Ном бол уран бүтээлч хүний чихний ээмэг, хүзүүний зүүлт шиг байж байдаг зүйл.

Овог нэр: Баатарчулууны Гэрэлчулуун

Эрхэлж буй ажил, албан тушаал: МХО-ны багш, СТА Жүжигчин модель

Сошиал хуудсууд: Жүжигчин Гэрэлчулуун,  Инста: Gerelchuluun0223

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

  • Ярилцлагыг минь уншиж байгаа та бүхэнд энэ цаг мөчийн мэнд хүргэе. Би жүжигчин мэргэжилтэй. Миний хоёр дахь мэргэжил гадаад харилцааны ажилтан. Хоёр мэргэжлээ хослуулан ажиллаж амьдарч яваа. Одоо Монголын хүүхдийн ордонд багшилдаг, хажуугаар нь хувийн бизнесээ хийдэг. Жүжигчний карьераа түр завсарласан, илүү хувийн бизнестээ цаг заваа зарцуулж, мөн сурган хүмүүжүүлэх ажлаа  хийж яваа хоёр хүүхдийн ээж байна.

Таны хүүхэд  насны мөрөөдөл болоод өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоёр хоорондоо хэр зэрэг таарч байгаа вэ?

  • Хүүхэд насны минь мөрөөдөл одоо бол зарим нь мартагдсан байна. Тод санаж байгаа нь бол би эмч болно, би онгоцны үйлчлэгч болно, мисс болно гэх мэтчилэн хүүхэд болгоны багадаа мөрөөддөг байсан бодлууд байсан. Хамгийн их тууштай хичээллэсэн, яг л энэ мэргэжилтэй болно гэж бодсон нь эмч. Химийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурдаг байсан. 10 жилээ төгсөхдөө санамсаргүй байдлаар урлагтай холбох зам нээгдэж эмч болох мөрөөдлөө орхисон. Одоо сургуулиа төгсөөд 10 жил болсон байна. Энэ хугацаанд 10-аад кинонд тоглосон байна. Мөн Шинэ үе продакшнтай хамтраад тайзны 10-аад уран бүтээл дээр ажилласан байна.

Бага байхдаа хэр их ном уншдаг байсан бэ?

  • 10 жилд байхдаа гэртээ ном уншихаас илүү номын санд сууж унших дуртай хүүхэд байсан. Циркийн хажуу талд байдаг Нацагдоржийн номын санд 15350 кодтой уншигч картын эзэн байлаа. 10 жилээ төгстлөө энэ номын сангаар үйлчлүүлдэг байсан. Оюутан болоод Үндэсний номын санд карт нээлгэж байсан. Бидний мэргэжлийн онцлогоос шалтгаалаад номтой байнга л нөхөрлөх, дэлхийн хүнд, хүнд сонгодог зохиолуудыг унших шаардлага гарна. Тэр бүгдийг төдийлөн худалдаж авч чадахгүй учир номоо номын санд уншдаг байсан.

Таны хамгийн анх бие дааж уншсан ном ямар ном байсан бэ?

  • Хамгийн анх ямар ном уншсанаа ер бодож байгаагүй юм байна. Одоо бодоход Монгол ардын үлгэр гэсэн тоосгон улаан өнгийн хатуу хавтастай ном анх бие дааж уншсан юм байна. Одоо энэ үлгэрүүд хүүхдүүдийн номонд орчихсон байдаг, тухайн үед их л шимтэн уншдаг байсан.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

