Ном бол эрин цаг гэгч давлагааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн…

Ном бол эрин цаг гэгч давлагааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн…

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач.

Миний нэрийг Цэнддоржийн Долгорсүрэн гэдэг. Говь-Алтай аймгийн Чандмана сумын уугуул. Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Их Сургуульд Зөвлөх багшаар ажилладаг. Монгол Улсын Гавьяат багш, Эдийн засгийн шинжлэх ухааны Доктор(Sc.D), профессор.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Би оюутан байхын л эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дуртай хүүхэд байсан. МУИС-ийн 1-р курсэд байхдаа л эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьдаг байлаа. Эрдэм шинжилгээний илтгэл гэж юу байдгийг сайн мэдэхгүй хирнээ багш хэн илтгэл бэлдэж тавих уу? гэхэд нь “ багшаа би тавья” гээд л гараа өргөдөг оюутан байсан.  Одоо бодоход их эр зориг байж дээ. Их сургуулиа төгсөх жилээ судалгааны ажил авч “Нийтийн хоолны газрын гүйлгээний зардлыг бууруулах арга зам” сэдвээр дипломын ажил бичиж, хамгаалж байв. Судалгаа шинжилгээний ажилд дуртай байсан. Энэ бол мөрөөдөл байсан учраас БНМАУ-ын Ардын Хянан Шалгах Хороонд Монгол Улсын бүхэл бүтэн худалдааны  салбар хариуцсан, төрийн тусгай хангамжид байсан  ажлаа орхиод хариуцдаг салбарынхаа эрдэм шинжилгээний институт, хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар конкурс өгч орж байсан юм. Дуртай юм гэж сонин шүү.

Хүүхэд ахуй цагтай  ном хэр их уншдаг хүүхэд байв?

Бага байхад манай хамаатны ахынх маань ханаараа дүүрэн номтой айл байж билээ. Тэгээд л тэр номуудыг хараад, өөрийн эрхгүй номтой нөхөрлөх сэдэл сонирхол төрж зав л гарвал номоо уншиж онц  л сурах хүсэл буцалдаг байлаа. Номын сангаас салахгүй, семинарын хичээлийг сайн хийх гээд л номын санд л ном уншиж суудаг оюутан байсан даа. Тэгээд ч зорилгоо хэрэгжүүлж МУИС-ийг улаан дипломтой, “Онцсайн” үнэлгээтэй төгссөн.

Ном унших арга барилд хэрхэн суралцах вэ? Таны хувьд ямар арга барилаар ном уншдаг вэ? 

Миний арга туршлага ч гээд байх юу байхав. Ер нь номыг уншихдаа, заавал тэмдэглэл, товчлол хийж байх учиртай. Зарим номоос уншиж, танилцаж байх явцдаа зохиогчийн хэлсэн үгийг бүрэн эхээр авч, эшлэл зүүлт хийх хэрэгтэй. Ном унших явцдаа үгийн сонголт, найруулга зүйг нь сайн анхаарч унших нь зүйтэй. Номын зохиогчийн бичилт, үгийн сонголт, өгүүлбэрийн бүтцийг ажиглаж, хэв загварыг нь туршлага болгон авч санаа авах хэрэгтэй. Гэхдээ эшлэл зүүлт хийхгүй бол хүний оюуныг хулгайлсанд тооцогдоно гэдгийг анхаарах нь чухал. Хүснэгт, эх сурвалж авсан байдал, ном зүй, хүснэгтийн доторх тоон баримтуудын бичилт, судалгааг нэгтгэсэн товчоо, хийсэн нэгдсэн дүгнэлт зэргийг сайтар анхааран авч, тэмдэглэл хийж байх нь оновчтой. Үг, үсгийн алдаа, мадаг, боловсруулалтын чанар, утга санааны давхардал зэрэгт онцгой анхаарч, чамбай хандах ёстой. Сайн боловсруулалттай зохиогчийн номыг дахин дахин уншиж, тэмдэглэлээ хийж байж сая сайжирч өөрийн болгоно доо.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном унших нь ухаан тэлдэг, номд их дуртай болдог, зөв бичгийн дүрэмд их сайжирдаг, бичиг баримт боловсруулах чадвар их сайжирдаг, стресс бухимдал арилдаг, найруулан бичих чадвар улам нэмэгддэг. Аливаа зүйлийг эргэцүүлэх, нэгтгэн дүгнэх чадвартай болдог.

