Ном бол “Ухаан”

Овог нэр: Н. Ариун-Эрдэнэ

Эрхэлж буй ажил, албан тушаал: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн захирал

Сошиал хуудсууд: Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Сайн байна уу ? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа .

Та өөрийгөө танилцуулахгүй юу ?

Н. Ариун-Эрдэнэ. Сэтгэл зүйч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 7 жил ажиллаж байна.

Номын ертөнцтэй хэрхэн, яаж танилцаж байсан талаар  яриагаа эхлье.

Хүүхэд байхад аав минь ном унш гээд үргэлж хэлдэг байсан учраас гэрт байгаа номнуудаасаа уншиж эхэлсэн. Тэр үед хүүхдийн онцлогт тохирсон ном байгаагүй.  Тэгээд гэрт байгаа романуудаасаа уншиж эхэлсэн. Гэртээ байгаа бүх номнуудыг уншсан ба бүр амьдрах ухаан , байгаль цаг уур, зурхайн тухай байгаа номыг хүртэл уншдаг байсан . Тэгэж л  номонд би  дуртай болсон.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Тохирч байгаа. Би  4-р ангидаа энэ мэргэжлээ сонгосон .  Тэр үеийн мэргэжлийн дүр төсөөлөлтэй таараагүй нь миний мэргэжил маш хүнд мэргэжил байсныг ойлгоогүй байсан. 

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Зүрхний хилэн. Утга санааг ойлгохгүй болохоор дахин уншаад ухаж их боддог байсан. Уншсан зүйлээ нүдэндээ сэтгэлдээ зураглаж, буулгаж уншдаг байсан.

Таны амьдралыг болон  хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Мэдээж бүх л ном олон зүйлийг зааж өгч байсан. Гэхдээ Л. Түдэвийн Оройгүй сүмийг уншаад их зүйлийг ойлгож ухаарч, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн байх . Эндээс хүн өөрөө өөртөө итгэх, өөрийн хүчиндээ найдах, алив зүйлийг ухаалгаар харах гэх мэт олон зүйлийг ойлгож авсан .

Таны ширээний ном?

Миний мэргэжлийн номнууд байдаг.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо мэргэжлийн номнуудаа дахин дахин уншиж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Ганцаараа, сайн унтаж хоолоо идсэний дараа л унш,  Хүн өөрөө төвлөрч чадвал хаана ч ном уншиж болдог.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Зөвхөн өөртөө авсан учраас дээр нь тодруулж унших дуртай. Дараа дахин харсан ч тэр хэсэг нь их чухал байдаг. Бас наадаг цаасан дээр орж ирсэн бодол санаагаа тэмдэглээд үлдээдэг. Их хэрэг болно.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Хүн хүний онцлог өөр өөр байдаг тул яг энэ тэр гэж хэлэхэд хэцүү . Өөртөө ямар ном тохирохыг мэдэхийн тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

Уншсан зүйлээ хэрэгжүүлдэг байх нь чухал. Түүнээс уншаад ч хэрэггүй.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

Адал явдалтай тэгсэн мөртлөө нууцлагдмал, гэхдээ өгөөжтэй.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Зарим ном цаас үрсэн байдаг. Цагаа сайн номонд зориулах хэрэгтэй.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасаар унших нь хамгийн сайхан арга. Гэхдээ залууст цахим ном их тохирдог юм шиг. Би ер нь ном яаж уншихыг заах гэхээсээ илүү өөртөө л тохируул  гэж хэлнэ. 

Унших дуртай зохиолч?

Сэтгэл судлаачдынхаа номыг унших дуртай. Карн Хорни онолуудыг унших дуртай.

Уншихыг төлөвлөж буй ном?

Би номыг уншихдаа хурдан уншдаг учраас анхаарч уншаагүй хэсэг олон байдаг .  Тиймээс мэргэжлийн номнуудаа дахин жаахан уншихаар төлөвлөсөн. Бас ажлаа өргөжүүлэхтэй холбоотойгоор хувь хүний хөгжлийн номнуудыг уншихаар төлөвлөсөн байгаа. 

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Надад тэр том том романуудыг бичсэн зохиолчид үнэхээр гайхалтай санагддаг. Би өөрөө нягтламтгай зантай учраас номны утга агуулга уялдаа холбоосыг ямар ч алдаагүйгээр тэр зузаан номыг бичсэнийг нь гайхан биширдэг. Надад эгэл даруу мөртлөө ухаалаг, тэвчээртэй эмэгтэй зохиолын баатрууд таалагддаг.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн хэдэн  үгэнд багтааж хэлбэл?

     Ном бол “Ухаан”.

  Ярилцасан: И.Энхтуяа