Ном бол тархи оюун, сэрэх мэдрэхүйн түлхүүр. Энэ түлхүүрийг хүзүүндээ зүүж юм уу, гартаа ямагт атгаж яваарай.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сайн, сайн байна уу. Танд бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?
Миний нэрийг Эрдэнэбаярын Гантулга гэдэг. Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Нийгмийн редакц”-д сэтгүүлч, редактораар ажилладаг.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү!
Ер нь бол сургуульд ороод л номтой танилцсан. Түүний өмнө үлгэрийн номууд маш сонирхолтой санагддаг байлаа. Миний үеийн бага ангийн сурах бичгүүд зураг сайтай, бас унших шүлэг зохиолууд сонголт сайтай байжээ. Би зураг зурах дуртай хүүхэд байсан болохоор зураг нь илүү намайг татсан гэх үү. Түүнд нь шууд татагдсан байх. Бага анги арван жилдээ унших бичгийн шүлгүүдийг бүгдийг нь цээжилчихдэг байсан. Шүлэг цээжлэхээс минь эхлээд ном намайг татаж эхэлсэн. Шүлэг цээжилдэг сайн хүү байна гэж намайг “ном” тоосон юм болов уу…(инээв)
Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?
Би Сэтгүүл зүйн мэргэжлээр төгссөн. Дараа нь ХАБ–ын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?
Мөрөөдлийг би хүүхэд насанд илүү тод төөнөдөг итгэлийн гал гэж ойлгодог. Би багаасаа зураач болно гэж боддог байсан. 10 дугаар ангиа төгсөөд зургаар конкурс өгсөн ч зургийн сургуульд орж чадаагүй. Тэр үед Их Монгол дээд сургуулийн элсэлт явагдаж, тэнд хотоос хэдэн багш нар ирж хүүхдүүдийг шалгаж авч байсан юм. Тэр дунд Пүрэвхүүгийн Батхуяг багш хэл уран зохиолын хүүхдүүдийг шалгаж байсан. Ингээд л миний Сэтгүүл зүйн чиглэлээр сурах шалтгаан минь эхэлсэн дээ. Тухайн үед П.Батхуяг багшид жаахан тоогдсон гэх үү дээ. Хувь тавилан цэцэн гэдэг байх аа. Одоо би энэ мэргэжлээрээ ажиллаж байна.
Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?
Миний уншсан шүлгийн анхны ном Бавуугийн Лхагвасүрэнгийн Уянгын тойрог. Бас хавтас нь урагдаад зарим хэсэг нь алга болчихсон их зузаан ном байсан. Маш олон зохиолчийн бүтээлтэй. Тэр ном бол Х.Зандраабайдий гуайн эмхэтгэсэн Монголын зохиолчдын анатологи байсан. Тэр ном намайг шүлэг, яруу найрагт шимтүүлсэн.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Дадал гэхээсээ илүүтэй дур сонирхол гэдэг зүйл хазаар ногт нь болсон юм уу. Олон дахин хазаарлаж ногтлоод ирэхээр өөрөө дадал болдог. Номыг хазаарлаж ногтолно гэдэг нь номд хүрэхээс эхлээд сөхөх, цаашлаад унших.
Та номыг хэрхэн уншдаг вэ?
Барин тавин уншдаг. Нүдэндээ ил газар байлгадаг. Ном харагдаж буй цагт түүнийг барьж аваад уншина гэсэн үг. Шүлгийн номыг зэрэг уншвал сонирхолтой мэдрэмжүүдийг өгдөг. Хоёр өөр өнгийг сүлж, томж уншдаг гэх үү. За үргэлжилсэн үг бол өөр шүү. Тогтож сууж, өөрийгөө чөлөөлж уншина.
Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?
Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг тамир” роман. Энэ номыг уншихаар өвөг дээдэс, нутгийнхаа хээгүй хэрнээ хэвлүүн догь ах нартайгаа худгийн бүүрэг дээр уулзах шиг болдог. Бас цусанд, цөсөнд “монгол” гэсэн юм мэдрүүлээд байдаг. Тэр бол түүний үгийн сонголт харилцан ярианууд, дүрүүдийн дүр төрхүүд. Өөрчлөх гэхээсээ илүү өөрөө өөрийгөө танихад минь нөлөөлсөн юм болов уу.
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал юу байдаг вэ?
Сайхан гэвэл сайхан, муухай гэвэл муухай шүү дээ. Хүн ер тийм ч сайхан амьтад биш гэдгийг шууд бодит амьдралаас бэлээхэн харж болно. Тэр тусам яг энэ цаг үе бол хэт хүйтэн юм шиг санагддаг. Гагцхүү үүнийг сэтгэлийн гоо сайхан, уран бүтээлчдийн гэгээн үзэл бүгээнтүүлж, бүлээсгэж яваа гэж ойлгодог шүү. Энэ бол уран бүтээлчийн сайхан нь байх. Сөрөг гэвэл тэд угаасаа салхи өөдөө явах дуртай хүмүүс.
Та хэдэн настайгаасаа яруу найраг бичиж эхлэв?
