Ном бол амьдралын ухаан…
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулаач
Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, Улаанбаатар хотын суугуул. Намайг Галсангийн Болормаа гэдэг.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?
Би 1978 онд Төгрөг сумын 8 жилийн сургуулийн 1-р ангийн сурагч болоод “Цагаан толгой” нэртэй номын хуудсыг анх сөхөж үзсэн. Номын ертөнцийн хаалгыг татсан мөч тэр байлаа. Харин уран зохиолын ном уншиж, номын амтанд орсон нь 4-р ангийн сурагч байхаасаа л эхэлсэн байх. Анх үлгэрийн ном уншиж байсан. Л. Түдэв зохиолчийн “Үл ажиглагдах онцгой учралууд” ном миний хамгийн анх түрүүнд шимтэж уншсан ном юм.
Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?
Би их хожуу, өөрөөр хэлбэл 28 настайдаа, 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн ангид элсэж, 2002 онд төгссөн.
Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв дурсамжаа хуваалцахгүй юу?
Их уншина. Тэр үед анги ангиараа тусгай хувиараар ном уншдаг байсан. Манай аав, ээж хоёр худалдаанаас бидэнд маш олон ном авч өгдөг байлаа. Аав маань олон ном хормойлоод ирдэг байсан шүү. Тэд чихэр биш ном авч өгдөг байсан. Манайх гэртээ олон номтой, номын сантай байдаг байлаа.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Сайн уншина. Гэхдээ би гэртээ бол хэвтэж ном уншдаг хүүхэд байсан.
Та номыг хэрхэн уншдаг вэ? Номыг хаана уншвал илүү тухтай санагддаг вэ?
Надад зуны амралтаараа сэрүүн өдөр голын хөвөөнд суугаад унших үнэхээрийн жаргалтай санагддаг байсан даа. Мөн өглөө эрт ном унших сайхан шүү.
Таны хувьд ном уншдаг хэн гэж яг ямар хүнийг хэлдэг вэ?
МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Маналсүрэнгийн Баттөмөр ах шиг хүнийг л жинхэнэ ном уншдаг хүн гэж хэлнэ дээ. Гайхалтай. Нам сууна. Хэн ч өрөөнд орж, гарч байгааг ч анзаарахгүй, гүн, шимтэн уншина. Дараа нь номын тухай маш сайхан ярина. Манай радиогийн “Уран зохиолын алба”-д үе үеийн зохиолчид номын тухай ярилцдаг нь үнэхээр сайхан дурсамж.
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
Дээр хэлсэн Л. Түдэв зохиолчийн “Үл ажиглагдах онцгой учралууд” ном. Мөн “Хорвоотой танилцсан түүх”. Хожим олон ном уншсаны дараа бодоход Санжийн Пүрэв, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Балжирын Догмид, Сэнгийн Эрдэнэ нарын бүтээлүүд илүү их нөлөөлсөн. Ач холбогдол өгсөн.
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?
Бүтээл хүнд хүрч, хүн эргээд урам өгөх хамгийн жаргалтай. Сөрөг тал гэвэл зохиолоо бодоод бодол үймэрч байхдаа зарим хүний хэлсэн зүйлийг анзаараагүй гомдоосон байдаг.
Шүлэг зохиол туурвисны дараа танд ямар мэдрэмж үлддэг вэ?
Аз жаргалыг мэдэрдэг. Гуниг гутрал ердөө байхгүй болдог.
Зохиол бүтээл хүний сэтгэл хөдлөлөөс ихэвчлэн төрдөг гэсэн үг байдаг. Энэ хэр үнэн үг юм болоо?
Тийм тал бий бий.
Сүүлийн үед ямар зохиол бүтээл бичиж байна вэ?
Өгүүллэг бичиж байна. Мөн эсээ нэлээд бичиж байна.
Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү?
Хамгийн сүүлд Нямбуугийн Нямдорж зохиолчийн “Онон хатан ээжий” номыг уншлаа. Сэтгүүлч Сонинбаяр найз маань өөрөө зорьж ирж, багшийнхаа номыг өгсөн. Шүлэг нь үнэхээр яруу, тансаг юмаа… Гайхалтай.
Таны ширээний ном?
Миний ширээний ном олон бий. Унших дуртай зохиолч гэвэл төрийн хошой шагналт зохиолч Ч. Лодойдамба, С.Пүрэв, Б.Догмид, Бя.Энхтуяа нарын зохиолуудыг илүүтэй унших дуртай.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол.
Ингэж бодож үзээгүй юм байна. Гэхдээ тийм амархан учир тайлагдахааргүй ном байхаа.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Номон дунд өвгөд, эмгэдийн ухаан, монгол хэлний их ай сав, монгол өв соёл, монгол хүмүүний аж төрөхүйн соёл, хүн болох ухаарал гээд бүх зүйл бий.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол амьдралын ухаан.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.