Ном бол багш, зам заагч сартваахь…

Ном бол багш, зам заагч сартваахь…

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Монголын баатарлаг туульсын үргэлжлэл болон шинээр мэндэлсэн ”Сүбээдэй баатар” их хөлгөн туульс уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа. Бүтээлийнхээ талаар танилцуулаач?

Эзэн Чингис хааны хошууч манлай өрлөг, жанждын жанжин Урианхайн Сүбээдэй баатар Монголын эзэнт гүрнийг мандаан бадраалцаж явсан аугаа их зүтгэл, үйл хэрэг, зам мөрийг тодотгон бичиглэж эхэлсэн нь 2012 оны өвөл юм. Туульсынхаа 1-р ботийг 8 жил гаруй бичиж 2020 оны сүүлээр гараас гаргасан даа. 2-р боть нь 2023 оны төгсгөлд бэлэн болж хэвлэгдэн гарлаа. “Сүбээдэй баатар” 2 боть номын маань нээлт өнгөрөгч оны 11 сарын 28-нд Монгол улсын төв номын сангийн үнэт ховор номын музейн танхимд боллоо. “Сүбээдэй баатар” туульсын 1-р ботид их эзэн Чингис хаанд Сүбээдэй баатар 14 насандаа дагаж ирж хүчээ өгснөөс хойш монголын тархай бутархай овог аймгуудыг нэгтгэлцэн нэгдсэн Их Монгол улсыг байгуулалцаад, манай монгол улсыг хараат бэрх хэцүү байдалд байлгаж байсан Зүрчидийн Алтан улсыг 6 жилийн турш дайлаар мордон буулга дөнгийг эвдэж, харин ч Алтан улсыг эсрэгээр өөрсдийн хараат орон болгосон үйл явдлууд өгүүлэгдэнэ.

1217 онд Туулын хар түнэд их хуралдай хурж Чингис хаан ”Хэн миний өмнөөс Мэргидийг эчиж дайлмуй” хэмээхүйд Сүбээдэй баатар “Би очиж дайлму” хэмээгээд Мэргидийн үлдэгдлийг дарахаар Чүй мөрний зүг мордож буйгаар өндөрлөж байгаа юм.

2-р ботид Сүбээдэй баатар Мэргидийн үлдэгдэл болоод Хивчагуудыг дарсан, мөн өрлөг Зэв Найманы Таян ханы хүү Хүчүлүгийг эцэслэн сөнөөсөн үйл явдлуудын товчоон, үүнийг залгаад 1219 онд алтан аргамж тастсан Сартуул улсад дайлаар мордон мөхөөсөн 7 жилийн аян дайны тухай өгүүлэгдэж байгаа юм.

Ингээд уг ботийн төгсгөл хэсэгт Мухаммед шахыг эрхбиш барьж авч ирэх зарлиг авсан Сүбээдэй баатар, өрлөг Зэв хоёул түүнийг хөөсөөр Каспийн тэнгисийг хүрч тэнд шахын явдал мөрийг эцэслээд тэндээс Сүбээдэй баатар хаан Чингист санал болгосноор /түүх сурвалжид өгүүлснээр/ Хивчагийг нэг мөр болгон дарахаар тухайн үеийн дорно зүгийн нүүдэлч дайчин улс түмнүүдийн баруун Европ руу дамжин гарах гарц гэж хэлж болохуйц Каспийн тэнгис, Хар далай хоёрыг зааглах эх газрын дөрөлж түүгээр нэвтэрч Кавказын оргил уулсыг дүн өвлөөр давж, түүхэнд алдартай Дербентийн ”Төмөр хаалга”-ны орчимд Аланчуудыг бут цохиж Дэш-Э-Хивчагийн талд орж Хивчагуудыг дарсан тухай, түүнээс улбаалж Хивчагууд өөрсдийн хил залгаа, худ ургийн холбоот Орост нөмөрдөн очсон хийгээд Зэв, Сүбээдэй Оросуудаас Хивчагийг шаардахуй тэд үл хэрэгсэж элчсийг алснаар Орос Хивчагийн нэгдсэн их цэргийг /цэргийн тоо 80000, зарим түүхэнд 100,000 гэдэг, Монгол цэргийн тоо 20,000/ Днепр мөрний эргээс 270 гаруй километр газарт 12 өдрийн турш өдөн дагуулсаар Калк голд дахин давтагдашгүй тулалдааны гайхамшгийг харуулж Монгол цэрэг байлдан дийлсэн аугаа их түүх өгүүлэгдэнэ.

Сүбээдэй баатар өөрийн биеэр Монголын эзэнт гүрний гурван их хаанд зүтгэсэн хийгээд хүү Урианхадай, түүний хөвгүүн Ачу гээд З үеэрээ их Монгол улсад зүтгэсэн байдаг. Би энэхүү бүтээлээ туурвиж ахуйдаа Сүбээдэй баатрын энэ мэт цаглашгүй үйлс, туулсан зам, цаг хугацаа, орон зайн хувьд жинхэнэ аугаа гэж хэлж бишрэхээс аргагүйг өөрийн биеэр мэдрэн тухайн цаг үе дор хамт аялахаас гадна, бас тэр аварга урт мандсан түүхт гавьяа юуг хэт залхан хураангуйлах, хэт улиглан нурших, хэрээс хэтэрсэн хувийн халил зохиомж, түүх шастирыг шууд хуурайгаар тоочих гэх мэтээс зайлсхийж бичсэн дээ. Ер нь тэгээд судалгаа их шаардсан. Тухайн газар орны түүх, газарзүй, ард түмний зан заншил, ахуй байдал гээд л.

Хамгийн гол зүйл бол өөрийн шүлэглэх өнгө аяс, өөрт оноогдсон өчүүхэн авьяасын авдраа онгичсон гэж хэлж болох юм.

Таныг энэхүү бүтээлийг бичихэд түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал…?

Бүтээл төрөхөд түлхэц өгсөн гол зүйл нь миний өөрийн сэтгэл зүрхний хүслэн юм. Уран бүтээлч хүн бүтээлийн сэдвээ олж авах эрэл хайгуул байхаас гадна бүтээл өөрөө эзнээ хайж олж ирдэг юм байна гэсэн хувийн бодол эргэцүүлэл төрсөн шүү. Би бичих ёстой, надад л бичих оноолт таарсан гэсэн мэдрэмж, үүрэг ачааллыг өөр дээрээ авч зорьсон. Өөрийнхөө бичсэнд ч сэтгэл ханамжтай байгаа. Энэ бол хоосон бардамнал биш л дээ. Мэдээ томоо орсон цагаас эхлэн бичиг ном болоод монгол ахуй байдалдаа бусдын л адил их ойрхон өссөн. Аав маань тухайн үеийн сэхээтэн хүн байсан. Миний аав ном уншдаг, сонин сэтгүүл их захиалдаг оюуны өндөр чадамжтай хүн байсан. Аавынхаа ном сонинтой ноололдож өссөн маань ч бас нөлөөлсөн байх. Мөн миний буурал ээж /аавын ээж/.

1912 онд төрсөн, гурав дөрвөн төрийн нүүр үзсэн Доосмой гэж нутаг хошууны амьд товчоон болсон хүн байлаа. Их ч өндөр насалсан. Хасагт хайрхан уулын хаваржаа, намаржаа, өвөлжөө, зуслангаас авхуулаад хар бага насаа Алтайн тэр сүрлэг хайрханд буурал ижийдээ үзэгдэх бараа харагдах хайр нь болж өсөж, их ч юм сонссон их ч зүйлийг сурсан. Намайгаа бяцхан хүүхэд гэж гололгүй том хүний оронгоор л жаргал зовлон, үзсэн туулсан, хууч домог, сургаал суртлаа хайрладаг байлаа.

Нутаг усныхаа сүр хүчинд залбирч сүлд хийморьтой яваа хэмээн бодож явдаг. Нагац буурал аав, ээжтэйгээ ч их ойрхон хүн би. Сумын төвд бол голцуу буурал аавынхаар, хөдөө явахаараа авга буурал ээж дээрээ оччихно. Буурлуудын гарын хүүхэд байж дээ. Түүх уран зохиолын хичээлдээ илүү их сонирхолтой, сайн ч байсан. Яагаад энэ бүхнийг тоочоод хуучлаад байна вэ гэвэл миний бүтээл өөрийнхөө боловсорсон хөрсөө өөрөө уриншилж, хагалж, өөрийн үр тариаг тарьж ургуулснаа хурааж авч байна л гэж хэлэх гээд байгаа юм.

Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

Одоогоор туульсынхаа 3-р ботийн ард яасхийгээд гарах вэ гэдэг дээрээ л байна.

Та өөрөө уншигчийн хувьд юуг эрж хайж байдаг вэ?

Уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуултай, байнгын эрмэлзэлтэй байх нь л чухал. Явцуу байж болохгүй. Үгүйсгэх амархан, ном судруудын ямар ч төрөл зүйлд хүндэтгэлтэй бөгөөд сонирхолтой хандах нь зөв гэж боддог.

Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

Магтаал шүүмжийн хувьд тэр намайг тэгж магтаад, энэ намайг ингэж муулаад гэхээс илүүтэй аль алийг нь өсөх насандаа ах захаасаа багцаалаад авчихсан гэж боддог. Сайн байвал магтаж л байдаг шүү дээ буурлууд минь. Саар болохгүй болбол жавтий хүртдэг биз дээ.

“Бүтэшгүйг ч мөрөөд. Долгис нь ч болов шүргэг” гэж Хүрэлбаатар гуай хэлсэн байдаг. Таны мөрөөдөл?

Энэ сайхан үг юм. Сайн үйлд шамдвал бүтэшгүй зүйл байхгүй гэж мэргэд айлдсан байдаг. Миний мөрөөдөл бол дэлхийн хөгжлийг хэдэн зуун жилээр тодорхойлж, ертөнцийг нэг улс болгож чадсан цор ганц үндэстэн Монгол хэзээ нэгэн цагт энэ хэв байдлаа дахин олж мандана гэж мөрөөдөж итгэдэг.

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Миний гэр бүл үр хүүхэд. Намайг ярихаа мартагнасан байхуйд хүү рүүгээ өдөр болгон утас цохиж сэтгэл хөглөдөг миний настай ээж минь.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай таарч байв уу?

Балчир ахуйдаа нагац Баасанжав ахынхаа номын санг жинхэнэ биширдэг байлаа. Миний нагац ах өөрөө түүх газарзүйн багш. Түүх нийгэм, улс төр, яруу найраг, уран зохиол гээд бүх талын өргөн мэдлэг боловсролтой нийгмийн зүтгэлтэн, надад маш их нөлөөлсөн дэндүү ойр сэтгэлтэй хүн байсан даа.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Би сургуульд ороогүй байхдаа уншаад сурчихсан байсан. Анхны багш маань аав ээж хоёр минь. Сурагч байхдаа сургуулийн номын санд очиж ном их уншина. Манай сумын төв номын сан клубийн баруун жигүүрт нь байсан. Тэнд номын сангийн эрхлэгч Доржпагма эгчээр карт нээлгээд ном авч уншина даа. Маш баялаг номтой байсан миний санахаар.

За тэгээд сумын төвийн номын дэлгүүрт тухайн үеийн бүх төрөл зүйлийн шинэ номууд ирнэ. Аав маань ном их авчирна, төрсөн өдрөөр маань байнга ном бэлэглэдэг байв. Том ах Сайханбаяр их ном уншина. Түүнийхээ хэрээр цалингаа буухаар шинэ номууд авч ирнэ, авчирсан бүгдийг уншдаг байлаа.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ном?

Миний өөрийн хувь үзэл байдаг. Барууны Илиада, Одиссей, Энейда туульсаар дэлхий бахархдаг. Яагаад эзэн Чингис хааны туульс, дэлхийн жанждын жанжин Сүбээдэй баатрын тухай туульсаар Монгол бахархаж бусдыг бахархуулж болохгүй гэж.

 Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

Би гучин хэдэн жил шүлэг бичихдээ яруу найргийн таван ном хэвлүүлсэн. Хамгийн гол нь би ганц хэв загвар ч гэх юм уу хэт нэг голдирол урсгалыг ёсчлон сахидаггүй. Чөлөөтэй байх нь илүү агаарлаг санагддаг юм. Сүүлийн арав гаруй жилд нь “Сүбээдэй баатар ” туульсын тэргүүн болоод дэд ботийг дэвтэрлэлээ. Тэгэхээр миний номууд бол би өөрөө.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Ш.Шажинбатын ”Элс цас” бүтээлийн дүр Есөнтөмөр захирагч.

Уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Монголын түүхийн сурвалж бичгүүдийг хооронд нь харьцуулан үзэж байна.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

За ер нь завтайсан болоод морьтойсон бол гэгчээр болж л өгвөл уншиж л баймаар байна .

Унших дуртай зохиолч?

Бямбын Ринчен. А.Амар сайдын ”Монголын товч түүх”

Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Номын өөрийнх нь заларсан орчинд.

Та сүүлд бичсэн шүлгээсээ манай уншигчидтай хуваалцаач?

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол багш. Зам заагч сартваахь.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B