Таны унших дуртай ширээний ном?

Мэдээж эхний ээлжид мэргэжлийн номууд байна гадаад, дотоод хэл дээр. Дараа нь сэтгэл зүйн номууд орно доо.Монгол хэл дээр гэвэл, Secret Ронда Берн “Хүч”, Secret “Нууц”, Сандра Эн Тэйлор , Secret “Хайрлагдах нууц”, Secret “ Баатар”, Ричард темплар “Ажлын байрны ёс зүй” гэх мэт байна даа.

Та саяхан шинжлэх ухааны доктор болсон. Тасралтгүй суралцах чадвар , ном эрдэмд шимтэн суралцсаны үр дүн байх. Хүүхэд залуус, оюутнуудад  үр дүнтэй суралцах арга барилаасаа хуваалцаач….

2023 оны 3 дугаар сарын 3 -ны өдөр Шинжлэх Ухааны Академи дээр Эдийн засгийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг “ Монгол Улсын Гадаад худалдааны онол, арга зүйн асуудал” гэсэн сэдвээр хамгаалсан. Саяхан энэ диссертациа ном болгон хэвлүүлж, нийтэд хүртээл болгоод байна.

Эрдэм ном сайн сурч ирээдүйд сайхан амьдаръя, эрдэмтэн судлаач больё гэж бодож байгаа хэн бүхэн номтой нөхөрлөж байж, ухаанаа тэлдэг гэдгийг ойлгох байхаа. “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үг яг үнэн шүү.

Та эрдэм шинжилгээний өгүүлэл, мэргэжлийн гарын авлага, ном товхимол бичиж туурвисан уу?

“Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” 2021 он, “Олон улсын худалдаа” 2017 он гэх мэт номууд одоогоор гаргаад байна.

Та сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн орлогч, хамгаалах зөвлөлийн дарга гэсэн албан тушаалыг хашдаг. Энэ цаг үед эрдэм шинжилгээний бүтээлийн ололт амжилт, алдаа оноо ямар түвшинд байна вэ? Цаашид анхаарах зүйлс таны бодлоор…

Судалгаа хийх гэж байгаа судлаач хүн эхлээд сэдвээ зөв сонгох асуудал маш чухал. Судалгаа олдох сэдвээ сонгох хэрэгтэй, тэр сэдвийн талаар судлаач өөрөө мэддэг байх ёстой. Дараагийн дугаарт агуулгаа маш зөв томьёолон гаргах нь чухал. Агуулгаа боловсруулахад удирдагчаасаа зөвлөгөө авч, хамт боловсруулбал илүү өгөөжтэй.

Орчин үед судалгаа хийх гэж байгаа судлаач хүнд интернэтийн орчин нээлттэй байгаа нь давуу тал. Тиймээс судлаач өөрийгөө дайчлан интернэт орчинд саадгүй ажиллаж чадах чадварт суралцах нь чухал. Мөн англи хэлний мэдлэгээ дээшлүүлж ажиллах, мэргэжлийн ур чадвар, туршлага сайтай байх нь нэг давуу тал байдаг.

Бизнесийн удирдлагаар сурч байгаа оюутнууд болон сурах гэж байгаа сурагчдад санал болгох номууд байна уу?

Бизнесийн удирдлагаар сурах гэж байгаа оюутнууд эхний 2 жилдээ ерөнхий эрдмийн 10 гаруй хичээл үзнэ. 3 дугаар курсээс эхлэн мэргэжлийн болон бизнесийн удирдлагын хичээлийг үзэж эхэлнэ. Тухайлбал, маркетингийн үндэс, дотоод худалдаа, бараа судлал, бизнес төлөвлөлт, төслийн менежмент, менежментийн үндэс, нягтлан бодох бүртгэлийн онол, анхан, дунд, ахисан шат, англи хэл, стратегийн менежмент  гэх мэт цаашлаад олон улсын эдийн засгийн хичээлүүдийг үзнэ. Тухайлбал, олон улсын худалдаа, олон улсын маркетинг, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын бизнес, олон улсын бизнесийн ёс зүй, олон улсын валют санхүүгийн тогтолцоо гэх мэт. Нийтдээ 40 -өөд хичээл үзэж байж, бизнесийн удирдлагын  бакалаврын хөтөлбөр хангагдана шүү.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ? гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл…

“Ном бол эрин цаг гэгч давлагааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн”   

Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.

 

Munkhzul.B