Номын хуудсыг анхааралтай эргүүлж уншина гэдэг зөв бичгийн дүрэм болоод хэрхэн бичигдсэн нь шууд нүдэнд тусаж тархинд хадгалагдаж байдаг мэдлэг билээ…

Номын хуудсыг анхааралтай эргүүлж уншина гэдэг зөв бичгийн дүрэм болоод хэрхэн бичигдсэн нь шууд нүдэнд тусаж тархинд хадгалагдаж байдаг мэдлэг билээ…

Танд өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Намайг Сэнгээгийн Мөнхцэцэг гэдэг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн суугуул. 1982 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, АБТА, ХСТА, МУСТА цолтой. “Ойрхон байдаг диваажин”, “Сурлагын эх булаг”, “Морины уяа тойроод” нэртэй дуу шүлгийн номтой

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцана уу?

Манай сумын ахмад номын санч  Батаа эгчээсээ 8 настайдаа “Би ном сурахсан” гэдэг хүүхдийн ном  анх уншиж байлаа. Дараа нь Амбаа эгчийнхээ номын сангаас салахгүй дотно болсон доо.

Таны унших дуртай ширээний ном? Ямар төрлийн ном уншдаг вэ?  Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” ном миний шүтээн байна. Монголынхоо найрагчдын яруу найраг, богино өгүүллэг, тууж, молор эрдэнэ болсон морины тухай ном унших дуртай. Зохиолч Б.Сарантуяагийн “Самар хатан”-г хальт харсан. Одоо сайн судалж тухтай уншина.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Ном зохиол ихээр хэвлэгдэн гарч байна. Муу хэрэггүй ном байдаггүй гэдэг! Өөртөө хэрэгтэй гэсэн номоо хайж  олж уншдаг. Ном болгоныг шүүрч авч уншдаггүй.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Эртний сударт: Харгуй замд газарч юм шүү ном тань

                             Бөглүү замд хүнс юм шүү ном тань

                             Бусдад үл алдах эрдэм юм шүү ном тань гэдэг гайхамшигт үнэн сургаал үг байдаг. Ном бол асар их хүч, мэдлэг, ирээдүйг заах зам болж өгдөг. Номыг уншиж сурах хэрэгтэй. Энэ бол хүмүүжил бөгөөд ашиглаж сурах нь гол юм. А.С.Пушкин “Сургаал айлдварын дээд нь ном мөн” гэж бичсэн байдаг.

Та багш хүн таны бодлоор  хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ном уншсаны давуу тал

Номын хуудсыг анхааралтай эргүүлж уншина гэдэг зөв бичгийн дүрэм болоод хэрхэн бичигдсэн нь шууд нүдэнд тусаж тархинд хадгалагдаж байдаг мэдлэг билээ. Хүүхдийг мэдээ орсон цагаас нь эхлээд амьдралд ойр байдаг зүйлийн зургийг нэрлүүлэхээс эхлээд, сурагчдыг номын сан руу тэмүүлдэг болгох дадал суулгах нь тэсвэр хатуужилтай, боловсрол, хүмүүжилтэй болгоно. Ном уншдаг хүүхдийн хэл яриа, уншдаггүй хүүхэд  хоёр эрс ялгаатай.

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус цахим орчин, компьютер, гар утас их хэрэглэж, зарим нь хэт донтолтонд орж тархи толгойн эмгэг, нүдний хараа нь эрс муудах, хэл ярианы соёл багасаж, зөв бичиж чадахгүй бөөн алдаатай бичиж байна. Ном тогтмол унших хэрэгтэй.                                                                                                                              

Эцэг эхчүүд ялангуяа бага насны хүүхдэдээ ном худалдан авахдаа юунд дээр анхаарах нь зүйтэй вэ?

Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ өөрийнх нь сонирхсон номыг, номын дэлгүүрээр хамт явж авч өгөх, зохиогчийн нэрийг тогтоолгох, дараагийн номын жагсаалт гаргаж ярилцаж байх нь чухал. Өөрт нь зориулсан бяцхан номын сан байгуулж найз нөхдийг нь хамт татан оролцуулж солилцож уншуулж сургах нь зүйтэй. Хүүхдэдээ үлгэрийн номыг дүрд нь орж тоглож уншуулах,  их дуртай байдаг.

Та хэдэн настайгаасаа шүлэг, зохиол бичиж эхлэв?

Анхны шүлгээ 5-р ангид байхдаа нутгийнхаа эрдэмт хүмүүн Шадавын Содномдорж гуайд “Мал сүрэг” гэдэг шүлгээ харуулж уншиж өгч маш их урам авсан даа. Тэгэхдээ нэг их шимтэн бичээгүй ээ.

Зохиол бүтээл хүний сэтгэл хөдлөлөөс ихэвчлэн төрдөг гэсэн үг байдаг. Энэ хэр үнэн үг юм болоо?

Яруу найрагч, зохиолчид маань юмыг их анхааралтай ажиглаж судалж бичдэг  их сэтгэлийн хөдөлгөөнтэй онгод тэнгэртэй хүмүүс  байдаг гэж боддог. Би тийм сүрхий найрагч бишээ.

Шүлэг, зохиолоо бичсэний дараа таньд ямар мэдрэмж үлддэг вэ? Ер нь та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Яруу найргийн наадмын шүлэг сонсох, оролцох, үзэх, номын садангуудтайгаа уулзаж санаа бодлоо солилцох, тайзан дээрээс шүлгээ унших их сайхан байдаг. Би нэг их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн биш ээ, харин шүлгээ уншихдаа их эмоцитой уншдаг юм шиг байгаам.

Та олон сайхан дууны үг бичсэн  дууны үгнийхээ  санааг  хэрхэн олдог вэ

Хүмүүсийн хүсэлтийн дагуу төрөл бүрийн сэдэвт нь тохируулж, судалгаа хийж удаан бодож байж бичдэг. Монгол түмнийхээ нүүдэлчин удмын ёс, зан заншлыг уншиж судалж, бас хүүхдүүдийн хөөрхөн үг үйлдлээс санаа авч шүлгээ бичнэ дээ. Бидний монголчууд оюуны асар их баялаг өв соёлтой түмэн.

                        Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл

                        Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон

гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн нь юутай ихийг бидэнд хэлж сургаж байна вэ?

Таны урын санд хичнээн дууны шүлэг байна тэдгээрээсээ 34 дууны шүлгийг онцлон хүргээч?

Миний уран бүтээл гэвэл 100 гаран дууны шүлэг бичсэн байна. Дуу гурван жигүүртэй гэдэг. Дууг минь амилуулсан уран бүтээлчдэдээ баярлаж явдагаа илэрхийье.

            1.Хөгжмийн зохиолч СТА дуучин Н.Баасандоржийн аялгуу “Хүүхэд морь хоёр”. Энэ дууг сурагч Э.Бямбажав “Гэгээн алсын одод” наадмын “Гранпри шагналт” анх дуулсан. Одоо албан ёсны 5 клиптэй болсон байна. Олон хөөрхөн хүүхэд дуулж клип хийсэн. Монгол туургатан хүүхэд, моринд дуртай хүмүүсийн сонсох, үзэх дуртай дуу болсон. МЗЭ-ийн  шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдорж ах минь энэ “Хүүхэд морь хоёр” дууны шүлгийг их сонин нүдэнд харагдтал сайн бичсэн байна. Мөн “Ижийг минь таньдаг байлгүй” шүлэг маш сайхан болж гэж урмын үгээр мялааж байлаа.

            2. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай  минь Мөнхцэцэг багшаа (намайг бага ангийн багш болохоор дандаа тэгж хүндэтгэн дуудна, би их ичнэ ээ) та надад нэг сайхан шүлэг өгөөрэй гэж байна. Би “Нулимс бөмбөрөөд байна” шүлгээ бариад гэрт нь очлоо тэгсэн чинь Шарав ах: Энэ шүлэг одоо цаг үеэ олсон, хүмүүст юм бодогдуулах үгтэй сайхан шүлэг байна. Яруу найрагчид маань Миний монгол нутаг ийм сайхан үзэсгэлэнтэй уул ус газартай гээд л дууны шүлгээр магтаад байхаас биш, нутгийн минь уул ус устаж, ухагдаж, булаг шанд нь ширгэлээ гэсэн үгтэй дууны шүлэг надад ирээгүй юм шүү гэж хэлж билээ. Нээрээ л одоо “Нулимс бөмбөрөхөөр л” болсон байна… Анх ДБЭТ-ын дуучин СТА Ч.Батцэнгэл, дараагаар нь МУФ-ын гоцлол дуучин С.Баттулга, МУГЖ дуучин Б.Ганчимэг нар дуулсан байдаг.

            3. Ая зохиогч дуучин СТА Б.Пүрэвдавгын аялгуу дуучин СТА П.Баярмагнайн дуулсан “Дэлхийд ганцхан монгол” дуу байна. Энэ шүлгийг ДБЭТ-ын гоцлол дуучин асан Ч.Энхтайваныхаа хүсэлтээр бичиж өгсөн юм.Тайван тэр үед “Аида” дуурьт тоглох гээд бэлтгэлтэй тун завгүй байсан учир дуучин Б.Пүрэвдагва анх дуулсан  их сайхан дуулсан. Энэ дууны шүлэг нь нүүдэлчин удмын ёс зан заншил, аав ээж, монгол нутгаараа бахархсан, хүнд ухаалал бодрол хайрласан сайхан уран бүтээл болсон доо.

            4. Ая зохиогч АБТА, СТА Ж.Нарангоогийн аялгуу “Цасан хүн” гэдэг хүүхдийн дуу “Алтан зул” хүүхдийн дууны шүүгчдээс том үнэлгээ авсан. Би тэр үед хамгийн олон 12 хүүхдийн дууны уран бүтээлээр оролцож байв. Хөгжмийн зохиолч Батболд  багш (Тусгай сургуулийн дуу хөгжмийн багш) Цасны тухай олон сайхан дуу шүлэг байдаг. Энэ дуу нь цасаар хэрхэн яаж цасан хүн хийдгийг анх удаа хөөрхөн харуулсан амьд сүнслэг дуу болсон байна гэж магтаж байлаа. Нүдийг нь нүүрсээр, хамрыг нь луувангаар, гарыг нь мөчрөөр , малгайг нь хувингаар гэж маш уран гоё хөөрхөн гаргаж өгсөн нь маш онцлог гэж дүгнэсэн.

Та аль шүлгэндээ илүү хайртай вэ?

“Хар дэл бээсийн унага” гэдэг сайхан дууны аялгууг бичсэн МУГЖ дуучин, хөгжмийн зохиолч Л.Батсүрэн ахын аялгуу “Ижийг минь таньдаг байлгүй” гэдэг дуундаа их хайртай.

Сүүлийн үед ямар зохиол бүтээл  бичиж байна вэ?

Сүүлийн үед хүүхдэд зориулсан дуу шүлгийн номын бүтээл дээрээ ажиллаж байгаа. Хаврын ногооны ажил, бас гэрээрээ бага ангийн хүүхдэд хичээл заах гээд хэрэндээ өөртөө тохирсон ажилтай байгаа.

Энэ  их ажлын хажуугаар ямар ном уншиж байна. Уншиж буй номоосоо хуваалцах уу?

Одоо яруу найрагч, орчуулагч Ч.Дамдиндорж ахын бэлэглэсэн Сергей Есенингийн “Уянгын туужууд” номыг уншиж байна даа.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Номын санд ороод ирэхэд нүдний минь өмнө хамгийн сайн зөвлөгч багш шиг харагддаг.  Ном бол хүний оюун санааг цэлмүүлж өөртөө шингээсэн үнэт эрдэнийг та нарт хүргэдэг хосгүй ачтан юм шүү гэдгийг хэлмээр санагдаж байна.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

 

Munkhzul.B