Надаас өмнө бүхнийг туулаад үзчихсэн хүмүүсийн туршлагаар, магадгүй ирээдүйгээр тэдэнтэй цуг аялж буй мэт мэдрэмж өгч чаддаг нь ном.

Надаас өмнө бүхнийг туулаад үзчихсэн хүмүүсийн туршлагаар, магадгүй ирээдүйгээр тэдэнтэй цуг аялж буй мэт мэдрэмж өгч чаддаг нь ном.

Овог нэр: Идэрчулуун овогтой Гэрэлчулуун

Эрхэлж буй, албан тушаал: Бодлого хариуцсан захирал, Залуу зохиолч

Сошиал хуудсууд: https://www.facebook.com/share/14BmTwbFLS/?mibextid=LQQJ4d

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. 

“Улаан басган” номын зохиогч, Идэрчулуун овогтой Гэрэлчулуун. 14 настайдаа ХБНГУ-ыг зорин очиж, тэнд одоо тогтсон суурь хүмүүжил болон төлөвшлөө олж авсан гэж боддог. 17 настайгаасаа Их Британид сурч амьдрахдаа ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон. Монголдоо 10 гаруй жилийн өмнө эргэж ирээд банк санхүү, олон улсын төсөл хөтөлбөр, геологи уул уурхай, эрүүл мэнд зэрэг төрөл бүрийн салбаруудад удирдах ажил хийсэн байна. Номоо жилийн өмнө бичиж эхлээд сая 9-р сард нийтэд ил болгосон. Номыг минь уншсан эрхэм хүмүүс намайг “Улаан басган” хэмээн оюуны бүтээлээр маань нэрлэх болсонд баяртай байгаа. Хүнд төрдөг мэдрэмжүүд, бодит болсон үйл явдлуудыг газар оронтой нь тэр чигээр нь хүргэх хүсэлдээ хөтлөгдөн номоо бичсэн. Надад ч өөрт бичих явцад сэтгэл засал болсон гэж хэлэхэд үнэнээс нэг их зөрөхгүй. Сэтгэлийн өвдөлт яваандаа биеийн өвдөлт болдог тул энэ тухай бичмээр байсан юм.

Та номтой  анх  хэдэн  настайдаа танилцаж  байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?

Би анх Германд очоод номтой ойр болсон. Хамгийн анх Харри Поттер цувралыг герман хэлээр уншиж номын амтанд орж байлаа. 14 настайдаа гэсэн үг. Тэрнээс өмнө нойроо хугаслан ном унших нь ховор байсан.

Хүүхэд  ахуй цагт уншиж байсан ном орчны нөлөө хэр байв?

Номын нөлөө төлөвшилд ихээхэн нөлөөтэй. Найз нөхдөдөө туслах, хамт олонч байх, нэгнээ хүнд үед орхихгүй байх талаар номоос л суралцаж ойлгосон.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

 Сонирхсон сэдвээрээ ном унших явцад дадал гэдэг өөрөө тогтдог юм билээ. Сонирхоогүй бол хэчнээн сайхан ном байгаад сөхөж харахгүй тохиолдол ч байна. Хүн өөрөө амьдралынхаа аль үед байгаагаас хамаарч тохирсон ном нь сонирхол татдаг.

Та номыг  хэрхэн уншдаг вэ?

Эхлээд зохиогчийн үгийг хардаг. Урт богино байх нь хамаагүй, зохиогч номынхоо эхэн хэсэгт юу бичсэн бэ гэдгээр дүгнэдэг. Цаашлаад үг үсэг, утга найруулгын алдаа байхгүй бол үргэлжлүүлэн уншдаг. Сайн номыг ер нь дор нь уншчихдаг. Эргэж санамаар зүйлсээ тэмдэглэн үлдээдэг. Миний хувьд бодит амьдралын тухай өгүүлсэн ном сэтгэл илүү татдаг онцлогтой.

Та  ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Санхүү эдийн засагч мэргэжлээр Их Британид сурч төгссөн.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Надад Тодко Самсон зохиолчийн Тэг цэгийн тэмүүлэл ном ихийг бодогдуулсан. Хүн сайн муу туулсан зүйлсээсээ ичихгүй, нуухгүй, энгийнээр өгүүлж болдог юм байна гэж ойлгуулсан. Хүний л амьдрал шүү дээ. Цагаан цаасан дээр хараар бичигдэн ном болж гараад, амьдарсан юм шүү хэмээн нотолж чадна гэдэг зориг. Хүн өөрийнхөө түүхийг өөрөө л хамгийн бодитоор бичиж чадна. Ингээд би өөрөө ч Улаан басган хэмээх намтарчилсан бүтээлдээ сайхан муухайг орхилгүй бичсэн.

Тухайн цаг үед ямар  ямар  зохиолыг ихэвчлэн  уншиж  байв .

Надад Опрагийн ном таалагдсан. Зохиол гэхээсээ илүү бодит түүх. Миний сайн мэдэх зүйлс хэмээх энэхүү номд зүрх сэтгэлээ даган жаргал зовлонг ижил мэдэрч, харамсахгүй бүхнийг хийж бүтээх тухай гардаг нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Таны ширээний ном

Ө.Ганзориг менторын маань Менежментийн психологи.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Хишигнямын Дуламсүрэн зохиолчийн Цагаан цувтай бүсгүй. Зохиолчоос нь гарын үсэгтэйгээр бэлгэнд аваад шинэ ажилдаа дөнгөж орсон тул уншиж хараахан амжаагүй байгаа юм.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

(Harvard business review) Шинэ менежер.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Надаас өмнө бүхнийг туулаад үзчихсэн хүмүүсийн туршлагаар, магадгүй ирээдүйгээр тэдэнтэй цуг аялж буй мэт мэдрэмж өгч чаддаг нь ном. Ном бол гайхамшиг. Кино үзэхэд тэрхэн зуур сэтгэл хөдлөл их байж болох ч ном бол урт удаан хамт оршдог. Үнэ цэнтэй. Хэвлэлийн шинэхэн хуудсыг хуучин болтол эргүүлж тойруулан унших нь номын өөрийнх нь үнэ цэнийг илтгэдэг санагддаг.

 Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

 Өөрийнхөө Улаан басган номыг санал болгоно. Зохиогч өөрөө бүтээлээ үнэлэхгүй бол уншигч хэрхэн үнэлж ойлгох билээ.

 Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл?

Гайхамшиг. Хүн төрөлхтөнд оюун санааны дархлаа үүсгэж, түүхийг бодитоор хадгалж чадах нь гагцхүү ном билээ.

Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

Rayya Jakhinbyek