Ном бол хүнд үнэгүй эрдэм олгодог, бие сэтгэлийн, гоо зүйн, сайн сайхны үлгэр дуурайлал олгож, хүмүүн бидний хүссэн аливаа зүйлд хариулт өгдөг, гайхамшигтай том багш билээ.

Ном бол хүнд үнэгүй эрдэм олгодог, бие сэтгэлийн, гоо зүйн, сайн сайхны үлгэр дуурайлал олгож, хүмүүн бидний хүссэн аливаа зүйлд хариулт өгдөг, гайхамшигтай том багш билээ.

Тууль нь монгол түмний бүтээсэн агуу их туурвилуудын нэг. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй соёл, шүтлэг бишрэл, зан заншил, түүхийг багтаасан үнэт өв болох  энэхүү соёлын биет бус өвийг тээн, түгээн дэлгэрүүлж яваа танд гүнээ мэхийн талархъя аа.

Тууль нь монголчуудын аман билгийн хамгийн том өв соёл юм. Энэхүү өв соёлыг судалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээхийн төлөө өөрийн амьдралын ихэнх хугацааг зориулаад явж байна даа. Монголчуудын нүүдэлчин ахуй маань өдөр ирэх тусам биднээс алслан холдож, дэлхий нийтээрээ даяарчлагдаж байгаа энэ цаг үед бид дангааршиж, өөрсдийн өв соёлын онцлог талыг хадгалж үлдэх ёстой юм.

Энэ туульсыг цаашид улам гүнзгий судалж, дэлхий дээрх туульстай харьцуулан, монгол тууль хаана нь явааг тодорхойлоход ажлын маань нэг хэсэг чиглэгдэж байна.

-Та удам дамжсан туульч хүн. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

Тиймээ. Манай удамд Боднаа, Гилайн-Ээв, Сэнкирай, Буурал Арван, Хоо Живэрт, Баян-Алтай, Живэрлэг, Эрдэнэцогт зэрэг үе удам дамжсан туульчид байсан. Би өөрөөсөө дээш дөрөв дэх үеийн туульч болох Баян-Алтай туульчаар овоглож явдаг. Баян-Алтай туульч 1870-аад онд төрөөд өнгөрсөн зууны дунд үе хүртэл амьдарч байсан хүн юм. Тэрээр Монгол Алтайн нуруу, цаашлаад Шинжааны нуруу, Тэнгэр уул, Тэнгэр уулын дагуу гурван улсын нутаг дамнасан нурууд, Казакийн их тал нутаг, Горный Алтай, Енисей мөрний дагуу олон тайгуудыг тойрч тахилч туульчийнхаа үүргийг гүйцэтгэж явсан гэдэг. Энэ хүнээс дамжиж ирсэн олон сайхан туульс, мөн Алтайн магтаалын хуучин хувилбар бий. Энэ бүхнийг би өөрийн боломжийн хүрээнд буулгаж, зарим тахилгуудыг гардан гүйцэтгэж, олны хүртээл болгохыг зорьж явна даа.

-Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдэлж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын тухай…?

Дэлхий дээрх туультай улсуудад ерөөсөө ганцхан туультай улс ч бий. Тэнд тийм зан үйлд ийм тууль хайлна гэсэн олон сонголт байхгүй. Монголчууд бол дэлхийн туультай улсуудаас хамгийн элбэг баян арвин өв сантай. Тийм арвин өв сантай учраас дайн тулааны өмнө хатуу тууль хайлах, дэлгэрүүлж, үржүүлэх, хөгжүүлэх зүйлд цагаан туйл хайлах, гай барцад тотгорыг арилгахад бас өөр тогтсон туулиуд хайлах, үрийн заяач, үр хүүхэд цөөтэй айлд хайлдаг тууль гэх мэтээр тухайн хайлуулж байгаа газарт ямар туулийг хүсэж байна тэр туулийг хайлах боломж бий. Өөрөөр хэлбэл сонголт хийж болохоор гэсэн үг. Ингэхдээ туульч хүнээс их хамаарна. Учир нь тийм олон хөлгөн туульс мэдэж байх ёстой гэсэн үг. Тийм олон туультай улс байлаа гээд туульч хүн тэр олон туулийг өөрийн болгон эзэмшиж чадаагүй бол тэр боломж нь дутмаг байсаар байх талтай. Нэг тууль хэдэн бүлэг, мөр шүлэгтэйгээсээ хамаараад нэг зузаан ном ч болж магадгүй учраас өөрийн болгож авна гэдэг нэлээн их цаг хугацаа шаардана. Тэр олон туульсыг ёс уламжлалтай нь өөрийн болгоод, тухайн уригдсан нутаг орон, хувь хүмүүс, орчин цагт байгууллага хамт олонд хайлахад туульч хүнээс оюуны нэлээд ой санамж, оюуны чадамж, зан үйл хийх язгуур дээдсийн туршлага, туульсаа урт цагт гүйцэт хүргэх тэвчээр зэрэг олон чадварыг шаардана даа.

-Туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад өөрийн цэцээр өгүүлэн хэлдэг гэдэг. Энэ тухай сонирхуулаач?

Удам дамжсан туульчидад ийм чадвар бий. Харин шинээр туульсыг сурч байгаа мөн багшаасаа шавь нь сурч байгаа тохиолдолд туульсын онгод ороод шууд хайлна гэхээсээ илүү багшийн хэлснээр тогтоож, өөрсдөө цээжилж сурахаас өөр аргагүй юм.

-Таны хайлдаг туулиудаас хамгийн урт тууль нь хэдэн бүлэг, мөр шүлэгтэй вэ?

Би хайлсан туулиудаасаа ганц хоёрыг нь ном болгон хэвлүүлсэн. Мөн хэвлэлтэд өгөхөөр эхийг нь бэлдсэн хэдэн ном бий. Үүн дотроос хамгийн урт тууль нь “Зургаан түмэн настай Зул алдар хаан”, “Талын Хар Бодон”, “Бум Эрдэнэ”, “Мөнхсайхан төрт Алтан Торц баатар”, “Эрийн сайн Хан Харангуй”, “Жангар”, “Гэсэр” зэрэг олон туулиуд бий. “Зургаан түмэн настай Зул алдар хаан” тууль  гэхэд арван мянга гаруй мөр шүлгээс бүрддэг. Энэ туульсаас гадна хэд хэдэн том тууль байгаа. Дор хаяж 3-5 шөнө хайлдаг  туулиуд ч бий. Үүнээс урт туульсыг мөчлөг тууль гэж үзээд түүнээс ч урт хугацаагаар хэлэгдэнэ. Монгол тууль хамгийн богинодоо 2200 гаруй бадаг шүлэгтэй байдаг.

-Соёлын биет бус өв тээгч хүний хувьд хойч үедээ энэ соёлыг өвлүүлэн үлдээхэд таны зүгээс хийж буй ажил юу байна?

Соёлын биет бус өв тээгч хүний хувьд хойч үедээ энэхүү соёлыг өвлүүлэн үлдээхээр  олон ажил хийж байгаа. Туулиас гадна ардын урлагийн дөрвөн төрөл дээр Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай мөн бусад аймгуудад шавь сургалт явуулж байгаа. Бас хилийн чанадад миний шавь нар бий. Шавь нартаа өв соёлыг язгуур зан үйлтэй нь хийж сурах, ямар цаг үед туулиа хайлах, тууль хайлахын өмнө зан үйлээ хэрхэн зөв эхлүүлж хийх талаар өөрийн мэддэг бүхнээ зааж сургаж явна даа.

-Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв?

