НОМ БОЛ ҮХЭЛ ҮГҮЙ ҮҮРД МӨНХИЙН ЭЭЖ БИЛЭЭ

НОМ БОЛ ҮХЭЛ ҮГҮЙ ҮҮРД МӨНХИЙН ЭЭЖ БИЛЭЭ

-Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаарх дурсамжаа бидэнтэй хуваалцаач?

Сургуульд ороод нэгдүгээр ангид байхдаа “Монгол ардын үлгэр” гэсэн ном уншиж,үлгэрийн ертөнцөд номоор дамжиж аялсан, мөн “Долоон дэлбээт цэцэг”  гэсэн гоё зурагтай,ид шидтэй ном  уншиж байснаа мартдаггүй. Сургуульд орохоосоо өмнө би өчнөөн шүлэг мэддэг байв, тэр шүлгүүдийг надад  малчин ээж минь зааж өгч цээжлүүлдэгсэн, би сургуульд орно гэхээр шүлэг заадаг тийм газар гэж ойлгодог байсан юм, үсэг, тоо заагаад байхаар нь шүлгээ хэзээ заах юм бэ гэж багшаасаа асууж явлаа. Уран зохиол бичих увьдас тарнийг ээж минь ийнхүү өгсөн юм.

-Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Бие дааж уншсан хамгийн анхны ном бол Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглал байжээ, за тэгээд л номын амтанд орсондоо, сумынхаа номын сангийн ихэнх номыг уншсан байх,  1971 онд шүү дээ, 5-р ангид байхад  ангийн багш Санжааханд, химийн багш Өлзийбат багшийнхаас “Хорвоогийн өнгө” гэдэг номыг аваад ир гээд явуулахад нь замдаа хорхойтон уншсаар байгаад дуусгасан хойноо хүргэж өгсөн юмдаг.

-Танд хамгийн их нөлөөлсөн, өөрчлөлт авчирсан номыг нэрлэвэл…?

Уншсан бүх номоос би авах ёстойгоо авсан гэж боддог, ном намайг “хүн байх”-ад сургасан, амьдралд хайртай болгосон, ухааныг минь хурцалж, сэтгэлийг минь зөөллөсөн…Тэр энэ ном гэж алийг нь ч нэрлэх билээ.

-Та “ХАЙРЫН БАДРАНГУЙ ДУУЧ” хэмээгдэж, хайрын шүлгүүдээрээ алдаршсан. Манай уншигчдад сүүлд бичсэн шүлгүүдээсээ бэлэг бариач.

Хайрын шүлгээр  дагнасан 4 түүвэр гаргасан аж. “Амрагийн өргөл”,(1998)

 ”Үзэсгэлэнт дурсамж”,(2002) “Зүрхэн тольтын цаглабар буюу ХАЙРЫН ШҮЛГҮҮД”,(2013)  “Хайр гэрэлтэнэ”(2023 ) гэсэн ийм 4 ном. Сүүлчийн номоосоо нэгэн шүлэг сонгож байна.

 

 

***

Өнгө тунамал наран эрчисээр

Үүлэн гунигийг чинь бид сэмрээдэг

Гал шиг дүрэлзээд уурлахаар чинь

Гарыг чинь цэцэг болгож энхрийлдэг

 

Эрчүүд л байгаа учраас, та нар минь

Энгэсэг гоёлоор гоодонхон гэрэлтдэг

Бие  галбираа тордонхон хадгалж

Бидний төлөө л тодронхон гийдэг

 

Үрээ тэвэрсэн гоо үзэсгэлэнг чинь

Үүрдээр мөнхөлжээ. Леонардо да Винч 

Үлэмж  хайрын гэгэлзүүр  шүлгүүдээ

Үргэлж л зориулжээ.Нямаа.Дан би ч

 

Хөхөмдөг алсруу  насыг минь зөөж

Хөх зогдорт тогоруу ганганан одном

Хүүхнүүд та нартаа улам л дурлаж

Хүрэн зүрхний цохилго ярууснам

 

Залуу насны минь дэврүүн мөрүүд

Цастай будран  хаврыг урьжээ

Цаашдаа өчнөөн хайрын бадгууд

Цалиглан урсаж намрыг тосно, оо

 

Орь залуудаа эгчмэдхэн галбирт

Олзлогдон унаж мансуурч явчухуй

Одоо тэгэхнээ нь залуухан бүсгүйн

Очтой нүдэнд  дурланхан хөглөгдчухуй

 

Сайханд дурлах энэ өвчин минь

Сарниж хэзээ  арилах юм бол доо?

