Ном бол миний хувьд тархи сэтгэлгээний тэжээл юм даа…
Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?
Анх найман настайдаа үсэглэлийн баяр хийх гэж байхад 1-р ангийн багш минь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” номыг надад уншуулахаар өгч номтой танилцаж байлаа. Түүнээс хойш номонд дуртай болсон. Гуравдугаар ангид байхдаа гэрийн номын санд байсан “Монголын нууц товчоо”-г уншаад их гүн сэтгэгдэл төрж байлаа. Үлгэр мэт, үнэн түүх мэт гайхалтай санагдаад ааваасаа “Чингис хаан гэж хүн үнэхээр байсан уу?” гэж асуусан. Тэр үед Чингис хааны тухай хамаагүй ярьдаггүй цаг үе байлаа шүү дээ. Аав минь ийм бага хүүхэд тийм том ном уншсанд гайхсан бололтой над руу хараад “Үнэн байлгүй яах вэ. Энэ номонд бичсэн бүгд үнэн түүх. Чингис гэж монголчууд бидний Их хаан” гэж хэлсэн нь одоо ч санаанд тодхон байдаг даа.
Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн бэ?
МУИС-ийг банк санхүүч мэргэжлээр 1994 онд, Шведийн Стокгольмийн Их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр цолтой 2002 онд төгссөн. Тэр цагаас хойш банкны системд 30 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжилдээ дуртай, салбартаа хайртай.
Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.
Багадаа би геологич болно гэж мөрөөддөг байсан. Тэр ч яахав хүүхдийн гэнэн дэврүүн зангийн хийсвэр мөрөөдөл байсан байх. Ер нь байгальд ойр байх дуртай, тэгээд геологич болно гэж түүнийгээ л илэрхийлж байсан хэрэг болов уу гэж одоо боддог юм. Дараа нь ахлах ангид эмч болно гэж шийдээд уралдаант шалгалтанд орох гэсэн ээж маань “Чи эмч болох хүн бишээ, чам шиг эмзэг хүүхэд өвчтэй хүн бас үхэл зовлонд ойр байж чадахгүй” гэж хориглоод Анагаахын сургуульд оруулаагүй. Одоо би ээждээ баярладаг. Эх хүн хүүхдээ мэддэг л юм байна гэж. Би яав ч эмч болох хүн биш. Их романтик дэврүүн хүн шүү дээ. Банкирч бас миний өөрөө сонгосон мэргэжил биш. Гэхдээ эдийн засгийн бүх салбарыг дэмжин зээл санхүүжилтээр том том бүтээн байгуулалт хийж болдогийг харж, харилцагчдынхаа бизнесийг хэрхэн өсөж дэвжиж байгааг харж түүнээсээ урам авч ажилладаг. Тиймээс би банкир болсондоо баяртай байдаг. Сайхан мэргэжил. Манай салбарынхан яах аргагүй Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлж яваа хүмүүс. Энэ жил Монгол улсад орчин цагийн банк байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа.
Сүүлд шинээр мэндэлсэн бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
Би “Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүвэр, “Алганы хээ” хоймсон роман, “Сүүтэй уулын савдаг” роман, 2021 онд “Талд өдөлсөн хун” романаа гаргаж уншигчдын хүртээл болгосон.
Яагаад “Талд өдөлсөн хун” гэж номоо нэрлээ вэ гэж олон хүн асуудаг. Монголын тал нутагт өд сөд нь гүйцэж Дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр од болон гялалзаж буй балетчин хүний тухай ном юм. Эхлээд зүгээр л балетчин бүсгүйн тухай бичсэн боловч нэг л дутуу болохгүй байсан тул бүтэн жил гацаад сүүлдээ бичихээ ч больсон байсан. Тэгээд би их бодсон л доо. Яагаад талын малчин монголчуудаас сонгодог урлагийн одод төрөөд байна вэ гэж. Нууц нь ердөө л тал нутаг, монголын язгуур урлаг бий биелэгээ юм билээ. Тэр дундаа баруун монголчуудын бий биелэгээ бол гайхалтай. Энэ бүх язгуур өв соёл тэр нарийн сонгодог урлагийн суурь болсон байхад түүнийг орхичихоо балетчин хүнийг яаж бүрэн дүүрэн урлах вэ. Тэгээд л роман маань баруун монголчууд түүний дотроос торгууд түмний үүх түүх, бий биелэгээ рүү ороод явчихсан. Романдаа гол баатрууд болох торгуудын гүнж биелээч Уран Дунгаа, өнөө цагийн алдартай балетын од Үүрийнцолмон гэж хоёр бүсгүйн хувь тавиланг өнгөрсөн одоо хоёр цагт өрнүүлж “Алтайд өргөсөн цацал”, “Хунгийн даль хугарах учиргүй” хэмээн хоёр бүлэг болгон номоо дүүргэсэн дээ. Энэ номыг бүтээх явцад их сонин гайхалтай зүйлүүд надад олон тохиолдсон. Тэр тухай номныхоо өмнөтгөл үгэндээ тодорхой бичсэн байгаа. Яагаад ч юм ном бүтээл жамаараа төрөхөөрөө зохиолчийн сүнслэг мэдрэмжийг сэрээдэг шиг санагдсан. “ТАЛД ӨДӨЛСӨН ХУН” бүтээл маань тийм сүнслэг торгон мэдрэмжээр бичигдсэн зохиол гэж би боддог. Гол дүр Үүрийнцолмон маань эмзэг нандин, гоц хэтийдсэн авьяас билигтэй бүжигчин хүн. Бас энэ номондоо би ямар ч нөхцөл болзолгүйгээр буюу хэн нэгнийг яг байгаагаар нь хайрлах агуу өгөөмөр хайрыг түүний дотоод ертөнцөөр нээхийг оролдсон. Мөн энэ номоороо “Бүжиг гэдэг нь уран биеийн төдийгүй ухаан тархины урлаг. Хайр бол зүрх сэтгэлийн бүжиг юм” гэдгийг л гаргасан болов уу гэж боддог.
Та өөрөө уншигчийн хувьд юуг эрж , хайж байдаг вэ?
Уншигчийн хувьд номноос ухаарал, уярал, тайвшрал эрж хайж уншдаг даа. Би их уяхан хүн уншиж буй номныхоо өрөвдөлтэй хэсэг дээр самсаа шархираад уйлчихдаг. Зохиолч хүний хувьд номыг бас арай өөр нүдээр өөр өнцгөөр гэх юмуу, зохиолын хэл бичлэгийн онцлог, дүрүүдээ хэрхэн гаргаж, утга найруулгын хувьд ямар онцлогтой ном бэ гэх мэт дээр төвлөрч уншдаг.
Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?
Уран бүтээлийг минь магтсан үзэг нэгт зохиолчид түүний дотроос номын багш Төрийн шагналт зохиолч Д.Норов абугай “Чи дүрүүдийнхээ дотоод сэтгэл рүү өнгийсөн байгаа чинь, дүрээ амьдруулж урладаг чинь их сайшаалтай” гэж хэлж байсан нь ямар ч том шагналаас илүү онцгой мэдрэмж төрүүлж байлаа. Бүх номнууд маань номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай болоод байснаас тэгсэн үү, хэн ч мэдэхгүй шинэ зохиолч уншигчдын анхааралд өртсөн болохоор тэгсэн үү нэг хэсэг 2017 оны хавьцаа байх Батсуурь гэх шүүмжлэгчээс номын шүүмж гэхээс илүүтэй зохион байгуулалттай дайралт маягийн бичвэр гаргаж байсан нь олныг их шуугиулсан. Тухайн “шүүмжээс” би улам сайн бүтээл туурвих ёстой юм байна. Надад төрмөл авьяас байдаг, би сайн зохиолч болж чадна гэж л хурцлагдсан.
Хувь хүний хувьд би чинь багаасаа дандаа магтуулж явснаас нэг их муулуулж үзээгүй хүн. Эгч маань “Чи жаахан онгироо” гэх мэтээр энэ ихэдсэн магтаалыг тэнцвэржүүлдэг ганц хүн минь.
Таны одоогийн мөрөөдөл? Нууц биш бол мөрөөдлөө бидэнтэй хуваалцаач
Монголын нийгэм эдийн засгийн сүүлийн 30-аад жилийн амьдралд суурилсан (зүйрлэвэл Туркийн Орхан Памукийн Цас роман шиг) нэг сайхан роман бичихсэн, түүнийгээ кино болгохсон гэж мөрөөддөг. Мөн 8000 метр өндөр ууланд авирахсан гэж бас мөрөөддөг дөө.
Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?
Ууланд алхах, хөгжим сонсох. Гэр бүлийнхэн минь хайртай хүмүүс, үр хүүхдүүд минь. Сайхан дарс гээд зөндөө олон юм бий.
Багадаа хэр ном уншдаг хүүхэд байв.
Номын хорхойтон хүүхэд байлаа. Хөнжил дотроо ээжээсээ нууж гар чийдэнгийн гэрэлд ном уншина гэхээр номонд хэр дуртай байсан нь ойлгогдох байх.
Ном унших дадал хэзээнээс хэрхэн тогтсон бэ?
Бүр багаас хүүхэд байхаас л ном унших хэвшилтэй болсон. Хөдөө буурал ээж (эмээ) дээрээ амрахдаа хүртэл ном бариад суучихна. Гэр зуур гал тогооны ажилд дургүй хэрээр номоо л уншиж сууна. Манайхан ч эвлэрсэн надад хэн ч саад болохгүй номыг минь л уншуулна. Сүүлд гадаадад оюутан байхдаа галт тэргэнд олон цаг явдаг. Тэгэхдээ ном уншина. Одоо бол урдаа хундага улаан дарс эсвэл аяга кофе тавиад унтлагийнхаа өрөөнд томоос том бүрхүүлтэй гэрлийн дор номоо унших наддаа л жаргал бас тансаглал юм даа.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Дэлхийн ялангуяа Оросын сонгодгуудыг (Толстой, Чехов, Достоевский, Тургенев гм) орос хэлний ачаар бага залуудаа уншсан. Одоо ч уншихдаа уйдахгүй. Унших бүртээ л шинэ зүйл нээж олох шиг болдог.
Ер нь сайн сонголт хийхийг хичээдэг. Одоо бол орчин цагийн алдартай зохиолчид, Нобелийн шагналтнуудын бүтээлийг унших дуртай. Ялангуяа тэр жилийн Нобелийн шагнал авсан зохиолчийн 1-2 номыг заавал тэр жилдээ уншиж үздэг. Энэ жил 2023 онд Нобелийн шагнал авсан Норвегийн зохиолч Олаф Фоссегийн Morgon och Kväll (Өглөө ба Үдэш) номыг нь швед хэлээр уншлаа.
Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ном?
Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” амьдралын философийг ойлгоход, уран бүтээлчийн хувьд Дармын Батбаяр абугайн эссенүүд буюу “Навчисын хүүрнэл” уран бүтээлч хүний зөн совин мэдрэмжээ нээж олоход их нөдөө үзүүлсэн.
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?
Романтик хайрын төрлийн ном байна.
Багадаа уншиж байсан номныхоо хамгийн хайртай зохиолын баатар тань хэн байв.
Одоо санаанд орж буй нь “Буратинод тохиолдсан адал явдал ном”-ны Буратино, Мальвина.
А.C.Пушкин “Дубровский” туужийн Дубровский гэх мэт байна даа.
Энэ их ажлын хажуугаар ямар ном уншиж байна уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?
Яг одоо Орхан Памукийн “Миний нэр улаан” романыг уншиж байна. Дараа нь “Араатан” гээд испани хэлнээс Нямдоржийн орчуулсан номыг уншихаар ширээн дээрээ гаргаад тавьсан байна.
Таны унших дуртай ширээний ном?
“Шидэт хүүрийн үлгэр”. Мөн “Жангар тууль” энэ бүтээл бол бурхан шашин гэхээс илүү миний шүтээн гэж хэлж болно. Монголд хамгийн олон бүлэгтэй Жангарын судалгааг хийсэн өндөр нагац, ахмад зохиолч Д.Сурьяагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан үр хүүхдүүд нь хэвлүүлсэн энэ бүтээл Юнескод Монголын соёлын өвөөр бүртгэгдсэн.
Та ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ?
Уран зохиолын ном бол бүх л төрөл хэлбэр, роман, шүлэг яруу найраг, өгүүллэг гээд төрөл харгалзахгүй. Мэргэжлийн номнуудаас менежментийн ном сонирхон уншдаг. Мөн сүүлийн үед шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэвшлийн тухай ном, сэтгэл судлалын тухай илүүтэй сонирхон уншиж байна.
Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
Маш олон ном байна. Дэлхий нийтийн уран зохиолын чиг хандлага маш их өөрчлөгдсөн байна. Их өвөрмөц бичлэг хэл, зохиомжтой номнууд уншигчдын анхааралд ордог болсон байна. Энэ чиг хандлагатай хөл нийлүүлэхийн тулд AMAZON, Нью-Иорк Таймсийн бестселлэр номнуудыг захиалж их уншдаг. Шуудангаар ирж буй хоёр номоо уншихаар тэсэн ядан хүлээж байна. Тэр нь Нью-Иорк Таймсийн шилэг борлуулалтанд 1 гаруй тасралтгүй багтаж буй Ребекка Ярросийн Fourth Wings, Кристин Наннагийн “The Woman” зэрэг номнууд байна.
Ямар зохиолчийн номыг унших дуртай вэ?
Тэр энэ гэж ялгахгүй. Өөрт сонирхолтой гэж үзсэн бүх зохиолчийн номыг уншдаг.
Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?
Галт тэргэнд унших дуртай. Түрүүн бас ярьсан унтлагийн өрөөнийхөө жижиг буйданд тухлаад унших сайхан.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Тэр энэ гэж нэрлэмээргүй байна. Уншиж буй хүн л тусгаад ухаараад авбал ном бүрт хүнд ухаарал хайрлах ядаж ганц болтугай санаа байдаг.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол миний хувьд тархи сэтгэлгээний тэжээл юм даа.
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.