Ном бол туулаагүй амьдралаа туулсан мэт, туучаагүй усаа гэтэлсэн мэт гайхамшгийг өгдөг, өөрийн оюун санаа , сэтгэл зүрх, далд ухамсартай өгч болох хамгийн том хөрөнгө оруулалт
Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа
Эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе! “Номын сангийн зочны ярилцлага” буландаа урьсанд баярлалаа. Намайг Бандийн Болормаа гэдэг. 2010 онд Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийг УЗА-сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа л мэргэжлээрээ ажиллаж байгаад 2011 оноос эхлэн Шведийн Хаант Улсад гэр бүлийн хамтаар ажиллаж амьдарч байна. 2008 онд “Намайг эзгүйд” гээд анхны номоо гаргаснаас хойш 13-н жилийн дараа “Зургаа дахь зүгийн хүн” яруу найргийн ном, “Дэлхийн зүрх” богино өгүүллэгийн ном хамтад нь хэвлүүлж Стокхолм хотноо номын нээлтээ хийсэн. Одоо бас “Стокхолмын шүлгүүд” болон “Там халуун” үргэлжилсэн үгийн зохиол маань Польш улсад хэвлэгдэж байна. Нөхөр дөрвөн хүүхэдтэйгээ бас өөрийг минь өсгөж өндийлгөсөн 104 настай буянтай эмээтэйгээ холын холд амьдран суудаг ийм бүсгүй байна.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?
Би таван настайдаа уншиж бичиж сурсан, эмээ маань оройн саалийн дараа сүү хөөрүүлж надад уулгачхаад нүдний шилээ зүүж байгаад үлгэр уншиж өгдөг байлаа. Өвөө маань намайг гуравтайд өөд болсон ч шар шүүгээгээр нь дүүрэн ном үлдсэн, тэр бүх л номыг эмээгээрээ уншуулсан, дараа нь нэлээд том болоод өөрөө уншдаг болсон. Дээрээс нь ээж маань эх баригч эмч мэргэжилтэй болохоор ээжийнхээ шүүгээнээс баахан эмнэлгийн мэргэжлийн номууд ч уншиж байлаа \инээв\
Багадаа чөлөөт цагаа хаана өнгөрөөдөг байсан бэ? Номын сангаар хэр үйлчлүүлдэг байв.
Би чинь хөдөө амьдардаг байсан болохоор цэцэрлэгт яваагүй, гэрийн тэр дундаа эмээгийн боловсролоор хүмүүжсэн. Гэхдээ сургуульд ороод 2-р ангиасаа эхлээд өдөр бүр аймгийн төв номын сан орж ном уншдаг байсан. Бараг бүхий л монгол хэл дээрх номыг уншсан даа. Манай аймаг чинь Баян-Өлгий аймаг болохоор номын санд нь монгол хэлээр бас казах хэлээр номууд байдаг байсан. Сүүлд 6-р ангидаа казах хэл сураад, тэгээд казах хэлээр ч номууд уншдаг болсон доо.
Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан вэ ?
Байнга л уншиж байдаг хүүхэд байсан, сурлагадаа ч сайн байлаа. Хааяа бас зүггүйтнэ ээ, манай аймгийн хамгийн өндөр байшин тэгэхэд таван давхар байлаа, Ангийнхаа охидыг таван орц руу хуваарилж оруулаад, муу гүйдгийг нь хувцас , ном, цүнхээ хадгалуулаад урд талын цэцэрлэгт хүлээлгэдэг байсан. Орж хонх дарж зугтаагаад бүр харуй бүрий болсон хойно харьж, хаагуур яваад ирэв гэхэд Ном уншсаар байгаад ирлээ гэдэг байсан.
Ном унших дадал хэзээнээс хэрхэн тогтсон бэ?
Аливаа зүйлийг хүн байнга хийгээд байхаар маш хурдан дадал болдог. Сар хүрэхгүй хугацаанд л өдөр бүр ном уншаад, номын тэмдэглэл хөтлөөд байхаар сүүлдээ заавал хийх ёстой зүйл мэт, амьдралын нэг салшгүй хэсэг мэт санагдаад янз бүрийн шалтгаанаар хааяа алгасахаар гэмшээд байдаг байсан. Хэн ч намайг унш гэж шахаж шаарддаггүй, онц сур ч гэдэггүй, эцэг эхийн хуралд ч хүн бараг очдоггүй байлаа ш дээ. Гэхдээ л би 3-р ангидаа ном унших дадалтай болчихсон байсан.
Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?
Би чинь Өлгийд 2-р 10 жилийн сургуулийн сүүлчийн 10-р ангийн төгсөгч, дараа жилээс нь сурагчид 11-р ангиар гэж төгсөж эхэлсэн. Ийнхүү 10-р ангиа төгсөөд уг нь ШУТИС-д дизайны ангид тэнцэж элссэн юм. Гэхдээ бас жил бүр аймгаасаа шалгараад хот руу “Хүрэл тулга” наадамд явдаг байсан болохоор Утга зохиолын сургуульд сурах нэг урилгатай байлаа. Дизайны ангидаа бүртгүүлчихээд л УЗНАДС ортол нээлт болж байна, тэнд жил бүр шахуу “Хүрэл тулга”-ын тайзан дээр тааралддаг аймаг аймгийн “мундаг том АУЗ, Соёлын гавьяат”-ууд болох шүлэгч, найрагч хүүхдүүдтэй тааралдлаа. Тэгтэл АУЗ Б.Лхагвасүрэн гуай, П.Бадарч ах, Ш.Дулмаа багш тэргүүтэй ахмад үеийн найрагч нар үг хэлж, шүлэг уншиж байна. Сургуулийн уур амьсгал үнэхээр гоё санагдсан, багш суралцагч гэхээс илүү ойр дотно, халуун дулаан харилцаатай, хөнгөн шоглол, утга яруу үгстэй. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр сонголтоо хийсэн дээ. СГЗ Ший.Цэнд-Аюуш багшийн маань үүсгэн байгуулсан энэ сургуулиас үеийн үед олон сайхан авьяаслаг чадварлаг сэтгүүлч, яруу найрагч, зохиолчид төрөн гарсан байдаг юм.
“Болор цом”-ийн эзэн О.Цэнд-Аюуш манай анги, миний сайн найз. Мөн Болор цомын эздүүд гэвэл яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар, Норовын Гантулга , Шагдарын Лхамноржмаа, Баянмөнхийн Болорцэрэн гээд авьяаслаг яруу нйарагчдыг дурдвал Лхамсүрэнжавын Гантулга, Д.Отгонцагаа, Ш.Анхтуяа, Э.Энхболд, Д.Оюундэлгэр, Г.Нэргүй, Г.Сонинбаяр ах гээд маш урт нэрс үргэлжилнэ, яруу найргийг наадмаар хэмждэггүй ч утга зохиолын мөн чанарыг таньсан, шүлэг яруу найргийг урладаг үгний дархлуул энэ сургуулиас төрөн гарсан.
Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.
Би багадаа яг сэтгүүлч болно гэж боддоггүй байсан. Хуульч цаашлаад мөрдөгч эсвэл өмгөөлөгч болно гэж боддог байлаа. Гэхдээ л хүнд ер нь цаанаасаа өгөгдөл гэж байдаг юм билээ. Маш их хичээгээд байгаа хэр нь гавьдаггүй хичээл математик, огт хичээхгүй байсан ч сайн байгаад байдаг хичээл монгол хэл, монгол бичиг, түүхийн хичээл байсан. Хуульч болно гэсэн мөрөөдлийнхөө дагуу Нийгмийн хичээл сонгон судлаад олимпиадад хүртэл орж медаль авч байлаа. Нийгмийн хичээлээр маш олон өрсөлдөгчтэй, намайг аймгийн олимпиадаас хүрэл медаль авч байхад алтан медаль авсан өөр сургуулийн хүүхэд яг манай хамар хашаанд амьдардаг байсан. Би хичээлээ хийчхээд гадаа гараад тоглож байхад тэр хүү цонхон дээрээ толгой нь данхайчихсан байнга ном уншаад сууж байдаг байсан. Эхний өдөр эсээ бичилтээр би түрүүлсэн ч , дараа өдрийн тест бөхлөлтөөр хожигдож байлаа. Тэгээд бид чинь анхны улаан шугам татаж их, дээд сургуульд элсүүлсэн “туршилтын” үеийнхэн. Би Нийгэм судлалын хичээлээр аймагт 5–д жагсахад надад хүсэн мөрөөдөөд байсан МУИС-ийн ганцхан хуваарь ноогдоогүй, тэгтэл огт бэлдээгүй монгол хэлний хичээлээр 3-т жагсахад МУИС, УБИС-ийн Гадаад хэл орон судлал, утга зохиол, багшийн бүх хуваарь нээлттэй байсан. Нэгэнт хүссэн хуулийн мэргэжлээр улсын сургуульд орж чадахааргүй болсон болохоор тэр үед гэнэтхэн л өөр нэг хобби сонирхолдоо хөтлөгдөн ШУТИС-ийн дизайны ангийг сонгож билээ.