Эдгэн аньж  гэмээ нь тэр л мөчөөс

Эгшиглэнт шүлгийн минь амьсгал тасрана даа

 

Дорно Монголын бүсгүйчүүд  минь

Дотоод мөн чанараа бүү гээгээрэй,

Тэндээс гийсэн гэрэл чинь бөхвөл

Эндээс эгшиглэх шүлэг минь мөхнө шүү

-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

Одоо би туужийн нэг ном, эсээ бодролын нэг ном, дурсамж хөрөгийн нэг ном, шүлгийн нэг номон дээрээ ажиллаж байна.

-Өөрөө уншигчийн хувьд та юу… эрдэг вэ?

Шинэ амьсгал, өвөрмөц, содон өнгө төрх, монгол хэлний эгшиг яруусал, уянга  хөгийг …

Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

        Анхны ном ба удаахь түүврийн дээж шүлгүүдийг уншвал Дан.Нямаагийн ур ухаан жигдэрч, туурвин бичих зохих дадлага  туршлага багагүй хуримтлагдсан нь тодорхой байна. Гэхдээ жинхэнэ найрагчийн титэмд хүрэх шилдэг шүлэг хараахан алга. Тэгэхээр Дан.Нямаагийн хувьд уншигчдадаа өөрийгөө баталж шилдэг бүтээл хийх шилжилтийн хариуцлагатай үедээ орж байна гэдгээ ойлгох явдал чухал.

               Д.Галбаатар.Утга зохиол 1990.11.28 № 40/1774/

Данзангийн Нямаагийн тод тунгалаг, талстлаг шүлгүүдийг Монголын яруу найргийн гэгээн тунгалаг цаг үеийн илэрхийлэл гэхэд хэн ч гайхахгүй биз ээ

        яруу найрагч Г.Мэнд-Ооёо   2008 он

 “… эрхэм нөхрийг  “ҮГ ЭНХРИЙЛЭГЧ”  хэмээчихүй.”

                                      Зохиолч, сэтгүүлч Доктор  Л.Мөнхтөр  2019 он 

           Дан. Нямаагийн нэг онцлог нь аж амьдралын гуниглалт хувь заяанаас ч гэрэл гэгээг олж хардагт оршино.  Түүний шүлгүүд бол чухам л ‘үүрийн гэгээний яруусалт найраг’ болой

                                                Эрдэмтэн зохиолч С.Дулам  2020 он

       Дан.Нямаагийн шүлгүүд зөөлөн айзам хэмнэлтэй, хүний сэтгэлийн гүн рүү чимээгүйхэн яргаж, сэрэл мэдрэмжийн нандин утсыг хөндөж чаддагаараа онцгой юм.  

                                Доктор, яруу найрагч Г. Бямбажав 2023

-Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

 Яруу найраг, бүсгүй хүн хоёр

-Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай хаана таарч байв?

Шведийн  хааны  номын сан

-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Яруу найргийн ном

-Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Габриель Гарсия Маркес “Хэсүүлчин арван хоёр өгүүллэг”

-Унших дуртай зохиолч?

Ш.Сүрэнжав

-Таны ширээний ном?

Ширээн дээр минь шинээр гарсан ном л байж байвал  тэр миний ширээний ном.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном  уншиж буй хүн үргэлжид шинээр төрж байдаг, тийм учраас ном бол таныг төрүүлэгч шидэт “эх”. Хүн төрүүлсэн ганц  ээжтэй   байдаг бол ном уншдаг хүн уншсан номынхоо тоогоор ээжтэй байдаг. Ном  бол үхэл үгүй үүрд мөнхийн ээж билээ.

 

О. Долгорсүрэн