Ном бол Хорвоо ертөнцийг тал талаас нь нээж өгдөг олон олон хаалгууд .

Ном бол Хорвоо ертөнцийг тал талаас нь нээж өгдөг олон олон хаалгууд .
  1. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Ярилцлагаа урьж оруулсан явдалд баярлалаа. Намайг Мишээл гэдэг. Би “Гэрэн” зурагт номын мухлаг ажиллуулангаа зурагт ном зурдаг, хоёр хүүхдийн ээж. Одоогоор бүтэн цагаар ээжийн ажлаа хийж байгаа.

  1. Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Элдвийг мөрөөддөг хүүхэд насныхаа үеийг бодохоор бяцхан ч атугай өөрийн гэсэн гар урлал, “туршилт шинжилгээний” орон зайдаа зав чөлөөгүй уран бүтээл туурвиж, судалгаа, лаборатори ажиллуулан, тэр үүрэндээ бүгэх хүсэл минь л хамгийн түрүүнд санаанд буудаг. Зурагт ном бүтээн туурвих үйл явц ч өөрийн доторх тийм нэг буйдхан орон зайндаа өнжиж, хорвоо ертөнцийг өөрт тусгагдсан талаас нь нээн илрүүлж, гадагш буулгах явц шиг л санаж явдаг. Тийм ч болохоор бага ахуй насныхаа мөрөөдөж байсан тэр л үүрэндээ бүгчихсэн л яваа гэж боддог доо.

  1. Та номын мухлагаа анх хэрхэн нээсэн бэ?

Номынхоо бяцхан мухлагийг 2022 оны хүүхдийн баяраар нээж байлаа. Анх монгол хэлээр хэвлэгдэн гарсан чанартай зурагт номуудыг нэг дороос олж үзэх амаргүй санагддаг байсан юм. Тиймээс л хэвлэлийн газар бүрээс зурагт номуудыг нь цуглуулж нэг дор байршуулах санаа төрсөн хэрэг л дээ. Одоо 300+ монгол зурагт номтой, бяцхан англи номын булантай, сард нэг удаа клубийн уулзалт болон хүүхдэд зориулсан уншлагын цаг явагддаг тийм нэг газар болж хувирчээ. Цаашид улам л өргөжин тэлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Бага балчруудын хамгийн нандин, хайртай, дулаан дурсамжууд нь аав ээжтэйгээ зурагт ном уншиж байх үед нь бүрэлдэж байгаасай, хорвоог улам таньж мэдэх аялал нь зурагт номын эгэлгүй түүхүүдээс эхлэлтэй хэмээн хүсэж л Гэрэнгээсээ яг тэдгээр түүхүүдийг эрхлэн гаргаж, олж байршуулахаар зорьж явна.

  1. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?

Дөрөв, тавдугаар ангид байхад бил үү дээ,  “Эрэл”-д сурдаг байсан юм. Номын санг нь одоо ч санаж байна. Цаасны үнэр ханхийсэн, цайвар саарал тавиуртай олон гоё номуудтай бараан өрөө байдаг байж билээ. Том оо бичдэг номын санч маань их л сүрхий гарын үсгээ зураад ном өгч явуулдаг байсан. Одоо бодох нь ээ ном дүүрэн байдаг тэр өрөө номын ертөнцөд хөл тавихад минь нөлөөлсөн шиг санагддаг.

Ямар ч байсан “Харри Поттер” цувралын нэг номыг нь уншаад хэсэг хугацаанд номд донтож билээ. Арав дугаар ангид цуг сурч байсан найзууд маань Аюурзана зохиолчийн орчуулсан хар цувралуудаас зургаан номыг нь бэлэглэж байсан нь гоё бэлэг байжээ. Хэсэгтээ тэгтэл идэвхтэй уншилгүй, номоос хөндийрч байгаад оюутан байхдаа “Чик” гээд хэсэг, хэсэг чимэг зурагтай ном бэлэгт ирэхэд нь уншсанаас хойш номд тэр чигтээ дурласан даа.