Гэхдээ одоо боддог юм, угаасаа хувь тавиланг хүн өөрөө бүтээж өөрийн өгөгдлөөр засагддаг болохоор миний хувь тавилан хэл бичгийн, сэтгүүлзүйн хүн болох л байж гэж. Яаж ч би зугтаад, “адайрлаад” өөр зам сонгосон ч миний далд ухамсар, миний сайн чаддаг зүйл л энэ мэргэжилд хөтөлжээ. Одоо бол би мэргэжлээрээ бахархдаг, бас ажилладаг. Амьдран буй суугуул орондоо 9-дэх жилдээ ОРГИЛ ТВ гэж олон нийтийн байгууллага ажиллуулж байна. Мэргэжлийн чиг баримжааг баримтлан ажилладаг, ёстой хэнээс ч юунаас ч хараат бус оршин буйдаа баяртай байдаг.
Та шүлгээ хаана ихэвчлэн сууж бичдэг вэ ?
Би хэтэрхий тав тухтай орчинд шүлэг бичиж чаддаггүй, хэтэрхий тааваараа ахуй ч шүлэг бичих орчин яав ч биш. Чүдэнз зурах агшин шиг зурсхийгээд орж ирсэн санаа шүлэг болчихдог. Метронд байна уу, гадаа дүүжин сандал дээр байна уу, том том навч унасан нойтон газраар алхаж байхад байна уу, эсвэл хүүхдээ хөтлөөд алхаж байхад байна уу, миний шүлгүүд бичигдсэн орчин нь дандаа нэг тийм хэвийн бус цаг хугацааны хувьд давчуу үед байдаг. Заримдаа бүүдгэр бороотой өдөрт дуртай, зарим өдөр наранд дуртай. Стокхолмын хуучин хотхоны гаднах сандал дээр суугаад аяга халуун кофе уунгаа эргэн тойрныг удаашруулан харах дуртай. Хүмүүс тэнд цаг хугацаатай уралдан урсаж байдаг.
Таны анхны уран бүтээл тань ямар уран бүтээл байсан бэ?
Анхны шүлэг минь ээжийн тухай л байсан, одоо санадаггүй юм. 3-р ангидаа бичиж байсан санагдана. Бага ангийн багш маань урам өгөөд 5-р ангид дааж авсан Оюунцэцэг багш намайг уран зохиолын багшид хэлж Тэнд би намайг уран зохиол руу үүр хөтөлсөн В.Саранхүү багштайгаа танилцсан юм. Намайг 1-р ангид байхад сургуулийн захирал байсан хурдан уншлагын бил үү нэг шагнал надад гардуулж байсан, би чинь бүр гэрээрээ дүүрэн Өргөмжлөл медальтай хүүхэд байлаа. Эмээ зусландаа буугаад миний өргөмжлөлүүдийг баруун хатавчнаасаа эхлээд өлгөөд явахад зүүн хатавчаар гардаг байлаа ш дээ. Голдуу нагац нар ирээд л нэг Өргөмжлөл бүрийг хурга ишгээр мялаагаад гардаг байсан.\инээв\
“Хад цамнасан уулын бяцхан горхи , хаа холыг зорином билээ” гэж сурагчийн анхны бяцхан шүлгийн номд минь өгсөн В.Саранхүү багш минь одоо төрсөн нутагтаа энх тунх суудаг, багшдаа баярлаж хүндэлж харь холын нутгаас санаж явдгаа энэ ярилцлагаараа дамжуулан хэлье.
