Ном бол хамгийн сайн зөвлөгч, хамгийн их ухаарал хайрлагч.

Ном бол хамгийн сайн зөвлөгч, хамгийн их ухаарал хайрлагч.

Эрхэлж буй ажил, албан тушаал: Sanchka_Bookquotes админ

Сошиал хаягнууд: FB,IG-Sanchka_Bookquotes

Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Батчулууны Санчирмаа гэдэг.

Анх хэдэн насандаа номын ертөнцд холбогдож байв. Энэ талаар дурсамжаа хуваалцвал.

Намайг ахлах ангид ордог жил монгол хэл,уран зохиолын хичээлийг шинэ багш орж эхэлсэн. Багш маань маш их өгүүллэг уншуулдаг байсан. Ам шалгалт болгоноо 20 гаруй зохиол уншуулж, тэмдэглэл хөтлүүлж, асуулт асуух байдлаар авдаг байсан. Тэр мөчөөс эхлэн ном уншихын сайхныг балчир байх үеэсээ илүү мэдэрч, шимтэж уншиж эхэлсэн. Тийм болохоор багшдаа одоог хүртэл маш их баярлаж явдаг даа.

Уншигчын хувьд та юу эрэн уншлага хийдэг вэ?

Тухайн уншиж буй ном надад юуг илүү ойлгуулж, юунд хөтөлж, миний амьдралд ямар чухал ойлголтыг өгөхөөр байна гэдгийг эрэн хайж уншдаг даа. Тэгэхээр нэг ном эхлүүлээд тэр гэж хэлж мэдэхгүй ойлголтынхоо хариулт магадгүй энэ ном надад юу ойлгуулах вэ гэдэг асуултанд хариулт авах гэж уншдаг болов уу.

Танд хамгийн их нөлөөлж, таныг бодлогошруулсан ном гэвэл

Кишимо Ичиро, Кога Фүмитаке нарын бичсэн Ад үзэгдэх зориг ном байсан.

Унших номын сэдвээ хэрхэн яаж сонгодог вэ?

Унших гэж буй номын сэдвээ сонгохдоо өөрийн хөтөлж буй сошиал хаягууддаа уншигчдад болон дагагчиддаа хүргэж болох мэдлэг, мэдээлэл, эшлэл ихтэй номыг сонгохыг хичээдэг. Өөртөө зориулан унших номоо сонгохдоо уран зохиолын номыг сүүлийн үед түлхүү сонгож уншиж байгаа.

Та өөртөө хэрхэн дадал зуршил бүтээдэг вэ?

Би төлөвлөгч дэвтэрт өдөр, долоо хоног, сараар төлөвлөгөө гарган хөтөлдөг.  Үүн дээрээ нэмээд шалгах хэсэг гаргаж ном унших, өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг чухал хийх зүйлсээ бичиж өдөр бүр шалгаж тэмдэглэдэг. Энэ үйл явц маань дадал зуршлыг бүтээхэд их чухал нөлөө үзүүлдэг.

Одоог хүртэл бүтээсэн болон бүтээлцсэн ном зохиол нэрлэвэл.

Би “Миний бүтээсэн номын сан” 30 номын тэмдэглэл хөтлөх дэвтэр, “Бяцхан уншигч” 1-5р ангийн хүүхдүүдэд зориулсан 10 номын тэмдэглэл хөтлөх дэвтэр болон мөрөөдлөө зорилгоо бичиж биелүүлэхэд туслах “Миний 101 мөрөөдөл” дэвтрүүдийг бүтээсэн.

Таны ширээний ном

Ширээний ном гээд дурдвал нэлээдгүй ном байгаа. Яг одоо дахин уншихаар төлөвлөсөн байгаа миний ширээний ном бол “Морритой өнгөрүүлсэн мягмар гаргууд” гэсэн ном байна. Энэхүү номыг бас уншаарай гэж зөвлөмөөр байна.

Таны “Бяцхан уншигч хүү”, “Бяцхан уншигч охин” тэмдэглэл хөтлөх дэвтэр, “Миний 101 мөрөөдөл” дэвтэрүүд хүүхдүүдэд маш хэрэгтэй бүтээлүүд болоод хэрэглэгчдэд хүрсэн байгаа. Үүнийгээ бичих санаагаа хэрхэн олж байв.