Үзэл бодол бүрэн бүтэн бүрэлдэж тогтоогүй, “учир мэдэхгүй” насан дээрээ Монтений “Сонгомол эсээнүүд”-ийг уншиж байснаа санаж байна. Тухайн үед бүгдийг нь ойлгосон гэж хэлэхгүй ч одоо бодох нь ээ далдуур зарим нэг үзэл санаа нь хоногшоод үлдчихсэн  шиг байгаа юм.  Бас “Хоёр дахь өдрийн өглөө” гээд ном байна. Бичиглэлийн хэлбэр нь их сонин санагддаг байсан. Зохиогч нь ахын маань найз болохоор гэрт ном нь байж таараад, би олж уншиж байлаа. Тэр номын бичвэрүүд богино өгүүлбэр, үгсийн цуглуулга, дууны нэрсээр дүүрэн. Заримдаа ямар ч утга авцалдаагүй мэт санагдана. Яг ганцхан хүнд л зориулж тэр номыг бичээд, тэр хүн нь уншингуутаа зохиогчийн юу хэлээд байгааг шууд ойлгох юм шиг. Дундуур нь гарах дуунуудыг нь олоод сонсохоор нэг их гуниг төрдөг байж билээ. Хэрэв Мишээлийн өсвөр насны өнгө төрхийг бүрэлдүүлэгч номын жагсаалтаас нэрлэ гэвэл дээрх номууд дээгүүр байр эзлэх байх.

  1. Яагаад хүүхдийн номын зураачаар дагнан бүтээл туурвихаар шийдсэн бэ?

Миний яг суралцаж төгссөн мэргэжил архитектор боловч арван жилээ төгссөнөөсөө л эхлэн иллюстраци, график дизайныг түлхүү сонирхож эхэлсэн. Оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар Циферблат, Хайпмэн гэх зэрэг газруудад сонирхлоороо дан иллюстраци, график дизайны ажил хийдэг байсан. Ер нь сэтгэлийг минь иллюстраци төрөл их татдаг байсан юм байна. Ямар нэг арга хэвд хэт баригддаггүй, өгүүлэх гэж буй санаагаа яаж л бол яаж илэрхийлдэг тэр чанар нь сэтгэлд нийцдэг юм. Харин багаасаа л ойр өссөн, ер яаж ч явсан салж чаддаггүй зүйл минь ном юм билээ. Архитектораар төгссөн ч хамгийн анхны албан ёсны ажлын гараагаа хэвлэлийн газраас эхэлсэн дээ. Тэнд л хүүхдийн зурагт ном гэдэг төрөлтэй улам нарийн танилцаж дурласан юм. Өөрийн гараар бүтээл турвих хүсэл ундарсаар одоо яг л хүссэн зүйлээ хийж явна.  

Зурагт номд нэгэн шидэт гэмээр чанар байдаг нь бичвэр болон зургийн харилцан үйлчлэл. Энэ хоёр төрөл нийлж нэгдэн өөрийн гэсэн шинж чанартай, өвөрмөц орон зай үүсгэх бөгөөд үүнийг нь уншигч ч мөн өөрийнхөөрөө хүлээн авдаг. Огт бичвэргүй дан зурган илэрхийлэмжтэй байсан ч энэ төрлийн номыг уншигч өөрийнхөөрөө тайлж, хэлний чадвараа хөгжүүлдэг. Ийм л өвөрмөц шинж нь миний хийхийг хүсдэг зүйлтэй яв цав нийцдэг болохоор л энэ төрлөөр дагнахаар шийдсэн.

 

  1. Хүүхдийн номын зураг зурах нь хүрч байгаа хүмүүсийнхээ хувьд ямар ач холбогдолтой гэж хардаг вэ?

