Ном бол миний хаан ширээ гэж Шекспир хэлсэн байдаг. Түүн шиг миний хайртай хүмүүсийн дараа ордог зүйл бол ном юм.

Ном бол миний хаан ширээ гэж Шекспир хэлсэн байдаг. Түүн шиг миний хайртай хүмүүсийн дараа ордог зүйл бол ном юм.

Урилга хүлээн авч, ярилцаж байгаа таньд баярлалаа.

Та бүхэн урьсанд баярлалаа.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Анх 4-р ангиасаа ном уншиж эхэлсэн. Эгчийнхээ авчирсан Гармаа гуайн “Хөөрхий дөө Болдоо минь” зохиолыг уншиж Болдоог өрөвдөж уйлаад номд шимтсэн. Д.Норов зохиолчийн “Мөнхийн дуудлага” хэмээх зохиолыг уншаад бас уйлж байлаа. Энэ зохиол хожим “Зүрхэнд шингэсэн үг” кино болсон шүү дээ. Сэтгэлд хүрсэн ийм зохиолууд уншсанаас хойш номонд дурлаж, өөрт таарсан бүх л номыг уншиж эхэлсэн. 

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

Сэтгүүлч мэргэжлээр 2000 онд сургуулиа төгссөн. Дарамын Батбаяр, Даваасүрэнгийн Чинзориг хоёр багшийн шавь байлаа. Жүжгийн зохиолч болох гэсэн боловч сэтгүүлч болчихсон сонин түүхтэй.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.

Би багадаа яруу найрагч болохыг хүсэж шүлэг бичдэг байсан. Дунд ангид ороод сэтгүүлч болохыг хүсэж, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн ч миний зан араншинд тохирохгүй мэргэжил байсан. Яагаад гэвэл би бичээд л, уншаад л сууж байх дуртай хүн байлаа.

Өөр мэргэжлийн хүн уран зохиол бичих болсон шалтгаан юу юм бол?

Сэтгүүлч байхдаа хөрөг найруулал, хөрөг тэмдэглэл сайн бичдэг байлаа. Бас өгүүллэг, жүжиг, киноны зохиол хүртэл сонирхон бичдэг болсон. Гэхдээ нэг мөрөөдөл шиг, таваас арван хуудас зүйл бичигдээд байдаг байсан. Түүнээ хожим нэгтгээд Гангийн Жанчив зохиолчид үзүүлтэл “Энэ чинь тууж байна шүү дээ. Сайн редакторлоод хэвлүүлж болно” гэж хэлж байлаа. Ингэж миний 247 хуудастай анхны тууж хэвлэгдэж байсан нь 2011 оны үйл явдал юм.  

Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ?

Завхан аймгийн номын сангийн бүх номыг уншсан. Хүүхдийн тасгаас нь эхлээд насанд хүрэгчдийн архив, гэрээр олгох тасгийн бүх номыг уншсан. Социализмийн үед Монголд 150 орчим монгол роман хэвлэгдсэнээс 100 орчмыг нь олж цуглуулсан, тийм их хорхойтой уншигч байлаа.  

Уншсан номны хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

З.Баттулгын “Хүүхэн заяа” романы гол дүрийн залууд дурлачихсан байсан, хөгжилтэй байгаа биз?

Унших дуртай зохиолч

Шекспир, Достоевский, Шуурайн Солонго гуравт л дуртай даа… ккк

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Маш хурдан гүйлгэж унших, эсвэл дахин дахин унших гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Ихэнх номыг гүйлгэж уншаад таалагдахгүй бол хандивын номын хайрцагтаа хийчихдэг. Таалагдсан номоо авч үлдэн байнга уншдаг. Охиндоо зориулан шилдэг 99 номоор бүтсэн номын сан байгуулж өгөх гэж байгаа. Тэр номоо шилж олохын тулд 90 мянган ном унших шаардлагатай шүү дээ.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

Надад уран бүтээлээ үзүүлдэг залуу уран бүтээлчдийн бүтээлийн эхний гурван хуудсыг уншаад түүний авьяастай эсэхийг шууд ойлгодог болсон. Түүн шигээ бусдын зохиолын эхний хуудсыг уншаад тэр номыг авах эсэхээ шийддэг. Тиймээс эхний хуудас л чухал гэж хэлнэ дээ.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Зарим номыг 00-доо тавьчихаад хааяа харж байхад зүгээр байдаг. Сайн номуудаа орныхоо эргэн тойронд тавиад хэвтэх боломж гармагц уншдаг даа. Саяхан нэг ном олсон. Тэр номыг хоёр хуудас уншихаар нойр хүрээд унтаад өгдөг нь хөгжилтэй санагдсан. Яагаад тэгж нөлөөлөөд байгааг ойлгоогүй.  

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

Худалдаанд гарсан бүх номыг худалдаж авдаг уншдаг хүн сайн уншигчид тооцогдохгүй. Сайн номыг сонгож авч чаддаг уншигчийг сайн уншигч гэж хэлж болно.

Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Уран бүтээл хийж явахад бичсэн ном бүр зохиолчийг өөрчилж, сайжруулж, шинэ түвшинд аваачиж байдаг. Тэр л их сонирхолтой санагддаг шүү. Тиймээс миний өөрийн бичиж буй уран бүтээлүүд л намайг өөрчилж байдаг гэмээр санагдчихлаа.

Та хамгийн анхны бүтээлийнхээ тухай, тэр үеийн дурсамжаа хуваалцаач

Сургуульд байхдаа бичсэн зохион бичлэгүүд маань их алдартай байлаа. Тэр л миний анхны уран бүтээлүүд байх даа.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

Шинэ номоо гаргачихаад дэлгүүрүүдэд хүргэж явахдаа уншигчид яаж хүлээж авах бол гэж их түгшдэг. Уншигчид маань гайхаж, ямар сонин зохиол вэ гэж хэлж байвал надад барагдашгүй их мөнгө олчихсон мэт кайфтай байдаг. Энэ хоёр л уран бүтээлч хүний сайхан болоод сонин тал юм даа.

Сүүлийн үед зохиолчид маань түүхэн роман их бичих болсны шалтгаан юу вэ?

Надад түүхэн зохиол гурав байдаг бөгөөд бодит баримтаас гажиж болдоггүй, роман дотроос хальж болдоггүй учраас түүхэн зохиол бичих таалагдаагүй. Харин “Цасан уулс”, “Шамбалын цэнхэр салхи” шигээ фантастик, ер бусын зохиол бичихийг хүсдэг.

Та одоогоор хэдэн ном  хэвлүүлээд байна. Хамгийн сүүлд ямар роман гаргасан бэ. Хамгийн сүүлд ямар  шинэ номоо өлгийдөн авсан байсан?

19 ном хэвлүүлээд байна. Хамгийн сүүлд “Хэнгэрэг” романыхаа гуравдугаар дэвтрийг хэвлүүллээ.

Зохиол бичсэний дараа таньд ямар мэдрэмж үлддэг вэ?

Бүтэн сар юу ч бичиж чадахаа болиод хоосорчихдог. Тэр үедээ ном уншаад л хэвтчихдэг юм. Ерөөс би диваажинг сайн ном өрчихсөн, сайхан киноны цуглуулгатай өрөөгөөр төсөөлдөг шүү…ккк

Та аль романдаа илүү хайртай вэ? Онцолсон зохиол байдаг уу? Ер нь таны бүтээлүүдээс хамгийн хамгийн… гэвэл ямар номоо нэрлэх вэ?

“Улаан судар”, “Хагацсан нутаг”, “Ордон” гэсэн гурван номондоо л хайртай даа. Гэхдээ түүнээс илүү бичих ёстой гэдгээ байнга өөртөө сануулдаг.

Таны уран бүтээл романаар зогсохгүй өгүүллэг туужийн хэд хэдэн ном гаргасан бий. Тэдгээр номныхоо тухай

Надад 30-аад тууж, таван роман, дөрвөн кино зохиол, гурван жүжиг бий. Түүнийхээ алийг нь ч муу, сайн гэж хэлж чадахгүй. Бүгд л миний хайртай “хүүхдүүд”.

Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?

Зөгнөлт, ёр шидийн гэмээр зохиол бичиж байна. Энэ зохиолыг бичих гэж гурван жил зүтгэсэн ч болохгүй байгаа учир уншиж, судлах шатандаа л явж байна даа. Нэг л өдөр бичиж дуусгах байх. 

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү?

Яг одоо бол нэг хүнтэй хамтарч бичсэн “Сэтгэл бүтэн амьдрал” гэдэг туужаа уншиж, хэвлэлтэнд бэлдэж байна.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Орчуулгын сайн бүтээл гараасай л гэж бодож байна.

Таны ширээний ном?

Расул Гамзатовын “Миний Дагестан”, буддын сургаалиуд  

Унших дуртай зохиолч

Дамбын Төрбат зохиолчийн 12 жилээр нэрлэгдсэн романуудад дуртай.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монголынхоо түүх домгийг цуглуулдаг. Тиймээс миний хамгийн том номын сан бол монголын үүх түүх, судар бичиг, хууч ярианууд юм даа.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол миний хаан ширээ гэж Шекспир хэлсэн байдаг. Түүн шиг миний хайртай хүмүүсийн дараа ордог зүйл бол ном юм. Тиймээс сайн номууд олшрох болтугай.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B