Мээлс ПҮРЭВМАА: Ном унших нь өөртэйгөө танилцах боломж юм
Овог нэр: Мээлс ПҮРЭВМАА
Эрхэлж буй ажил, албан тушаал: Зохиолч
Сошиал хаяг: Mango Purevmaa
– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
– Баярлалаа. Зочны ярилцлагандаа урьж оролцуулж байгаад баярлалаа.
– Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцаач.
– Бага байхад аав минь надад ном их авч өгдөг байсан. Ухаан орсон цагаас эхлэн янз бүрийн ном гэрт байдаг байлаа. Өнгөтэй, зурагтай ном нь ховор ч гэсэн одоо ч тэр номын зургууд санаанд байдаг. Цэцэрлэгт байхдаа танилцсан гэх юм уу даа.
– Бага байхадаа хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна вэ ?
– Тэс өөр. Хэзээ ч зохиолч болно гэж төсөөлөөгүй. Зүгээр л номонд дуртай хүүхэд байсан. Зохиолч болсондоо маш их баяртай байдаг. Илүү сайн зохиолч болохын тулд өдөр бүр суралцдаг. Одоо надад уран зохиолоос өөр сурах, мэдэх, тэмүүлэх зүйл гэж үгүй.
– Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
– Мишэль дө Монтэнь “Сонгомол эсээнүүд” өөрийгөө болон бусдыг танин мэдэхэд их нөлөөлсөн. Одоо ер нь уншсан ном болгоноосоо авахыг хүссэнээ авдаг. Бүх ном ямар нэг гайхамшигтай нээлтийг тухайн уншиж буй хүндээ өгч чаддаг.
– Зохиолын сэдвээ хэрхэн олдог вэ?
Ихэнх сэдэв минь энгийн байдаг. Бидний амьдрал дунд өдөр бүр тохиолддог сэдэв. Заримыг нь өөрийн биеэр даван туулж, мэдэрснээ бичих нь илүү их сэтгэл хөдөлгөдөг.
– Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
– Сард нэг ном уншдаг байсан. Одоо бол долоо хоногт нэг ном уншдаг. Ямар ч дадлыг олон удаа давтамжтай хийхэд хүссэн хүсээгүй энэ нь шүд угаах, хаалгаа хаах гэх мэтээр энгийн дадал болж хувирдаг. Энэ хэцүү зүйл биш.
– Та хэдэн настайгаасаа зохиол бичиж эхлэв? Анхны зохиол чинь…
– 23 настай байхдаа анхны номоо бичиж байсан. “Шидэт савдгийн хүсэл” гэдэг хүүхдийн зохиолын ном байлаа.
– Та өдий хүртэл хичнээн уран бүтээл туурвиж байна вэ?
– Одоо би 34 настай. Нийт 8 ном бичсэн байна.
– Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?
-Одоо өсвөр насныханд зориулсан ном бичиж байгаа. Тэдний ертөнцийг судлан, өөрийн өсвөр насаа ч эргэн дурсаж байна даа. Өөр нэг ном эхлүүлсэн боловч одоохондоо миний бяр чадал хүрэхгүй байгаа тул түр хойш тавьсан байна. Магадгүй 40 наснаас хойш бичвэл илүү сайн бичиж магад гээд хойш тавьсан.
– Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?
– Хамгийн сүүлд Б.Номинчимэд зохиолчийн “Цагаан бороо”-г уншсан. Ёстой их гайхаж, цочирдсон. Яг одоогоор уншсан ном алга.
– Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
– Үг ярианы баялагаа сайжруулахын тулд Д.Намдаг зохиолчийн “Цаг төрийн үймээн” номыг дахин эхлүүлэх бодолтой байна. Ямар нэг ном бичиж эхлэхээр төлөвлөсөн бол заавал өмнө нь тав хүртэлх тооны ном уншиж өөрийгөө бэлддэг. Ялангуяа үг ярианы баялагаа сайжруулахын тулд заавал монгол зохиолчийн ном уншдаг.
– Таны ширээний ном?
-Үүнд яг тэр ном гэсэн юм байхгүй. Бүх номоос суралцдаг тул бүх номыг ширээний номоо гэж үздэг. Бас ширээний ном байнга хуучирдаг. Шинэ шинэ гайхалтай бүтээлүүд гарч байна.
– Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?
-Одоогоор үнэмлэхгүй байна. Номын сонголт номын дэлгүүрт өргөн байгаа болохоор номын сан орох шаардлага одоохондоо гарахгүй байна.
– Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
– Тод ягаан өнгийн хавтастай хэр нь хурц өрнөлтэй, шийдэмгий үйл явдал дүүрэн ном.
– Унших дуртай зохиолч…
– Бүх зохиолчдын номыг уншдаг. Бүгд тодорхой нэгэн үедээ оргил бүтээлээ туурвисан байдаг. Гэхдээ хамгийн дуртай нь Г.Г.Маркес. Маш галзуу, зоригтой, сонирхолтой бичдэг. Шидэт реализм маягаар бичдэг нь маш их таалагддаг.
– Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
-Сайн санахгүй байна. Уншсан ном болгоныхоо баатрыг алгаа ташиж, биширч, магадгүй дургүйцэж уншдаг. Тухайн тухайн үедээ бүгдийг шүтэж, биширч уншдаг. Бүгд миний баатар.
– Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
– Ном унших нь өөртэйгөө танилцах боломж юм.
– Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Ярилцсан: ОНҮТ-ийн Номын санч И.Энхтуяа