Д.Намуунзаяа: Сэтгэл зүйч хүний зүгээс өөрийгөө ойлгож хайрлах арга барилаа олоорой мөнхөд тантай энэ амьдралыг туулах хүн чинь та юм шүү өөртөө маш их хайртай байгаарай

Д.Намуунзаяа: Сэтгэл зүйч хүний зүгээс өөрийгөө ойлгож хайрлах арга барилаа олоорой мөнхөд тантай энэ амьдралыг туулах хүн чинь та юм шүү өөртөө маш их хайртай байгаарай

Овог нэр: Данзансандив Намуунзаяа

Эрхэлж буй ажил, албан тушаал: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн Сэтгэл зүйч

Сошиал хуудсууд: Сэтгэл зүйч Д.Намуунзаяа

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Энэ талаар би бодохдоо маш их жаргалтай байдаг. Бага байхдаа дуулж, бүжиглэдэг шүлэг зохиодог тийм охин байсан. Урлагын хүн болно гэж боддог байж байгаад арван жилээ төгсөхдөө хаанаас ч сонссон юм бүү мэд сэтгэл зүйч болно гэдэг бодол харваад л ороод ирсэн. Тэгээд миний сэтгэлд гүн бат шингэчихсэн юм. Би бусдад туслах, хүмүүсийг аз жаргалтай байгааг нь харах маш дуртай болохоор энэ мэргэжил надад их зохидог. Жаахан хэцүүч гэсэн мэргэжилдээ их хайртай. Харин миний гэр бүл аав ээж маань миний мэргэжилд ердөөсөө ч нөлөө үзүүлээгүй сонголтыг миний гарт үлдээсэнд би их баярладаг. Хааяа шантармаар үе гарах юм бол тоглоомоор ээждээ та надад нэг мэргэжил зөвлөхгүй тэгсэн бол би одоо таныг яагаад надад энэ мэргэжлийг сонго гэсэн юм бэ гэж гомдоллож байхгүй юу? хэн ч надад нөлөөлөөгүй сонголт миний гарт байсан болохоор хэнд ч нялзааж чаддаггүй. Сонгосон сонголтондоо өөрөө хариуцлагатай байхыг хичээдэг дээ. Гэхдээ мэргэжилээ сонгоод сэтгэл зүйч гэдэг хүн болохын тулд чамгүй олон саад бэрхшээлийг даван туулсан.  Одоо харин түүндээ сэтгэл хангалуун байдаг.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Би ном сонинтой маш ойрхон өссөн. Сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан байсан. Өвөө, ээж маань багш хүн болохоор манайхаар олон гоё гоё номнууд байдаг байсан. Ах эгч нарийн сургуулийн номнуудыг их уншдаг байсан. Жижиг жижиг өгүүллэгүүд ихтэй их зохиолын дээжис гээд ягаан ном санаанаас ер гардаггүй юм. Одоо би хааяа шүлэг бичих дуртай гоё гоё шүлгийн ном, өөртөө таалагдсан амттай номнуудыг уншдаг. Сүүлийн үед дандаа мэргэжлийн номнуудаа уншаад таалагдсан номоо барьж авч унших зав муутай байгаа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Пак Гынхе /БНСУ-анхны эмэгтэй ерөнхийлөгчийн намтар/ “Цөхрөл намайг хатуужуулж Найдвар намайг урагшлуулдаг” энэ ном надад маш олон зүйлийн талаар зааж өгсөн ба хувь хүний хөгжил тал дээр их зүйл суралцсан. Хатуужил, тэвчээр, амьдралын  олон саад тотгоруудыг хэрхэн даван туулах сэтгэлийн хат суулгасан. Мөрөөдөх эрхтэй бүсгүй энэ бас их гоё ном байсан өөртэйгөө ажиллахыг хүссэн хүмүүс авч хэрэгжүүлж уншаасай.

Таны ширээний ном?

Одоогоор миний ширээний ном сэтгэл судлалын ном түлхүү байгаа бас Титэм үг үргэлж уншдаг. Сүмтэй будрын чулуу 1, 2 номондоо их хайртай.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Байгальд ном унших гоё бас амттай номыг бариад авчихсан байхад хаана ч унших сайхан байдаг. Би ерөнхийдөө гэртээ ном унших илүү дуртай намуухан дуу тавиад дуртай цайгаа уугаад уйлвал уйлаад, инээвэл инээгээд мэдэрч унших сайхан санагддаг. Бас миний стрессээ тайлах бас нэгэн арга гэх үү дээ.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Би номон дээрээ зурах, нугалах, дургүй харин хөөрхөн номын хавчуурга, өнгийн цаас ашиглаж тэмдэглэж номоо уншдаг. Ерөнхийдөө бүлэг бүлгээр нь хувааж уншдаг үнэхээр салахын аргагүй сайхан ном бол хурдхан л уншихыг боддог. Өөртөө тохирохгүй хүнд номыг дасгаж бага багаар уншдаг. Өөрийн онцлог сонирхолдоо тулгуурлан номоо сонгож уншвал их зүгээр санагддаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Ном санал болгохоосоо түрүүлээд өөрийнхөө онцлог, болон хэрэгцээ сонирхолоо түрүүнд тодорхойлоорой гэж зөвлөмөөр байна. Хэрвээ тэгж чадах юм бол тэр талын номнуудаа илүү сонирхож уншаарай. Би хувьдаа хүний хөгжлийн болон хүний дотоод сэтгэл рүү өнгийж чадсан номонд илүү дуртай сүүлд Үзэхийн хязгаарийг уншсан сэтгэлд нилээн шингэсэн.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Арван жилээ төгсөөд Вьетнам улсад сурч байсан тэнд номын сангийн үнэмлэх монголд төв номын сангийн болон сурч байсан сургуулийн номын сангийн үнэмлэх байгаа. Тэгэхээр 2 орны гэх юм байна.

Сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжил сонголтын тал дээр зөвлөгөө өгвөл?

Мэргэжил сонголт бол чиний амьдралын баталгаа тэглээ гээд сэтгэл хөдлөлөөрөө сонгож болохгүй. Хүсэл сонирхол, чадвар, өөрийн нөөц бололцоондоо тохируулан сонгох хэрэгтэй. Эрэлттэй, цалин ихтэй байхдаа гол нь биш чи өөрийгөө тийм мэргэжилтэй хүн болж чадна гэж итгэж байвал сонгоорой. Залуу нас маш богинохон тиймээс өөрийн сурч чадах цаг хугацаагаа үнэ цэнэтэйгээр ашиглаарай. Хувийн онцлогоо хаашаа ч гаргаахгүй мэдэж аваарай тэгвэл нилээн олон зүйлийн түлхүүрийг олж авлаа л гэсэн үг. Мэргэжлийн хүнд нь хандаад темпераментийн онцлог буюу өөрийн төрөлх онцлог болон давуу сул тал ямар мэргэжил илүүтэй тохирох зэрэг нь байдаг. Тэгээд тэр дундаасаа чи шүүж сонгож болно хэн нэгэнд хэтэрхий битгий автаж найдаарай. Хүн ирээдүйгээ өөрийнхөө сонголтоороо бүтээдэг юм шүү амжил хүсье.

Сүүлийн үед хүмүүс таниас ямар асуудал дээр сэтгэл зүйн зөвөлгөө ихээр авч байгаа вэ?

Хувь хүний зөвлөгөө болон хүүхэдтэйгээ харилцахдаа хэрхэн анхаарах талаар, ер нь өөрийгөө болон бусдыг яаж ойлгож хүлээн зөвшөөрч сурах, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ? Гэх мэт янз янзын л асуудлаар зөвлөгөө авч байгаа.

Стрессээ тайлах ямар ямар аргууд байдаг вэ?

Нөгөө л нэг онцлогоосоо хамаараад хүн болгоны стресс тайлах арга өөр өөр байдаг. Жишээ нь нээлттэй хүмүүс илүү найз нөхөдтэйгээ уулзах, гадуур гарах хөгжилтэй тоглоом тоглох зэрэг илүү тохирдог бол дотогшоогоо хүмүүс илүү тайван тухтай газар ганцаараа байхыг илүүд үзэх тохиолдол ч байдаг. Тэгэхээр хүн болгонд ижилхэн зүйл зөвлөхөд бас жаахан учир дутагдалтай байдаг.

Унших дуртай зохиолч?

Чойном, Б.Бааст С.Эрдэнэ, Луужир жийми, Лхагвасүрэн, Шүүдэрцэцэг, Баярхүү гэх мэт.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хүжийн гал “Түмэн’’ сайхан зохиолыг уншихад их л олон зүйл бодогдоно доо.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бид нэг л удаа энэ амьдралаар амьдрана гэтэл ном бол биднийг олон сайхан мөчүүдэд очих боломжийг олгодог. Алдаж үзэхгүйгээр алдаанаасаа сурах боломжийг ном олгодог. Ном бол ертөнцийг харах толь мөн гэж гайхалтай үг байдаг шүү дээ. Цахим орчин хөгжихийн хэрээр бүх зүйл их сайхан болж байгаа ч цаасан номыг барьж унших нь анхаарал төвлөрөөд зогсохгүй өөртөө хяналттай байхыг бас заадаг юм шиг санагддаг. Олон зүйлийг мэдэхийг хүсвэл олон сайхан номтой нөхөрлөөрэй.

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Ярилцсан:  Э.Ариунтунгалаг

 

Shurenchimeg Ganbat