Ном бол амьдралын жор юм.

Ном бол амьдралын жор юм.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийгөө танилцуулаач

1971 онд Улаанбаатар хотод төрсөн. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул. Эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа хуваалцахгүй юу?

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын унаган хүүхэд. Намайг зургаан настай байхад аав маань Улаанбаатар хотод жолооч нарын мэргэжил дээшлүүлэх курст явж суралцсан юм. Манайх тэрсхэн өссөн олон хүүхэдтэй айл байв. Бага охин нь нярай өлгийтэй, дээд талынх нь хүү хөлд орсон төдий байхад дээр нь миний доод талын дүү бид хоёр нэмэрлэхээр нялх биетэй ээж маань бидний хаана нь ч биеэ хүртээх аргагүй болж тэр жилээ арга буюу дүү бид хоёрыг өвлийн эхэн 10 сард хөдөө эмээ рүү явуулсан юм. Аав маань 45 хоногийн хугацаатай явж байсан болохоор бид хоёрыг уйдах вий, гэрээ санах вий гэж дэвтэр ном, олон өнгийн будгийн харандаа бэлдэж өгч байлаа. Тэр дунд “Алтан алим” нэртэй маш гоё өнгөт үлгэрийн ном байсан. Одоо санахад яг л “Бөгтрөгтэй морьхон” үлгэрийн нэг хувилбар байсан санагддаг. Тэгээд дүү бид хоёр орсон гарсан хүн болгонд гайхуулах янзтай нөгөө гоё номоо харуулна, уншуулна. Уншиж өгөхөөр нь догдлон сонсоно. Төсөөлнө. Дэвтэр дээр дуурайлган зурна. Элдэвт сатаарах, зугаацах тоглоом тун ховор. Хагарсан аяганы хэлтэрхий шаазан, өнгийн чулуу, чихрийн цаасаар тоглодог үе шүү дээ. Тэр ном л их хоногшиж үлдсэн дээ.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Багадаа аавдаа их ээнэгшсүү эрх хүүхэд байсан. Хэдий олуулаа өссөн ч яаж ийгээд өөрийгөө эрхлүүлээд явдаг хүүхэд байсан гэж ээж маань хожим дурсдаг сан. Манайх намайг хүний мэдээ ороход Булган уулын баруун урд хормойд нүүрний хашаанд амьдардаг байв. Би гурав, дөрөв орчим настай байсан болов уу. Өөрөө бол бүрэг бараг тойм төдий санадаг юм. Ээжийн өгүүлснээр аав хөдөө явах замын хуудас авчхаад гэрээрээ орж цай уучхаад хөдлөх гэсэн чинь би дагаад орилсон гэдэг. Бүр эзтэй уйлахаар нь аав хүүхэд зөнтэй гээд аваад явжээ. Тэгээд аймгийн төвөөс гарч явсаар хүнд ачаатай тэрэг Цагаан даваа өөд өндөр хаазаар мацаж эхэлсэн чинь нөгөө хүүхэд нь “уналаа” гээд чарлаж гарчээ. Даваа өөд өгсөж яваа машин зогсож болдоггүй, буцаж эргэж болдоггүй аав бүр аргаа барж байж арай гэж дээр нь гараад  буцаж хариад хүүгээ орхиод явсан гэдэг. Хар багаасаа машин тэрэгтэй хутгалдаж жолооч болно гэсэн мөрөөдөлтэй өссөн. Хожим нь Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дэргэдэх автокурст 8 сар суралцаж автотехникийн бүрэн задаргааг үзэж хөдөлгүүр, цахилгаан, явах эд анги,шасси зэрэг бүхий л хичээлийг чинь сэтгэлээсээ суралцаж жолооч болсон. Хожим энэ чадвараараа өөр нэг хүнтэй хамтарч “Таван богд” группт ажиллаж байхдаа хоосон раман дээр бортовой ЗиЛ-130 автомашиныг 3 сарын хугацаанд угсарч хүлээлгэн өгсөн билээ. Өнөөдөр миний бие хэдийгээр төр ба бизнесийн удирдлага мэргэжлээр боловсрол эзэмшсэн ч гэсэн хувьдаа бол мэргэжлийн жолооч гэдгээ ямагт дээр нь тавьж хүндэтгэлтэй ханддаг. Энэ бүхнээс  үзэхэд жинхэнэ монгол эрчүүдийн амьдралыг таних цөлөх ухаан, хөдөөгийн байгалийн сайхан, малчин ардын ахуй, жолооч хүний амьдралын зовлон, жаргалыг таньж мэдэрдэг болсон маань уламжлал, жудаг ёс, элбэг баян амьдралыг хүүрнэсэн зохиол бичихтэй минь яах аргагүй холбогддог.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан зүйл юу вэ?