  • Номыг болж өгвөл бүх л төрлийн жанраас нь унших дуртай. Сүүлийн үеийн бестселлер болсон номыг аваад уншихыг хичээдэг. Хүүхдүүддээ ч гэсэн шинэ жилийн бэлгэнд нь, хүүхдийн баярын бэлгэнд нь ч юм уу аль болох ном бэлэглэж номонд дуртай болгох гэж хичээдэг. Миний хувьд гэрийнхээ номын сангаас Х.Бидструпын хошин зургийн ном маш их таалагдаж байсан. Дан ганц цагаан дээр хараар биччихсэн биш илүү сонирхолтой зурагтай байсан. Ер нь тэр үед зурагтай ном ховор байсан болоод ч тэр үү, тэр номонд хошин маркаар үзүүлсэн ч гэсэн маш том амьдралын философи явж байдаг. Одоо болтол Х.Бидструпын хошин зураг хуучирдаггүй энд тэндхийн сайт дээр, ном, сонин дээр, хэсэгүүд нь явж л байдаг. Х.Бидструпын хошин зургийн номыг шинэчлэгдсэн байвал авах юмсан гэж боддог.
  • Оюутан байх үед бид нар том том дэлхийн сонгодог зохиолуудыг жүжгийн бэлтгэл сургуулилтдаа авч их ажиллана, Анна Каренинад тоглох боломж олдоод бөөн баяр болж том зузаан номыг нь авч үзээд хоолоо идэхдээ ч хажуудаа, унтахдаа ч өвөртөлж унтаад бүх зүйл дээр номтойгоо хамт амьдарсан. Уран бүтээлч хүн бол үргэлж номтой нөхөрлөдөг, ном бол уран бүтээлч хүний чихний ээмэг, хүзүүний зүүлт шиг байж байдаг зүйл. Аливаа нэг уран бүтээлд тоглохын тулд яг нөхөр мэт байнга хамт явж байдаг. Номтой холбоотой дурсамж хөгжилтэй заримдаа номон дээрээ юм асгачихна, завааруулчихна тэр бол оюутан байх үеийн хамгийн гоё дурсамж юм даа.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадварыг хөгжүүлэхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлэх нь зүйтэй гэж боддог вэ?

  • Интернэтэд маш олон гайхалтай эрдэмтдийн хүүхдээ хүмүүжүүлэх 10 дадал, 20 дадал гээд зөндөө байдаг. Миний бодлоор  бид багадаа ямар төлөвшлийг гэр бүлээсээ авсан байна, тэр нь  эргээд бидний амьдралд их нөлөөлдөг юм шиг санагддаг. Үнэхээр чиний дадал хэвшил амьдралд чинь нийцэхгүй дутуу дулимаг байх юм бол өөрөө хичээгээд шинэ дадалд суралцаад, үр хойчдоо бас зааж сургаад явах хэрэгтэй. Жишээлбэл өөрийнхөө амьдралаас харахад аав ээжийн маань надаар өдөр болгон хийлгэдэг зүйл нь миний дадал хэвшил болчихсон. Миний гэр бүлээсээ багаас сурсан зүйл бол эрүүл зөв хооллолт, энэ талаар мэдлэгтэй болсон явдал. Энэ миний дадал хэвшил болж надад нөлөөлсөн. Дээр үед хүмүүс илүү эрүүл зөв хооллолттой байсан юм шиг санагддаг. Мөн надад маш сайхан биеэ даах чадвар, юм болгонд гарын дүйтэй болгосон маань одоо миний амьдрал маш их хэрэг болдог энэ мэтчилэн ийм сайхан зөв дадлуудыг багаасаа гэр бүлээсээ авсан. Хүүхэдтэйгээ хамтдаа ном уншаад  уншсан номыг нь аан гээд өнгөрөөх биш юу ойлгов, номон дээр чинь юу гарч байна, аан тэгсэн үү, нээрэн тийм байна ш дээ гээд харилцан ярилцах юм бол бидний ярьж байгаа зүйл миний ярьж байгаа зүйлийг бүрэн ойлгож ном маань ийм агуулгатай байсан юм байна гэж илүү ойлгох цаашлаад дахиад 2 дахь 3 дахь номоо унших гэж, ярих гэж, догдлох гэх мэтчилэн хөөрхөн дадлууд бол зөндөө байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв сайхан бие бялдар, мэдлэг боловсрол, хүүхдээ хөгжүүлэхийн тулд янз янзаар нь дадал хэвшүүлэх бүрэн боломжтой өөрт ямар нөөц бололцоо байна түүн дээрээ жаахан уншиж судлаад ажиллахад болохгүй зүйл байхгүй гэж би боддог.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

  • Ном сонгох гэдэг нь би яг юу хийх гэж байна, надад одоо мэдээлэл өгөх ямар ном хэрэгтэй байна, эсвэл миний хийх гэж байгаа зүйл дээр илүү туршлагатай хүний арга замнал байна уу гэх мэт зүйлүүдийг судалж байгаад номоо авдаг. Миний  хэлсэн зүйлүүдээс хувийн бизнес хийж байгаа гэсэн  дээр нэлээн олон номнууд унших шаардлагатай болсон Надад тодорхой 20 ном унших шаардлагатай байсан энэ 20 номыг бүтэн жилийн хугацаанд уншсан. Хоёр гурван ном зэрэг эхлүүлээд 2,3 номтойгоо хэдэн хоног зууралддаг 20 номоо бүтэн жилийн хугацаанд дуусгаж байсан. Бизнестэй холбоотойгоор “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” , “Цойлогсод”,  “Үрэлгэн хэмнэгч” гэх мэт н.Амараа багшийн номнуудыг унших дуртай  . 10жилд байхдаа ямар ном уншдаг байсан, их сургуульд байхдаа ямар ном уншдаг байсан, Одоо би ажлын талбар дээр гараад ямар, ямар ном унших  сонголтууд маань өөр өөр болж өөрчлөгдөөд байгаа.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

  • Ном болгонд хэрэгтэй зүйл байдаг хэрэггүй ном гэж ерөөсөө байдаггүй нэг номноос толгойд “ёонк” гээд орох үг өгүүлбэр утга санаа байж л байдаг. Өглөөний гайхамшиг номтой олон жилийн өмнө танилцаж байхад бид бүхний дадал бид нарын мэддэг хэр нь амьдрал дээр хэрэгжүүлдэггүй зүйлсүүд байдаг. Миний амьдралдаа мөрдөж байгаа өөртөө бас дадал хэвшил шинээр бий болгосон олон дадлын үндэс суурийг тавьж өгсөн гайхалтай ном байсан. Өглөөний гайхамшиг ном маш олон цуврал та нар маань ядаж 2-3 цувралыг нь уншаагүй бол уншиж үзээрэй. “Өглөөний гайхамшиг” фейсбүүк пэйжтэй хоорондоо өөрсдөө санал бодлоо хуваалцдаг учирдаг сайхан хамт олон байдаг. Эрс өөрчилсөн гэхээсээ илүү ном болгон чинь өөрөө авах зүйлстэй авахаа аваад амьдрал дээрээ хэрэгжүүлээд туршаад явж байна даа.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

  • Ном унших ач холбогдол маш өндөр хүүхэд насандаа ном уншсанаар хүүхдийн сэтгэн бодох чадвар тэлдэг, мэдлэг арвиждаг шинэ ном унших болгонд хүүхдийн ой тогтоолт маш хурдан хүлээж авч тархи оюун ухаан томордог үг үсгийн алдаагүй зөв цэвэр бичдэг. Одоо энэ стресстэй, ачаалал ихтэй нийгэмд номыг унших хэрэгтэй ном бол чухал ач холбогдолтой, хөгшчүүл ном унших юм бол мартах ой санамж муудах тэр зовлон байдаггүй ном үе болгонд чухал ач холбогдолтой.

Таны унших дуртай ширээний ном?

  • Ширээний ном гэхээр байнга ширээн дээр байж байдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Байнга ширээн дээр байдаг ном бол үзмэр төдий шүү дээ. Ширээний ном бол жилийн хугацаанд, 2 жилийн хугацаанд байнга л өөрчлөгдөж байдаг. Заримдаа цүнхний ном болчихсон байдаг. Яг одоо бол Daniel Goleman “EMOTIONAL INTELLIGENCE” энэ номыг уншиж байгаа, бидний нийгэмд маш чухал ач холбогдолтой ном байгаа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

  • Хүмүүс өөр өөрийн онцлогт хамааруулна. Зарим нь чимээтэй газар уншиж чадахгүй, зарим нь нам гүн газар уншдаг. Миний хувьд чимээтэй чимээгүй орчин бол нөлөөлдөггүй хаана ч төвлөрч чаддаг хүн. Би өөрөө завтай байна уу?  зав гаргаж чадаж байна уу? гэдэг л чухал номоо хаана ч хэзээ ч уншдаг. Яг одоо хүүхдийн тоглоомын төвд ном уншингаа хүүхдүүдээ тоглуулаад, ярилцлага өгөөд сууж байна.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

  • Бүх насныхан унших ёстой ном “ХАРИЗМ” номыг санал болгож байна. Манай монголд бестселлер номын 10-т багтдаг монгол орчуулгатай учир өөрийн хэл дээрээ унших бүрэн боломжтой. Энэ номыг уншсанаар маш олон зүйлийг ойлгоно. Маш энгийн зүйл чи хэчнээн завгүй байсан ч аливаа зүйлийг төвлөрөөд анхаараад сурчих, бусадтай нийтэч, гоё уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд ямар, ямар алхмуудыг хийж болох маш гоёор уран яруу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр маш ойлгомжтойгоор тайлбарласан ном байгаа. Энэ номыг залуучууддаа уншаасай гэж санал болгож байна.

Бидний урилгыг хүлээн авч зав гарган ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа та бүхэндээ ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Г.Шүрэнчимэг