Номыг хайж биш сонгож уншдаг өөр цаг үе иржээ.
Сайн байна уу? Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.
Сайн, сайн байна уу? Баярлалаа.
Таны хүүхэд насандаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил одоо эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Багадаа мэдээж монгол хэл, уран зохиолын багш, судлаач болъё гэж мөрөөдөж байгаагүй л дээ. Харин энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхний маань нөлөө байсан байж таарна, нөгөө талаар өөрийн хувьд тодорхой хэмжээгээр унших, бичих талдаа арай гайгүй байсан юм болов уу гэж боддог. Намайг 9-р ангид байх жил Японы элчин сайдын яамнаас “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” гэсэн сэдэвтэй зохион бичлэгийн уралдаан зарлаад түүнд түрүүлсэн 20 хүүхдийг Японд 10 хоног аялуулж байсан юм. Үүнд шалгарч тэнцсэн нь энэ мэргэжлийг эргэлзэлгүй сонгоход маань их нөлөө үзүүлсэн гэж боддог.
Таны бодлоор ном гэж юу вэ?
Одоо цагт номыг дан ганц цаасан буюу хэвлэмэл хэлбэрээр төсөөлөх аргагүй болжээ. Мэдлэг, мэдээлэл авч байна гэдэг утгаараа төрөл бүрийн подкастууд, сонсдог номууд, видео агуулгууд ч номыг орлох хэмжээнд хүртэл хөгжжээ. Гар утсаараа ч хүн өнөөдөр ном уншаад л суудаг болж. Тэгэхээр мэдлэг, мэдээлэл авдаг хэрэгслийг ном гэх юм болов уу.
Хамгийн анх та бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Хоёр ном санаанд их тод үлджээ. Эхнийх нь “Туулай туулай тонгос” гээд хүүхдийн ном байсан. Хожим мэдэхэд Ц.Өлзийхутаг гэж хүний хүүхдэд зориулсан аман зохиолын ном байсан юм билээ. Хоёр дахь нь Д.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд” хэмээх алдартай хүүхдийн зохиол, тэр үед энэ ном их л зугаатай сайхан санагдаж байж билээ.
Номыг ямар зорилгоор уншдаг вэ?
Бага хүүхэд байхад бол эцэг эхийнхээ авч өгсөн номыг л уншдаг байжээ, дараа нь гэр бүлийн номын санд байгаа номоос өөрөө сонгож уншдаг болсон байх, сургуульд бол багшийн унш гэснийг уншдаг байсан бол оюутан болоод харьцангуй уран зохиол, яруу найргийн ном нэлээд уншсан санагдаж байна. Одоо бол голдуу хийх ажилтай холбоотой судалгааны номууд хардаг болжээ.
Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог гэж та боддог вэ?
Би номыг учиргүй дээдлээд тахиж шүтээд байхаас илүүтэй уншаад хэргийг нь гаргаж байвал болж байна л гэж боддог доо. Хэргийг нь гаргахгүй бол хэчнээн их уншаад яах сан билээ. Жишээ нь, уран зохиолын ном унших яагаад чухал вэ гэж бодъё л доо. Зарим нэг ажил мэргэжилдээ сүрхий мөртөө гэмгүй нэгнийг гүтгэгч, луйвар хийгч, бүр арга зальтай нэгэн, гэхдээ тэр хүн уран зохиол уншдаггүй, уншсан ч мэдэрдэггүй хүн байг. Бас бусдын зовлонг ойлгодоггүй, дээрэнгүй, хүнийг доромжлохыг ч юман чинээ боддоггүй хэн нэгэн. Өөрөөр хэлбэл бусдын оронд өөрийгөө тавьж үзэж чаддаггүй буюу “эмпати” гэдэг зүйл тэдэнд байдаггүй. Өөртөө битгий тохиолдоосой гэж хүсдэг муу зүйлээ бусдад ч мөн бүү тохиолдоосой гэж бодож чадах сэтгэлийн боловсрол байдаггүй. Уран зохиолд хүний олон төрлийн амьдралыг өгүүлсэн байдаг. Хүн энэ бүх төрлийн амьдралаар амьдарч чадахгүй, бас амжихгүй. Харин үүнийг уран зохиолын номоос уншаад мэдэж болно, ойлгож болно, өөрийн биедээ татаж мэдэрч болно, хүнлэг энэрэнгүй бусдыг ойлгодог эерэг нэгэн болж өөрчлөгдөж болно, үүнийгээ өөртөө дадуулж хэвшүүлж болно. Гэх мэтээр ном уншихын давуу тал олон бий.
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном байх байсан бэ?
Сайн муу, сайхан муухай гэж хэлж чадахгүй юм байна. Гэхдээ миний хүсэл бол хүнд, нүсэр, уран цэцэн биш нимгэн, энгийн, ойлгомжтой, хамгийн гол нь хүнд хэрэг болох ном байхыг л илүүд үзнэ. Яг л Билл Брайсоны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номууд шиг.
Та өөрийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлынхаа талаар яривал?
Энэ жил манай Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын хамт олон “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” гэсэн 640 хуудас бүхий хамтын бүтээл хэвлүүлсэн нь бидний ойрын үед гаргасан том бүтээл гэж хэлж болно. Энэхүү бүтээл хэвлэгдэн гарснаар монгол хэл аялгуунуудын өнөөгийн байдал, хөгжлийн онцлог, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлоход хувь нэмэр болох байх гэж найдаж байна. Учир нь хүний хэл гэдэг нь амьд организм болохын хувьд байнга хувьсан өөрчлөгддөг бөгөөд монгол хэлний олон нутгийн аялгууны яг өнөөгийн байгаа бодит байдлыг энэ бүтээлээс харж чадна. Тус судалгааны хүрээнд 9 судлаач Монгол улсын 10 аймгийн нутгаар 15 удаа явж, 50 орчим сумаар орж монгол хэлний нутгийн аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуунуудын хэрэглэгдэхүүн цуглуулсан юм. Миний хувьд үзэмчин аман аялгууны судалгааг хариуцаж бичсэн. Өөрийн хувьд гэвэл дөнгөж сая “Нүүдэлчин монголчуудын бичиг үсгийн түүх” хэмээх хүн анх хэлтэй болж, бичиг үсэгтэй болсноос авхуулаад өнөөдрийг хүртэл бичиг үсэг хэрхэн хувьсан хөгжиж ирэв гэдгийг энгийнээр түүхчлэн харуулахыг хичээсэн нэг ном бичиж дууслаа. Удахгүй хэвлэгдэх байх. Энэ ном өмнө миний хэвлүүлсэн “Монгол хэл: Эрт цагаас эдүгээ хүртэл” хэмээх хүний хэлний хөгжлийг түүхчлэн харуулсан номтой жаахан холбоотой гэж хэлж болно. Харин яг одоо бол монгол хэлний зөв бичих дүрмийг хэрэглээний талаас нь энгийн олон нийтэд ойлгомжтой хүргэхийг хичээсэн нэг бүтээл дээр сууж байна.
Өнөөгийн нийгэмд монгол ёс уламжлал ямар байгаа талаар таны бодол?
Энэ талаар би маш өөдрөг бодолтой байдаг. Хэлбэрийн талаас гэхэд л хүүхэд залуучуудаасаа эхлээд монгол дээлээ ч өмсөөд л, ёс заншил, соёл уламжлалаа улам ихийг дагахыг хичээх болсон нь “Монголоо алдмар” биш харин ч монголоо олохын төлөө байгаа хандлагаас нь харагддаг. Өөрөөр хэлбэл монголчуудын үндэсний үзэл маш их сэргэсэн байна. Социализмын үед бараг Чингис ч гэж ярьж болдоггүй байсныг мартаагүй байх аа. Агуулга талаас гэхэд л энэ 2025 оноос монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг үндэсний монгол бичиг болон кирилл бичгээр хослон хөтлөх болсон шийдвэрийг манай олон нийт маш уриалгахнаар дэмжиж байгаа эерэг хандлагаас ч харагдаж байна.
Таны аав хүүхдийн зохиолч хүн байсан гэсэн. Та аавынхаа талаарх дурсамжаа хуваалцаж болох уу?
Товчоор хэлэхэд би өөрийн аав, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гэдэг хүнийг хүүхдийн зохиолчийнхоо хувьд дэлхийн зүг чиг, хандлагад Монголоосоо хамгийн их ойртсон, басхүү хамгийн алдартай, хамгийн авьяаслаг, хамгийн хөдөлмөрч, хамгийн бүтээлч хүүхдийн зохиолч байж гэж дүгнэдэг дээ. Гэхдээ миний дүгнэх хамаагүй, аавын маань “Аранзал зээрд”, “Аав ээж би” тэргүүтэн олон арван хүүхдийн шүлэг Монголын их утга зохиолд шинэчлэл хийж, “Шинэ өглөө”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой” тэргүүтэн олон дуунууд нь хүүхдүүдийн дунд дуулагдаж, “Морьтой үлгэр”, “Чулуун домог” тэргүүтэн үлгэрүүд нь түгсээр байгаа нь түүнийг хангалттай тодорхойлох биз ээ.
Таны бодлоор “Эх хэл” гэж юу вэ?
Тухайн хүний хэлд орсон хэл. Хэтрүүлж хэлэхэд аливаа хүний гарал үүслээс нь илүү ярьж байгаа хэл нь ямар үндэстэн бэ гэдгийг илүү ч тодорхойлж магадгүй. Монгол хэлээр маш сайн ярьдаг гаднын хүнтэй таарахад тэр хүн эгээ л монгол хүн мэт санагддаг шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн монголоор сэтгэж чадаж байна, хэлээр тэр нь илэрч байна. Гэхдээ энэ дэлхийн зургаан мянга орчим хэлнээс тэр хэл нь хамгийн баялаг, эсвэл тэр нь хамгийн сайхан нь гэсэн зүйл байхгүй, бас эсрэгээрээ тэр нь их муухай ч гэсэн ойлголт байж болохгүй л гэж боддог доо. Хэл болгон л үнэт зүйл, хэл болгон л баялаг, хэл болгон л нэг соёл, хэл болгон л нэг онцлог, бусдаасаа илүү ч биш, дутуу ч биш. Хэл бичгийн мэргэжилтэй хүний хувьд ч ингэж өөрийн эх хэл байлаа ч бусдаас дөвийлгөж хандвал шинжлэх ухаанч биш зүйл болох байх аа.
Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл танд байна уу?
За баярлалаа, ном гэснээс одоогийн хүмүүс ном уншихаа больжээ гээд л зарим хүмүүс ярих нь бий. Нэг талаар өөрийнх нь бичсэн номыг хүн уншихгүй болохоор ингэж хэлж болохгүй байх. Нөгөө талаар ном гэдэг зүйл агуулга гэдэг утгаараа цахим ном, сонсдог ном, видео контент, кино гээд одоо цагт хэлбэрээ нэлээд өөрчилсөн байна. Мөн цаасан номыг ч унших нь ихэссэн, зарим хүмүүсийн харьцуулаад байдаг социализмын үетэй бол харьцуулах аргагүйгээр манай залуус их уншдаг болсон шүү. Тэр үед жилд хэдэн арваар л тоологдох цөөн төрөл зүйлийн ном хэвлэгдэн гардаг байлаа. Гэхдээ ямар ч сонголтгүй. Өнөөдөр бол жилдээ л хэдэн мянган янзын ном хэвлэгдэн гардаг асар их сонголтын өмнө бид байж байна даа. Номыг хайж биш сонгож уншдаг өөр цаг үе иржээ.
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.