Ном бол тухайн зохиогчийн сэтгэлгээ, үзэл бодлынх нь тусгал…

Ном бол тухайн зохиогчийн сэтгэлгээ, үзэл бодлынх нь тусгал…

Сайн байна уу? Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.

Сайн, сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргээд ярилцлагадаа урьж оролцуулсан явдалд талархал илэрхийлье.

Таны хүүхэд насандаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил одоогийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хүүхэд байхдаа хуульч болох юм сан гэж боддог байсан. Гэтэл 8-р анги төгсөх жил багын мөрөөдөл маань өөрчлөгдсөн. Багш болмоор санагдах болсон. Учир нь манай сургуулийн хими, биологийн багш Энхсүрэн гэж хичээлээ сайхан заадаг, гоё хувцасладаг, хүүхэд болгонтой эелдэг харьцдаг үнэхээрийн үлгэр жишээ багш байсан. Тэгээд тэр багш шиг л багш болмоор санагдаад 10 дугаар ангиа төгсөөд химийн хичээлээр конкурсын шалгалт өгсөн боловч, тэр ангидаа орж чадаагүй. Тэгээд дараа жил нь МУБИС-ийн Монгол Судлалын Сургуульд Утга зохиол, түүхийн багшийн ангид элсэн суралцсан. Багш болох хүслээ биелүүлсэн боловч хүссэн мэргэжлээ сольсон. Гэхдээ өнөөдөр би Аман зохиол судлаач болсондоо харин ч их баярладаг. Энэ чиглэл рүү хөтөлж оруулсан, заан сургаж чиглүүлсэн багш нартаа баярлаж явдаг. Одоо ч гэсэн ахмад үеийн эрдэмтэн судлаач, багш нараасаа байнга суралцаад явж байна.

Таны бодлоор ном гэж юу вэ?

Ном бол тухайн зохиогчийн сэтгэлгээ, үзэл бодлынх нь тусгал.

Хамгийн анх та бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Зохиолч Ө.Баасанжавын “Мөнгөн хараацай” номыг 3-р ангидаа уншиж байсан. 1970, 1980-аад оныхон бүгд л хэвлэмэл ном  уншиж хүмүүжсэн.

Номыг ямар зорилгоор уншдаг вэ?

Олон зорилгоор уншдаг. Зарим номыг танин мэдэх зорилгоор, мэдлэг мэдээлэл авах, таашаал авах гэж, тухайн зохиолчийн сэтгэлгээ, мэдрэмж, арга барилыг тандах гэх мэт олон зорилгоор уншдаг. Судалгааны ном бол хийж байгаа ажилдаа ашиглах гэх мэт…

Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог гэж та боддог вэ?

Ном уншсанаар хүн аливаа зүйлийг логик дараалалтай бодож, сэтгэх, танин мэдэх, тодорхой сэдвээр ярьж сурах, эргэцүүлэх зэрэг чадвар суудаг. Ном их уншдаг хүн өргөн мэдлэгтэй болдог төдийгүй ямар ч сэдвээр чөлөөтэй ярьж чаддаг болдог гэх мэтээр ном бол хүний амьдралд чухал нөлөө үзүүлдэг хэрэгсэл.

Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном байх байсан бэ?

Сонин л асуулт байна. Тэгэхээр дурсамж дурдатгалын ном байх байсан болов уу, Би энэ чиглэлийн ном унших дуртай. Сүүлийн үед уншсан дурсамжийн номуудаас хамгийн их сэтгэлд хоногшиж үлдсэн ном бол Б.Цэвэгмаа гуайн “Одот талдаа буцахсан”. Номын зохиогч Б.Цэвэгмаа гуай бол үнэхээр баатарлаг амьдрал туулсан, гайхамшигтай хувь заяатай эмэгтэй.

Тэрбээр 1924 онд өнөөгийн ОХУ-ын Чита мужийн Зугаалай хэмээх тосгонд Балдан, Найдан нарын ганц охин болон төрсөн буриад эмэгтэй. Улмаар бага залуу насаа БНХАУ-ын Өвөр Монголын Хөлөнбуйр, Хайлаар орчимд өнгөрөөсөн.  Гэр бүлээ хамгаалахын тулд нөхөр Бүрэнсайнаасаа хагацаж, өөрийн ганц охин Иминагаа дагуулан Улаанбаатар хотод тэмцэн ирж, ажил амьдралын төлөө зүтгэж, амьдралын сүүлчийн он жилүүдээ аз жаргалтай, амар амгалан өнгөрөөсөн хүн. Хэн хүнд заяагаад байдаггүй ховорхон амьдралыг туулж, ямар ч цаг үед хүчтэй хэвээрээ байж чадсан Монгол эмэгтэйн түүх юм.

Та өөрийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлынхаа талаар яривал?

