Номыг унших үйл явц нь сахилга батыг, утга санаа нь хорвоо ертөнцийг хайрлах сэтгэлийг төлөвшүүлдэг
Шинээр хэвлэгдэн гарсан номынхоо талаар уншигчдад маань танилцуулаач?
“Улам дөжрөм, тэгээд нам гүм” туужийг юунд түрүүнд дүрүүд хийгээд үйл явдлын хувьд шинэ болов уу гэж бодож байна. Анхны хүүрнэл зохиол учраас ур чадварын хувьд ч, туршлагын хувьд ч олон зүйл дутуудсан болуузай хэмээн эмээж л явна. Уг нь би монголчуудын өвчин зовлон, үхэл хагацлыг хүлээж авах уламжлалт хандлага болоод харьцангуй орчин үеийн баруунжсан гэмээр юм уу, солонгосжсон гэмээр юм уу хандлагын ялгааг сөргүүлэн тавьсан зохиол бичнэ гэж дэврүүн мөрөөдөж явсан юм. Харин бичсээр байтал амьдралыг залж чиглүүлж чадах юм шиг туршлагагүй гэнэн, хөнгөн дэврүүн залуу хүүгээс хэрхэн амьдрал үзэж, зарим зүйлс дур зоргоор болдоггүйг ойлгож байгаа тухай зохиол болчихсон доо.
Таныг шүлэг, зохиол бичихэд түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар яриач?
Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдарнам гэж Б.Батзаяа зохиолч, яруу найрагч хэлсэн байдаг даа. Чи авьяастай ч байж магадгүй гэж хамгийн анх хэлсэн хүн Мөнхцолын Батбаяр. Хүүрнэл зохиол бичээрэй гэж анх хэлсэн хүн Эрдэнэбаатарын Бүжинлхам. Нэг асуулттай очиход үргэлж хариулттай буцаадаг байсан хүн Пүрэвхүүгийн Батхуяг. “Юм байна” гэж урамшуулсан хүн нь Ойдовын Содномпил. Хүнд ярилцах хэн нэгэн үргэлж байдаг. Хэн ч байхгүй хүнд бурхан байдаг гэж шулуутгасан хүн нь хүний гавьяат эмч Ц.Ганбат багш.
Өөрөө уншигчийн хувьд та юу… эрдэг вэ?
Ард түмнийхээ зовлон жаргалыг сүлсэн зохиол.
Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?
Л.Өлзийтөгс зохиолч “Би монгол хүний авьяаст итгэдэг” гэж хэлснийг хөсөрдүүлэхгүй юм сан гэж мөрөөдөж явдаг. П.Батхуяг багш “Богино нуруугаа засчихвал” гэж хэлж байсан юм. Утгыг нь тайлбарлаж өгөөгүй. Хааяа ганцаараа суугаад л боддог юм. Багш хэлсэн юм чинь байж л таараа. Одоо засагдаж байгаа болов уу гээд.
“Бүтэшгүйг ч мөрөөд. Долгис нь ч болов шүргэг” гэж Хүрэлбаатар гуай хэлсэн байдаг. Таны мөрөөдөл?
Хүн итгэхгүй байлгүй дээ. Д.Урианхай гуай “Гагцхүү бүү бард. Хонь мэт номхноор хичээн үйлд…” гэсэн байдаг юм.
Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс?
Хүний эдгэрэл. Би хүнд хэрэгтэй гэх бодол.
Та хамгийн их дурсамж шингэсэн шүлгийнхээ түүхээс уншигчидтай маань хуваалцаач?
ЭМЭЭ-Д
Халуун намартай золгосон буурал багваахай цэцэг шиг
Харсаар байтал амьсгалаараа бутарч хийссэн дээ
Дэлхийн зүдүүрээс дийлэхээрээ тээсэн
Дээлтэй жижигхэн нулимс байсан даа
Нэрвэх зовлон бүр амьдралаас нь
Нэг, нэг шүд сугалж аваад буцсан даа
Шанх магнайг нь өгсөж намрын тариа ургах шиг
Шаргал үрчлээс тодроод өмөлзмөөр даруухан өтөлсөн дөө…
Хонины хүүхдүүд үндсийг нь түүчихдэг
Хошуу улаан Сараана түрүүчилж байсан даа
Хавсарга салхитай учирсан буурал багваахай цэцэг шиг
Харсаар байтал амьдралаас бутарч хийссэн дээ
Ээж хатуу хүн. Чи чадах ёстой л гэдэг. Аав маань эрт өнгөрчихсөн, зөвлөх хүн хомс. Одоо бодоход эмээ маань л намайг эвийлдэг байж дээ. Резидент байхдаа нэг гардан ажилбарыг хэчнээн хичээгээд ч чаддаггүй. Тэгсэн эмээгийн маань “Миний хүү өрөм хамуулмаар зөөлөн гартай хүү шүү” гэсэн нь бодогдож байна. Ядаж нутаг усыг нь очиж эргэе, сэтгэл онгойх ч юм бил үү гээд Жаргалант явах унаанд суулаа. Тэр зам зууртаа бичсэн дээ.
Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв?
Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Балдоржийн Алтанхуяг. Уг нь олон ах хүн биш. Бараг л үе тэнгийн. Оюутан байхад Алтанхуяг ах шиг л ном унших юм сан гэж мөрөөддөг байлаа.
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
Ф.М.Достоевскийн “Гэм зэм”. Дэмбээгийн Мягмар “Үер”. Б.Батзаяа “Лонхонд байсан шүлгүүд”. Г.Аюурзана “Ганцаар цайвар навч”. Милорад Павич “Салхины дотоод тал”
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Би багашаархан шүлгийн түүвэр л байх.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Нэг дүгээр ангиас л ээж номын санд хүргэж өгчхөөд ажилдаа явдаг байлаа. Тэгээд л бага сага сууж сурсан байх даа.
Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?
Тагтаа хэвлэлийн газраас гаргасан Сун Вон Пенгийн “Бүйлс” романыг сүүлд уншлаа. А.Камюгийн “Хөндлөнгийн хүн”-ийг санагдуулам, амьдралынхаа дундаас бус анхнаасаа л цох болж төрсөн “Хувирал”-ын Грегор Замза юм болов уу гэж бодогдмоор.
Унших дуртай зохиолч?
Надад дургүй зохиолч бараг байхгүй дээ.
Таны ширээний ном?
Монголын нууц товчоо байсан юм. Сүүлийн үед Алтан товч болсон доо. “Туркийн яруу найраг”, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дотно алс”, “Анидча”, “Тэнгэрт ургадаг модод”, “Лонхонд байсан шүлгүүд”, “Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “Үүл”, “Сүнс урлал”, “Буковский”, “Коллинс”, “Одох замын зогсоцууд” гээд шүлгийн номуудыг босон суун байн байн л харах юм.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Номыг унших үйл явц нь сахилга батыг, утга санаа нь хорвоо ертөнцийг хайрлах сэтгэлийг төлөвшүүлдэг. Ном унших нь бичихтэй адилхан хөдөлмөр учраас аясаараа сурдаггүй. Шаардлагаар, хичээл зүтгэлээр сурдаг. Өсвөр насныхан хийгээд залуусын дунд тохиолдож буй олон асуудлын шалтгааныг нийгэм даяараа бид тал талаас нь ухаж байна. Түүний нэг нь ном уншиж, сэтгэлээ зөөллөж, хүний оронд өөрийгөө тавьж үзээгүйтэй холбоотой болов уу гэж би бодлоо.