өөрсдийн сонирхдог сэдвээр бол ямар ч ном сонирхолтой л байна. Надад бол хүний намтар зохиолууд маш сонирхолтой байдаг. Тийм бодит түүхүүдээс урам зориг авна шүү. Биднийг оюутан байхад Л.Түдэв гуай ирж ярилцлага хийх үеэр нэг оюутан “Ямар ном уншвал зүгээр вэ, сайн муу номыг яаж ялгах вэ?” гэсэн утгатай асуулт асуусан. Л.Түдэв гуай “Бүх номыг уншаад л бай, аяндаа өөрөө ялгадаг болно” гэсэн юм. Сонирхдог болон хэрэгтэй номоо л хүн уншдаг байх. Гол нь сонирхдог зүйлтэй, сэдэвтэй байх нь их чухал юм уу даа.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Бидний үеийнхэн “Ном бол ертөнцийг харах цонх” гэж цээжилж өслөө. Стресствэл ном унш, мухардвал бас унш, уурлавал унш, сэтгэл санаа сайхан бол унш. Магадгүй хамгийн сайн сэтгэлзүйч ном байж мэднэ. Наад зах нь сэтгэл хөдлөлөө зөв удирдаж сургадаг байх. Ном уншдаг хүмүүс хэзээ ч хүн рүү өндөр чанга дуугаар орилж хашхирдаггүй.