“Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” номын хэлэлцүүлэгт урьж байна.

Номын хэсгээс…
Ааваа битгий яваач

Амьдралд минь гэгээ татуулж чадсан цорын ганц эр
Амьдрал зохиосон гурван хүүхдийн аав байсан юм
Эмэгтэй л хүн болсон хойно
Эхнэр хүүхдүүдийг нь бодоод
Энгэр цээжээ нээхгүй гэж хичээж байсан ч
Энэ биеийнхээ аминчхан жаргалд
Эргэлт буцалтгүй гүн ороод
Хажуудах ханиас нь
Хайр татсан хөөрхөн үрсээс нь
Хагацааж авч суугаад
Хамтын амьдралаа эхлүүлсэн юм
Энэ л хүнтэй учрахын тулд
Энэ бие минь заяагдсан гэдэгт
Эргэлзэж тээнэгэлзэхээ байж,
Энгэртээ тэврэх үрээ төлөвлөж байлаа.
Хайрт минь нэг өдөр, нүд рүү минь хараад
Хойд ээж гэдгээ мартаагүй биз чи минь
Хоёулаа хамтдаа хүүхдүүдтэйгээ уулзаж
Хэрхэн амьдарч байгааг нь мэдье гэв
Алаг үрсээс аавыг нь булаачихаад
Аашилж уурлаж зүрхлэлгүй зөвшөөрлөө
Хагас сайны нэгэн өглөө
Хүний хөлөөс зайдуу нэгэн кафед
Хүүхдүүдийг нь хөтлөн хүргэж өгөөд
Хадам эгч ирээд явав
Арваас хоёр насны гурван хүүхдийг хараад
Ааваа гээд гараа алдлаад
Алаг зүрхэнд нь баяр хөөрөөр дүүрч
Ар араасаа уралдан гүйгээд
Амьдрал бэлэглэгч аавыгаа бүчиж авахад
Ай даа.. би чинь юу л хийчихэв дээ гэж
Аймшигтайгаар өөрийгөө зүхэж суусан ч
Одоо нэгэнт өнгөрсөөн
Олон зүйл бодохгүйгээр урагшаа алх гэж
Сэтгэл зүйн тэвчээртэй бай гэж
Сэмхэн өөртөө сануулж суулаа.
Өөрийн биеийн тасархай болсон үрсээ хараад
Өт хорхой хүртэл уярч ухаажиж, хүч ордог шиг
Хайр дурлалын эзэн, хамтын амьдралын гол дүр
минь
Хажуудах байгаа намайгаа үл анзаарч
Харуусал, хайр шингэсэн харцаар үрсээ ширтэн сууна.
Хүүхдүүд нь намайг хараад хөөрч баярлахаа больж,
Аавтайгаа юм ярих гэсэн ч амаа нээж үл чадна
Ингээд би арга бодож олоод
Эгч нь дэлгүүр ороод
Ээж рүүгээ нэгж явуулчихаад ирье гээд
Эргэж хараад хаалгаар гарлаа
Намайг хаалгаар гарч амжаагүй байхад
Наашаа хардаа ааваа би том болж уу” гээд
Найман настай хүү нь цээжээ төвийлгөнө.
Надын юу өөрчлөгдсөн байна сайн хардаа ааваа гээд
Наанаас нь охин нь шалгаана.
Харин цаанаас нь хоёр настай хүү нь
Хэн юм болдоо гэсэн царай гаргаж хэнэггүйхэн сууна.
Нилээн зүйл бодож яваад дэлгүүр ороод
Нэгж биш бохь аваад эргэж иртэл
Ааваа би танд цэргийн баяраар ийм бэлэг бэлдсэн гээд
Цэцгэн талд аавыгаа зураад Нэг гараас нь өөрөө татаад нөгөө гараас нь
Нэлмэгэр хувцастай хар мангас татаж байгаагаар хачин эвгүй зураг зурсан байв. Энэ хэн юм бэ гэж аав нь хүү рүүгээ хартал
Таныг биднээс аваад явсан зүрх сэтгэлгүй
Тамын хар мангас гээд
Хүүхдийн гэнэн зангаар
Хөөрч догдлон хэлэв …
Айн юу гэчих вээ
Алаг зүрхгүй атгаалжин хар мангас нь би хэрэг үү гээд
Аминхандаа ширээн дээр сууя гээд алхаж байснаа
Амьсгаагаа түгжин хананы цаана нуугдав
Нөхрийн маань нүд ам нь сонин болоод
Аавыг нь мангас авч яваагүй шүү дээ
Аяндаа том болоод ойлгоно оо гэв.
Охин нь наанаас нь өөр сэдэв гаргаж
Ойрд Тэлмэн орондоо шээгээд байгаа
Том болсон байж орондоо шээсэн байхад
Толгойг нь элээд ээж өмөөрдөг
Бас заримдаа ааваа гэж бархирч ирээд зүүдэлдэг
Би цочиж сэрээд ээжийг дуудахаар
Бүүвэйн дуу аялж байгаад ээж
Буцаагаад арай гэж унтуулдаг
Саяхан бага дүү ханиад хүрээд эмнэлэгт хэвтээд
Сайн охин байх гэж ээждээ туслаад
Онц авдаг хичээл дээрээ
Муу аваад ангийн багшдаа баахан загнуулсан.
Нээрээ ааваа манай гэр
Нил сонгино үнэртдэг болсон
Олон өдөр сонгино үнэртэхээр
Огиудас хүрээд бөөлжих гээд байдаг гэв.
Хүнсний ногоог удаан хадгалж болохгүй гэдгийг
Хүн байна даа мэдмээр юмаа ээж чинь
Хайхрахгүй байвал миний охин
Хөргөгчнөөсөө аваад хогийн савандаа
Хийчихэж бай за юу гэж аав нь зөвлөв.
Үгүй ээ ааваа та буруу ойлгоод байна
Өдөр бүр ээж сонгино хэрчдэг
Тэгээд дандаа уйлдаг
Тэврээд ээжээ битгий уйл гэхээр
Уйлаагүй ээ ээж нь сонгино хэрчихээр ингэдэг гээд
Уут дүүрэн сонгино хэрчээд
Уутанд хийгээд хаячихдаг
Хөөрхий муу эмэгтэйн
Хүрэн зүрхийг урж, тасдаж, сийчиж
Уйлж байгаагаа үрсдээ үзүүлэхгүйн тулд
Уут сонгино өдөр бүр хэрчдэг байх нь гээд
Хананы цаанаас нууцаар сонсохдоо
Харгис сэтгэлээ нууцхан зүхэв.
Аав аа та миний хуримд ирэх үү гээд охин нь ааваасаа асууна.
Юу ярина вэ үр минь, юу ч болж байсан аав нь очно гээд
Арав, хорин жилийн дараах асуултад аав нь итгэлтэй хариулахад
Ээж яаж ч магадгүй гэхээр нь эргэлзэж байсан юм гээд санаа нь амарна.
Аавгүй өсөх ийм хэцүү гэдгийг аавтай өссөн би анзаараагүй явжээ
Алхаж хүрээд энэ хүрсэн байдаг, ай даа яамар ч юм бэ дээ гээд нуугдсан хэвээр зогсоно .
Намайг санахаараа над руу нисгэж байгаарай ааваа гээд
Нааж хийсэн цаасан онгоц охин нь дурсгана.
Энэ онгоц салхинд туугдан ниссээр байгаад
Ээж бидэн дээр ирнэ гэж итгэж байгаарай аав
аа гэв.
Бага дүү хэлд орохдоо “ааваа” гэж дуудсан
Бид хоёр бөөн баяр болсон
Ээж харин дүүг тэврээд
Эвий дээ үр минь гээд уйлсан.
Анараа миний дүү нөгөө үгээ хэл дээ
Аав чинь энэ байна шүү дээ таньж байна уу гээд
Агаа, аниа хоёр нь дүүгээ ятгана
Амраг минь наана нь уйлж харагдана.
Хананы цаана тэдний яриаг нууцаар сонсохдоо
Хамаг бие салгалж, хамар шархираад
Энэ бүхнийг хурдан дуусгаад
Эргэцүүлэх зүйл их байгаагаа мэдээд
Сайхан ярилцав уу та хэд маань гэж худлаа инээгээд
Саяхан гаднаас орж ирсэн мэт дүр эсгээд очив
Уйлж суусан хайрт минь ухаан оров уу гэлтэй
Нусаа татаж, нулимсаа арчаад
Агаарт гарч тоглох уу гээд
Амсхийж суугаагүй байхад гарцгаав
Оройг бид хоёр дүнсгэр угтсан юм
Орондоо ороод нялуурч
Ирээдүйн амьдралаа мөрөөдөж
Эрхэлж суух тэнхэл хэн хэнд маань байгаагүй юм.
Хайрт минь цай уух уу гээд намайг асуухад
Хамаг анхаарал нь өөр газарт байгааг нь
Хана ширтэн чимээгүй сууж байгаагаас нь
Харж би ойлгосон юм
Өөр юм бодоод байна гэж
Өөлөхийг би бодоогүй
Харин ч сайн эргэцүүлээд аваг гээд
Хаяж гараад агаар амьсгалав
Сарын тэмдэг ирэхгүйгээр гурав дөрөв хонож байгаа учраас
Шалгаж нягтлахаар эмийн сангаас тест авав
Ороод ирэхэд хайрт минь
Орондоо ороод цаашаа харсан байв.
Өглөө нь би эртлэн босоод
Өнөөх тестээ дүрж үзэв
Аажуухан дээшилсээр нэг зураас байх юм бол
Аавыг нь хүүхдүүд рүү буцаана
Хоёр зураас тодрон гараад ирвэл
Хайртыгаа дэргэдээ үлдээнэ гэж
Тэрүүхэн хооронд өөртөө амлав.
Бүртийх хиргүй өөгүй цагаан гадаргуу дээр
Бүдэг зураас дээшилсэн байлаа
Түг түг гээд зүрх хүчтэй цохилж
Тэр тест амьдрал шийдэх байлаа
Нүдээ аниад сэтгэлдээ шийдвэрээ гаргаад
Нээж зүрхлэхгүй хэсэг азнаад
Аяархан нүдээ нээхэд
Алаг үрс нь аавыгаа авна гэж шийдэмгий хэлэх шиг
Араа бодоод амрагаа орхи гэсэн шиг
Тодоос тод ганц улаан зураас
Торох юмгүй цэвэрхэн харагдана.
Ингээд тэр бат шийдэж
Эр нөхрөө буцааж явуулахаар
Эцсийн удаа өглөөний цай бэлдэж
Инээж байсан ч дотроо уйлж ажилд нь үдээд
Энгэсэг, хувцсаа цүнхэлж аваад
Тансаг түрээсийн байрныхаа хаалгыг
Тав хийтэл итгэлтэй хаагаад
Гадаа гарч тэнгэр рүү хараад
Гурван хүүхдийг аавтай нь үлдээсэн шүү бурхаан
Нүгэл бичдэг зузаан дэвтрээсээ
Нэрийг минь одоо хасна уу гэж хэлээд
Энгэр цээжинд хуралдаж байсан айдас хүйдсээ тайлж шийдээд
Инээх тэнхэлтэйгээр цааш алхлаа….

 67220106_2392862454324619_4961941915676180480_n