Ном бол хүмүүний амьдралыг хөтлөн заагч луужин…
Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу!
Төрж өссөн унаган хотынхоо Төв номын сангийн уншигчидтай эчнээ уулзуулах боломж олгосон та бүхэнд гялайлаа! Намайг Жанчив овогтой Наран гэдэг. Миний уран бүтээлээ туурвидаг нэр маань Ж.Нарана. Ижийгийн минь талын хойд Буряадын хамаатнууд маань намайг ингэж дууддаг болохоор ижил нэртнүүдээсээ ялгарахын тулд 2014 оноос нүүр номдоо энэ нэрээр бичвэрүүдээ оруулж эхэлснээс хойш эдүгээг хүртэл эрхлэн гаргасан 21 номоо Ж.Нарана нэрээр гаргасан юм. Би өөрөө гурав дахь үеийн Улаанбаатар хотын унаган иргэн, өнгөрсөн зууны 60-аад онд энд төрж өссөн иргэдийн нэг.
Та амьдралыг бүтээх мөн чанарыг юу гэж хардаг вэ? Таны амьдралд хамгийн зөв эргэлт буюу эхлэл юу байсан бэ?
Манай үеийнхэн залуухан, халуухан насандаа одоо цагт моодонд ороод буй ямарваа нэгэн тренд хэллэг, одоо тухайлбал “амьдралын мөн чанар” гэх мэтийн философилог асуултыг өөртөө тавихтай манатай урсгалаараа л хөвж явдаг байсан байх. Хэрвээ бидний үед энэ сошиал нетворк байсан бол гэх томоохон харуусал харин одоо бидэнд байна. Бидний амьдралын зам лавтай төсөөлөхийн аргагүй өөрөөр өрнөх байсан гэж л хэлье. Миний амьдралын хамгийн зөв эргэлт бол ХИС-ийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн тэр баярт мөчөөс эхтэй юм шиг ээ. Тухайн цагийн гадаад хэлний хамгийн нэр цуутай эрдэмтэн мэргэд, багш нараар бүтэн 5 жил ном эрдэм заалгаснаар “Ямар ч хүн ном л унших хэрэгтэй, уншихдаа юу хамаагүй шүүрч аваад байх биш, харин өөрийг нь соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгож, эргэцүүлэн бодох улмаар зөв шийдвэр гаргахад чиглүүлж чадах тийм л номнуудыг уншиж судлах ёстой” гэдэг ойлголт авсан юм билээ.
Анх “Ханзны хатан хаадын хилэнц”-ийг уншаад Ж.Нарана гэж ертөнц хэн бэ гэдгийг төсөөлсөн. Энэ романыг ярихаар танд сайн муу олон зүйл санагдаж байгаа байх…?
2016 онд би нэгэн группээс зарласан “Түүхэн өгүүллэгийн уралдаан”-д 800 гаруй үгтэй богино өгүүллэг бичсэн юм. Уралдааны болзолд хамгийн олон лайк даруулж, коммент бичүүлсэн өгүүллэгийг шалгаруулна гэж байсан авчиг яагаадыг бүү мэд “Ханзны хатан хаадын хилэнц” нэртэй хамгийн олон лайк, комменттой өгүүллэгийг минь ядаж шагналт байранд ч оруулаагүй нь аливаа шударга бус зүйл бүхэнд шүүмжлэлтэй ханддаг шартай хүний шарыг нь хөдөлгөсөн хэрэг. Зохион байгуулсан хүнд нь “Та нарын шударга бус хандсан үйлдэлд би яг энэ өгүүллэгээ дэлгэрүүлж роман бичиж хариу барина даа” гээд чаатаар биччихсэн юм. Угаасаа энд зохиомол зүйл бус харин би үнэхээр аавтайгаа ярилцдаг байсан, ааваасаа сонссоор байгаад кино шиг нүдэнд минь харагддаг байсан зүйлээ цаасан дээр дэлгэрүүлж бичихэд харин ч сонирхолтой байсан тул яг нэг жилийн дараа энэхүү гурамсан романы эхний дэвтрийг бичсэн түүхтэй юм. Эхний дэвтрийг нь уншсан уншигчид маань “Дэд дэвтэр нь хэзээ гарах вэ?” хэмээн олуулаа шалж эхэлсэн тул хагас жилийн дараа дэд дэвтрийг нь, мөн л гурав дахь дэвтрийг нь нэхсээр байсан учраас жил хагасын дараа бичиж гаргаснаар Нийслэл Хүрээ, хожмоо Улаанбаатар хотод 1925-1995 оны хооронд болж өнгөрсөн бодит түүхүүдийг уран сайхны аргаар нэгтгэн зангидаж бичсэн түүхтэй.
Таныг энэхүү бүтээлийг бичихэд түлхэц өгсөн зүйл болон үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийнхээ талаар дурсвал…?
Аав минь Нийслэл Хүрээнд төрсөн хүн байсан учраас надад эрт урьдны үнэхээр сонирхолтой түүхүүдийг ярьж өгдөг байсныг олонтаа сонссоор байгаад би ой тойндоо кино шиг хадгалчихсан гэдгээ энэхүү гурамсан романаа бичиж байхдаа л мэдэж авсан шүү. Ээж минь бас аав ээжийнхээ хойноос нүүдэллэн ирсэн үүх түүхийг мөн л үлгэр шиг хүүрнэсээр байгаад биднийг ой ухаандаа шингэтэл өвлүүлснийг би “Балжмаахан” романаа бичиж суухдаа мөн л мэдэрсэн. Тэгэхээр эцэг эхийнхээ олгосон гэрийн хүмүүжлээр миний үзэл санаа бүрэлдэн тогтсон гэж хэлж болно.
Хамгийн сүүлд шинээр мэндэлсэн “Хүүхдийн зурхай” хэмээх сонирхолтой номныхоо тухай дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
Дорнын сарны зурхайн буюу 12 жил, Өрнийн нарны зурхайн буюу 12 ордод хүүхдийг хэрхэн зам мөрийг нь тодорхойлсон байдаг тухай энэхүү номыг гарсан цагаас нь хойш худалдан авч уншсан хүн бүхэн “Айл өрх бүрт заавал байх ёстой ном байна” гэж тодорхойлон хэлж буй нь энэхүү номыг үнэлсэн дүгнэлт буй за. Эрхлэн гаргасан би хүртэл өөрөө “Хэрвээ миний охиныг нялх бага байхад нь энэ ном байсан бол би ёстой хүүхдээ шал өөрөөр хүмүүжүүлэх байсан ч юм билүү, ямар ч мэргэжил эзэмшүүлэх ч байсан юм билээ” гэж нэгэнтээ пост оруулсан түүхтэй. Би өөрөө сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй хүний хувьд энэхүү номыг байдаг л нэг зурхайн номноос арай өөр буюу сурган хүмүүжүүүлэх ухаан, сэтгэл зүйн ухааны үндэснээс боломжийн хэмжээнд цогцоор нь бичихийг оролдсон. Хүүхдийг төрсөн цагаас нь насанд хүртэл нь буюу ямар зан араншинтай, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн яаж харилцдаг, хүүхдүүдтэй харилцахдаа юуг анхаарах ёстой, ямар хичээл, урлаг спортын секц дугуйланд явбал амжилт үзүүлэх магадлалтай, ямар гэрийн тэжээвэр амьтан тэжээвэл зохих вэ, ямар тоглоом наадгайгаар тоглох нь зөв бэ, ямар ээж охидын харилцаа хэрхэн зохицдог вэ гэх зэргээр өгүүлсэн энэхүү ном зөвхөн хүүхдүүдэд төдийгүй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд тун хэрэгтэй гэлцэн буй.
Та өөрөө уншигчийн хувьд юуг эрж хайж байдаг вэ?
Уншигчийн хувьд би уншихад сайхан гулгаад явчихдаг хэл найруулга сайтай ном л эрж хайдаг байж магадгүй.
Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?
Намайг ээж, эгчтэйгээ зүйрлэсэн, залуу хүмүүсийн хувьд юун дээр алдаж болзошгүй вэ гэдгийг байнга постуудаараа хэлж зөвлөж байдагт талархсан комментууд л харамгүй ирдэг. Бүтээлч шүүмж гэхээсээ илүү өөрийнх нь таашаалд нийлцээгүй пост оруулсны төлөө биеийн жингээр л өөлсөн хаа нэг комментууд бичигдсэн байдаг.
Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу? Та ямар мэргэжилтэй вэ?
Би чинь тухайн үеийн ХБДС-д төгөлдөр хуурч болохоор сурч байсан мөртлөө шилжилтийн насандаа сэтгэл санаа маань хувираад сэтгүүлч болохыг маш ихээр мөрөөддөг болчихсон байж билээ. Тэр ч бүү хэл Москвагийн Ломоносовын нэрэмжит МГУ-д л сурахыг мөн ч их мөрөөдсөн дөө. Даанч миний мөрөөдөл биелээгүй мөртлөө биелсэн ч юм шиг болчихоод байна. 1990 онд би Москвагийн А.С.Пушкины институтэд сурч байхдаа нэг өдөр бүүр хэрэг болгон өөрийнхөө агуу их мөрөөдөл болсон сургуулийн гадаа очиж үзлээ. Би тэнд сурч чадаагүйдээ харуусал төрөөд зөвхөн дэргэд нь очиж харсандаа өөрийн эрхгүй нулимс минь бөмбөрөөд байсныг би одоо маш тод санаж байна. Надад тэнд сурах бүрэн потенциал байсан мөртлөө даанч аз таараагүй л дээ. Би гадаад хэлний багш мэргэжилтэй. Гэхдээ би 50 гараад нүүрномд оруулсан бичвэрүүдээрээ олон түмнээс “Ардын сэтгүүлч” гэх алдар хүртсэндээ асар их баярладаг төдийгүй мөрөөдөл маань биелсэн ч юм шиг…
Таны одоогийн мөрөөдөл юу вэ? Нууц биш бол мөрөөдлөө бидэнтэй хуваалцахгүй юу?
Хүн бүхэнд мөрөөдөл бий. Зарим хүн мөрөөдөлдөө зүүдэндээ ч хүрдэг байхыг үгүйсгэхгүй. Үүний тухай л хүмүүст бичиж ойлгуулах юмсан гэсэн хэд хэдэн сэдэв надад байдаг учраас ном болгоод гаргачихвал гоё л санагдаад байна.
Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?
Сэтгэлийг минь хөнддөг үй олон зүйлс байна аа. Би дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй учраас сайхан дуу хөгжим сонсох хамгаас дуртай, сонин содон аялгуутай хөгжмийн бүтээлүүд, дуурь сонсож, балет үзэх, сод хөгжимчин дуучдын онцгой содон уран бүтээл, маш цомхон атлаа амьдралын бүхий л өнгийг гаргаад илэрхийлчихдэг хошин шог онигоо унших, заримдаа өөрөө зохиох дуртай, өөртөө таалагддаг кино үзэх, тоглолт шоу үзэх, дуртай номоо унших, интернетээс шинэ содон зүйлсийн тухай унших гээд надад хийх дуртай маш олон зүйл байхад даанч цаг маань хүрэлцдэггүй.
Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай таарч байв уу?
Москвад В.И.Лениний нэрэмжит төв номын санд цөөхөн удаа ч гэлээ сууж үзэж байлаа, цөөн бус багш нарындаа очиж номын санг нь хараад л “Би нээрээ эдний насан дээр ийм гоё номын сантай болох юм сан” гэж санаашран зогсож байснаа санаж байна. Хамгийн сүүлд “On & Off”-ын төвийн ВИП өрөөний нэг талын ханыг нь битүү бүрхсэн номын санг нь хараад маш их сэтгэл хөдөлсөн. Яагаад гэвэл тэнд байсан номууд яг бидний үеийнхний уншиж, уншихыг мөрөөдөж байсан номнууд дүрээрээ байсанд би үнэхээр гайхсан. Тэр ч бүү хэл “Яана аа, ийм өрөөнд тавьчихаар нэг нэгээрээ алга болчихвол яана аа?” гэж өөрийн эрхгүй хэлсэн дээ.
Ном унших дадал хэзээнээс хэрхэн тогтсон бэ? Багадаа хэр зэрэг ном уншдаг хүүхэд байв?
Бидний үеийнхэн бараг бүгдээрээ шахуу ном уншиж өссөн дөө. Яагаад гэвэл тэр үед чинь одоогийнхтой адилхан “цагийн дайснууд” ховор, ёстой өнөө нэг өдөр өнгөрч өгдөггүй байсан үе шүү дээ. Зузаан зузаан номыг л их багагүй бүгдээрээ ёстой нэг уншдаг байж билээ. Хөгжмийг өдөрт 4, 5 цагаар сууж давтдаг байсан учраас би багаасаа суух дадал сайн эзэмшсэн байх.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Дэлхийгээр дүүрэн ном байдаг болсон цаг дор би зөвхөн өөрийнхөө уншина гэж хүссэн номоо л авдаг. Эхний нэг хуудсыг уншаад л авах эсэхээ тодорхойлж чадна. Илүү дутуу олон ном руу хардаггүй, учир нь нэг халуурвал аюултай, олон ном авчих гээд байдаг.
Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ном?
Тухайн үед манай ХБДС-д сонгодог хөгжмийг Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар заадаг байсан учраас бидэнд 1-р ангиас орос хэл заадаг байв аа. Манай Ольга Павловна багш маань “Оросоор л ном их уншвал хурдан сурна шүү” гээд хэлсэн учраас би гэртээ байсан орос номнуудаас унших гэтэл яаж ойлгох вэ дээ? Манай гэрийн номын санд аавын минь Автын талын, ээжийн минь Анагаахын талын, эгчийн минь Холбооны талын орос номноос өөр миний ойлгочих ном байсангүй ээ. Ээж минь бидэнд ном сэтгүүл авч өгөх их дуртай хүн байсан тул тухайн үед “Весёлые картинки”, “Мурзилка”, “Советский экран” сэтгүүлүүдээс гадна “Русский язык в картинках” цувралууд, мөн орос хэл дээрх хүүхдийн үлгэрийн номнууд авч өгдөг ч би дор нь уншчихаад дахиад л авч өгөхийг шаардана. Нэг өдөр ээж “За чи энэ номыг уншаад ойлгодог болгочихвол би чамд дуртай номыг чинь авч өгье” хэмээгээд гэрийн номын сангийн хамгийн дээд нүдэнд байсан “Домоводство” хэмээх 790 хуудастай лут зузаан номыг буулгаж ирээд өмнө минь тавилаа. “Пөөх, би яаж ийм том номыг уншаад ойлгох юм бэ?” гэж намайг өөрийн эрхгүй цааргалахад “Пөөхсөх юм байхгүй, наадхаа л уншаад бай, нэг л өдөр миний басганы билиг нь цоорно” гэж хэлээд гарт минь бариулсан юм. Энэ ном одоо манай гэрт байгаа, намайг хорвоотой танилцуулсан, гэрийн эзэгтэй болгосон ном байхгүй юу. 1960 онд хэвлэгдсэн лут ном л доо, би энэ номноос орос хэл сурах гэсэн биш харин гэрийн эзэгтэй болох бүх зүйлийг сурч авсан түүхтэй. Энэ номын ачаар би хоол хош, салат зууш, кекс талх барихаас эхлээд хувцас хунараа оёод өмсчих агуу их хүсэлтэй, орчин үеийн эзэгтэй хүн ямар л эрдэм эзэмших ёстой юм, тэр бүгдийг өөрийнхөө хэмжээнд сурч авсан учраас тухайн үед миний гарт бариулсан ижийдээ үнэхээр их талархдаг. Товчхондоо намайг өөрийнхөө л хэмжээнд төгс эзэгтэй болгоход маш их тусалсан ном.
Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?
Би нэг тийм гаднаа утга учир бүхий зурагтай хавтас бүхий баримтат уран зохиолын ном байх аа.
Багадаа уншиж байсан номныхоо хамгийн хайртай зохиолын баатар тань хэн байв?
Би бүр шал далий хариулт өгье. Би ямар нэгэн ном зохиолын баатар гэхээсээ илүү Анастасия Ивановна Цеденбал-Филатова гуай шиг л маш олон барилга байшин бариулж монголын хүүхдүүдийг соёлжуулж боловсруулсан эмэгтэй больё гэж лааг мөрөөддөг байсан гээд бод доо? Манай сургууль дээр ирэх үед нь би яагаад ч юм олонтаа тааралдаж, Улс хувьсгалын 50 жилийн ойгоор Л.И.Брежнев дарга ирэхэд энэ эмэгтэй л монголын ард түмэнд одоо хүртэл сүндэрлэн байгаа олон барилга байгууламжуудыг бэлгэнд авч өгч чадсан гэдгээр нь жигтэйхэн их бахархдаг, заримдаа Э.Оюун, С.Удвал, Пагмадулам гуай шиг эмэгтэй болохыг 1-р ангиасаа л мөрөөдсөн юм байна. Тийм болохоор ямар нэгэн номын баатруудаас илүү би тэдэнд хайртай байсан юм шиг ээ…
Энэ их ажлынхаа хажуугаар ямар ном уншиж байна, уншиж буй номноосоо хуваалцахгүй юу?
Уншихаар авсан ч уншиж амжаагүй мөн ч их ном надад байна даа. Ш.Ауст, А.Гайгэс нарын бичсэн “Ши Жиньпин: Дэлхийн хамгийн хүчирхэг хүн”, Эзра Фогэл “Дэн Шяопин: Шинэ Хятад” номнуудыг л зэрэг сөхөөд л явж байна. Би уран зохиолын ном гэхээсээ илүү алдартай хүмүүсийн намтар унших үнэхээр дуртай болоод удаж байгаа. Өнөөгийн Хятад орныг өөрчилсөн, өөрчилж буй эдгээр эрхмүүдийн туулж ирсэн замналыг унших нь надад ямар ч уран зохиолын номноос илүү сонирхолтой санагддаг гэх үү дээ.
Таны унших дуртай ширээний ном?
Дэлхийн томоохон бизнесменүүдийн тухай цуврал, Зурхайн цувралууд
Та ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ?
Дэлхийн хамгийн нэр цуутай алдартнуудын тухай намтрын цуврал, салбар салбарын лидерүүдийн тухай бодит түүх, Өрнө дорнын зурхайн тухай номнууд
Уншихыг төлөвлөж буй номноосоо нэрлэвэл?
Оскар Мамены “Зүүнш зорчсон нь” ном авсан ч сайхан тухтай уншиж судлах зав гардаггүй дээ.
Ямар зохиолчийн номыг унших дуртай вэ?
Сүүлийн үед Мо Янь, Харүки Мураками нарын номыг унших дуртай болж байна. Би Ихрийн ордных учраас миний сонирхол таашаал цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг онцлогтой, хуучинсаг үзэлтэй зөвхөн хуучны юмаа дээдэлдэг хүн биш шүү.
Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?
Гэртээ бол чив чимээгүй орчинд буйдан дээр маш тухлаг сууж байгаад унших үнэхээр дуртай. Бас онгоцонд ном унших их гоё, нэг л мэдэхэд буух болчихсон байдаг нь их таалагддаг юм байна. Аа, тийм өнжин хонон явдаг галт тэргэнд хил гааль дээр удаан зогсож байхад юмуу купены хүмүүс нам унтчихсан байхад ганцаархнаа ном унших яагаад ч юм нээх гоё кайфтай санагддаг.
Та фэйсбүүкт олон дагагчтай, постуудаа эмхэтгэж цуврал гаргаснаас гадна өөр олон номын зохиогч. Та энэ бүхнээрээ нийгэмд ямар мессеж өгөхийг зорьдог вэ?
Миний бие 10 жилийн дотор хувь хүний хөгжлийн, урлаг соёлын, кино урлагийн, Орос-Зөвлөлтийн кино жүжигчид, дуучдын хувийн амьдралын тухай “Тэдний хувийн амьдрал-1,2,3” цуврал, “Амьдралын олон өнгөтэй” сургамжит өгүүллэгүүд болон “Ханзны хатан хаадын хилэнц” гурамсан роман, “Алтан луу ба Амурын бар”, “Сэвлэг хатан”, “Балжмаахан” романууд, хамгийн сүүлд “Хүүхдийн зурхай” гэх зэрэг нийтдээ 21 ном хэвлүүлжээ. Миний бүх номнуудад амьдралын үнэнийг ихэвчлэн бодит түүх, болсон явдал дээр үндэслэн өгүүлэхдээ гоёчлон чимэглэж, уран зөгнөж бичихээсээ илүүтэй баримтат уран зохиолын хэллэгээр бичдэг онцлогтой. Миний насны хүмүүс туулсан амьдралынхаа туршлага дээр тулгуурлан хоёр зуун, хоёр нийгмийн байгуулал дахь монголчуудын үнэн бодит амьдралыг хүүрнэн өгүүлэх замаар зарим нэгнийх нь өнгөрсөн амьдралын сайн сайхан дурсамжийг сэргээж, бага залуу нэгэнд нь ахмад үеийнхний туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай гоёчлолгүй бодитоор хүргэхийг л эрмэлздэг. Монгол хүний нинжин сайхан сэтгэл яагаад ч юм жилээс жилд хумигдан агшиж буй энэ цаг дор үе үеийнхний сэтгэлийн нандин холбоог их бага хэмжээгээр гагнаж үлдээх л миний эрхэм зорилго юм даа.
Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?
Өөртөө үлгэр жишээ болохуйц гадаад дотоодын алдартнуудын амьдралын түүхийг заавал уншдаг байгаарай гэж л хэлье дээ. Залуу байхдаа л өөртөө ямар нэгэн шүтээн бий болгож, түүн шиг тэмцэгч дайчин чадвартай болохыг зорих нь зүйрлэшгүй олон сайн талтай, “Миний ирээдүй миний л гарт байгаа” гэх омогшил бий болсноор өөрийгөө хөглөх, хурцлах, өөртөө эрэмших урам зориг бий болно.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол хүмүүний амьдралыг хөтлөн заагч луужин. Ном уншдаг хүний амьдрал л утга учиртай өнгөрдөг буй за.
Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!