Би монгол аман зохиолын бага төрлийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг. “Сацал, мялаалгын үгс аман зохиолын төрөл зүйл болох нь, түүний бүтэц, уран сайхны онцлог” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан, судалгааныхаа хүрээнд “Монгол сацал, мялаалгын үгийн дээжис” номыг эмхэтгэн гаргаж, эрдэм шинжилгээний олон өгүүллийг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлүүлсэн. Сүүлийн үед хүүхдийн аман зохиолын чиглэлээр “Хүүхдийн оюун ухааны хөгжилд аман зохиолын бага төрөл нөлөөлөх  нь”, “Монгол ардын аман зохиолын бага төрөл хүүхдийн бие бялдрын хүмүүжилд нөлөөлөх нь”, “Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд аман зохиолын бага төрлийн үүрэг”, “Хандал үгийн уран сайхны онцлог” зэрэг эрдэм шинжилгээний хэд хэдэн өгүүлэл бичиж хэвлүүлсэн.   

Хамгийн сүүлд эмхэтгэж хэвлүүлсэн “Монгол гэрийн ерөөлийн тайлбарт дээж бичиг” номынхоо тухай сонирхуулаач…

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Монгол аман зохиолын чуулган цувралын XLVI ботиор “Монгол гэрийн ерөөлийн тайлбарт дээж бичиг” хэмээх эмхэтгэл номыг хамтран ажилладаг Эрдэм шинжилгээний ажилтан Г.Батмөнхтэй хамтран 2023 онд хэвлүүлсэн. Уг номд өмнөх үг, удиртгал хэсэг, монгол гэрийн ерөөлд нийтлэг дүрслэгддэг эдлэл хэрэгслийг тайлбарласан зурагт толь, бичгийн дурсгалаар уламжлагдан ирсэн 12 судрыг монгол бичгээс кирилл бичигт буулгасан хөрвүүлэг, эрдэм шинжилгээний галиг, гэрэл зургийн хамт, Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй нутаг нутгийн өв тээгчдийн хэлсэн гэрийн ерөөлүүд зэрэг багтсан.

Ерөөлийн дотор хамгийн олон хувилбартай, хамгийн сонирхолтой төрөл нь гэрийн ерөөл байгаа юм. Бичмэл хэлбэрээр уламжлагдан ирсэн гэрийн ерөөлүүдийг эрдэм шинжилгээний галиг үсгээр галиглаж, судруудын эхийг гэрэл зургаар хавсаргаж өгснөөрөө монгол аман зохиолын болон эх бичвэрийн судалгаанд цоо шинэ хэрэглэгдэхүүн болно хэмээн үзэж байгаа. Гэрийг бүрэлдүүлж байгаа эд зүйл, үг хэллэгийг тайлбарласан зурагт толь нь эрдэм шинжилгээний болоод танин мэдэхүйн хувьд чухал ач холбогдолтой юм. Мөн энэхүү ном нь монгол гэрийн ерөөлийн чиглэлээр гарсан анхны цогц бүтээл болно.

Өнөөгийн нийгэмд монгол ёс уламжлал ямар байгаа талаар таны бодол?

Өнөөгийн хүмүүсийн ахуй амьдралын хэв маягийг өмнөх үетэй харьцуулах аргагүй ихээхэн хувирч өөрчлөгдсөн. Хүмүүс хөдөө нутгаас хот суурин газар руу нүүдэллэж төвлөрөл бий болж байна. Өв уламжлалаа хамгийн сайн хадгалж байсан малчид жил ирэх бүр цөөрч, өвөг дээдсийн маань нутаг эзэнгүйрч эхэллээ. Үүнийг дагаад Монголын уламжлалт ёс заншил мартагдан бүдгэрч, чулуу, мод, шагай зэрэг үндэсний тоглоом наадгайгаараа тоглодог хүн бараг байхгүй боллоо. Хүүхдүүд л гэхэд орчин үеийн үйлдвэрийн тоглоомоор  нийтлэг тоглож байна.

Орчин үеийн хүмүүст бэлэнчлэх сэтгэлгээг илүүд үзэх хандлага давамгай болсон. Хот, хөдөөд ялгаагүй үндэсний дээл хувцсаа өөрөө хийгээд өмсдөг эмэгтэй хүнгүй болох нь. Хөдөө морь, тэмээгээ унаад малаа хариулдаг малчин хүн ховор байна. Машин, мотоциклоор малаа хариулж байна. Мал нь бүр машин мотоциклоос айж үргэхээ больсон. Энэ бүхэн монголчууд нийтээрээ уламжлалт өв соёлоосоо алсарч, өв уламжлалаа мартаж байгаа харамсалтай дүр зураг юм даа.

Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл танд байна уу?

Хүүхдийг багаас нь зөв хүн болгож төлөвшүүлэхэд ёс заншил, уламжлалт тоглоом наадгай, урлаг, уран зохиол маш их үүрэгтэй. Өнөөдөр хүүхдүүдээ монгол ёс заншлаа мэддэг, эх хэлээрээ зөв цэгцтэй ярьж, зөв бичиж чаддаг болгоё гэвэл наад зах нь ном уншуулж, үйл явдлыг нь яриулж сургах хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг эргэн харж, цагийг нь нэмээсэй гэж боддог. Ингэснээр хүүхэд уран зохиолын хичээлээр дамжуулаад нэг нэгнийгээ хүндлэхээс эхлээд хайрлах, энэрэх, ёс уламжлалаа эргэн сэргээх гэх мэт олон талын хүмүүжлийг олж авах ач холбогдолтой.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B