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?
Ерөнхийд нь орчин цагийн хүмүүсийг бизнесмен хүн, уран бүтээлч хүн гэж хоёр ангилж болох юм. Бизнесмен хүн аливаа зүйлийг хийхдээ эрсдэл талаас нь сайн тооцоолж “үүнийг хийснээрээ надад ямар ашигтай билээ, ямар алдагдалтай билээ” гэж боддог байхад уран бүтээлч хүн хийсэн зүйлээсээ асар их таашаал авдаг. Мөнгөөр цалинжихгүй байсан ч хийсэн зүйл нь хүнд хэрэгтэй, хүнд ашиг тустай, хүний зургаан мэдэхүйг баясгаж чадсан л бол түүгээрээ урамшдаг. Сөрөг тал гэхээс илүүтэй уран бүтээлч хүмүүст тулгардаг таагүй асуудал бол оюуны өмчийн асуудал, нэг үгээр хэлбэл хүнд ашиглуулах талтай. Ялангуяа бид мэт олонд төдийлөн танигдаагүй, хэл ам хэрүүл зарга хийгээд явдаггүй, тэгэх цаг хугацаа орчин нөхцөл байдаггүй уран бүтээлчдийн цахим талбартаа нийтэлсэн нэг шүлэг, нэг өгүүллэгийг утга санаа, үг хэллэгээр нь хуулбарлаад дэлгэрүүлээд арилжааны бүтээл хийчихдэг. Жишээ нь миний хоёр ч өгүүллэг утга санаа нь тэр чигээрээ, үг хэллэгээс нь ч улайм цайм аваад хоёр кино хийчихсэн байна билээ хошин урлагийнхан. Уран бүтээлч хүмүүс чинь өөрсдөө мэддэг байхгүй юу, хэн хэнээсээ юу “хусчихсан”-ийг. Дууны шүлэг, дууны үг бол тоймгүй.
Та амьдралыг бүтээх мөн чанарыг юу гэж хардаг вэ. Таны амьдралд хамгийн зөв эргэлт буюу эхлэл юу байсан бэ?
Хэрвээ намайг нэг бирд гарч ирээд цаг хугацааг ухраах уу, ямар нэгэн зүйлээ өөрчлөхийг хүсэж байна уу гэвэл би үгүй гэнэ. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд байж болох хамгийн сайнаараа л явж өдий хүрсэн. Амьдрал бол сонголтуудын нийлбэр. Би ер нь сонголт хийхдээ их сайн юм шиг байна билээ, хамгийн хүнд нөхцөлд нь боломжит дээд хувилбарыг сонгож чаддаг. Өөрийгөө ер нь их мэдрэмжтэй хүн гэж боддог, миний мэдрэмж барагтай бол алдаж байгаагүй. Амьдралын мөн чанар гэвэл үйлийн үрийн хууль буюу кармад итгэдэг. Хүн бие хэл, сэтгэл оюунаараа юуг үйлдэнэ, түүний хариу ирдэг. Тийм болохоор санаандгүй хөлд үргэдсэн шавж хорхой ч одоо дүүрч, санаатайгаар бусдад муу үйл хийхгүй юм сан гэж бодож амьдралын зарчмаа болгодог. Нэг богинохон түүх ярья л даа. Оюутан байхдаа нэг гоё эгчтэй танил байлаа, эгч гартаа олон өнгийн том чулууг хэлхсэн бугуйвчтай, оюун санаа зүрх сэтгэлд нь таагүй бодол ороод ирэхэд л нөгөө бугуйвчаа татаж тавиад өөрийгөө өвтгөдөг. Тухайн үед би гайхаад л өнгөрсөн ч дахиад тааралдахад бугуйвчгүй байлаа. Учир нь өөрийгөө таагүй бодлоос чөлөөлөөд байтал тэр нь зуршил болж улмаар өөрөө өөрийгөө менторлосон гэсэн үг юм. Үгийн хүч, бодлын хүчний талаар их уншиж судлаарай л гэж уншигчдадаа хэлэх байна.
