Ном бол хамгийн сайн анд нөхөр, цаг хугацааны тайлал болдог…

Ном бол хамгийн сайн анд нөхөр, цаг хугацааны тайлал болдог…

Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Товч танилцуулга: Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Зэвсэгт хүчинд 28 жил алба хааж байгаа. Ирак, Афганистан, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Ном унших дуртай.

Таны хүүхэд насандаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил одоогийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Огт таараагүй ээ. Яагаад гэвэл би хүүхэд байхдаа жүжигчин юм уу? Зохиолч болно гэж мөрөөддөг байсан. Гэвч Ахлагчийн сургуульд орж танкийн механик жолооч болсоноор цэрэг хүний албаны амьдрал эхэлж одоог хүртэл албаа хааж байна. Гэхдээ би эзэмшсэн мэргэжилдээ дуртай.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгосонтой уялдуулан мөн шилдэг тэргүүний ахлагч болох таныг сонгон Монгол цэргийн өдрийн зочны ярилцлагын буландаа оролцуулж байна. Тэгэхээр энэ ажлын хүрээнд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2024 оныг төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын ахлагч нарын жил болгон зарласан. Энэ хүрээнд Хуурай замын цэргийн командлалаас ахлагч нарынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, байр орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр бүлд чиглэсэн олон талт үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, сургалт, дадлагаар ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг бататгахаар ажиллаж байна. Мөн бусад төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтран ажиллана.Бас нэг гол тодотгох ажил бол Хүүхэд залуучуудад чиглэсэн цэрэг эх оронч үзэл, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан ажлууд төлөвлөгдөн хэрэгжиж байгаа. Энэ талаар бүх шатны сургалтын байгууллагуудтай хамтран ажиллана.

Таны бодлоор ном гэж юу вэ?

Миний хувьд бичиг үсэгт тайлагдаж уншиж эхэлснээс хойш ойлгосон хамгийн гол зүйл бол ном юм. Ном бол хамгийн сайн анд нөхөр, цаг хугацааны тайлал болдог.

Хамгийн анх та бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Хамгийн анх Л. Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” номыг уншиж байсан.

Номыг ямар зорилгоор уншдаг вэ? Ном унших талаар орчин үеийн хүүхдүүдэд зөвлөгөө сургамжийн үг хэлж өгөөч?

Албаны мэргэжлийн онцлогоос шалтгаалан мэргэжилтэйгээ холбогдолтой болон дэлхийн цэрэг улс төрийн нөхцөл байдалтай холбоотой номыг нэлээн уншина. Мөн түүхийн номууд уншиж түүхийн мэдлэгээ дээшлүүлдэг. Учир нь дэлхийн олон улсын орнуудын хүмүүс манай түүхийг маш сайн судалдаг болсон байна. Бид өөрсдөө эх түүхээ мэдэхгүй байна гэдэг бусдын ярьснаар түүхээ бичих нь харамсалтай эмгэнэлтэй шүү дээ. Хүүхэд залууст хандаж хэлэхэд “Уншихгүй бол сэтгэхгүй” гэдгийг үргэлж санаж уншихаас битгий залхуураарай гэж захья.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Надад бол сонирхолтой ном байвал их чимээ шуугиантай биш л бол хаана ч уншихад тухтай байдаг.

Таны унших дуртай ширээний ном?

Монголын болоод дэлхийн түүхийн номууд бас Монте Кристо Гүн.

Таны бодлоор ирээдүйдээ цэргийн хүн болохоор сонгосон хүүхдүүдэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Хуурай замын цэрэг гэлтгүй Зэвсэгт хүчний хэмжээнд бие бүрэлдэхүүний гол цөм болсон ахлагч нарын хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс зүйд ихээхэн анхаарч ажиллаж байна. Үүнийгээ дагаад ахлагч нарын үүрэг, оролцоог нэмэгдүүлж, тэдний ур чадварыг дээшлүүлэх, тэр хэмжээгээр албан тушаалын зэрэглэлийн цол, цалин, шатлалыг ахиулахад нь анхаарч байгаа. Ялангуяа цэргийн мэргэжлийн зэрэгтэй ахлагчийн тоог нэмэгдүүлэх, сургалт, дадлагуудыг тогтмол зохион байгуулах болсон. Тиймээс нэгэнт эх орноо батлан хамгаалах энэ үйлсэд бие сэтгэлээ зориулан энэ мэргэжлийг сонгож буй дүү нартаа хандаж хэлэхэд бусдыг хайрлаж хүндэтгэх, асуудал үүсэхэд түргэн хугацаанд зөв талаас нь хандаж ойлгодог, аливаад шантралгүй тууштай ханддаг хандлага их чухал.

Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл?

Зочны ярилцлагадаа урьж оруулсанд баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B