Ном асуухад хариулдаг, нууцыг нээдэг, мунхралыг гэгээрүүлдэг, эргэлзээг тайлдаг, ойлгомжгүйг тайлбарладаг…
Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу!
Өнөөгийн Монгол улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Улсын нийслэл Улаанбаатар хотын суугуул. Унаган мэргэжил орос хэлний багш.
Та хэдий үеээс номтой нөхөрлөж эхэлсэн бэ ?
За, би үсэг холбож, үг бүтээж уншиж сурсан цагаасаа л номтой нөхөрлөж эхэлсэн хүн дээ. Аав ээж минь цалингаа аваад надад нэг, нэг төгрөг өгдөг, би түүнийг нь чихэр жимсэнд зарахаасаа илүүтэй хурааж байгаад ном авч уншдаг, ном цуглуулдаг хүүхэд байлаа. Тэр үед ном ч хямдхан, хүүхдийн ном 40, 50 мөнгө, 1 төгрөг. Ер нь ном голдуу 5-10 төгрөгийн хооронд байсан. Тэхдээ л хайрцаг чүдэнз 10 мөнгө, 10 төгрөгөөр 10 кг гурил авдаг байсан гээд бодохоор бас ч тийм хямд байгаагүй юм болуу даа. Үнэтэй номууд ч байсан. Авъя гэсэн номоо үнэ харалгүй л авдаг байлаа. Жишээлэхэд Советский энциклопедический словарь /1985 он/ 104төгрөг, Монгол зураг. Альбом /1986 он/ 150 төгрөгөөр авч байлаа. Одоогоор 150 000 төгрөг гэмээр ч юм уу.
Ном гэдэг чухам юу юм бэ ?
Ном бол хүмүүн төрөлхтөний бодож олсон үнэхээрийн гайхамшигтай зүйл.
Ном хэмээх хүлэг моринд мордсоноор хоромхон зуурын хугацаанд даян дэлхийг тойрч энэхэн дэлхий хэмээх цэнхэрхэн гараг нь тийм ч том бишийг ойлгож, хүн төрөлхтөний туулсан амьдрал, улс түмнүүдийн нийтлэг болоод онцлог жаргал зовлон, хүсэл тэмүүллийг мэдэрнэ.
Номын ачаар танин мэдэхүйн их далайд сэлүүрдэж байгаль, нийгэм, хүний тухай зөв ойлголттой болж, ертөнц, дэлхий, амьтан, ургамал, хүмүүний үүсэл гарлыг мэдэж, хамгийн ойрын энэхэн галагтик нь 3-хан минутад үүсэн бүрэлдсэнийг мэдэж гайхширна.
“Ном бол зүрхний гэрэл, биеийн толь, сайн үйлийн багш, гажиг согогийг үлдэн хөөгч, мэргэдийн титэм, замын хань, гэрийн нөхөр, өвчтөний сахиур, эрх баригчийн зөвлөгч, уран үгсийн ширгэшгүй ундарга, үр жимсээр баян цэцэрлэг, цэцэглэж буй нуга, ой санамжийн их сан, дурсамжаар дүүрэн амьдрал юм. Тэр дуудсан үед хүрээд ирдэг, хэрэгтэй үед гараад ирдэг, байнга үйлчилдэг, хэзээд бэлэн байдаг. Тэр асуухад хариулдаг, нууцыг нээдэг, мунхралыг гэгээрүүлдэг, эргэлзээг тайлдаг, ойлгомжгүйг тайлбарладаг. Тэр бас зовлонд хамгаалагч, жаргалд жолоодогч, гарз хохиролыг зайлуулагч, эд баялагийг арвижуулагч юм” гэж XIV зууны үеийн Францын соён гэгээрүүлэгч Лука Пенна гэж хүн хэлсэн байдаг.
Нэг үеэ бодвол одоо ном ихээр хэвлэгддэг болж. Энэ олон номууд дундаас та унших номоо яаж сонгож авдаг вэ. Энэ талаар залууст юу гэж зөвлөх вэ.
Тиймээ. Сонирхолтой нь бүүр XIX зууны үед Английн байгаль шинжээч Джон Леббок гэдэг хүн “Бидний дээд үеийнхэнд ном олж авах нь бэрхшээлтэй байсан бол харин бидний үед унших номоо сонгох нь хэцүү болж. Энэ ажилд няхуур нямбай хандахгүй бол үнэт эрдэнэс бүхий ачааны оронд үлээсэн тулам авчихсан Үлиссийн далайчин лугаа адил болох вий” гэж бичиж байж. Нэг үеээ бодвол одоо ном ихээр, янз бүрээр хэвлэгддэг болж. Энэ их эрээн мяраан ном дундаас зөв номоо сонгон олж авах нь чухал. “Сайхан хавтас муу номыг хаацайлж чадахгүй” гэж Расул Гамзатов хэлсэн нь бий.
Одоогийн залуустаа зөвлөхөд эхлээд номын Өмнөх үгийг унших хэрэгтэй. Тэгээд зохиолчийнх нь тухай, уг номын тухай бусад хүмүүс юу гэж хэлж, юу гэж бичиж вэ гэдгийг харах, номын хуудсыг сөхөж хэсэг хэсэг газраас уншиж үзэх хэрэгтэй дээ. Ер нь тэгээд их уншаад ирэхээр зохиолчийг нь хараад, дотроос нь хэдэн мөр уншаад хэрэгтэй номоо төвөггүйхэн олоод авчихдаг болно доо.
Орчуулгын зохиолын хувьд хэлэхэд бас орчуулагчийг нь харж авах нь зүгээр. Дээр үед, одоо ч сайн сайн орчуулагчид олон бий. Эрт үеийнхээс Самбуугийн Бадраа, эдүүгээ үеийнхээс Жигжидсүрэнгийн Нэргүй сайн даа.
Дэлхийн сонгодогуудыг бол залуу хүмүүс уншаад үзчих хэрэгтэй. Ер нь бол “Соёлч боловсон хүн насан туршдаа 8-10 ном уншсан байх хэрэгтэй. Чухам ямар ном бэ гэдгийг мэдэхийн тулд нэг түм таван мянган боть ном үзэх хэрэгтэй” гэж Германы улс төрийн зүтгэлтэн Август Бебель гэдэг хүн хэлсэн байдаг.
Бас зарим уншигдаж өгдөггүй гэхээр юмуудаа ном байдаг. Тэгвэл энэ нь нэг бол ном бидэнд гологдож, эсвэл бид номондоо гологдож байна гэсэн үг. “Нэг ном бариад автал ер уншиж болохгүй байвал хойш нь тавьчих. Энэ бол чи зохиолчийн ухаанд хараахан хүрээгүй байна гэсэн үг. Жилийн дараа ч уншигдахгүй байвал бас л хойш нь тавьчих. Нэрэлхэх хэрэггүй. Чи бас л ойлгох болоогүй байна гэсэн үг. Гётег насан туршдаа уншиж болно. Унших тусам л шинэ шинэ юм гарч ирээд л байдаг. Энэ нь чи жилээс жилд боловсорч Гётегийн ухааны өндөрлөг өөд алхам алхамаар өгсөж байна гэсэн үг” гэж Оросын нийтлэлч, утга зохиолын шүүмжлэгч Н.Шелгунов гэдэг хүн хэлсэн байдаг.
Та номыг яаж уншдаг вэ?
За даа, залуу байхад их гүйлгэж уншдаг байж. Аугаа Д.Урианхай гуай “Би шивнэсэн судрын үг давхиж уншдаггүй, гэлдэрч уншдаг” гэж хэлсэн байдаг. Номыг их тогтож, үг бүрийг, өгүүлбэр бүрийг ойлгож унших хэрэгтэй юм даа. За тэгээд, уран зохиолын ном унших, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном унших өөр өөр л дөө. Өөрийн номын сангийн ном бол захын зайд нь тэмдэглэл хийх, тусдаа каталоги хөтлөх зэргээр уншдаг. “Унших нь: Нэгдүгээрт ухаалгаар шүүмжлэн унших, хоёрдугаарт найзтайгаа юмуу гэр бүлийн хүрээнд унших, гуравдугаарт уншсанаа дахин унших, дөрөвдүгээрт гартаа үзэгтэй унших” гэж Голландын уран зураач, сийлбэрч П.Поттер гэдэг хүн хэлсэн байдаг.
Та байнга уншдаг уу ? Одоо та ямар ном уншиж байна ? Таны ширээний ном ?
Байнга уншина. Одоо Юваль Ной Хараригийн “XXI зууны 21 сургамж”-ийг уншиж байна. Энэ хүний “Хүн төрөлхтөний товч түүх”, “Маргаашийн товч түүх” гэж сайхан номууд бий. Ширээний ном гэвэл олон доо. Төрийн соёрхолт зохиолууд I, II, III, Билл Брайсоны Шинжлэх ухааны товч түүх буюу бараг бүх юмны тухай I, II, за тэгээд сүүлийн үед гарсан танин мэдэхүйн болон уран зохиолын номууд байна даа.
Одоогийн залууст ямар ном унших нь зүйтэй гэж зөвлөх вэ.
Баабарын /Бат-Эрдэнийн Батбаяр/ “Дори идэр дүүдээ” гэдэг орчин үеийн хүмүүс ямар ном унших, ямар кино үзэх, ямар хөгжим сонсох нь зүйтэй вэ гэдгийг зөвлөсөн сайхан ном бий. Одоо бүр хэд хэд нэмж засварлаад зураг хөрөг оруулаад хэвлэчихсэн байна лээ.
Ер нь залуу хүмүүс бол эх орныхоо түүх, соёл, зан заншил, за тэгээд дэлхийн улс түмнүүдийн хүмүүсийн амьдрал аж төрөх ёс, байгаль, дэлхий, сансар огторгуйн тухай унших танилцах, өөрийн орны болон дэлхий даяараа уншдаг сонгодог уран зохиолын номуудыг аль болохоор уншиж байх хэрэгтэй дээ.
Та “Номын тухай ном” гэдэг сайхан ном бүтээсэн байна. Энэ тухай ?
Тиймээ. Ном гэж ямар гайхамшигтай эд болох тухай, ном унших нь хүнд ямар хэрэгтэй болох тухай одоогийн залууст хэрэг болох болов уу гэсэндээ номын тухай дэлхий дахины, дорно дахины, миний монголын өвөг дээдэс, эрдэмтэн мэргэд, номд хайртай хүмүүсийн хэлсэн, айлдсан эшлэл үгүүдийг төрөлх монгол хэлнээ чадан ядан хөрвүүлж, мөн түүвэрлэн цуглуулж энэхүү жижигхэн номоо бүтээсэн юм. Энэ дээр яриандаа эшлээд байгаа үгүүд бол цөм энэ номонд байгаа гэсэн үг.
Та хэр их номтой вэ. Танай гэрийн номын санд ямар ямар номууд зонхилж байдаг вэ ?
За ер нь нилээн номтой доо. Эх монгол улсын минь болоод дэлхийн улс түмнүүдийн түүх, соёлыг харуулсан нэвтэрхий толь бичгүүд, түүхийн номууд, орчлон ертөнц, байгаль, нийгэм, хүний тухай танин мэдэхүйн номууд, мэргэжлийн дагуу орос хэлний онолын номууд, англи, орос хэлний сурах бичиг, толь бичгүүд, монголын уран зохиолын сор болсон бүтээлүүд, гадаадын уран зохиолын номууд эх хэл дээрээ болон монгол хэл дээр байдаг даа.
Ярилцсанд баярлалаа. Номын цагаан буян хуртугай.