Миний хувьд номын санд суух нь тухтай байдаг бас гэрийнхээ номын сангаас уран бүтээлч нөхдийнхөө номыг гарган харж байх таатай санагддаг…

Миний хувьд номын санд суух нь тухтай байдаг бас гэрийнхээ номын сангаас уран бүтээлч нөхдийнхөө номыг гарган харж байх таатай санагддаг…

Сайн байна уу? 

Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Танд Дэлхийн номын болон зохиогчийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе?

Та өөрийгөө уншигчдад танилцуулаач ?

Баярлалаа. Би хүүхдийн зохиолч Гомбын Ганболд. Танай Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн анхны уншигч нарын нэг дээ.

Тэгэхээр та манай номын сангийн түүхийн томоохон төлөөлөгч байх нээ дээ. Тэр үеийнхээ тухай хүүрнэх үү?

Тэгэлгүй яахав. 1968 онд тус номын сан байгуулагдахад би Баатар хот Москвагийн нэрэмжит нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургуулийн 3 дугаар  ангийн сурагч байв. Манай ангийнхан номын сангийн сургаар гүйлдэн ирцгээж байсан юм. Тэр үед 33 дугаар сургуулиас өөр сургууль байдаггүй байлаа. Номын сан миний харих замд байдаг болохоор байнга л орж ирдэг байсан.

Та тэр үед ямар ном уншиж байв?

Одоо эргээд санахад хүүхдийн зохиолч Дашдондогийн “Наалдан пад” гэдэг том балбагар номыг сонирхон уншиж байсан даа. Номын сангийн хүүхдийн уншлагын танхимд хүүхдүүд дүүрэн бужигнаж ширээн дээгүүр дэлгээтэй байсан зурагтай гоё номууд их байдаг байсан даа тэрийг нь 3 дугаар  ангийн бид нар л уншиж дуусгасан даа.

Таны хүүхэд насны мөрөөдөл цагдаа болно гэж бодож байсан уу?

Би багадаа цэргийн дарга болно гэж боддог байсан тиймээс ч цагдаагийн офицер болж хүн ардынхаа амар тайвны төлөө ажилласан даа.

Та хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?

Номын сантай танилцсан тэр үеэсээ л шүлэг бичиж эхэлсэн. Анхны шүлгүүд харсан бүхнээ мөр болгож бичих гэж ядсан инээдмийн хөгжилтэй гэнэн бичлэгүүд байсан санагдаж байна.

Та цагдаагийн хүнд амаргүй ажлын хажуугаар уран бүтээлээ хэрхэн хийж ирсэн бэ?

Би ер нь өөрийгөө их хувь тавилантай хүн гэж боддог аав, ээж намайг ном барих, хууль барих тийм сайхан хувь заяатай золгуулж өгсөнд одоо ч бахархаж явдаг. Ном зохиол бичих авьяас байсан болохоор ажлынхаа хүндийг гэхгүй бүтээл туурвилаа хийсээр ирсэн.

Та хичнээн хүүхдийн зохиол бичсэн уран бүтээлээ танилцуулаач?

Би хүүхдийн зохиол дагнан бичээд 40 гаран жил болж байна одоо хүүхдийн 30 гаруй номтой, хүүхдийн зохиол судалгааны 3 ном, эмхэтгэсэн 6 ном гээд л нилээд олон бүтээл туурвижээ. Миний уран бүтээл хүүхдийн дууны шүлэг үлгэр өгүүллэг, шүлэг гээд хүүхдийн зохиолын бүх төрлөөр бичигдэж ирсэн.

Таны хамгийн алдартай  хүүхдүүдэд хүрсэн дууны шүлэг?

Миний уран бүтээлийн томоохон төрөл бол хүүхдийн дууны шүлгүүд байдаг. “Дэлдэн чихэр”, “Амин хүүдээ би” зэрэг 20 гаруй дуунууд маань цэцэрлэг сургуулийн программд орж, “Тоглоомын тойрог”, “Шувуудын жиргээ” зэрэг цуврал 40 гаруй  шүлэг дууг хүүхдүүд дуулж яваад би баярладаг.

Та одоо ямар бүтээлүүд туурвиж байна вэ?

Би хүүхдийн шүлэг үлгэр, өгүүллэгийн 3 төрлийн  номыг бичиж хэвлэлд шилжүүлээд байна. Би зураг зурсан, Өвлийн хаан, Бүжин, Хүүхдийн барилдаан, Дааганы уралдаан гэсэн номууд удахгүй уншигчдын гар дээр очих байхаа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хүн бүрийн ном унших сонирхол өөр өөр байдаг байх аа миний хувьд номын санд суух нь тухтай байдаг бас гэрийнхээ номын сангаас уран бүтээлч нөхдийнхөө номыг гарган харж байх таатай санагддаг.

Та чихрийн цаасан цуглуулгыг хэзээнээс цуглуулж эхэлсэн бэ?

1968 оноос монгол (дотоод)-ын чихрийн цаас цуглуулж эхэлсэн. 100 гаран чихрийн цаас байгаа.

Хамгийн сүүлийн асуултыг таньд үлдээвэл?

Би цэцэрлэгийн багш нарын дунд дууны Ганболд гэж хэлэгддэг болжээ. Энэ нь хүүхдийн дууны шүлэг олныг бичсэнтэй холбоотой байх, би хүүхдийн дуу болсон 130 шүлэгтэй, нэгэн зүйлийг сонирхуулахад 1988 онд хөгжмийн зохиолч Ш.Эрдэнбаттай халх голын дайны тухай дуу хийх болж шүлгээ батлуулахаар зохиолчдын хороог зорин очиж билээ. Тэгтэл яруу найрагч О.Дашбалбар миний шүлгийг баталж өгөхдөө Н.Эрдэнэбат бид хоёр ёстой сайн андууд байгаа юм, та хоёрт уран бүтээлийн амжилт хүсье гээд гарын үсгээ зурж тамга дарж өгч байсан. Тэр хувь одоо надад хадгалагдаж явна даа. Би энэ дурсгалаа энэ ярилцлагандаа дурсаж байгаадаа баяртай байна.

Танд  баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B