Ном амьдралд тэвчээртэй байх, ухаалаг байх чанарыг суулгадаг.
Овог нэр: АЛТАНГҮЛ Болат
Эрхэлж буй ажил, албан тушаал: МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш, доктор, профессор
Сошиал хуудсууд: Altangul Bolat
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?
Хувь зохиолоор франц хэлтэй холбогдож, франц хэлний багш, орчуулагч болсон гэж боддог юм. Би эмч, нийгмийн ажилтан, орчуулагч болох юмсан, хааяадаа Алла Пугачёва шиг дуучин болно гэж мөрөөддөг байв.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Бидний багад нэг нэгэндээ байгаа номыг дамжуулж, хэдэн хоногт багтааж уншдаг байв. Өдөржингөө хичээл, дүү нараа харах гээд завгүй болохоор шөнө дөлөөр уран зохиолын ном их уншина. Тухайн үед сонгодог зохиолуудыг орчуулдаг байсан юм шиг байгаа юм. 1-р ангид суралцаж байхдаа Математикийн олимпиадад амжилттай оролцсон гэж их олон ном өгсөн юм. Тэрэн дотор Даниэл Дефо-ийн “Робинзон Крузо” байсан. Өдөр бүр үсэглэж ээждээ уншиж өгсөөр би номын амтанд орсон доо. Сүүлд Жорж Сандын “Консуэло”, “Мянга нэгэн шөнийн үлгэр” зэрэг гадаадын уран зохиол их уншдаг байсан. Мөн С. Эрдэнэ зохиолчийн өгүүлэл, Б. Ринчен гуайн бүтээлийг уншдаг байсан.
Та ном орчуулах сэдэл/мотивацаа яаж олдог вэ?
Би уран зохиолын бүтээл голлож орчуулдаг. Эхлээд уншиж үзээд өөрт таалагдаад, бусдад энэ мэдээллийг дамжуулах юмсан гэж бодоод орчуулдаг юм. Би Францын алдарт зохиолч Ги дө Мопассаны өгүүллүүдийг орчуулах дуртай. 2010 онд Францын зохиолч Лө Клезио Нобелийн шагнал хүртсэний дараа “Алтан загас” романыг нь Монсударын захиалгаар орчуулсан. Хүнд тус хүргэх гэсэн сэтгэл маань орчуулга хийх сэдлийг төрүүлдэг гэж хэлж болно. Францын уран зохиол, уран зохиолын хичээл ордог. Оюутнуудтайгаа хамтран 2021 онд “Луй Брай: Түнэр харанхуйн жаалхүү”, 2022 онд “Франц алдартнуудын онч мэргэн үгс” номыг франц хэлнээс орчуулсан.
Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Багадаа уншсан ном болгоныхоо гол баатрыг төсөөлж, үлгэр жишээ авдаг байлаа. Анхны уншсан том роман “Робинзон Крузо”-ын амьдрал тэвчээртэй байх, ухаалаг байх чанарыг суулгахад нөлөөлсөн гэж боддог.
Таны ширээний ном?
Хэл шинжлэлийн, францын уран зохиол, орчуулгын, судалгааны бүтээлүүлд голлож байдаг даа.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Теломерийн нөлөө гэдэг ном харж байгаа.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Францууд унтахаас өмнө ном их уншиж байгаа харагддаг, би ч бас тэгдэг.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?
Сонирхсон номоо их хурдан дуусгаж уншдаг. Дараа нь бодож байгаад тодруулж, илүү нарийн ойлгох ёстой бол дахиж уншдаг.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Ги дө Мопассаны “Шилдэг өгүүллэгүүд” гэх эмхэтгэсэн номоо санал болгоно. Амьдралын олон өнгө аясыг харуулдаг. Мөн Маргарет Давидсоны “Луй Брай: Түнэр харанхуйн жаалхүү” гэдэг жижиг номыг санал болгоно. Бид хэд материаллаг амьдрал хөөгөөд, хажууд байгаа хүмүүсийн амьдралыг анзаардаггүй юм шиг санагддаг.
Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?
Уншаад өөртөө тусгаж авахыг хэлэх байх. Өөртөө тусгахгүй бол олон ном унших хэрэг байна уу?
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Би байсан бол яах вэ? гэж л их боддог. Ном уншиж бодлогоширдог юм уу даа. Ном надад өөрийгөө цэгнэх, дүгнэх, өөртэйгээ ярих боломжийг олгодог гэж боддог.
Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Цаасаар хэвлэсэн номыг унших дуртай. Цаасан ном уншихаар л ном уншсан санагддаг. Цахимаар уншихаар нүд өвдөөд, цаасан ном уншсан шиг сэтгэгдэл төрдөггүй.
Унших дуртай зохиолч?
Францын зохиолчдод дуртай.
Уншихыг төлөвлөж буй ном?
Судалгааны хэдэн ном уншчих юмсан гэж төлөвлөж байгаа.
Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Би багадаа янзаганы үлгэр ээждээ уншиж өгч байснаа дандаа санадаг. Би үрээ чин сэтгэлээсээ хайрладаг янзаганы ээжид их дуртай.
Уншигчдад хүргэхээр бэлтгэж байгаа ном зохиол байгаа юу?
Орчуулгын бүтээл нухаж байгаа. Залуусыг ном уншиж зохиолын баатруудынхаа дүрд хувилж, сэтгэлдээ бодож, зохиолынхоо баатруудаар хөглөгдөж байгаарай гэж хүсье.
Баярлалаа. Таны ном зохиолууд уншигчдад хүрч зохиолууд тань уншигчдсаар байгаад баяртай байна.
Ярилцсан: Ахлах номын санч Ж. Рая