Одоогоор хичнээн уран бүтээл туурвиж гаргав уншигчдын хүртээл болгосон бүтээлээсээ дурьдвал
2-р Курсээ Эрдэнэтэд болсон “Болор цом”-д анх ороод тэгээд тэр шүлгээрээ нэрлэсэн анхны номоо хэвлүүлж байлаа. Би ч өөрөө хэвлүүлээгүй, тухайн үед МЗЭ-ийн нарийн бичиг байсан В.Сэлэнгэ эгч маань миний шүлгийн эхийг шивж, “Анхны ном”-ийн уралдаанд өгч байлаа. Чөлөөт Монгол хэвлэлийн газрыг ажиллуулдаг байсан яруу найрагч Ц.Буянзаяа ах Монголын Зохиолын Эвлэлтэй хамтран залуу яруу найрагчдыг дэмжих зорилгоор анхны номыг хэвлүүлж өгөхөд миний номын эх бас шалгараад 10-н найрагчийн хамтаар анхны номоо гар дээрээ барьж баярлаж хөөрч байсан түүхтэй. Түүнээс хойш дээр дурдсанчлан 13-н жилийн дараа буюу 2021 онд “Зургаа дахь зүгийн хүн” шүлгийн ном, “Дэлхийн зүрх” өгүүллэгийн ном хоёроо хамтад нь хэвлүүлж Шведийн Стокхолм хотноо номын нээлтээ хийж байлаа. Ном чинь их хүнд шүү дээ, тэр үед Шведэд ажиллаж амьдрахаар ирсэн үеэл эгч маань өөрийнхөө, хүүхдүүдийнхээ чемоданыг миний номоор дүүргээд ирж байлаа.
Сүүлд шинээр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ ?
Одоо “Стокхолмын шүлгүүд” бас “Там халуун” нэртэй өгүүллэг, жүжиг, кино зэрэг үргэлжилсэн үгийн зохиолын нийт хоёр ном хэвлэлтэд шилжүүлж байна. Сүүлийн үед тэр бүр бичигдэхээ больсон найраглал , дууль зэрэг утга зохиолын шүлэглэсэн бүтээл оролдсон, “Стокхолмын шүлгүүдэд”-д багтсан байгаа.
Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ном?
Би бага байхдаа “Нарны сан” гээд хатуу хавтастай том ном уншиж байсан. Ойд төөрсөн хүүхэд, том саглагар сүүлтэй нохой гардаг. Түүнээс хүн байгаль, хүн амьтны хоорондын харилцааг илүү мэдэж авсан гэх үү дээ. Бас өсвөр насандаа уншсан “Арбатын хүүхдүүд” зохиолоос хүний мөн чанар , яг миний насанд байсан уяхан турьхан Викагийн дүрээр өөрийгөө төлөөлүүлэн уншиж, эр хүний олон төрхийг тэндээс анх харжээ. Ер нь л ном унших бүрд өөр өөр ертөнц, гариг дээр очсон мэт, өөр өөр амьдралаар амьдарч үзсэн мэт мэдрэмж төрдөг .
Энэ их ажлын хажуугаар ямар ном уншиж байна вэ?
