Номд шимтсэнээр бусдын сэтгэлийг “харж” чадах уярал, ухаарлыг авдаг…

Номд шимтсэнээр бусдын сэтгэлийг “харж” чадах уярал, ухаарлыг авдаг…

Овог нэр: Хойлогдорж Чойдогжамц

Эрхэлж буй, албан тушаал: Сити их сургуулийн ахлах багш

Сошиал хаяг: FB: Х.Чойдогжамц, Instagram: Kh.Choidogjamts

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хэлний ямарваа мэргэжилтэн болно, уран зохиолын хүн болно гэсэн тэмүүллээрээ яг таарсан. Тууштай байж чадсан гэвэл илүү оновчтой байх.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

            Ээжийн уншиж өгдөг үлгэрүүдээр хөтлөгдөөд автаж эхэлсэн. Монгол хэл, уран зохиолын сайн багш нартай учир санаа дурдахгүй байхын аргагүй юм. Бусдаас онцгойрч уншсан гэж хэлэхгүй. Оюутан ахуйд лав өөрийгөө маш их шахаж шамдан уншсанаа харин мартдаггүй. Нүдэнд ном өртөх бүрт тогтож хардаг, худалдаж авдаг, номын дэлгүүр үргэлж явдаг зуршил харин маш эрт суусан.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

            Сайн бүтээлтэй анх учирсан сэтгэгдэл мартагддаггүй, өнөд ханьсдаг. Тэр онцгой догдлолууд ертөнцийг үзэх таашаал, харилцаа хандлагын үр болж нахиалсаар л явна. “Долоон бар агнасан хүү”, “Ядуу хүү” үлгэрүүдийг өдөржин “донтож” уншсан, Л.Түдэв “Будаг амилна” туужийг итгэн гайхан хөөрч уншсан, Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” туужийг тог тасраад лааны гэрэлд яг байгальд буй мэт орчноос тасарч уншсан,  Майн Рид “Аваарай гэсэн дохио”, “Ах дүү хоёр” романуудаас ингэж юмыг гайхширтал бичиж болдог оо хэмээн алмайрч уншсан, Г.Аюурзана зохиолчийн бүтээлүүдийг эргэцүүлэн эргэцүүлэн давтаж уншсан мөч бүхэн өөрчлөлтүүд байсан гээд цааш удаан хөврөх болтой.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

            Зохиолч, орчуулагч Б.Баясгалангийн “Этгээд хүслийн цуглуулга” (2023) номыг уншиж дууслаа. Эмэгтэй хүний нүдээр дотроо ”нэгжүүлэх” хэзээд яггүй байдаг. Хүчтэй хүүрнэлүүд уншлаа. Юмсын учир шалтгааны барилдлага, үр холбоог “хайлан” таних, гэдрэг тэвчин хүлцэх зөн ч бүсгүй хүнд илүүтэй шүтэлцэж оршдог нь байгалийн жаяг биз ээ. Энэ номын хэд хэдэн бүтээлийг экофеминизм үзэл хандлагын үүднээс задлан шинжилмээр мэдрэмж төрсөн.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

            Төвлөрч болохуйц тайван орчинд илүү дуртай. Зөвхөн ном болон өөртэйгөө харилцах, уншсанаа өөртөө тунгаах, шингээх чухал учраас шөнө юм уу, үүрээр гэртээ суух тухтай.   

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

            Цагийг ашиггүй өнгөрөөх үеүдэд ном уншиж байсан бол, номтой явсан бол гэж харамсдаг. Цүнхэндээ хэд, хэдэн төрлийн ном тогтмол авч явна. Зэрэг эхлүүлэх, сөөлжиж уншихад олон давуу тал байдаг. Миний хувьд тэмдэглэж их уншдаг учраас олон номоор шахахгүй бол нэг дээрээ удчихдаг гэмтэй. 

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

            Бие даасан, шинжлэлт сэтгэлгээг өгөх дадал чадварууд хамгийн чухал. Өөрөө туршиж туулаад, алдаж санах боломжийг олгох хэрэгтэй. Болдоггүй юм, тэгдэггүй юм гэж халгуулсаар хойш суудаг, зориг зүрхгүй, өөрийн санаачилгагүй төлөвшил “өвлүүлдэг” гэм анзаарагддаг.    

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

            Сүүлд уншсанаас гэвэл “Арвис” хэвлэлийн газрын Сара Бэйквэлл “Монтенийн намтар: Хэрхэн амьдрах вэ”, “Сүүн сувд” хэвлэлийн газрын Том Батлер Боудон “Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл”, “​HBR’s 10 Must Reads” цувралын “Хүчирхэг сэтгэл зүй”, “Тагтаа” хэвлэлийн газрын Хан Бен Чоль “Тамирдсан нийгэм”, “Итгэл Марал” хэвлэлийн газрын К.Кавабата “Мянган тогоруу” номуудыг нэрлэе.

Уншихыг төлөвлөж буй ном?

            Б.Сумьяабаатар “Богдын лүндэнт гучин зургаатын тайлбар толь”

Унших дуртай зохиолч?

            Д.Намдаг, С.Дашдооров, П.Баярсайхан, С.Жаргалсайхан, Г.Бадамсамбуу, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс. Х.Л.Борхес, Г.Г.Маркес, А.Камю, Я.Кавабата, Х.Хессе хэмээх нэрс нэн түрүүнд орж ирлээ.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

            Х.Хессе “Сиддарта”. 1922 онд бичсэн романыг 22 насандаа уншиж байлаа. Гол баатар бидэн бие биенээ олсон юм шиг л хайр татам, маш хүчирхэг бүтээл. Одоо ч уг зохиолоос мэдэрч ухаарсан бүхэн дотор минь оршиж хөтөлдгийг мэдэрдэг.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

            Номд шимтсэнээр бусдын сэтгэлийг “харж” чадах уярал, ухаарлыг авдаг болов уу. “Номгүй бандийн цээж харанхуй” гэдэг үг мэдлэгийн үнэ цэнийг бүрэн илэрхийлсэн санагддаг. Гэрэлт номын хуудас бүр итгэл сэтгэлээр биднийг ирмэсээр шүү дээ.   

Бидний ярилцлага өндөрлөж байна. Танд  уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Ярилцсан: Ж.Мөнхжаргал

 

Munkhzul.B