Ном бол миний амьдрал…

Ном бол миний амьдрал…

Эрхэлж буй ажил, албан тушаал: ‘Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, редактор

Сошиал хаяг:  Facebook: Дэлгэрмаа Базаррагчаа, Instagram: deegiigumuda

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн, сайн байна уу?

Та өөрийгөө танилцуулаач:

Намайг Базаррагчаагийн Дэлгэрмаа гэдэг. Дархан хотод төрсөн. Утга зохиолын орчуулагч, редактораар ажилладаг.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Анх таван настай байхад “Африк үлгэрүүд” гэдэг ном ээж маань авч өгсөн юм. Нэг дор уншиж дуусгаж байсан санагдана.

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

Монгол улсын их сургуулийн Монгол хэл соёлын сургуулийг “Утга зохиол судлаач, сэтгүүлч” мэргэжлээр төгссөн.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.

Бүр ухаан орсон цагаасаа сэтгүүлч, мэдээний хөтлөгч болно гэж боддог байлаа. Уран зохиол бол төсөөлөхөд хол байсан гэх юм уу. Гэлээ ч уран зохиолд л хайртай охин байсан. Ер нь таарч байна даа.

Яагаад та утга зохиолч судлаач мэргэжлийг сонгох болсон бэ?

Би Дарханд төрж, өссөн. 11-р анги төгсөөд хуваарь авах болоход орон нутагт Монгол улсын их сургуулийн анги бүрээс ганц, ганцхан хуваарь ирдэг юм. Найз маань нэгт жагсаж сэтгүүл зүйн анги авсны араас би утга зохиол судлалын анги авсан. Мэргэжил бид хоёр нэгнээ ингэж сонгосон. Басхүү оносон, олсон байх.

Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ?

Багадаа олдсон бүхнийг л уншдаг байлаа. Ном ч тийм элбэг байгаагүй дээ.

Арван жил болон оюутан  байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв  дурсамжаа хуваалцахгүй юу?

Номын сантай холбоотой дурсамж зөндөө. Манай Дарханы төв номын сан “Залуучууд” театртаа байдаг юм. Тэнд л өнжиж, уншиж, шалгалт шүүлэгтээ бэлдэж өссөн. Их том танхимтай санагддаг сан. Одоо нэг очиж үзмээр байна. Оюутан болсон хойноо Улаанбаатар хотын төв номын санд дөрвөн жил суусан. Хамаг сайхан номуудыг эндээс л олж уншсан.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Анх уншиж эхлээд л унших дуртай болсон. Дадлын тухай ч бодож байсангүй. Амьдралын минь салшгүй нэг хэсэг.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

Эхлүүлээд дуустал нь шимтэн уншина хэхэ. Хамаагүй эрээчиж, цоохорлож, нугална. Номыг тэгж хэрэглэх хэрэгтэй л гэж боддог. Навтархай болох нь ч сайхан.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хаа ч хамаагүй. Мэдээж гэртээ буйдан дээр илүү тухтай л даа. Гэхдээ тав, тухаа хайгаад байвал унших зав гарахгүй байж мэднэ. Хаа ч юм дугаарлаж зогсохдоо эсвэл замд ч юм уу уншиж л байна. Цүнхэндээ үргэлж ямар нэг номтой явдаг.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

Унших дуртай хүнийг л хэлэх байх. Хүн чинь ямар нэг юманд дуртай л байдаг шүү дээ.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Бүр багадаа, арван хоёртой л байсан болов уу, Дарма Батбаяр зохиолчийн “Амрагийн тэнгэр” номыг уншаад нэг л өөр санагдаж байсан юм байна. Сүүлд Италийн найруулагч Федерико Пеллинигийн намтар “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номыг уншсанаас хойш одоо үе, үе сөхөж харсаар л явдаг. Хааяа жаахан итгэлээ алдах гээд байвал өргөөд л босгодог юм шиг санагддаг.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Сэтгэл хөдлөл ихтэй. Харуулах нь ховор байж мэднэ.

Орчуулсан номынхоо талаар товчхон танилцуулаач?

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцыг эрхэлж байсан үеэс бага, багаар орчуулж эхэлсэн. Мөчрөн хүн, Мэдрэмжийн цуврал, Хуруун тоглоомт номуудад хүүхдүүд их дуртай. Түүний дараа “Тагтаа” хэвлэлийн газартаа Японы зохиолч Саяака Муратагийн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” зохиолыг орчуулсан. Саяакагийн зохиолууд дундаас “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” онцгой амжилт үзүүлж, зөвхөн японд л гэхэд 650000 хувь борлогдож, 2016 онд японы Vogue сэтгүүл зохиолчийг оны эмэгтэйгээр нэрлэж байлаа. 36 настай ганц бие, дэлгүүрт цагийн ажил хийдэг, товчхондоо олны жишгээр яваагүй эмэгтэйн тухай өгүүлдэг. Мөн Өмнөд Солонгосын зохиолч Ким Ионгхагийн “Эх орон чинь дуудаж байна” романыг монгол хэлнээ хөрвүүлсэн. Уг роман зохиолчийн хамгийн чухал бүтээлд тооцогддог. Умардаас Өмнөдөд суурьшаад олон жил болсон тагнуулч эх орон руу гаа буцаан дуудагдаж байгаагаар зохиол эхэлдэг юм. Гэхдээ улс төрийн, тагнуулын сэдэвтэй гэхээс илүү нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулж эгэл жирийн хүний хувь заяа, хүний мөн чанарыг нийгэм, сэтгэлзүй, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан, орчин үеийн хот газрын хүмүүсийн амьдралыг тод томруун харуулсан бүтээл. Дорно дахины нэн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, хэр чадамж, хэм хэмнэлийг манай уншигчдад мэдрүүлж чадна гэж итгэж “Тагтаа” хэвлэлийн газар маань эл бүтээлийг уншигчдад хүргэсэн. Хамгийн сүүлд аймшгийн зохиолын хаан гэгддэг зохиолч Стивен Эдвин Кингийн “Бичихүй” намтар дурсамжийн ном дээр ажиллалаа. Энэ ном уншигчдад болоод урлан бүтээхүйн хүслээр дүүрэн залуу уран бүтээлчид, зохиолчид, хэн бүхэнд урам зориг, хичээл болох байх гэж найдаж байна.

Орчуулж байхад тохиолдож байсан хүндрэлтэй зүйл, туршлага, сонирхолтой зүйлээсээ хуваалцаач.

Туршлага ярихаар олон бүтээлийн ард гараагүй явна. Ямартай ч юун түрүүнд чин хүсэл байх хэрэгтэй болов уу. Орон нутагт улсын сургууль төгсөж, монголдоо дээд боловсрол эзэмшихдээ англи хэлийг сургуулиар төдийлөн сурч чадаагүй. Хүсэл, сонирхлынхоо хүчээр англи хэл дээр уншсаар орчуулга хийх түвшинд очсон ч мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарна. Үргэлж суралцсаар л явж байгаа. Олон цагаар тасралтгүй, тэвчээртэй суух, гүн төвлөрөх гэдэг л амаргүй санагддаг.

Яагаад уран зохиолын ном орчуулах болсон бэ?

Ном, зохиолд үнэхээр дуртай. Энэ чиглэлээр сурсан. Гэхдээ орчуулна гэж бодож зүрхэлдэггүй байлаа. Дээд үеийн ах, эгч нар маань орчуулагч болоход их нөлөөлсөн гэж боддог. Нэг л өдөр англи хэл дээр уншиж эхэлсэн шигээ нэг л өдөр орчуулга барьж авсан юм байна.

Уран зохиолын орчуулга бусад төрлийн орчуулгаас юугаараа онцлог вэ?

Бусад төрлийн орчуулга төдийлөн хийж үзээгүй болохоор ялгааг нь хэлж мэдэхгүй юм.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү гэвэл?

 Хамгийн сүүлд Энэтхэг-Бангладешийн зохиолч Жумпа Лахиригийн “Эмгэг зовуурийн хэлмэрч” өгүүллэгийн түүврийг уншсан. Яг одоо бол зохиолч Гүржавын Нямдоржийн “Бэнсэн үлгэрч” номыг уншиж байна.

Таны унших дуртай зохиолч

Хамгийн дуртай гэхээр хариулахад хэцүү асуулт байна. Гэхдээ Орхан Памук, Ким Ионгха, Далхаагийн Норов гуайд дуртай.

Хамгийн дуртай зохиол, дуртай зохиолчийнхоо тухай хуваалцаач ?

Хамгийн дуртай зохиол гэхээс илүү хамгийн сүүлд уншсан гоё зохиолоо нэрлэмээр байна. Японы зохиолч Оэ Кензабүро “Хувийн асуудал” номыг нэрлэе.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Бовари Хатагтай

Уран зохиол танд юу өгдөг вэ?

Бүгдийг өгдөг. Олон өөр, баялаг амьдралаар амьдарч, мэдэрч үзэх боломж өгдөг.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Одоогоор ширээн дээр Penguin Modern цувралын тавин ном, Итало Калвиногийн “Хэрвээ өвлийн шөнөөр нэгэн аянчин”, Виржиниа Вүүлфийн “Давалгаа” зэрэг номууд байна.

Таны ширээний ном?

Орхан Памукын “Истанбул, дурсамж ба хот”, Федерико Пеллинигийн намтар “Зүүд бол цорын ганц бодит зүйл” мөн яруу найргийн олон түүврүүд бий.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол

Сайн хэлж мэдэхгүй юм.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Уншсанаар илүү уужуу, бусдыг ойлгох, тунгаан бодох, хорвоо ертөнцийг танихад нэмэр болдог болов уу даа. Сэтгэл зүрх боловсордог. Дээр хэлсэнчлэн өөр, өөр, баялаг амьдралаар амьдарч, мэдэрч үзэх боломж өгдөг болохоор номоос  илүү сайхан зүйл ховор.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Нацагдоржийн номын сангийн үнэмлэх бий.

Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцаач?

2023 онд хоёр, гурван бүтээл орчуулж, анхны яруу найргийн түүврээ гаргаж, богино өгүүллэгүүд бичиж, хол явж мэргэжлээ дээшлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Миний амьдрал…  

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

Ярилцсан: И.Энхтуяа

 

Munkhzul.B