Ном бол хүнийг хүн болгосон бурхны хишиг, оюун ухааны эх ундарга…

Ном бол хүнийг хүн болгосон бурхны хишиг, оюун ухааны эх ундарга…

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Сайн байна уу. Зочны ярилцлагадаа урьсанд баярлалаа. Намайг Соёрхын Пүрэвсүрэн гэдэг. Баянхонгор аймгийн уугуул. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр хүүхэдтэй эгэл амьдралтай нэгэн дээ.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Миний бага нас хөдөө л өнгөрсөн дөө. Ном бол ертөнцийг харах цонх гэж М.Горький хэлсэн үг бидний бага насны гэрэл зураг юмдаа. Сонгодог зохиолууд харин олддог байсан шүү. Хамгийн анх “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” гэж ланжгар роман уншсанаас хойш хорхойссон доо. Миний нэг ахынх номын сандаа олон романтай байсан. Тэдний номыг бүгдийг л уншиж дүүргэсэн. Хүүхэд насанд уншсан ном мартагддаггүй юм. Одооны хүүхдүүдийг утас шагайлаа гэж загнадаг шиг тэр үед биднийг ном их уншлаа гэж загнадаг байсан. Арга ч үгүй юмдаа. Номноос өөр үзэж харах юмгүй болохоор өөрөөр яах ч билээ.

Та хамгийн анхны бүтээлийнхээ тухай, тэр үеийн дурсамжаа хуваалцаач

Анх ганц нэг өгүүллэг биччихээд хүмүүст уншуулахсан гэж хорхой хүрнэ. Гэтэл хэнд уншуулах вэ дээ. Ганц нэг найз нөхдөд уншуулахаар тоохгүй. Арваад өгүүллэгээ цаасан дээр хэвлэчихээд таньдаг зохиолчид өгөх гэж ч үзэж байлаа. За тэгээд хүн тоохгүй болохоор далд хийчихсэн. Хааяа нэг өгүүллэг бичээд өөрөө л өөрийгөө баясгана даа. Ер нь юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай байх аа. Би тэгж л боддог. Санаандгүй явж байгаад зохиолч Бум- Эрдэнэтэй танилцах завшаан олдлоо. Тэр үед Монголын уран зохиол Бум-Эрдэнийн өгүүллэгээр шуургалж байсан үе. Миний ганц нэг өгүүллэгийг уншиж үзсэн найз маань Бум-Эрдэнэд хэлсэн юм билээ. За тэгээд хориод өгүүллэгээ хэвлэж аваад очлоо доо. Янзтай сүрдмээр эр байна аа. Ярвагар ч гэж юү гэхэв. Би айж үхэх шахлаа. Хөлс арчсан юм л зогсож байв. “За орхичихоод яв” л гэж байна. Гэтэл нөгөөдөр нь дуудлаа шүү. Би ч чавхны чулуу шиг юм очлоо. Овоо нааштай. Улаан эрээн болтол энд тэндгүй зурсан өгүүллэгүүдийг маань өгч байна. Наадхаа засаад хэвлүүлчих. Ном болохоор юм байна гэлээ шүү. За нэг баярлах гэдгийг тэгж үзлээ. 2015 он шүү дээ. Анхны номоо “Зүүд эргэх зөн” нэртэй хэвлүүлж байлаа. Сайхаан сайхан. Номоо аваад хүмүүст бэлэглээд дууссан. Хүмүүс уншсан юм уу үгүй юм уу бүү мэд. За түүнээс хойш л өгүүллэгээр амьсгалсан даа. Сайн нөхрийн урмын үг далавч ургуулсан. Би Бумаагаа багш гэдэг юм. Нэг өгүүллэг бичээд цахимд оруулчихна. Бумд их загнуулсан. Яагаад шинэ өгүүллэг нийтлээд байгаа юм гээд загнана шүү. Гэхдээ би цахимд тавьж л хүмүүст хүргэсэн дээ. Удалгүй ганц нэг радиогоор өгүүллэгүүд маань уншигдаад их л хөөрч онгирдог байв.

Уран бүтээлч хүн бүтээлээрээ дамжуулан олон чухал санааг уншигчдадаа хүргэдэг байх. Таны хувьд бусдад хүргэхийг хүсдэг хамгийн гол санаа юу байдаг вэ?

Би өвгөдийн тухай бичих дуртай. Түймрийн цурамд үлдсэн өнчин хялгана шиг өдрөөс өдөрт бөхийсөөр байгаа өвгөдийнхөө бодол санаа, хэн ч мэдэлгүй эзэнтэйгээ хамт мартагдах монгол өвгөдийнхөө өв соёлыг авч үлдээд хойч үедээ хүргэхсэн гэж л хичээж явна.

