Ном бол багш…
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
Та өөрийгөө манай уншигчидад товч танилцуулаач
Баянмөнхийн Болорцэрэн. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн.1998 онд Хөвсгөл Мөрөн 1-р сургуулийг төгссөн. 2002 онд Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийг Утга Зохиолын- Ажилтан-Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Орчлон миний ширээний ном” “Цагаан бүжиг” “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд” “Амьдралыг үзэх хос тасалбар” “Хайрыг минь зураад өгөөч”-шүлгийн түүвэр “Миний л аясаар”-яруу найргийн цомог “Цэцэгнээс ч анхилхан” “Зунаараа намар”-дуун цомгоо хэвлүүлсэн.2018 онд “Амьдралын зураг” 2020-онд “Амраг намар” уран бүтээлийн цэнгүүнээ тавьсан. МЗЭ-н Шагналт,Болор цомын эзэн яруу найрагч
Таны унших дуртай ширээний ном. Ямар төрлийн ном уншдаг вэ. Уншихийг төлөвлөж буй номноосоо нэрлэвэл
Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүний хүсэл тэмүүлэл үзэл бодол төдийгүй ширээний ном ч өөрчлөгддөг.Сүүлийн үед Монгол ахуй өв соёлийн тухай номууд ширээн дээр минь байна.
Уншихийг төлөвлөсөн ном маш их.
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл
Гамзатовын “Миний Дагистан” одоо ч ойр байдаг ном минь юм даа.
Таны ширээний ном?
Ширээний ном гэдэг нь шинээрээ л байдаг ном.Унших бүр уйдахгүй уншаагүй мэт сонирхолтой
Таны бодлоор хүүхдийн хөгжил,суралцах чадвар ,мэдлэг бүтээхэд ном уншсаны давуу тал
Мэдээж их шүү дээ.Амьдралыг танихад хүсэл мөрөөдлөө бүтээхэд гээд яриад байвал маш олон давуу талтай.Хүн хүнээ хайрлах хүний сэтгэлд ойрсох амьтай бүхнийг хайрлах гээд ном бол гайхамшиг.Хөрст орчлон хүнээр,номоор хүүхдийн цагаахан хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгаасай гэж боддог
Залуучуудад урам зориг,ухаарал өгөх ном санал болговол.
Уул шиг том урам өгөх ном бол яруу найргийн номууд.Хайртай найрагчийнхаа номыг унш.Үгийг үлдээ гэж зөвлье.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Улирал бүхэн өөр өөрийн өнгө гэрэлтэй.Уран бүтээлч бүхэнд урлан мэт, уриа салхи мэт цоо шинээр ирдэг.Хавар гэхэд л хайрын шүлэг илүү их бичдэг шиг хайрын тухай богино өгүүллэгүүд унших дуртай. Улирал дундаа хамгийн гэнэн нь хавар шүү дээ.Мэдээж бичих бүхэндээ төлөвлөдөг.
Та өөрийгөө ном гэж дүрслэвэл ямар төрлийн ном бэ?
Би амьдрал мэдэхгүй жаахан охины бичсэн анхны ном,хайрын шүлгийн ном байна байх.
Энэ их ажлын хажуугаар ямар ном уншиж байна.Уншиж буй номноосоо хуваалцахгүй юу? Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл
Монголчуудын соёлын өв ном уншиж байна.Уншихыг төлөвлөсөн ном оддоос ч олон байна аа. Би бага уншсан. Бага залуу байхад цаг зав ихтэй ой тогтоолт өндөртэй байдаг. Тиймээс дүү нартаа уншиж байгаарай гэж зөвлөе.
Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?
Хүн үнэхээр хүсэж шимтэж уншвал хаана ч хэзээ ч ая тухтай амт шимтэй шүү дээ.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлвэл
Ном бол багш
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.