Дэлхийн яруу найргийн өдөр

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ.

Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-оос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай.

Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ” хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх  боломжтойг онцолж буй хэрэг билээ.

 

Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчиддаа болон яруу найраг сонирхогч бүх хүмүүстээ хүргэе!