2020онд карантины хугацаанд тогтмол ном хүргэлтээр авч уншдаг байлаа. Нилээдгүй ном уншсаныхаа дараа өөрийнхөө ном уншиж буй арга барилдаа дүгнэлт хийх үед ямар ч үр бүтээлгүй цаг хугацааг ном уншиж байна нэртэйгээр өнгөрүүлсэн байсан. Учир нь би тэмдэглэл хөтлөхгүйгээр зөвхөн номон дээрээ бичиж, тодруулж уншдаг байв. Энэ нь ном уншиж байгаа боловч маш үр дүнгүй уншлагын арга барил байсан. Ингээд уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөж унших нь тухайн номыг илүү ойлгож, үлдэцтэй, бүтээлчээр уншихад туслах юм байна гэдгийг олж хараад 2021 онд анхныхаа 30 номын тэмдэглэл хөтлөх зориулалттай БУЖО дэвтрээ хэвлүүлсэн. Үүний дараа бага ангийн сурагчдад ном уншихын давуу талыг ойлгуулах, ном унших дадал зуршилд нь хувь нэмэр оруулах зорилготойгоор Бяцхан уншигч дэвтрээ бүтээсэн. Миний 101 мөрөөдөл дэвтэр бол их онцлог дэвтэр. Учир хүмүүс завгүй амьдралын хэмнэл дундаа өөрийнхөө амьдралын зорилго, мөрөөдлөө орхигдуулан би яг ямар дурсамж бүтээж, юуг өөрийн амьдралынхаа үнэ цэнийг болгох гэдгээ мартахаас илүүтэй бодох завгүй магадгүй амьдардаг юм шиг. Тиймээс энэхүү дэвтрээ хүн нэг бүрийн хүсэл мөрөөдлийг биелэхэд нь туслах гүүр болгон олон сайхан дурсамж бүтээн амьдраасай гэж хүсэж бүтээсэн дэвтэр минь билээ.

Таны хамгийн дуртай зохиол болон зохиолын баатар. Яагаад?

Миний хамгийн дуртай зохиол бол Николас Спарксын Тэмдэглэлийн дэвтэр зохиол. Энэхүү гайхалтай хайрын тухай зохиолыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байх. Гол дүр болох Ной,Элли хоёр бол яалтачгүй зүрх сэтгэлийг маань догдлуулдаг баатрууд. Хайр хэзээ ирээд хаана төгсөхийг мэдэхгүй ч хүмүүсийн бүтээж буй хайр, халамж яг тэр эхэлсэн шигээ амлалтандаа хүрч төгсөөсэй гэж энэхүү зохиолыг унших бүртээ бодож хамт догдолж, хамт уйлж уншдаг даа.

Одоо уншиж буй номоо нэрлэвэл.

 Toxic parents буюу эцэг эхийн хөнөөлт авир болон Гоо үзэсгэлэн ба шарх нэртэй дэлхийн шилмэл хайрын өгүүллэгүүдийг уншиж байна.

Номын сангаар хэр үйлчлүүлдэг вэ?

Номын сангаар тогтмол үйлчлүүлдэггүй ч хичээл хийх, шинэ санаа олох үедээ Нацагдоржийн номын санг зорьдог.

Уншихыг төлөвлөж  буй номоо нэрлэвэл.

Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд ном мөн сахар номыг уншихаар төлөвлөж байгаа.

Таны инстаграм хуудсаар номын эшлэл болон зөвөлгөөнүүдийг унших дуртай. Бараг тухайн номын талаар ерөнхий мэдээлэлээ авчдаг. Ингэж оруулах тухай санаагаа яаж олж байв?

Цар тахлын үед ном их уншдаг байх үедээ тухайн номноос сэтгэлд хүрсэн эшлэлээ хуваалцаж байя гэж бодсоноос эхэлсэн ххэ. Түүнээс хойш бага багаар хөгжүүлээд явж байна даа. Сошиал хаягуудаар маань дамжуулан хүмүүс ном уншихын үнэ цэнийг ойлгож, ном унших дадал зуршилтай болж энэхүү хийж байгаа зүйлс маань бусдад сайн сайнаар нөлөөлөөсэй гэж хүсдэг.

Номыг ямар орчинд уншвал танд хамгийн тааламжтай байдаг вэ?

Миний хувьд нам гүм орчинд төвлөрч ном унших хамгийн тааламжтай байдаг.

Өөрийгөө ном гэж төсөөлбөл ямар жанрын ном гэж төсөөлж байна.

Романтик хайрын тухай ном хэхэ.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол хамгийн сайн зөвлөгч, хамгийн их ухаарал хайрлагч.

 

Rayya Jakhinbyek