Номын утга далай мэт гүн, тэнгэр мэт уужим хэмээн мэргэд тайлбарласан байдаг. Ном ихтэй айлууд, дэлхийн том номын сангуудаар очиж байсан. Үүнээс дэлхийн нэртэй  их сургуулиудын номын санг онцолмоор байна. Жинхэнэ номон дунд умбах боломж бүрддэг. Тэнд НҮБ-ийн таван хэлээр ном байхаас гадна эртний, дундад зууны үед номын санд хэрэглэж байсан ширээ сандал ширээ, тэр үеийнхээ эдлэл хэрэгсэлтэйгээ ном хэдэн зуун жилээр яг тэр газраа музей шиг хадгалагдаж, уншигчдад хүрч байдаг. Мөн орчин цагийн ном хэвлэл нь байшингийнхаа шинэ давхарт байж байх нь гайхалтай. Дэлхийн олон орны ном хэвлэлтэй танилцахын тулд номын сангийн каталог ашиглаж сурсан нь хувь хүнийхээ хувьд шинээр сурсан зүйл байсан. Мөн хэд хэдэн эзэн хаант улсын эртний болон хуучин номын сан хэд хэдэн орны засгийн ордонд байдаг номын сангуудаар орж байлаа. Канадын алдартай номын сан, Ватиканы номын сан, Испаны үндэсний номын сан, Өмнөд америкт Ре Де Жанерагийн номын сан, Парисын Ричелегийн номын сан гэх мэт олон сайхан номын санд очиж байв. Мөн түүнээс гадна Стейнфорд, Харвард, Берклей, Кембриж, Пенсильван, Вэйслиан гэх мэт дэлхийн олон шилдэг их сургууль, НҮБ-ийн ордон, Америкийн Холливудын зарим чухал газрууд, Энэтхэгийн Болливудын хүмүүстэй хамтарч, тоглож, мастеркласс үзүүлж, лекц уншиж явахдаа ном эрдэмтэй нөхөрлөж, тун ойрхон явж ирсэн.

-Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаарх дурсамжаа бидэнтэй хуваалцаач?

Би найман настайдаа сургуульд ороод номтой танилцаж байв. Сургуульд байхад ном сайн уншдаг хүүхдэд “Номын сайн нөхөр” гэдэг үнэмлэх, “Таван онцын эзэн”  тэмдэг өгдөг байлаа. Надад ийм үнэмлэх, тэмдгүүд хэд бий. Шинэ жилээр онц сурсан сурагч гээд өвлийн өвгөний бэлэг авч байсан нь их л сайхан санагддаг юм. Эдгээр үнэмлэхүүд нь ном эрдэмд ойрхон цаг завгүй хичээж сурч байсны илэрхийлэл, сайхан дурсамж болж надад үлджээ.

Харин туультай холбоотой ном эрдмийг тухайн үед миний өвөг дээдэс Баян-Алтайгаас өвлөж авсан, тухайн хүмүүсийг судалж  байсан судлаачдын судалгааны материал(Б.Дамдиндорж,Х.Гомбожав,Д.Батсуурь,Б.Бааст,Т.Балжинням, Лха.Туяабаатар г.м),аавын минь надад дамжуулж өгсөн материал, зураг, өвгөдийн соёлыг өөрсдөөс нь тэмдэглэж авч байсан тэмдэглэлүүд, мөн уламжилж ирсэн зарим нэг гар бичмэл ном товхимол надад байдаг байсан. Одоо ч зарим нь бий.

-Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан ямар ном байна вэ?

Сурагч байсан үеэ дурсвал “Радуга” гээд улаан өнгөтэй орос хэлний сурах бичгээ онцолно. Учир нь манай суманд орос хэлний багш дутагдалтай, 10-р ангиа сайн дүнтэй төгссөн  хүүхдүүд багшилдаг байх үед Ховдоос Зоригт гэдэг багш ирж  байлаа. Тэр багш хичээлээ их гоё заадаг байсан нь санаанаас гардаггүй юм.

Би багаасаа зураг сайн зурдаг, зурагтай номд их дуртай хүүхэд байлаа. Аав маань тууль хайлдаг болохоор ч тэр үү би бодит дүрслэлтэй зүйлд их дуртай,зарим туульсын баатруудын дүрийг зурах дуртай байв. Бас надад зургийн хэрэгсэл олж өгдөг заримыг нь зураг зурж өгч байсан нь надад одоо ч байдаг юм. Ер нь зурагтай номуудыг нэлээн сонирхдог байлаа. Юм ховор цаг байсан болоод ч тэр үү аливаа шинэ зүйлийг их сонирхдог байжээ. “Тоншуул” сэтгүүл дээр гарсан зургуудыг ч хармаар санагдаад, сүүлд Херлуф Бидструпын ”Уран шог” зургийн ном, бас дэлхийн газар зүйн зурагтай номыг их сонирхдог байлаа. Мөн манай М.Алтан цэцэг багшийн газарзүйн хичээл, М.Ганболд, Х.Оюунгэрэл багшийн түүхийн хичээл, Ц.Нямдаваа, Б.Лхагвасүрэн, ангийн багш Оюунчимэг нарын  тоо, физик, химийн хичээл, Бямбажав багшийн хөгжмийн хичээл  их таалагддаг байв. Хожуу тив дэлхийн 100 гаруй орноор явахад багаасаа сонирхон судалдаг байсан газар зүйн мэдлэг болон бусад суурь мэдлэгүүд мөн язгуур өвийн голомт нутагт олсон мэдлэг уламжлал маань их хэрэг болж байв.

-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Би дэлхийн олон туульсыг цуглуулан монголдоо авчирч, монголын туулиудтай харьцуулан судалсан. Монгол хүний нэг чанар байдаг ш дээ, их өндрөөс харахыг хүсдэг, ерөнхий агуулгаар нь харахыг хүсдэг. Би стратеги, хэтийн төлөвийг харах их дуртай. Хүн төрөлхтний түүхийн аль ч цагт оюун ухаан, эрдэм мэдлэг, далд ертөнцийн мэдлэг уламжлал, дадал зуршил, байгалийн олон зүйл содон аялгуунууд, огторгуй, гариг эрхсийн аваргасын ертөнцийн мэдээ, сурвалж, “Исгээмэл” хэмээх өвөг эртний туульд гардаг орчлонгийн агуу их хайрыг дээдэлж, болж өгвөл гэрэл давамгайлсан бас энэ бүгдийг агуулж багтаасан хүн, байгаль, дэлхийн харилцааны чиглэлийн  ном байх байлаа. Мөн хүн төрөлхтөн өнгөрсөн түүхээсээ ирээдүйг харах, гурван цаг дээр бичигдсэн тийм л ном байхыг хүснэ.

-Таны ширээний ном?

Ширээний ном гэхээсээ илүү манай тахилч туульчдын гайхамшигтай туульсын оюун санааны том бүтээл болох энэ анжир нарт хийгээд энэ нартын үүсэл гарвал, бүр цаашлаад орчлон орчлонгийн үүсэл гарвалийн тухай домоглон өгүүлдэг “Хас дэнгээмэл”, “Бялар кок орчлон” зэрэг домог туульсын сэтгэлгээний хураангуйлж буулгасан “Далд сүмэлж” ёсны (гар бичмэл) сургааль, түүний бөл болон мөчлөг туулиуд  бас ургийн шүтээнүүд надад бий. Үүнийгээ би ихэд чанад хадгалж, тусгай ёсоор тахиж ирсэн. Зарим тохиолгонт өдрүүдэд туульсын тэнгэрт зориулж ёс үйлддэг юм. Бага залуу утга учрыг нь бага анзаарч, одоо бол язгуур мөн чанараас нь ойлгож, шинжлэх ухаанчаар хандан улам бүр гүн гүнзгий ойлгохыг чармайж, дээдэлж явна даа.  Мөн өнгөрсөн зууны болон орчин цагийн нэлээд олон хэлийн ном зохиол, шинжлэх ухааны бүтээлүүд манай гэрт бий. Энэ номуудаа ялгахгүйгээр бүгдийг нь хүндэтгэж, гэртээ хамгийн хүндтэй газраа залж, хааяа адис авах дуртай.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж дээрхэн үед нэгэн сод хүн ярьсныг их хүндэтгэн үздэг.Мөн аливаа хүнд ус, агаар, хоол унд, эх орон, газар шороо хэрэгтэйн адилаар ном нь соёлт хүн төрөлхтөн, оюун ухаант хүмүүсийн чухал хэрэгцээ юм. Өдөрт цөөхөн ч болов хугацааг ном уншихад зарцуулах хэрэгтэй. Ном бол хүнд үнэгүй эрдэм олгодог, бие сэтгэлийн, гоо зүйн, сайн сайхны үлгэр дуурайлал олгож, хүмүүн бидний хүссэн аливаа зүйлд хариулт өгдөг, гайхамшигтай том багш билээ.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн