Ном бол миний хувьд цаг хугацааг нэвтлэн ярилцах чимээгүй анд төдийгүй оюуны гэгээ асаагч, сэтгэлийн замч юм.

Ном бол миний хувьд цаг хугацааг нэвтлэн ярилцах чимээгүй анд төдийгүй оюуны гэгээ асаагч, сэтгэлийн замч юм.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад  танилцуулаач?

Сайн байна уу. Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Түвдэндоржийн Батбямба гэдэг.  ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг. Хэл шинжлэлийн ухааны доктор.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаарх дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?

Миний санаж байгаагаар нэгдүгээр ангид ороод, монгол бичгийн цагаан толгойтой анх танилцсан. Тухайн үед монгол бичгээр бичсэн хичээлийн сурах бичгүүдээс өөр хүүхдийн ном уншиж байснаа санахгүй байна. Магадгүй ховор ч байсан байж мэднэ. Харин “Унших бичиг 1” гэсэн гэзгээ 2 салаа боосон охины ном уншиж буй зурагтай цагаан хавтастай номыг сайн уншсан. Тэр номд байсан “Ах дүү 2” хэмээх үлгэрийг өдгөө хүртэл санаж, шөнө дөлөөр дүүгийнхээ амбаарт будаа хүргэсэн ахын зөв үү? Ам бүл олон ахдаа будаа зөөж хүргэсэн ганц бие дүүгийн зөв үү? хэмээн бодож явдаг.

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

Би Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна вэ?

Би яагаад монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийг сонгосон юм бол доо хэмээн хожим их гайхаж, өөрөөсөө битүүхэн асуугаад л байсан юм. Учир нь манай ээж, эгч хоёр хими, биологийн багш мэргэжилтэй, насаараа багшилсан хүмүүс. Гэтэл би өөр хичээлийг сонирхсон байх юм. Тэгээд нэг өдөр бага байхдаа бичиж байсан тэмдэглэлийн дэвтрээ нээгээд, үзэж байтал “Би 4-р ангид сурдаг. Би МХУЗ-ын багш болох мөрөөдөлтэй.” гэсэн байсан. Тэгэхээр багаасаа энэ мэргэжлийг эзэмшихийг хүсэж байсан учраас дээрээс ивээж, зам мөрийг тэгшитгэсэн гэж боддог. Одоогоор миний үндсэн ажил багш биш боловч, төгссөн сургуульдаа цагийн гэрээт багшаар ажиллаж, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Гадаад хүнд зориулсан хэл соёлын хичээл”-ийг заадаг. Би багшийн ажилд маш их дуртай.

Хүн бүр өөр өөр ном унших арга зүй, дадлыг эзэмшсэн байдаг. Таны хувьд

Би зохиогч, номын нэр, гарчиг, номын сангийн ДДС ангилал, өмнөх үг, ном зүй, хавсралт гэх мэт номын ерөнхий мэдээлэлтэй эхлээд танилцдаг. Улмаар гарчгаас нь өөрийн хайж байгаа бүлэг, хэсгүүдийг тэмдэглээд, уншдаг. Хэрэгтэй хэсгийнхээ хуудсыг ажлын дэвтэртээ “энэ судалгааны өгүүлэл, илтгэлд хэрэглэгдэх санаа байна”, “эшлэл эндээс авах юм байна” гэх мэтээр тодотгож тэмдэглээд, дараа нь ашигладаг. Би мөн уншсан номынхоо талаар бусдад ярьж өгч, санаа бодлоо солилцохыг илүүд үздэг. Оюутнууддаа ерөнхий сайд асан Ж.Амаржаргалын ном унших арга зүйн талаарх сонирхолтой ярилцлагыг уншуулж, тэдний ном унших арга зүйтэй харьцуулан, ярилцдаг.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Ронда Берний “Нууц” (The Secret) хэмээх номыг нэрлэж болно. Тус ном “Татах хүчний хууль буюу та юуг хамгийн ихээр бодож, мэдэрч байна, тэр л зүйл таны амьдралд татагдан ирдэг гэсэн үзэл санаа дээр суурилдаг бөгөөд эерэг хандлага, хүсэл мөрөөдөлдөө итгэх итгэл, талархал зэрэг нь амьдралыг өөрчлөх түлхүүр гэж үздэг учраас өөрийгөө таних, өөртэйгөө ярих боломжийг надад олгосон. Иймээс би миний амьдралын явцад үргэлж зөвөөр нөлөөлсөн ном гэж боддог.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол.

Хүндрэлтэй нөхцөлд шийдэл санал болгож, амьдралд хэрэгжүүлж болох алхмуудыг санал болгодог практик гарын авлага, эсвэл хүмүүст өөрийгөө ойлгож, тэдэнд урам зоригийг өгөхийг зорьдог хувь хүний хөгжлийн ном байх болов уу гэж бодож байна.

Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан вэ?

Хамгийн сүүлд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 85 нэр томьёоны стандартын 10387 нэр томьёог хэлний хэм хэмжээ, стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг судлан шинжилж бичсэн бүтээл болох “Монгол нэр томьёоны стандартын судалгаа” /2024/ бүтээлийг уншсан. Эх хүний хувьд оюун санаагаа хэрхэн зохион байгуулах, хөтлөх, сэтгэлгээний зуршлыг өөрчлөх талаар илүү практик, бодит жишээн дээр тулгуурласан, амжилтад хүрэхийн тулд хүний дотоод ертөнц хэр чухал болохыг онцолсон “цойлогсод” хэмээх номыг уншсан.

Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Судалгааны ажил хийдэг хүний хувьд заавал унших шаардлагатай номууд байдаг. Миний хувьд цахим санд суурилсан сурах бичгийн хэлний болон нэр томьёоны судалгааг тооцоо хэл шинжлэлийн үүднээс хийж байгаа учраас холбогдох судалгааны бүтээлүүдийг цаг алдалгүй уншихыг зорьдог. Харин хувь хүнийхээ хувьд ном сонгож уншихад цаг үеийн хэрэгцээ шаардлага, сэтгэл хөдлөл нөлөөлдөг гэж бодож байна. Шинэ зүйл сурч, мэдэж авах гэж байгаа бол мэдлэгийн ном, шинжлэх ухааны номыг, өөрийгөө ойлгох, хөгжүүлэх гэж байгаа бол сэтгэл зүй, гүн ухаан, хувь хүний хөгжлийн ном, сэтгэлээ тайвшруулж, амар амгаланг мэдрэхийн тулд уран зохиолын ном уншиж болно. Гэхдээ агуулгын хувьд олон хүний амьдралд нөлөөлсөн гэж үнэлэгдсэн эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага, судлаач, зохиолчийн бүтээлийг уншихыг чухалчилж үздэг.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Хамгийн гол нь мэдлэгийг тэлж өгдөг. Өөрөөр хэлбэл аливааг харах өнцгийг тэлдэг нь ном уншихын хамгийн чухал утга учир гэж боддог. Мөн ном уншсанаар өөр соёл, нийгэм, түүхийг ойлгож, өөр үзэл бодол, хувь тавилантай хүмүүсийг ойлгож, уужуу, хүлээцтэй болоход тусалдаг.

Таны хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Хүмүүс өөрт чухал зүйлсийнхээ талаар асууж, итгэл хүлээлгэж, оюун санаагаа надтай хуваалцаж, ярилцаж байгаа нь надад утга учиртай. Энэ бүхэн “би хэрэгтэй байна, үнэ цэнтэй байна” гэдгийг мэдрүүлдэг. Мөн хэн нэгэнд шинэ зүйл ойлгуулж чадсан, сэтгэлийг нь уужруулсан, эсвэл урам зориг өгсөн нь миний амьдралд хөг нэмж, өөртөө итгэх итгэлийг бадрааж, сэтгэлийг маань хөглөдөг. Эндээс би өөрөө урам зоригоо бас бадраадаг.

Таны ширээний ном?

Ер нь бол ширээн дээрх хамгийн чухал “ном” бол магадгүй өөрийн бодол, ажиглалт, уншсан зүйлсээ бичиж тэмдэглэдэг тэмдэглэлийн дэвтэр байх. Учир нь өөрийнхөө дотоодтой харилцаж, хөгжүүлж байдаг амьд бичмэл ном бол “тэмдэглэлийн дэвтэр” юм.

Судалгааны ажил хийдэг учраас хэл шинжлэлийн номууд ширээн дээр үргэлж хэрэглэгддэг. Өнөөдрийн хувьд МУБИС-ийн Монгол хэлний тэнхимээс эрхлэн гаргасан “Орчин цагийн монгол хэл” ном болон миний судалгааны ажлын гол эх хэрэглэгдэхүүн болсон 1-5 ангийн “Монгол хэл” сурах бичиг ширээн дээр байна. Тус ОЦМХ ном нь монгол хэлний онол, хэрэглээний бүхий л чиглэлээр гүнзгий мэдлэг олгох зорилготой, их дээд сургуулийн оюутан, судлаач, багш нарт зориулсан чухал бүтээл юм.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Монголын нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчений бүтээлүүдээс бүрдсэн “Улс Монголын залуучууд эрдэмтэй байх ёстой” (О.Шинэбаяр эмхэтгэв) хэмээх эмхэтгэлийг санал болгож байна. Энэхүү ном нь залуусыг эрдэм боловсролтой, эх оронч, сэтгэлгээтэй иргэн болохыг уриалсан санааг агуулдаг төдийгүй залуу үеийнхэнд зориулсан урам зориг, ухаарал өгч, эрдэм мэдлэгийн үнэ цэнийг ойлгуулахад чиглэсэн найруулал, нийтлэл, өгүүлэл зэрэг бүтээлүүдийг багтаасан бүтээл юм.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ? гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл 

Ном бол миний хувьд цаг хугацааг нэвтлэн ярилцах чимээгүй анд төдийгүй оюуны гэгээ асаагч, сэтгэлийн замч юм.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн