Монгол хэл байгаа цагт монголын яруу найраг мөхөхгүй…
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач
Намайг Дэжидмаагийн Галсансүх гэдэг. Шүлэг бичих гэж оролддог. 40 жил шүлэг бичих гэж оролдож байна.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Хүүхэд насандаа шүлэгч болох сон гэж мөрөөддөг байсан. Одоо ч мөрөөдсөөр. Өөр сонирхол огт байгаагүй. Насанд хүрээд сэтгүүлч, сурвалжлагч мэргэжилтэй болсон. Шүлэг бичих нь мэргэжил гэж огт бодож байгаагүй.
Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?
Бага байхдаа Хэнтий аймгийн төв номын сангийн тэргүүний уншигч олон удаа болж байсан. Д. Нацагдоржийн тэмдэгт шилдэг уншигч болсон тэмдэг маань одоо хүртэл надад бий.
Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?
Цагаан толгой нүдэлж уншиж сурсан цагаасаа номын далайд умбасан. Одоо хүртэл сэлж явна. Үхэж байж л энэ далайг гатлах байх. Эсвэл живээд дуусах байх.
Та хамгийн анхны бүтээлийнхээ тухай, тэр үеийн дурсамжаа хуваалцаач
Хамгийн анх хэдэн дэвтэр шүлэг бичсэн. Тэр хэдэн дэвтэр одоо хаана явдаг юм бүү мэд. Ямар ч байсан яруу найргийн анхны багш Л. Нямаа багш минь хадгалж байсан нэг хөх дэвтэр надад өнгөрсөн жил буцааж өгсөн.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Ном уншдаг сэтгүүлч уншдаггүй сэтгүүлчийн ялгааг энэ сошиалаар шууд мэдэж болох цаг үед амьдарч байна. Тэгэхээр ном зохиол бичдэг хүмүүс, эрдэмтэн мэргэд ном гэдэг энэ зүйлгүйгээр урагшаа нэг ч алхахгүй болсон. Зүйрлэвээс 13- р зуунд монголчууд сайн морь, ирт сэлэм, оноч сайтай нум сумгүйгээр амьд явах аргагүй байсантай агаар нэг юм уу даа.
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг вэ?
Уран бүтээлч хүний сайхан бас сөрөг талын тухай мэдэх юм алга. Тэгээд ч уран бүтээл гэх том үгэнд дургүй.
Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас бидэнтэй хуваалцвал
Шүлэг энэ тэрээ хэвлүүлснээс хойш сайн, муу зөндөө л үг дуулж явлаа. Онцгой санагдсан үг сэтгэлд одоо алга. Тийм л бүдүүн ширхэгтэй хүн шүү дээ.
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?
Өөрийгөө номтой зүйрлэвэл Модерн яруу найргийн түүвэр юм бол уу.
Та аль шүлгэндээ илүү хайртай вэ?
ҮНЭЭДЭЙ НЮТАГ ДАХЬ ХАВАР ЦАГИЙН ИМПРЕССИОНИСТ АЯЛГУУ бүлэг шүлгэндээ хайртай.
Удахгүй болох ААБАН БЭЭБЭН наадмын талаараа хуваалцаач
ААБАН БЭЭБЭН наадам 30 хүртэл насны залуучуудын дунд зохиогдож байгаа нь таалагдсан. Монгол хэл байгаа цагт монголын яруу найраг мөхөхгүй гэдгийг он цаг улирах тусам энэ наадам гэрчлээсэй.
БИТНИК ШҮЛГҮҮД шинэ номыг минь анх удаа ААБАН БЭЭБЭН наадмын үеэр гарын үсэгтэй авч болно. Бас ХБНГУ- ийн Мюнхен хотод хэвлэгдсэн хос пянзыг минь монголын пянзны зах зээлд байхгүй хямд үнээр (150к) гарын үсэгтэй авах боломжтой. НИСВАНИС хамтлагийн дуучин АМГАА найз бид хоёрын хамтран зохиосон дуунуудыг дуулна. 40 жил шүлэг бичсэн Галсансүх гэдэг нөхөр цоо шинэ шүлгүүдээ уншина гээд юм юм л болно доо. 2024 оны 5 сарын 15 өдрийн 15 цагт Улаанбаатар хотын төв номын санд.
Ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.