Зурагт номын ач холбогдол асар их л дээ. Дийлэнх уншигчдыг нь ерөнхийд нь хоёр бүлэгт хувааж үздэг. Эхний зорилтот уншигчдын бүлэг нь балчир хүүхдүүд байдаг бол нөгөөх нь тэрхүү номыг уншиж өгч буй хүмүүс байдаг. Ээж аав, асран хамгаалагч, хэн нэг том хүн гэсэн үг шүү дээ. Хүүхдэд тусах ач холбогдол нь дурдаад барахгүй дээ. Наад зах нь л гэхэд хэл ярианы, танин мэдэхүйн, ургуулан бодох, бүтээлч сэтгэх гэх мэт чадварууд хөгжинө гээд явж өгнө. Хүүхэд ямар нэг зүйлд анхаарлаа хандуулаагүй байх үед идэвхэждэг тархины нэг хэсгийг зурагт ном өдөөж, хөгжүүлж байдаг гэж нэг судалгаанаас уншиж байсан юм байна.

Хувийн л бодлоо хуваалцахад, хүүхдийн номын зурагт бичвэрт дурдагдаагүй ямар нэг зүйлийг харуулах буюу үгэн өгүүлэмжтэй зэрэгцэн зургаар өөр нэгийг өгүүлэх, гайхах орон зай үлдээж, шууд бэлэн хариулт өгөхгүй байх буюу уншигчийг хүндлэх, уншигчийн сонирхлыг нь татаж, инээд хөөр бэлэглэх, хүнд хэцүү сэдвийг хүүхдэд ойлгогдох дүрслэлээр харуулахаас эхлээд олон үүрэгтэй юм шиг санагдаад байгаа юм.

  1. Таны бодлоор боловсрол гэж юу вэ?

Ямар нэг зүйлийн талаар өөрийн гэсэн мэдлэг үүсгэх үйл явц юм уу даа. Боловсролыг хэзээ ч нэг цэгт хүрээд дуусдаг гэж бодохгүй байна. Жишээ нь шавраар нэг аяга урлах гэж байгаа хүн түүнийгээ давтан давтсаар олон хувилбарууд гаргаж авдаг шиг тэр л процессыг боловсорч байна гэж хэлж болох юм. Харин тэр хувилбар нь төгс байна уу алдаатай байна уу гэдэг нь тусдаа асуудал болов уу. Боловсорч гүйцсэн жимс гэж ургах үйл явц өрнөөд дууссан жимсийг хэлдэг шиг бодож сэтгэсний хүчинд тархин дахь мэдлэг мэдээлэл, мэдрэмж маань хэрхэн холбогдож, өөрчлөгдөж, шинээр өөрийн гэсэн мэдлэг мэдээлэл үүсгэж байна тэр явцыг л боловсрол гэж ойлгож явдаг.

  1. Эцэг эх, өвөө эмээ нар гэр бүлдээ ялангуяа хүүхдэд яаж үлгэр дууриалал үзүүлэх нь зохистой вэ?

Хүүхэд ойр дотнын нэгнээ толь мэт дуурайдаг. Төрөлхийн бусдаас ялгарах өгөгдөл мэдээж бий ч, хүүхдээ ямар байлгамаар байна бид өөрсдөө тийм байх ёстой гэж боддог. Ер нь хүүхэд гэр бүлд нэмэгдсэнээр тухайн гишүүд улам өөрсдийнхөө дотогш өнгийж, хийж буй үйлдэл, үг хэлээ хажуугаас нь харж, цэнэж байх хэрэгтэй юм шиг санагддаг болсон доо. Жишээ нь хүүгийн маань хөдөлгөөн идэвхжиж, дүрсгүйтэх нь олширч эхлэв ээ. Би ч зарим нэг нөхцөл байдал санасан шиг минь амаргүй болохыг биеэр мэдэрч байгаа юм. Хүүхэдтэй харилцах тал дээр яаж тэвчээр гаргах, зөв үгээ олж хэлэх, сэтгэл хөдлөлдөө хэт автахгүй байх, автсан ч дараа нь хүүхэдтэйгээ ярилцаж тайлбарлан, ойлгуулж байх гэх мэт суралцах зүйлс асар их байна. Томчууд бид энэ хорвоод ирчхээд дөнгөж хэдхэн жил амьдарч байгаа, бүхнийг анх удаа хийж үзэн, өөр өөрсдийнхөөрөө нээн танилцаж буй бяцхан хүмүүстэй өдөр хоногийг өнгөрүүлж буйгаа мартчихаад байдаг шиг байгаа юм. Эгээ л том хүн адил, ойлгочихно доо, мэдэж байгаа даа гэх мэтчилэн хандаад хүүхдийнхээ өнцгөөс юмсыг бодохоо хаяад байх шиг. Томчууд бид өөрсдөдөө л шүүмжлэлтэй хандмаар санагдаад байгаа.

  1. Хүүхдийг ном унших болон тоглоомын аргаар хэрхэн хөгжүүлэх вэ ?

Аль болох хүүхдийнхээ сонирхлыг хажуугаас нь анзаарч байгаад түүнтэй нь дөхүү сэдэв хөндөх ном, тоглоомыг сонгож нүдэнд нь ил харагдуулбал зүгээр санагддаг. Мэдээж ингээд сонирхсон зүйлийн нь талаар ном нүдэнд нь ил харагдаад байвал ойр хавьд нь өрөөстэй өөр сэдвийн номыг ч сонирхож эхлэх талтай. Бас хүүхдэд номлож, дээрээс тушааж, зарлигдаж биш хажуугаас нь, нэг түвшнээс харилцаж байвал хүүхэд бидний үгийг илүүтэй сонсдог шиг байгаа юм. Ямар нэг зүйл зааж сургамаар байвал хэгжилтэйгээр тоглонгоо алгуур, өөрийнх нь хэмнэлээр ямар нэг зүйл зааж өгөх нь үр дүнтэй санагдсан.

  1. Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Хүүхдийн өөрийнх нь бие дааж аливааг хийх чадвар эрт суусан байвал зүгээр гэж боддог юм. Өөрийн гэсэн хувь чанар, онцлогоо мэдэж, мэдэрдэг, бүтээлч, уйгагүй, бие даасан хувь хүн болж өсөж торниход ямар л чадвар хээгтээ байна тэдгээрт бага багаар өөрийн хэмнэлээр суралцаж байх ёстой л гэж санагддаг даа. Хэт онолоор нүдэх биш, амьдралд ойр чадваруудад дадаж хэвшсэн нь дээр гэх юм уу. Мэдлэгийн савыг яаж л бол яаж дүүргэж болох цаг үед бид амьдарч байна. Багахан мэдсэн зүйлийнхээ хэргийг тултал гаргадаг байхад л болно доо.

  1. Эцэг эхчүүд ялангуяа бага нас хүүхдэдээ ном худалдан авахдаа юунд дээр анхаарах нь зүйтэй вэ?. . Ном уншиж өгөхдөө юуг анхаарах вэ?

Хамтдаа тухайн сонгосон зурагт номынхоо түүхээр аялсан шиг аялъя гэсэн чин сэтгэлээр уншиж өгвөл хүүхэд дахин дахин уншуулахаар тэр номыг сонгож ирээд байдаг. Хүүхэд чин сэтгэл, үнэн харилцааг ялгах чадвартай гэж надад анзаарагдаад байдаг юм. Ямар ч ном сонгосон бай тухай номыг уншиж буй хүнд асар их хүч байдаг. Тэр хүчээ тултал нь ашиглаарай гэж л хэлье.

  1. Орчин үед хэвлэгдэж байгаа хүүхдийн номууд номд тавигддаг шалгуураа хэр хангаж байна вэ?

Сүүл үед монгол хэлээр минь олон сайхан зурагт номууд хэвлэгдэн гарах болжээ. Надад бол хэрэглэгчид буюу хүүхэд, болон ном уншиж өгөх том хүн хоёр зорилтот “хэрэглэгч” тэрийг шийдэх ёстой юм шиг санагддаг. Ямар ч сэдвийн, ямар ч дүрслэлтэй ном гарж болно. Зураг, иллюстрацийг ямар нэг стандартад барих хэцүү. Чанартай зурагт ном, агуулга ер нь л шууд мэдэгддэг шүү дээ. Хамгийн сайн шүүгч нь магадгүй хүүхдүүд ч байж мэднэ. Үнэнийг пал хийтэл хэлж чаддаг оршихуйнууд шүү дээ. Нэхэмжит ном байна гэдэг чинь сайн ном л гэсэн үг. Уншигч тэрийг шийдсэн нь зөв гэж боддог.

1950-иад онд хэвлэгдэж гарсан “Where the wild things are” гээд ном байдаг. Гарсан цагаасаа л шүүмжлэл дагуулж тухайн үеийн томчууд ийм ном хүүхдэд уншуулахгүй, хурц сэдэв, хэтэрхий аймар, хүүхдэд тохирохгүй гэх мэтчилэн шүүмжлүүлсээр хориотой номд ч орж байжээ. Тэгтэл тэр л номыг хүүхэд бүр номын сангаас сонгож ирээд хөхрөлдөн уншаад байсан гэдэг. Одоо бол дэлхийн хамгийн алдартай зурагт ном болсон шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрийн номын тавиурт байгаа байх..

  1. Та бусад эцэг эхчүүдэд хэрхэн зөвлөх вэ?

Хүүхдэдээ аль болох эрт (болж өгвөл гэдсэнд олдсон цагаас нь) зурагт ном уншиж өгч байгаарай. Тэд сонсож, харж байдаг, таныг мэдэхээс ч өмнө харснаа тун сайн ойлгодог болсон байдаг юм билээ л гэж хэлье даа.

  1. Таны унших дуртай ширээний ном?

Ширээний ном гэхээс илүү хүнд хэцүү үеийг давж гарахад тусалдаг номоо хуваалцчихдаг юм билүү. Марк Аврелий гээд ромын эзэнт гүрний удирдагч, стоик философийн гол төлөөлөгчийн 170 онд бичсэн “Meditations” гээд ном байдаг. Элдэв бэрхшээл тохиолдох үед энэ хүний өөртөө хэлсэн сануулгуудыг уншиж байвал зүгээр юм билээ.

Бас зарим үед уран зохиолын л ном уншмаар үе ирдэг. Ойрын үед дан япон зохиолчдын номууд уншиж байгаа юм байна. Асако Юзүки “Butter”, Иоко Тавадагийн “The Last Children of Tokyo”, Мүраками Харүкигийн “City an its Uncertain Walls”, Нацүмэ Соосэкигийн “Kusamakura” гэх мэт.

Зурагт ном гэвэл “The Stuff of Stars”, “We the Curious Ones” гээд нэг зохиолчийн хоёр ном байгаа. Миний хамгийн хайртай зурагт номууд гэх юм уу даа. Аль аль нь хүн төрөлхтний энэ дэлхий дээр хэрхэн ирсэн бас яаж шуухан сониуч зандаа хөтлөгдөн аж төрж байсан тухай яруу найраглаг түүхүүд байгаа юм.

  1. Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Дээр дурдсан үүрэндээ л байх даа. Гэхдээ зарим ном хаана уншигдахаасаа үл хамаарч сонирхол татдаг шүү.

  1. Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Шель Силверстайн гээд яруу найрагч, зохиолчийн зурагт номуудаас уншиж үзээрэй гэж хүсмээр байна.

  1. Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Хорвоо ертөнцийг тал талаас нь нээж өгдөг олон олон хаалгууд гэх юм уу даа.

  1. Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл /Үүнийг л асуугаасай гэсэн асуулт, хэлэх зүйл танд үлдсэн бол та өөрөө бичиж болно шүү/

Номоор дамжуулж өөр өөрсдийнхөө нээгдэлгүй өнгөрсөн талуудтай танилцаарай гэж ярилцлага уншсан хүн бүрд хүсье. Урьсанд дахин баярлалаа.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын таны уран бүтээлд улам их амжилт хүсье.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн