Ном биднийг төсөөллийн ертөнцөд аваачдаг…
Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Танд бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
Та бидэнд өөрийгөө танилцуулаач.
Намайг Лхагвабаярын Жижжалам гэдэг. Архангай аймагт төрж өссөн. Хүүхэд байхдаа аймгийн хүүхдийн төлөө төвийн драмын дугуйланд явдаг байсан. Урлаг соёлын арга хэмжээ уралдаан тэмцээнд их ордог хүүхэд байлаа. Бид эцэг эхээсээ дөрвүүлээ аав ээж маань биднийг урлагт сонирхолтойг маань маш их мэдэрч дэмждэг байсан. Аавтайгаа ах эгч дүүтэйгээ нийлээд дуу бүжгийн уралдаан тэмцээн маш их зохион явуулдаг байлаа. Эргэн тойрны хүмүүс бүгд намайг жүжигчин болоорой гэдэг байсан тэгээд л би жүжигчин болох ёстой хүн юм байна гэж боддог байсан. Тэгж тэгж яг сурдаг дээрээ өөр мэргэжил сонгоод СУИС-д Маркетингийн ангид ороод сурч байтал дараа жил дүү маань оюутан болж ирээд КУДС-ийн дууны найруулагчийн ангид ороход нь хамт очиж шалгалт өгөөд жүжигчний ангид орж билээ. Одоо энэ мэргэжлийг сонгосондоо сэтгэл дүүрэн байдаг.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?
5-6 настайдаа. Манайх гэртээ номын сантай, аав, ээж хоёр орос, монгол өнгөт хэвлэлүүд их захиалж уншдаг. “Цог” сэтгүүл, “Мурзилка”, “Зөвлөлт холбоот улс”, “Бурда” зэрэг олон төрлийн ном, сонин сэтгүүл хөглөрсөн сонин айл байсан юм. Хамгийн анх орос ардын үлгэрүүдтэй ном уншиж байсан. Сумын номын сангаас аав тор дүүрэн ном авчрахдаа биднийг бас орхихгүй. Тэр номны үнэрийг мартдаггүй юм. Сүүлд “Үүлэн бор”-ыг хайсаар байж олж авсан. Хүүхдүүддээ уншуулах гэж.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Хийж байсан үйлдлүүдээ бодохоор ирээдүйн мэргэжлээ зөгнөсөн мэт санагддаг. Сэтгүүл дээр гарсан жүжигчдийн зураг хайчилж, гэрээ гоёдог байсан. Үүрээр эртлэн ажилдаа явж, жүжиг тоглож, кинонд гол дүрийн жүжигчин болсон мэт төсөөлөн боддог сонин хүүхэд байсан.
Та дүрүүддээ хэрхэн өөрчлөлт гаргахыг хүсдэг вэ?
Өмнө ажилласан дүрээсээ өөр дүр л гаргахыг зорино. Одоогоор надад ажиллаж байсан олон дүр байхгүй болохоор олон янзын дүр дээр ажиллах байх аа. Хүүхдүүд гараас гарахад ээж гэрээс гарна гэдэг нь болж миний хувьд одоо л гараанаасаа гарж байна. Мөрөөдлийнхөө бүх дүрийг дотроо зурчихсан байгаа. Өөрийгөө улам л хүнд хүнд дүр дээр соримоор байна.
Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан зүйл юу вэ?
Анх оюутан болоод нэгдүгээр курст байхаасаа л дээд ангийнхаа дипломын жүжгүүдэд ороод явчихсан. Тэгээд л төгсөөд шууд аймгийнхаа театрт тайзан дээр ажиллаад явчихсан тийм дээ ч тэр үү тайзандаа илүү хайртай. 3-р курст байхдаа анх “650 инээдмийн кинонд” гол дүрд тоглож байсан. Тухайн үед хүүхэд ч байж өөрөөсөө 10 нас эгч хүний дүрд тоглож байсан иймэрхүү хүүхэн байх ёстой гээд л явчихсан. Тэрнээс хойш 15 жилийн дараа энэ жил Найруулагч Батдэлгэрийн зохиол “Бүүвэй”, “Шар гэгээ” гэж 2 том уран бүтээлд ажиллаа. Ёстой цоо шинэ салбар мэт л байлаа. “Бүүвэй” нь ганц хүний гэдгээрээ онцлогтой. “Бүүвэй” кинонд тоглосноор бүхнийг эхнээс нь дахин суралцсан. “Шар гэгээ” киноныхоо Хоролгаравын дүрээр Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг эмэгтэй” туслах дүр шагнал авсан.
Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?
Сэтгэл хөдлөл маш өндөр.
Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
“Сорхагтани бэхи хатан” номыг уншаад гайхан биширч хатан ухаан хайр энэрэл тэсвэр тэвчээр гэх мэт эмэгтэй хүний маш олон гайхалтай чанар мэдрэмжүүдийг авч байсан одоо ч дахин дахин унших дуртай. Янзын сайхан хатны дүрд ажиллах өдөр ирнэ байгаа гэж хүсэж мөрөөддөг шүү бас…
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?
Уншаад баймаар унших тусам шинэ зүйл олж хардаг тийм сонирхолтой гоё ном гэх үү
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Уншдаг хүн уншдаггүй хүн гэж л хуваагдах байх. Уншдаг нь үнэ цэнийг мэддэг хүмүүс бол юунаас илүү дээдэлдэг юм билээ. Уншдаггүй хүн бол ураад гал түлэх жишээний
Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв. Дурсамжаа хуваалцахгүй юу?
10 жилд номын сан гэхээсээ илүү дуу бүжгэнд дуртай хүүхэд байсан. Гэхдээ номын сан орж жүжгийн ном их уншдаг хүүхэд байсан даа.
Таны ширээний ном
Яг одоо уншиж байгаа ном минь Ш.Гүрбазарын “Бодь гөрөөсний зүүд”
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ? гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл
Номонд амьдралын бүх өнгө байдаг.
Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.