Та одоогоор хэдэн бүтээл туурвиж байна. Хамгийн сүүлд ямар ном гаргасан бэ?

Өгүүллэгийн зургаан ном, туужийн хоёр ном, шүлгийн хоёр ном, хүүхдийн нэг ном, долоо найман роман бичжээ. Хамгийн сүүлд “Гүний нутаг” роман бичлээ. Дорнын шаргал талд амьдарч буй ард түмний амьдрал тэмцлийн тухай хоймсон роман бичиж байна даа. Одоо дэд дэвтэр “Нарны нутаг” нэртэй ном гаргаж уншигч олондоо хүргэнэ дээ. Дорнод аймаг хамгийн эгэл хэр нь хамгийн сонирхолтой нутаг шүү дээ. Анх “Хавт Хасар” түүхэн роман бичиж байхад л Хөлөн нуур, Буйр нуур, Гурванзагал, Мэнэнгийн тал сонирхол татсан. Хавт эзний нутаг юм шүү. Гурван улсын хил нэг цэгт уулзах онцгой бүс нутаг. Харийн түрэмгийлэгч өнгөлзсөн эх орны торгон хил, бууны суманд сийчүүлсэн Дорнын шаргал талын тухай хэдэн ч ном бичсэн үл дундарна. Нар эцээсэн Дорнын шаргал тал эх орончдын нутаг. Хар Хятадын шоронд босоо нөхөцсөн Манлай баатар Дамдинсүрэнгийн Үүлэн уулын хошуу нутаг. Хэлмэгдлийн шуурганд элэг эмтэрсэн Буриад түмний өлгий нутаг. Хаадын хаан Хатгин түмний эх нутаг Матадын тал гээд бичих сэдэв өргөн дэлгэр ээ.

Түүхэн зохиолын онцлог…

Түүхчид гарцаагүй эх сурвалжийг гаргаж тавина. Тэгжээ…тийм явдал боллоо гэж яг таг нотолгоо бичнэ. Гэтэл яагаад гэсэн асуулт үлддэг. Тэр яагаадыг л зохиолчид гүйцээх учиртай. Жишээ нь Тулуй эзэн Өгөөдэй хааны өмнөөс амиа үйсэн гэж түүхэн эх сурвалж үлдсэн. Харин яагаад гэдэг нь тодорхойгүй. Тэр зангилааг л уран зохиолд тайлж үзүүлэх учиртай. Зэрэгцээ олон сурвалжуудыг харьцуулан үзэж, тэр он цагт амьдарч байсан хүмүүсийн түүх намтартай жишиж, өөрийн гэсэн бодит ахуйг сэтгэлдээ бүтээж уран сайхны аргаар бичиж чадвал түүхэн зохиол сонирхолтой болно.

Түүхэн зохиол бичиж буй зохиолч түүхийн археологич хоёр адилхан санагдаад байдаг юм. Ямар нэг туурь, хуучин булш бунхнаас археологич эртний олдвор олбол түүнийг цэвэрлэж, судалж харьцуулж, он цаг насжилтыг тодорхойлно биздээ. Түүн шиг түүхийн нэг сэжим олсон зохиолч түүнийг яг л археологич шиг судалж, яг л тэр орчинд бодлоо ширгээж байж түүхэн зохиол болгоно доо.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Би боддог юм. Хүн төрөлхтөн унших номгүй байсан бол орчлон ямар эмгэнэлтэй, яасан харанхуй байх байсан бол. Үе үеийн эрдэмтэн мэргэдийн бүтээсэн үнэт эрдэнэс гагцхүү номоор л бүтээгддэг. Хүннү Хүннүгийн үе, эзэн богд Чингис хааны тухай, үр үндэс, удам гарваль, өвөг дээдсийнхээ тухай цадиглаж үлдээсэн түүх шастир, ном судраас л бид уншиж мэднэ. Ном бол хүнийг хүн болгосон бурхны хишиг, оюун ухааны эх ундарга л гэж боддог оо.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Мэдээж номын санд унших таатай байлгүй яах вэ. Даанч завдал болохгүй юмдаа. Зохиолч хүн амьдралдаа санаа зовох зүйлгүй бол ямар сайхан байхсан. Судалгаа хийх гэж л номын сан зүглэх юм. Гэтэл өнөөдөр номоо бичих, хэвлүүлэх, худалдан борлуулах бүх л асуудал бидэнд тулгарч байна. Ном уншаад тухтай суух боломж бага. Гэхдээ завчлаад шинэ гарсан номыг алдалгүй уншихыг хичээх л юм голдуу гэртээ орой үдэш л уншиж байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын таны уран бүтээлд улам их амжилт хүсье.

 

Munkhzul.B