Саяхан О.Цэнд-Аюуш найзынхаа “Хүйтэн” туужийг морьдын шир шир зулгаалгах цустай дээлийн чимээтэй, чонын гаслант улиантай, цасан хунгар дунд дагжиж чичирч уншин, “Тас чамайг тасчих болтугай”-н Хүргэ ахыг өрөвдөн энэрэн уйлж, Швейцарт амьдардаг орчуулагч Д.Болортуяа эгчийн орчуулсан “Бичиг үсэггүй хүн”-ээс суугуул нутгийнхаа дүрвэгсдийг харж, Мөн Агато Кристофын дайны үеийн гурван дэвтрээс Лукас Маркус хоёрын хүүхэд биш санаанаар жийрхэж уншлаа. Зохиолч хүн кино үзэж , баргийн зохиол уншиж чаддаггүй. Яг уншаад үзээд эхлэхээр төгсгөлийг нь таачихдаг, тэгээд л сонирхолгүй болчихдог. Эсвэл үйл явдлаас илүү утга агуулгын алдаанууд нь харагдаад байдаг. Тэгтэл дээрх нэрлэсэн өөр бас хэд хэдэн зохиол бол таашгүй байлаа. Анх удаагаа уншигчийн нүдээр харж, зүрхээр мэдэрч дотор нь “орж” уншлаа.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир ах маань миний анхны шүлгийн номын өмнөтгөлийг бичиж өгсөн юм. Тэр үедээ надад “Бүх номыг бүү унш, чиний тархи оюун хогийн сав биш, зөвхөн сайныг нь л сорчилж унш” гэдэг байсан. Гаднаас нь хараад яаж мэдэх юм бэ гэхэд “Андашгүй, үүнийг олохоороо л чи зохиолч боллоо гэсэн үг” гэж хошигносон. Би олсон л доо.\инээв\ Эхний хэдэн хуудсыг нь сөхөхөд л үгийн сонголт, хэр нуршуу гэдэг нь харагдана. Нэг анхны хайрын тухай учиргүй нялуун үгтэй номонд гурван өдөр живсэндээ одоо ч харамсдаг. Тэр номоос бол би бараг нялуун үгэнд турамтай болсон байх, хэн нэгэн учиргүй чи минь, гүнж минь, царайлаг минь гэхээр бүр нялцгай санагдаад байдаг болчихсон, би ч бас толинд хардаг ш дээ гээд хэлчихмээр л байдаг юм.\инээв\
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном байх байсан бол
Аягүй олон юмны тухай бичсэн ном байх юм болов уу, агаар сансар гариг эрхсийн тухай байснаа гэнэт хувирч газрын гав, тамын ерөөл, хоосон чанар, тэгснээ өчигдрийн уулзсан хүний нүдэнд хөвөх навч шиг хуучин гуниг. Хамгийн гол нь хувиргалт нь мэдэгдэхгүй нэг тийм зэвүүн зөөлөн холбоостой, уншаад дуустал их олон зүйл мэддэг ч болсон юм шиг, яг юуг бичсэнийг мэдэхээ байсан ч юм шиг Хүмүүс гэхдээ надтай яриулах их дуртай байдаг,олон хүнээс ингэж сонсдог, ярилцаад дуусахаар энэ дэлхийд юунд ч санаа зовж, юунд ч адгаж яарахаа больчихсон байдаг гэсэн.
Уншихыг төлөвлөж буй ном байгаа юу нэрлэвэл?
Мэнд-Ооёо зохиолчийн “Гэгээнтэн”-г хүнээс түр зээлсэн, өдрийн сайныг өнжин хүлээж байгаад барьж авна даа.
Ямар зохиолчын номыг унших дуртай вэ?
За яг тэр энэ гэж баригдах дургүй, гадна дотно бүхий л зохиолчдын бүтээлийг цаг хугацаа, орон зай таараад хэлний мэдлэг маань хүрч байвал уншиж үзэхийг хүсдэг.
Номыг ямар орчинд уншвал хамгийн тухтай вэ?
Цагаан даавуу, хагас нээлттэй цонх, том нэхээстэй өвдөг давсан оймс, урт гоолиг хөл, гоё зассан хумс, аяга кофетой . За за наргисан юм аа. Нэг тийм цаг хугацаа төлөвлөж, орчин бүрдүүлж байж уншихаар ном ч байдаг, метронд өөд уруу явахдаа нэг амьсгаагаар уншаад дуусгачихдаг ном ч байдаг, тэгэхээр янз янз даа.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Юуны түрүүнд өөрийн түүхийн ач холбогдолтой номоо л сайн унших нь зүйтэй, баримтат зохиолууд бас илүү их үлдэцтэй өгөөжтэй байдаг.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Энэ хүртэл ярилцсан бас уншсан та бүхэнд баярлалаа. Ном бол гээд олон арван тодорхойлолт байдаг. Ном бол туулаагүй амьдралаа туулсан мэт, туучаагүй усаа гэтэлсэн мэт гайхамшгийг өгдөг, өөрийн оюун санаа , сэтгэл зүрх, далд ухамсартай өгч болох хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлье дээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье!