Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэчимэг: Ном бол таны ухааныг тэлэх зэвсэг шүү
Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач: Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэчимэг
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү
Ээж минь өөрөө ном их уншдаг хүн байлаа. Хүүхдүүдээ багаас нь номонд дуртай, номыг хайрладаг, дээдэлдэг хүн болгохын тулд хагас бүтэн сайны аль нэг өдөр нь Горькийн нэрэмжит хүүхдийн номын сан руу авч яваад өөрөө уншиж тайлбарлаж өгдөг байлаа. Ухаан орох цагаасаа л ном харж өссөн. Анхны ном С.Маршак “Сайн уу, муу юу аль нь вэ?” гэсэн ном байсан санагдаж байна.
Багадаа чөлөөт цагаа хаана өнгөрөөдөг байсан бэ? Номын сангаар хэр үйлчлүүлдэг хүүхэд байв
Манай гэр Нацагдоржийн номын сангийн урд, циркийн зүүн талд байсан болохоор энэ номын сан нээгдсэн цагаас л үйлчлүүлдэг болсон. Номын санд одоо ч үйлчлүүлэх их дуртай.
Багадаа хэр их ном уншдаг хүүхэд байсан бэ
Хичээлдээ идэвхтэй, сайн сурдаг байсан болохоор уншина, давтана. Мөн биднийг бага байхад уран зохиолын номыг бие биенээсээ аваад солилцож, дамжуулж уншдаг байсан
Хамгийн анхны уншсан ном ямар нэртэй, ямар төрлийн ном байсан бэ
Анхны номын талаар 1-т дурьдсан, хүүхдийн хүмүүжлийн талаар зурагтай аль хүүхэд нь сайн, аль нь муу гэдгийг тайлбарласан ном байсан.
Ном унших дадал хэзээнээс хэрхэн тогтсон бэ
Сургуульд орсон цагаас, 8-н наснаас
Жүжигчин мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь
Тэр үед Монгол улсын бодлогоор Хүүхэд залуучуудын театрын ирээдүйн жүжигчин бэлтгэх зорилгоор гадаадад сургах хүүхэд шалгаруулахаар УБ хотын бүх сургуулиар жүжигчид хувиарилагдаж шалгаж авахад тэнцсэн. Тухайн үед би 1-р сургуулийн тооны ангид сурч байлаа. Гэвч дараа дараагийнх нь шалгаруулалтад тэнцсээр Украйны Харьков хотод Урлагийн сургуульд явж, жүжигчний ангид сурч төгссөн.
Одоогоор хичнээн уран бүтээл дээр гол болон туслах дүр бүтээсэн байна вэ ?
Яг нарийн тоолоогүй, 100-гаад болсон байхаа
Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна
Бага байхдаа аав минь барилгын инженер байсан болохоор аль нэг салбарын инженер болно гэж бодоод тоонд их анхаардаг байсан. Харин гэнэт жүжигчин болоход мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг, тэс өөр юм шиг санагддаг байсан. Яваандаа жүжигчний мэргэжилд -Ургуулан бодох -Төсөөлөн бодох -Сэтгэн бодох…гээд бодох үйлдэл их хэрэгтэй болохоор надад давуу тал болсон болов уу? Математик чинь оюун ухааны гимнастик шүү дээ,
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ
Урлаг өөрөө гайхамшигтай болохоор сөрөг зүйл бараг байхгүй ээ, хамгийн сайхан мэргэжил сонгожээ гэж боддог.
Энэ их ажлын хажуугаар ямар ном уншиж байна вэ
Одоогоор хүүхдүүдэд багшилдаг болохоор хүүхдийн ном л их уншиж байна. Яг өөртөө зохиулж youtube-р сонсдог номнуудыг л их сонсож бна. Ж нь: Шилдэг ном, Unlock podcast гээд … Тэдний тайлбарласан номны тухай сонсдог.
Таны ширээний ном
Ширээний ном солигддог. Хэсэг хугацааны дараа дахиад л гаргаж ирээд хардаг. Яг одоо бол ширээн дээр Д.Бүжинлхам “Цойлогсод”, бас Б.Зориг “Жүжигчин, уран бүтээлчдийн хэл зүгшрүүлэх уран холбоо үгс ба жүжигчний хөдөлмөр” гээд хоёр ном бна.
Уншихыг төлөвлөж буй ном байгаа юу нэрлэвэл
Одоохондоо төлөвлөсөн ном хүүхдийн өгүүллэгийн ном сонирхож байгаа. Хүүхдүүддээ хэсэг өгч ажиллуулахад хэрэг болохуйц… Төв номын сан руу сардаа нэг удаа заавал очиж сонирхож байгаа
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном байх байсан бол
“Эмгэнэлт инээдмийн сэдэвт тууж” юм уу?
Хүүхэд багачууддаа урам зориг, ухаарал өгөх ном санал боговол
Хүүхэд багачуудад тийм, ийм ном уншиж бай гэж санал болгохоос илүү өөрийнхөө яг ямар ном сонирхож бна, комик ч байсан болно, үлгэр ч бсан болно, тэрийгээ л олоодох. Тэгээд тэрийгээ 3-н удаа уншаад утгыг нь багшдаа ярьж өгөөрэй гэдэг. Гол нь ном унших дадал суулгах л зорилготой. Сонирхолгүй зүйлээ хүн чинь хийх дургүй байдаг ш дээ.
Оюутан залуучуудад захиж хэлэх үг байгаа юу
Эхлээд өөрөө юунд дуртай, сонирхолтой байгаагаа олоорой. Тэгээд тэр лүүгээ алхам алхамаар дурлах хэрэгтэй. Өөрийгөө таньсан хүн дараа нь хүнийг танихад арай хялбар болно гэж л захимаар байна. Тэгээд мэдээж ном унших дадалтай болоорой, тэгвэл сэтгэж, төсөөлж, ургуулан бодох чадвар сайжирна гэж хэлье.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл
“Ном бол таны ухааныг тэлэх зэвсэг шүү”. Баярлалаа.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье!