Ном бол ганцаардахад хань ижил, найз нөхөр, мэдлэгт мэдээлэл ажлын орчинд хөтөч, багш, гарц…
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Тиймээ таарч байгаа. Багадаа сэтгүүлч эсвэр загвар зохион бүтээгч болно гэж боддог байсан. Багадаа өөртөө даашинз, юбка зэрэг хувцасаа өөрөө оёод өмсчихдөг байлаа. Гэхдээ зураг зурахдаа тааруухан учраас загварын талаар ахлах ангиасаа эхэлж бодохоо больсон. Би банк санхүүгийн мэргэжлээр их сургуульд орсон ч хичээлийн хажуугаар фм-ийн хөтлөгч хийх, хүүхдийн сонинд сурвалжлага бэлтгэх зэрэг ажил хийсээр сэтгүүлзүйн салбарт нэг л мэдэхэд урваад одоо хүртэл холдоогүй ажиллаж байна.
Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?
2 дугаар ангид байхаасаа сургуулийнхаа номын санд сууж ном уншдаг цагтай болсон. Бид нарын үед нэгдүгээр ангид уйгаржин бичгээр цагаан толгой орсон учраас 3 дугаар ангиас кирилл үсэг үзэж эхэлсэн. Би 1 дүгээр ангид байхдаа ах эгч нараараа заалгасаар байгаад уншаад бичээд сурчихсан байсан учраас 2 дугаар ангиасаа ном уншиж эхэлсэн юм.
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
“Багачууддаа уншиж өгөөрэй” гэдэг номын анх 2 дугаар ангид уншиж байсан. Тэр ном дотор богино өгүүлэгүүд байсан, төдийгүй тухайн үедээ их л сонирхолтой санагдаж , дахин дахин уншсан ном маань.
Таны унших дуртай ширээний ном?
Уран зохиолын номнууд л хамгийн гоё. Тухайн үед уншиж байгаа ном болгон ширээнийх болчихдог. Түүнээс нэг номоо байнга дахин дахин уншдаггүй. Харин сүүлийн 2 жил цүнхэндээ нэг жижигхэн номыг байнга авч яваа. Боломж гарвал сөхөж хардаг болсон. Монгол улсын Үндсэн хууль.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Тухайн номонд орж үйл явдал дунд нь төсөөлж чадвал хаана ч уншсан тухтай гэж боддог. Гэхдээ би ихэвчлэн гэртээ ном уншдаг.
Хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн номыг нэрлэвэл?
20 настай байхдаа нэг хэсэг бурхан шашины төрөл бүрийн номнууд маш их уншсан. Одоо ч далай ламын сургаалийг хааяа сөхөж хардаг. Бурхан шашины түүх, домгуудын тухай номнууд ер нь надад нэлээн ертөнцийг үзэх үзэлд маань өөрчлөлт авчирсан болов уу гэж боддог. Тэр үед Мял богдын намтар, Г.Аюурзанын хар номууд гэгддэг 6 хар номыг онцлон нэрлэх юм байна.
Зарим хүмүүс ном уншихдаа номон дээрээ тэмдэглэл хөтөлж, өөртөө хэрэгтэй зүйлсийг тодруулж, зурж ишлэл бичдэг. Нөгөө хэсэг нь маш цэвэрхэн уншихыг эрхэмлэдэг. Энэ 2 үйлдлийн алийг нь илүүд үздэг вэ?
2 янзаар тайлбарлана. Заримдаа хүний ном гуйж уншаад буцааж өгөх хэрэг гардаг. Судалгаа ч юмуу, надад байхгүй ч юмуу, эсвэл ховор номуудыг хэн нэгнээс гуйж авч уншихдаа цэвэрхэн уншаад өгдөг. Өөртөө зориулаад одоо ч уншина, дараа ч уншина гээд номын сандаа авсан номууд дээрээ гоё санаа өгсөн хэсэг, эсвэл час хийсэн үг хэллэгтэй хэсэг, гоё сургааль, афоризм, эсвэл амьдралын үнэн ганц өгүүлбэрт багтаагаад биччихсэн зэргийг тодруулагчаар тодруулчихдаг.
Сэтгүүлч хүний хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?
Дуу хөгжим л байхдаа. Ер нь сэтгүүлч нар бүх төрлийн хүмүүстэй уулзаж, бүхий л үйл явдал дээр очиж, бүхий л мэдээллийг цуглуулж байдаг сониуч ажлын хэв маягтай хүмүүс учраас ажлаасаа төрөл бүрийн мэдрэмжүүдийг авч, ажлаараа хөглөгддөг гэж хэлж болно.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Адал явдалт л ном байх болов уу.
Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Ном сонгох арга барил цаг үеэр, хүний амьдралын мөчлөгөөр өөрчлөгддөг байж магадгүй гэж надад санагдсан. Эхэндээ бол багш нарын санал болгосон ном, дараа нь заавал унших 100 ном гээд нэг жагсаалт явж байхад тэндээс би хэдийг нь уншсан байна гэгчлэнгээр сонгож байлаа, тэгээд нэг хэсэг уран зохиолын номнуудад дурлаад, хайж сонгоод байж байтал зөвлөгөөний төрлийн номууд дэлхий даяар бестселлер болоод эхэлсэн, энэ үед НУУЦ зэрэг номыг жишээ нь сонгож уншиж байлаа. Одоо бол түүхэн талын номуудад сонирхолтой болж эхэлж байна. Гэхдээ бас аль талаас бичсэн түүхийг унших вэ, бүгдийг нь уншиж чадахгүйгээс хойш яг уншмаар байгаагаа олж унших санаатай бусад уншигчид номуудыг уншсан талаараа ямар мэдрэмж хуваалцсан талаар олж судалж байгаад сонгохыг хичээдэг болсон.
Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан вэ?
Горбачевын “Бүх юм өөрийн цаг хугацаатай” гээд номыг уншсан.
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Хүн болгоны л хэлдэг үг байдаг даа. Ном бол ертөнцийг харах цонх мөн гээд. Очоогүй цаг хугацаа орон зайгаараа чөлөөтэй хэсүүчилж мэдлэг мэдээлэл олж авна, өнгөрсөн одоо үеийн сонирхолтой бүхнийг номоос олж авдаг. Жишээ нь нэг алдартай зохиолоор кино хийгдээд дэлхий нийтэд хандалт авлаа гэж бодоход би тэр киног үзсэн бол номыг нь олж уншихыг хичээдэг. Ихэнх кино зохиолоо гүйцэж хийгдэж чаддаггүй юм шиг санагддаг. Тэгэхээр ном бол тийм нарийн мэдрэмжийн түвшинд мэдээлэл өгдөг гэж боддог.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол ганцаардахад хань ижил, найз нөхөр, мэдлэгт мэдээлэл ажлын орчинд хөтөч, багш, гарц…
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.