За бичих туурвихтай хамаатай асуулт гэж ойлголоо. Бусад зохиолчдыг анзаарахад хүүхэд ахуй наснаасаа л шүлэг бичиж эхэлсэн байдаг нь түгээмэл харагддаг. Миний хувьд зохиол бичихийг өөрийн үзэл бодлоо илэрхийлэх индэр гэж харсан. Би аравдугаар анги төгсөхдөө их сургуулийн босго оноонд тухайн үеийнхээр улаан шугам татахад 0,02 оноогоор ялимгүй дутаж  байлаа. Үүнд анги удирдсан багш маань, өөр хоёр багштай найз нөхдийн хүрээнд хуйвалдан хоёр хичээлийн дүн бууруулж нөлөөлсөн байдаг. Нэг багшийнх нь  охин надтай хамт нийгэм судлалаар суурилан өрсөлдөхөөр бэлдэж байсан юм. Энэ утгаараа 1990 онд Архангай аймагт ардчилсан хөдөлгөөн үүсэхэд шударга ёсыг эрэлхийлж элссэнээр өнөөг хүртэл тууштай явж байна л даа. Нөгөө талаар 2000-аад оноос монгол оронд хүчээ авч гаарсан тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг ихэд сонирхон судалсан.  Ингэхэд миний зүтгэсэн улс төр, сонирхсон бөө хоёрт маань ижил төстэй зүйл их байв. Аль, аль нь хүмүүсийн сайн сайхны тулд гэж тунхаглан үзэл суртлыг түгээдэг атал улс төрийн намын гишүүд нь ч тэр, бөө улаач нар нь ч тэр алагтай цоогтой, сайн муутай байсан. Угтаа шашин бол улс төрийн намын төгөлдөржсөн хэлбэр юм. Энэ утгаараа монголчууддаа чухам үнэнийг цоо донгодохоор “Нүцгэн бөө” романаа 2018 онд бичиж хэвлүүлсэн. Өвөг дээдсийнхээ өв соёл, монгол уламжлалаа өмөөрөн бичсэн юм. Амьдралдаа нэг шад шүлэг бичиж үзээгүй ч эр зориг гарган шударга үнэнийг тунхаглаж бичсэн болоод ч тэрүү сүүлд бичигдсэн “Шаазгай данжаад”, “Нүүргүй хүн”, “Ухаарал” номуудаа тасархай хаяж 6 жилийн хугацаанд 8000 ширхэг борлогдож 9 удаа хэвлэгджээ. “Нүцгэн бөө”, “Шаазгай данжаад” 2 маань “BOOKLO”, “ZANGIA AUDIO”–ийн 10, 11 сарын шилдэг борлуулалттай топ 5 номонд нэрлэгдээд явж байна. “Нүүргүй хүн” маань хоёр дахь удаагаа хэвлэгдэн олонд танигдаад эхлэж байгаа. МЗЭ-ийн гишүүнд элсэж олон сайхан зохиолчдоо түшин зохиолч хэмээн нэрлэгдлээ. Үүнийг хэлэх байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Хамгийн анх есөн настайдаа ёлканыхоо гацууран дээр тавьсан мөнгөнөөс 2 төгрөгний үнэтэй “Грекль баатар” номыг худалдан авч уншиж байв. Өөр орны үлгэр домгийг өгүүлсэн арван хоёр толгойтой аварга могой, хүн цээжтэй морин биетэй амис тэргүүтний тухай олж мэдэж маш их сонирхол төрж номонд дуртай болж шимтэж эхэлсэн. Өнөөдрийн зохиолч болоход минь нөлөөлсөн онцгой нэг хүчин зүйл бол миний аз тохиоход намайг 4-7-р ангид сурч байх хугацаанд ээж минь аймгийн төвийн дугуй дэлгүүр буюу номын дэлгүүрийн худалдагчаар ажиллах болсон явдал юм. Энэ хугацаанд дунд сургуулийн хүүхэд гэлтгүй одоо санахад “Монте Кристо гүн”, “Төмөр нударга”, “Хурлийз бүсгүй”, Хорин жилийн хойно”, “Ногоолин хайрцаг”, “Дөлгөөн Дон”, “Хэл барих хэцүү даалгавар”, “Их нүүдэл”, “Онцгой эрх”, “Харанхуй ангал”, “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Элс цас”, “Халуун салхи”, “Арандалынхан” зэрэг нэрлээд дуусахгүй маш олон ном уншсан. Номын худалдаанд ирсэн шинэ номыг ээж маань хир болохоос хамгаалж боодлын бор цаасаар хавтаслаад аваад ирнэ. Дунд зэргийн зузаантай номыг хоногт нь л уншчихдаг байв. Аав ээж маань яасан ч их дэмждэг байж вэ дээ гэж одоо хэр нь баярлаж явах юм даа. Харамсалтай нь тэднийгээ тэнгэрт хальснаас хойш бүүр сүүлд зохиолч болчих юм.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Яг үнэндээ бол би чинь номоороо дагнаад зохиолоо бичээд сууж байдаг хүн биш л дээ. Эхнэр бид хоёр хүүхдийн хувцасны лангуу ажиллуулдаг юм. Өглөө 09.00-20.00 хүртэл лангуун дээрээ хамтдаа сууна. Бараандаа явна. Эмхэлж цэгцлэнэ гээд барагдашгүй ажилтай байдаг. Босон суун юмаа зарна. Зарим нэг ааш авиртай нэгэнтэй нь ам муруйна. Зарим нь магтана. Үйлчилгээний ажил ярвигтай шүү. Энэ завсараа л мань аварга юмаа бичнэ шүү дээ. Уншихаар төлөвлөсөн номнууд байнаа байна. Өдөртөө зогсоо зав хомс байна. Орой хариад амрахын түүс л болно. Яг одоо зохиолч Буянзаяагийн “Сайхны тухай санаанууд” зэрэг 3 ном ойрхон тавьчихаад сууж байгаа. “Монголын шилдэг зохиолуудын дээжис” 7 боть шар номыг унших санаатай авсан ч ганц нэг өгүүллэг уншихаас хэтрэхгүй байна. Дээр нь нэг зохиол эхэлсэн ухаантай гэлдрүүлж байдаг.

Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Өнгөрсөн үе рүү өнгийсөн, бодит үнэнийг өгүүлсэн, жудаг ёс, шударга үнэнийг тунхагласан, сургамжтай түүхэн ном байх болов уу.

Хүн бүр ном унших, унших номоо сонгох арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Аль болох зохиолч, судлаачдын шүүмж, ярилцлагад жишээнд орж, нэр дурдагдаж байгаа номнуудаас сонгож уншихыг хичээж байна. Бусад зохиолчдын маань бүтээл хэр байна. Би хаана явна гэж өөрийгөө тандах маягтай унших номоо сонгодог. Тэгтлээ уншсан нь ховор.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном уншсан хүний мэдлэг тэлж ухаан задарна. Наад зах нь харилцааны соёлтой болно. Хэлж ярих нь цэгцтэй, аливаад нухацтай, тайван хандаж зөв шийдвэр гаргана. Хүүхдүүдийн үгийн баялаг нэмэгдэнэ. Ой тогтоолт сайжирч алдаагүй зөв бичдэг болно. Ном уншдаг хүн шүүмжлэлийг зөв тусгаж, хөгжин дэвших эрмэлзлэл дүүрэн байдаг тул амжилт үргэлж дагаж явдаг гэж хэлнээ.

Таны ширээний ном?

Одоохондоо Далхаагийн Норов “Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулган гэсэн номыг ганц нэг сөхөж хараад л байгаа.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл?

“Ном бол  амьдралын жор юм” гэж хэлнэ дээ.

Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.Баярлалаа  танд ажлын өндөр амжилт хүсье

 

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн