Ном бидний мэдлэгийг тэлээд зогсохгүй, бодох өнцөг, шийдвэр гаргах чадвар, дотоод ертөнцийг ч хөгжүүлдэг.

Ном бидний мэдлэгийг тэлээд зогсохгүй, бодох өнцөг, шийдвэр гаргах чадвар, дотоод ертөнцийг ч хөгжүүлдэг.

– Сайн байна уу?
Сайн. Сайн байна уу

– Та өөрийгөө танилцуулна уу?

Миний нэр Р.Гүнбадрах. Ихэнх хүмүүс намайг Багүн гэж дууддаг.

Монголд суралцаж төгсөөд Францад үргэлжлүүлэн суралцахаар явсан. Францад байх хугацаандаа археологийн судалгааны ажил, дундад зууны үеийн шилтгээнүүдтэй холбоотой төслүүд дээр ажиллаж, мөн зургийн чиглэлээр ажиллаж байсан. Энэ хугацаанд олон салбарын мэргэжилтнүүдтэй танилцах боломж гарсан.

Үүний нэг үр дүнд архитектурын компанид дадлага хийж, барилгын салбарын хүмүүстэй ойр ажилласан. Тэдгээр хүмүүстэй танилцсанаар үл хөдлөх хөрөнгийн салбарыг илүү сонирхож эхэлсэн. Улмаар энэ чиглэлээр суралцаж, төгсөөд Францад мэргэжлээрээ ажилласан. Одоогоор Монголд RE/MAX байгууллагатай хамтран үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөх чиглэлэээр ажиллаж байна.

– Та багадаа хэр ном уншдаг хүүхэд байв?

Би багаасаа номонд дуртай хүүхэд байсан. Аав маань ажлынхаа номын сангаас янз бүрийн тууж, роман, танин мэдэхүйн номууд авчирч өгдөг байсан нь намайг номтой нөхөрлөхөд их нөлөөлсөн.

– Анх ямар зохиол уншиж байсан бэ?

Бага байсан болохоор бүгдийг нь сайн санахгүй байна. Гэхдээ Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Ёс заншлын тайлбар толь, 1001 шөнийн үлгэр зэрэг номууд санаанд үлдсэн байна.

– Номын ач тусын талаар бодлоо хуваалцахгүй юу?

“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг үгтэй би бүрэн санал нийлдэг. Амжилтад хүрсэн хүмүүсийн дийлэнх нь тогтмол ном уншдаг. Ном бидний мэдлэгийг тэлээд зогсохгүй, бодох өнцөг, шийдвэр гаргах чадвар, дотоод ертөнцийг ч хөгжүүлдэг.

– “Энэ л унших ёстой ном” гэдгийг яаж мэдэх вэ?

Өөрийн хүндэлдэг, үгийг нь сонсдог хүмүүс ямар ном уншдаг, ямар ном санал болгодгийг анзаарч болно. Бид бүх номыг унших боломжгүй учраас сайн номоо зөв сонгох нь чухал.

Мөн өөрийн хэрэгцээг ойлгох хэрэгтэй. Яг одоо танд юу хэрэгтэй байна вэ? Мэдлэг үү, урам зориг уу, туршлага уу? Үүнээс шалтгаалаад сонголт өөрчлөгдөнө.

– “Монгол шивнээ” номынхоо тухай яривал?

Би хувьдаа хувийн санхүү, цагийн менежмент, хувь хүний хөгжил зэрэг сэдвүүдийг сонирхон судалдаг.

“Монгол шивнээ” бол сүүлийн жилүүдэд өөрийн олж харсан бодол, мэдэрсэн зүйлс, амьдралын туршлагаасаа хуваалцсан бүтээл. Ялангуяа хүн эргэлзээтэй, хүнд нөхцөлд орсон үед гарц үргэлж байдаг гэдгийг өөрийн өнцгөөс хүргэхийг зорьсон.

Энэ ном анх франц хэл дээр хэвлэгдсэн. Одоо Монголд мөн франц хэл дээр хэвлэгдэж байгаа. Ирээдүйд монгол хэл дээр орчуулагдан гарах байх гэж найдаж байна.

– Таныхаар эх хэл гэж юу вэ?

Эх хэл бол бидний үндэс, бидний мөн чанар. Энэ бол биднийг монгол хүн гэдгийг илэрхийлдэг хамгийн чухал үнэт зүйлсийн нэг.

Эх хэл, үндэсний бичиг хоёр бол бидний өв соёлын хамгийн үнэ цэнэтэй хэсэг гэж боддог.

– Хүүхэд, залууст хандаж юу хэлмээр байна?

Юуны өмнө өөртэйгөө ажилла. Бусад хүмүүс юу гэж хэлэх, юу хийх нь төдийлөн чухал биш. Харин өөрийн зорилготой байж, түүндээ үнэнч байж, өөрөө хичээх нь чухал.

Өөрийгөө тасралтгүй хөгжүүл. Толгойгоо мэдлэгээр цэнэглэ, дараа нь түүнийгээ бодит үр дүн болго.

Бид амьдралдаа олон зүйлийг алдаж болно. Гэхдээ хэн ч биднээс булааж авч чадахгүй нэг зүйл бий — тэр бол бидний сурч мэдсэн зүйл.

Тиймээс хамгийн эхний бөгөөд хамгийн чухал хөрөнгө оруулалт бол өөртөө хийх хөрөнгө оруулалт гэж боддог.

– Таны бодлоор ном гэж юу вэ?

Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа шилдэг хүмүүс, амжилттай удирдагчид, эсвэл өөрийн салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзах боломж тэр бүр олддоггүй.

Харин ном гэдэг бол тэдэнтэй уулзах, тэдний бодол, туршлагаас суралцах боломжийг бидэнд олгодог гайхалтай хэрэгсэл.

Тиймээс унш.

Ярилцсан танд баярлалаа.

 

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн