Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж юутай үнэн гээ. Өдөрт багадаа нэг хуудас унших хэрэгтэй.

Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж юутай үнэн гээ. Өдөрт багадаа нэг хуудас унших хэрэгтэй.

Таныг дуучин Хумбагарын Батмэнд гэхээс илүүтэй Монгол үндэстний өв соёлын онцлогийг судлан, түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж, сурталчилж яваа, Тунамал оршихуй-1,2 номыг бичсэн гэдгээр нь уншигчдадаа танилцуулахыг хүссэн юмаа.

Би эгэл жирийн малчин айлын хүүхэд, дээр нь аливааг машид гярхай анзаарч эргэцүүлдэг мэргэд буурлуудынхаа их өв соёлоо зохих хэмжээнд авч үлдсэндээ бахархалтай явдаг аа. Тэр их өв соёлд умбаж явсаны хувьд Тунамал оршихуй хэмээх номыг бичих болсон. Тэргүүн дэвтрээ Алтай нутгийн нэгэн ахмад бууралтай хамтран бичсэн. Хоёрдугаар дэвтрээ өөрөө бие дааж бичсэн.

Уншигчид Тунамал оршихуй-1,2 номыг хэр хүлээж авсан бэ? Сэтгэгдлээс нь хуваалцаач ?

Номуудыг маань машид сайхан хүлээж авч байна. Өнөө цагийн даяарчлал салхи сэвэлзэх төдий биш, хүчтэй шуурч эхэлснээс хойш язгуурын өв соёл зан заншлаа түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн хүмүүсийн нэг бол зайлшгүй би өөрийгөө мөн гэж зорилго тавьсан. Гэхдээ зүгээр нэг өнгөцхөн хэсгийг бичнэ гэвэл хайран. Тиймээс багагүй дэлгэрүүлж танин мэдэхүйн хөшүүрэг болгох гэж хичээсэн. Ялангуяа хоёрдугаар дэвтэртээ ямар ч хүнд ойлгомжтой байдлаар нэлээд задлан тайлбарлаж бичсэн гэхүү дээ.

Таныг энэхүү бүтээлийг бичихэд  түлхэц өгсөн зүйл? Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал…?

Энэ их ажлыг улам бүр судлан сурвалжлахын тулд машид олон буурлуудтай уулзаж ярилцаж дүн шинжилгээ хийж амьдрал дээр нягтлах болно. Зарим зан заншлын утга агуулга тайлагдаж өгөхгүй зэгсэн түдэх нь ч бий. Ер нь өчүүхэн намайг их өв соёлоо судлах, бас уран зохиол бичих  зориг шулуудахад хүч дэм өгч багшилсан хүн бол миний багш Б.Наминчимэд. Тэр хүнээс суралцах зүйл машид их бий. Харин бүүр анхны танин мэдүүлсэн багш нар гэвэл эхээс мэндэлсэн цагаас өдөр тутмын заншлаараа умдаалж байсан хайрт өвөө, эмээ, ачит ээж минь билээ. Манайхан юм мартдаггүй цээж сайтай удамтай улсууд. Нутаг хошууны ахмадууд бахархан ярьдаг даа.

Та Монголчуудын язгуур ухаан, их өв соёл,  бэлгэдлийн тухай бичиж, лекц уншдаг. Яагаад энэ сэдвээр судалгаа хийх болов?

Чин сэтгэлийн угаас бичиж туурвиад ирэхээр заримдаа яг онгод орж байгаа нь мэдэгддэг. Онгодоор он цагийн түүхэнд үлдсэн өвгөдийн дурсамж алив ёс заншил зэргийг өчигдөр мэт, яг номын хуудас эргүүлж байгаа юм шиг эргүүлж харах боломж олдох нь ч бий. Төвлөрч чадвал түүхийн хуудас эргүүлж эргэн санаж болдог.

“Бүтэшгүйг ч мөрөөд. Долгис нь ч болов шүргэг” гэж Хүрэлбаатар гуай хэлсэн байдаг. Таны мөрөөдөл?

Миний мөрөөдөл бол Монголчууддаа, тэр дундаас залуучууддаа Монгол нүүдэлчин гүн ухааныг өвлүүлэн уламжлуулах. Гэхдээ мөчидхөн бус лавхан шиг суулгах юмсан гэж машид мөрөөддөг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд янз бүрээр л хандаж явна.

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Өдөр тутмын амьдралд хөг хүч нэмдэг зүйл гэвэл гадаа салхинд алхах бороо, цастайд малын захад алхах. Ер нь байгальд гарахад ер бусаар сэтгэлд хөг нэмдэг.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв?

Хамгийн их номтой айл бол манай багш Б.Наминчимэдийнх. Эднийд байхгүй ном үгүй. Нэг аймгийн номын сан шиг. Зуны байшин хоёр давхар дүүрэн ном. Бахархаад баршгүй дээ.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ямар ном байна вэ?

Уншсан ном гээд хэлээд байх юм байхгүй ээ. Уншдаг хүний хажууд бол шалихгүй. Хамгийн сайхан нь гэхээсээ надад их ойрхон зохиол бол Тунгалаг тамир роман. Оройгүй сүм. Говийн өндөр гээд ахуй сайтай зохиолуудыг хэлж болно. Мөн Дөлгөөн дон үнэхээр тансаг. Эд нараас хамгийн сэтгэл хөдөлгөсөн зохиол гэвэл, Д.Намдаг гуайн Хөгшин чоно улисан  нь тууж. Үрэгдсэнийг хүлээгч гэдэг өгүүллэг, Ч. Лодойдамба хэмээх эрхэмийн Манай сургуулийнхан, Хугараагүй ноён нуруу зэрэг туужууд. Шаргачин өгүүллэг. С.Дашдооровын Бууж мордох хорвоо бэсрэг тууж. Хөдөөгийн мөнгөн сар, Саруул талын ерөөл гээд ер Дашдооровын өгүүлэгүүд машид амьтай, амттай. С.Пүрэвийн Азийн цэнхэр уул гэдэг өгүүллэг яг л нүдэнд харагддаг. Ер нь би жаахан хуучинсаг үзэлтэй хүн юм болов уу, Социалист зохиолд дуртай. Миний бичсэн өгүүллэгүүд ч мөн тийм.

Унших дуртай зохиолч?

Өнөөгийн зохиолчдын бүтээлээс гэвэл Наминчимэд багшийнхаа бүхий л нийтлэл, эссээ уран зохиолуудыг уншдаг. Хамгийн хайртай зохиолч гэвэл мэдээж Б.Наминчимэд, С.Дашдооров, Д.Намдаг, Б.Догмид гуайг нэрлэнэ дээ.

Таны ширээний ном?

Ширээний ном гэвэл Цаг төрийн үймээн, Говийн өндөр, Хөх илдний очис, Агуу эрин.

Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Номыг чив чимээгүй орчинд унших сайхан. Жаахан хүүхэд байхдаа хээр малын бэлчээрт ном уншдаг байв. Хонины хажууд уншсан ном мөн ч сайхан сан.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж юутай үнэн гээ. Өдөрт багадаа нэг хуудас унших хэрэгтэй. Огт уншихгүй явбаас оюун ухаан хатангиршдаг юм билээ.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 

Munkhzul.B