Ном бол өвөг дээдэс, өнө эртний үүх түүх, үйлс бүтээл… сансар огторгуй, садан төрөл… хамгийн ойрын нөхөр. Хэзээ үл урвах үнэнч анд юм.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Та өөрийгөө танилцуулаач;Сайн, сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?
Намайг Аюурбуньяагийн Лхагва гэдэг. Би Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. 1990-ээд оны эхээр Дундговь аймгийн “Хотол чуулган” сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар ажиллаж, ажил үйлсийнхээ гарааг эхэлж байлаа. Улмаар МОНЦАМЭ агентлаг, “Засгийн газрын мэдээ”, нийслэлийн “Улаанбаатар” радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан. Мөн “Лидерүүд” сэтгүүлийг үүсгэн байгуулж, сар тутам эрхлэн гаргаж байв. Одоо “Дүрслэх урлаг” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?
Бага жаахан байхад эмээ минь үлгэр их ярьж өгдөг байлаа. Эмээгийн ярьсан тэр л үлгэрүүд миний анх танилцсан ном гэж ойлгож, тунгааж явдаг. Мэдээж бага сургуульд ороод номтой нөхөрлөж эхэлсэн. Тухайн үед янз бүрийн улс орны үлгэр, хүүхдэд зориулсан адал явдалт ном их байсан. Тэдгээрийг шимтэн уншдаг байлаа.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Багаасаа номд дуртай байв. Бага ангид байхад багш маань хичээлээс гадуур уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлүүлдэг байв. Тэр үйл явдал номд шимтэх, ном унших дадал суулгахад бас түлхэц болсон болов уу.
Та номыг хэрхэн уншдаг вэ? Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Ном уншихад нэг онцгой тав тух шаардаад, тохитой орчин эрээд байдаггүй. Унших номоо цүнхэлж яваад, цаг боломж гарах бүрийд гаргаад уншдаг. Хүн болон автобус унаа хүлээх зэрэг цаг боломж гарахад уншаад явчихдаг.
Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?
Монголчууд уншигч ард түмэн байсан. Хүүхдүүд өөр хоорондоо номоо солилцож уншдаг, бие биенээсээ асууж сураглаж, эрж байж уншдаг байсан цаг бий. Одоо хүүхдүүд тэгж эрж сурч унших нь багассан байх. Ном уншдаг хүний оюун сэтгэлгээ байнга тэлж, хөгжиж дэвжиж байдаг.
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
“Үлгэр сонсож өсөөгүй бол өнчин өссөнтэй ижил” гэж манай нэг нэртэй зохиолч хэлсэн байдаг. Багадаа сонссон үлгэрт итгэж, гэгээн сайханд тэмүүлж, хүсэж мөрөөдөж өссөн. Өөрт минь байгаа сайн сайхан чанар бүхэн номоос эхтэй гэж боддог. “Ухаан далай номоос эхтэй” гэж ухаант дээдэс минь сургаж, захисаар ирсэн түүхтэй.
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?
Уран бүтээлч бүхэн шинийг бүтээх гэж, сайхныг бүтээх гэж ямагт бодож сэтгэж, хүсэж мөрөөдөж, тэмүүлж байдаг нь сайхан. Сөрөг тал гэж юу байх вэ дээ. Сайхныг мөрөөдөж, сайхныг бүтээж байгаа хүмүүст сөрөг зүйл юу л байгаа аж.
Та хэдэн настайгаасаа шүлэг, зохиол бичиж эхлэв?
Би нэлээд хожуу, хорь гарсан хойноо шүлэг зохиол бичиж эхэлсэн. Өмнө нь өдрийн тэмдэглэл бичдэг. Сэтгэл хөдөлгөсөн зүйлсээ бас бичиж тэмдэглэдэг байв.
Одоогоор та хэдэн ном бүтээл гаргасан байна вэ?
Би шүлэг найргийн дөрвөн ном гаргасан. Шүлгийн анхны номоо 1994 онд “Соёолон морьдын тоос” нэртэй гаргаж байв. Түүнээс хойш арав арван жилийн зайтай хоёр ном гаргасан. Яруу найргийн “Соёолон морьдын тоос”, “Сарны дарс”, “Нүүдэлчний тэнгэр”, “Дөрөөн дээрээ…” гэсэн дөрвөн номтой. Баримтат уран зохиол, хөрөг нийтлэлийн хорь гаруй ном бичсэн.
Зохиолоо бичсэний дараа танд ямар мэдрэмж үлддэг вэ?
Яруу найрагч хүн нэг сайхан мөр бичих, нэг сайхан үг, нэг сайхан санаа олоход тэр өдөржингөө сэтгэл тэнэгэр, цээж ханагар явдаг шүү дээ.
Шүлэг, зохиол ихэвчлэн сэтгэл хөдлөлөөс төрдөг болов уу? Энэ хэр үнэн үг юм болоо?
Шүлэг бол нэг агшны үнэ цэн. Сэтгэл хөдлөлийн тэр л гялбаа, сэрэл мэдрэмжээс урган гардаг нь үнэн л дээ. Гялсхийж орж ирсэн тэр санаагаа бүтээл болгох нь чухал л даа.
Ном бүтээлийнхээ нэрийг яаж оноож өгдөг нь сонирхолтой санагдаж байна. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.
Тухайн номынхоо утга учир, мөн чанар, үзэл санааг тодорхойлж гаргахыг эрмэлздэг.
Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?
Дууны шүлгийн түүврээ хэвлүүлэх гэж байна. “Дэлгэр найрын хоймор”, “Сэтэрт тал”, “Уртын дууны өөжин”, “Ижий говь”, “Ижий тал хоёр минь” зэрэг 150 гаруй дууны шүлэг бичиж, олон түмэндээ хүргэсэн. Эдгээр дууны шүлгээ нотны хамт хэвлүүлэхэд бэлэн болоод байна.
Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү?
Төрийн шагналт зохиолч Д.Төрбат саяхан “Сүүтэй сахиус” хэмээх таван боть ном гаргажээ. Түүхэн роман, шилмэл өгүүллэг, дурсамж роман, уран бүтээлийн ажиглал, тэмдэглэл зэрэг сонирхолтой “багц” гаргасан юм байна. Тэдгээрийг уншиж байна.
Таны ширээний ном?
“Монголын нууц товчоо,Расул Гамзатовын “Миний Дагестан”, Миний багш Цэндийн Чимиддоржийн “Есөн намрын зээргэнэ”
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Номонд бүх “эрдэнэ” бий. Тэр эрдэнийг олборлох, хэрэгтэй зүйлсээ олох, авах нь чухал. “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гээд өвөг дээдэс маань ямагт сургасаар ирсэн. Эрдэмд оройгүй… тийм болохоор ямагт унших суралцах… Ном уншихын утга учир үүнд л байгаа шүү дээ.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд номыг цөөн үгээр тодорхойлбол?
Ном бол өвөг дээдэс, өнө эртний үүх түүх, үйлс бүтээл… сансар огторгуй, садан төрөл… хамгийн ойрын нөхөр. Хэзээ үл урвах үнэнч анд юм.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье