Захиралын мэндчилгээ

Улаанбаатар нийслэлээрээ овоглосон номын сангийн маань түүхэн ойн давхар баярууд энэ жил тохиож байна. Улаанбаатар хотын нийтийн номын сан байгуулагдсаны 36 жил, нийслэлд нийтийн номын сан байгуулагдсаны 70 жил, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, мөн их зохиолчийн нэрэмжит болсны, нийслэлийн нийтийн номын сангууд төвлөрсний тус тус 30 жил гээд уншигч та бүхэнтэйгээ номын ураг садан болсныг гэрчлэх он цагийн хуудас олонтоо эргэжээ.

Өнөөдөр нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжин дэвжиж, хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр их хотын иргэдэд түгээх номын сан, номзүйн мэдээллийн чанар, хүртээмжийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна. Номын сан, номзүйн мэдээ мэдээллээр нийслэлийн иргэдийг хангах энэхүү оюунлаг бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэндээ номын сангийн хамт олон бид баяртай байдаг юм.

Их хотын иргэн та хэн боловч номын өргөөнд маань саатан тухалж, мэдлэг оюунаа дээшлүүлж, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэхэд тань манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

 

Үеийн үед эрдэм, оюуны хур арвин байж, сайн үйлс, сайхан  сэтгэл ашид мөнх дэлгэрэх болтугай.

 

ЗАХИРАЛ А. ЭРДЭНЭБАТ