Гуравдугаар ангидаа анхны шүлгээ бичсэн. Яруу найргийн “Яргуй” гэж дугуйлан манай сургуульд байгуулагдаад тэнд анх намайг бага ангийн Батсайхан багш маань хөтлөн оруулж “Миний шүтээн” гэж шүлэг бичиж байсан минь санаанд шууд бууж байна. Ээжийгээ л бичсэн санагдана.
Анхны номоо яагаад “Тээр тэнд…” гэж нэрлэсэн тань их сонирхолтой байна?
Монголын уран зохиолын 80–аад оны төлөөлөл Завхан нутгийн яруу найрагч Бороохойн Батхүү ахтай танилцаад удаагүй үе. Анхны номоо гаргах санаатай нооргоо бариад явж байтал СУИС–ын хажууд ахтай тааралдаад, навтаргаа үзүүллээ. Тэгэхэд номын нэрээ өгөөгүй явж байсан юм. Батхүү ах үзэж байснаа гар нь гозгонож ирээд “Тээр тэнд л…” юм байна гээд “Тээр тэнд” гэж шүлгийн маань нэрээр нэр хайрласан даа. Тээр тэнд… гэхээр говь тал нутаг минь харагдаад байдаг юм.
Шүлэг бичсэний дараа танд ямар мэдрэмж үлддэг вэ?
Бороо орсны дараа ямар байдаг билээ. Яг тийм…
Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?
Би чинь говь талынхаа намхан бор толгод шиг хүн шүү дээ. Үсэрч цовхчоод, үглэж янших дургүй. Хааяа манай эхнэр намайг хүүхэд шиг ш дээ гэдэг юм. Үе үе сэтгэл хөдлөлөө тэгж гаргадаг юм байлгүй.
Орчин үеийн зохиолчид монгол хэлнийхээ яруу тансаг үгсийг хэрэглэх нь багасжээ. Энэ талаар таны бодол?
Монгол үг бүдэгтэх нь хэт суурьшмал сэтгэлгээ рүү тэмүүлснийх. Тэр монгол үг чинь хөдөө л байдаг юм. Энгийн яриандаа элдэв хачиргүйгээр эгнүүлээд л хэлчихдэг өвгөдийн ухаанд байжээ. Одоо хөдөө газрын үг ч өргөстөө мод болж байгаа цаг. Үүнийг монгол зохиолч, монгол зохиол л аварна.
Сүүлийн үед ямар зохиол бичих гэж төлөвлөж байна вэ?
Яруу найргийн түүврээ хэвлэлд бэлтгэсэн. Ганц нэг богино өгүүллэг оролдож, ноцож байна.
Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл ?
Сүүлийн үед орчуулгын ном, зохиолууд маш ихээр гарч байна. Хамгийн гол нь сайн орчуулагчийн номыг шилж унших нь чухал. Монголын уран зохиолын ланжгаруудаа уншиж барахгүй л байна. Хятадын зохиолуудыг сайн байна гэж нэг номын эрхмээс сонссон тэднийг нэн түрүүнд шагайх хэрэгтэй гэж зөвлөж байна билээ. Төлөвлөхөөс илүү төвлөрч уншихыг хичээж байна.
Таны ширээний ном?
Д.Хүрэлбаатарын “Дорно цаст”, Дандины “Зохист аялгууны толь” зэрэг утга найруулга, гүн агуулгын бүтээлүүд байна.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол ?
Мэдээж яруу найраг.
Ном уншихын утга учир ,үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Хамгийн наанадаж хүнтэй зөв харьцаж сурна. Өөртөө итгэх итгэлийг олж авдаг болов уу гэж би боддог. Заавал зохиолч, яруу найрагч гэхээр ном унших ёстой гэсэн ойлголт огт биш өөртөө оюуны хөрөнгө оруулъя гэвэл та унших хэрэгтэй. Ном уншихын үнэ цэнийг юутай ч зүйрлэх билээ.
Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв дурсамжаа хуваалцахгүй юу ?
Сургуулийн номын сангаар хааяа л ордог байсан. Тийм ихээр ном уншаад байсан гэж худлаа яриад яахав. Тэгэхдээ “Монголын нууц товчоо”–гоо бүрэн уншчихсан байсан. Номд бол хайртай хүүхэд байжээ. Айлын гадаа хаягдсан, үнс хогон дээр гээгдсэн салбархай уранхай номын хуудсууд салхи нь хийсэх нь ямар өрөвдмөөр гээч.
Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ ?
Үнэмлэхтэй үнэмлэхгүй хаанаас ч уншиж болох байх. Гэхдээ чимээгүй хамгийн сайн төвлөрч унших газар бол номын сан.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу вэ? цөөн үгэнд багтааж хэлбэл…
Ном бол тархи оюун, сэрэх мэдрэхүйн түлхүүр. Энэ түлхүүрийг хүзүүндээ зүүж юм уу, гартаа ямагт атгаж яваарай.
Бидний ярилцах сэдэв өндөрлөж байна. Урилгыг минь хүлээн авч цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа.
Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ярилцсан: Номын санч Ж.Мөнхжаргал